Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/73

 

2022         06            23                                         2022/ШЦТ/73

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204000580068 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                        Б.Наранжаргал

Улсын яллагч                                                        З.Хүслэн

Шүүгдэгч                                                           О нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт /Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 12 дугаар гудамжны 25 тоот хашаанд оршин суух/, Багануур дүүргийн 5-р хороо Багагүний  6 дугаар гудамжны 6 тоот хашаанд түр оршин суух хаягтай О.

 

            Шүүгдэгч О нь 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсгийн задгайд байрлах хохирогч М-н гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний  нүүрэн тус газар нь 1 удаа алгадаж, хамар хэсэгт нь баруун гараараа 1 удаа цохисны улмаас хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч О-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр намайг Улаанбаатар хотод байхад манай хамтран амьдрагч Э над руу яриад Багануур дүүрэгт хүрээд ир гэж хэлсэн юм. Э, М хоёр ямаа самнаад ирсэн байсан. Би Багануурт 16 цагийн үед ирээд тэр хоёртой уулзаж бид гурав М-н гэр болох Залуус задгай хэсэгт 1 шил 0.5 литрийн архи, 2 том нийслэл пиво уусан. Оройн 21 цагийн үед М архиндаа согтчихоод хэрүүл маргаан үүсгээд байхаар нь Э бид хоёр гэр лүүгээ явах гэхэд М надад хандаж “чи бол хүн биш, Э эгч харин хүн шүү” гэхээр нь миний уур хүрээд М-г баруун гараараа 1 удаа алгадаад дахиад надаас зууралдаад байхаар нь гараа атгаж байгаад хамар луу нь 1 удаа гараараа цохисон. Тэр үед М-н хамарнаас цус гоожсон ба Э намайг болиулаад М-г гэр лүү нь авч орсон. Би тэгэхээр нь тэндээс яваад Хэрлэн худалдааны төвийн зогсоол орж Улаанбаатар хот руу явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 47-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Э эгчийн хамт байж байхад Э эгчийн хуучин нөхөр О Улаанбаатар хотоос 16 цагийн үед ирсэн. Тэгээд бид гурав 1 шил архи, 2 пиво аваад манай гэрт очиж уухаар болсон. Оройн 21 цагийн үед Э эгч О хоёр манай гэрээс явах гэхээр нь би Э эгчийг гэртээ үлдээх гээд О-д хандаж “чи миний эгчээр яах гээд байгаа юм” гэж хэлсэн чинь О миний амьдрал чамд хамаагүй гэж хэлээд намайг 1 удаа алгадсан. Тэгээд Оюунбатаас зууралдаж байхад О миний хамар луу гараараа 1 удаа цохисон. Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 5-р хуудас/

              Гэрч Э-н өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр О-д надтай утсаар яриад Багануур дүүрэгт ирэхээр болсон. Тэгээд М бид хоёрыг эмнэлгийн хойд талын халуун усанд байхад О хүрч ирсэн. Оюунбат бид хоёр урьд нь 5 жил орчим хамтран амьдарч байсан хүмүүс юм. Тэгээд О, М бид гурав Ахиц дэлгүүрээс архи согтууруулах ундааны зүйл худалдаж аваад М-н гэрт очиж уусан. Тэнд нилээд удаж цаг орой болоод О бид хоёр манай гэрт харихаар гарах гэтэл Мсогтуудаа О руу хандаж “чи миний эгчийг аваад хаачих гээд байгаа юм” гэхэд О “миний амьдрал чамд хамаагүй” гэж хэлээд М-г алгадсан. Тэгэхэд М, О-н хувцаснаас зуурсан бөгөөд О, М-н нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиж улмаар М-н хамарнаас цус гарсан. Би М-н цусыг тогтоож байхад О явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-р хуудас/

              Шинжээчийн 195 дугаартай “М-н биед хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх хамар ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34, 35-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, яллагдагч, хохирогч нарын хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хх-н 77-79-р хуудас/

              Шүүгдэгч О-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сар 20 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ...” гэх тэмдэглэл /хх-н 58-р хуудас/

              О-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-н 51-57-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Улсын яллагчаас “…Шүүгдэгч О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын торгох ялын саналыг зөвшөөрч байгаа...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч О нь 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсгийн задгайд байрлах хохирогч М-н гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрэн тус газар нь 1 удаа алгадаж, хамар хэсэгт нь баруун гараараа 1 удаа цохисны улмаас хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

О нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь цохисон үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “М-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 195 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч О-н үйлдэл нь М-н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “хоорондын маргаан, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн” нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч О нь бусдад төлөх төлбөргүй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

Шүүгдэгч О нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад  О нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 77-79 хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

Иймд шүүгдэгч О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан О-д мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болно.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 2, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1. Шүүгдэгч О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О-г таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан О-д мэдэгдсүгэй.

             4. Шүүгдэгч О нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч М нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

       5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. О-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

       8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БЯМБАЖАВ