Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 1497

 

МАГАДЛАЛ

 

2017.06.30                                             Дугаар 1497                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Э.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/00778 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч "Төрийн банк" ХХК-д даалгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Еркебулан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Батгэрэл, Э.Жавхлан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Төрийн банк ХХК-д 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд мэдээлэл судалгааны мэргэжилтэн, сургалт, хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, сургалтын ахлах мэргэжилтнээр ажилласан. Ажиллаж байх хугацаандаа алдаа зөрчил гаргаж байгаагүй. Ажил үүргээ ажлын байрны тодорхойлолтод заасан болон шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж, гүйцэтгэлээ үнэлүүлж байсан. Ажиллаж байх хугацаад 2016 оны 09 дүгээр сард банкны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж гүйцэтгэх удирдлагын баг өөрчлөгдсөн. Гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөнтэй холбоотой төв банкны бүх ажилчдыг түвшин тогтоох шалгалтанд хамруулахаар болсон. Тус шалгалтанд би хамрагдсан. Шалгалтыг 3 хэсгээс авсан. Тестийн шалгалт, ярилцлага өгсөн. Шууд удирдлагаас үнэлгээ өгсөн байсан. Түвшин тогтоох шалгалтад хамрагдаад 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн мэдэгдлийг н.Нацагдолгор захирал, н.Болормаа захирал нар мэдэгдсэн байгаа. Мэдэгдэл дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу мэргэжил, ур чадвар тэнцэхгүй сарын дараа хөдөлмөрийн гэрээ цуцална гэж бичсэн байсан. Мэдэгдлийг аваад тухайн үед ажлын хэсгийн гишүүн байсан н.Нацагдолгор захиралтай уулзаж шалгалтын үнэлгээтэй танилцах хүсэлт гаргасан. н.Нацагдолгор захирал мэдэхгүй гээд надад шалгалтын үнэлгээг танилцуулаагүй. Мэдэгдэл авсны дараа 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 гэсэн үндэслэлээр миний орон тоо хасагдсан гэж тушаал гаргасан байгаа. Тушаалаа хүлээж аваад ажлаа хүлээлгэж өгсөн. Ажлаас чөлөөлөхөд мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй байна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ур чадварыг яаж тодорхойлсон гэдэг нь тодорхойгүй. Юуг яаж үнэлсэн нь тодорхойгүй байгаа. Орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Орон тоо хасагдсан баримттай танилцаагүй. Гүйцэтгэх захирал орон тоо хассан гэж тушаал гаргасан байсан. Үүнийг хууль бус гэж үзэж байна. Орон тоог хасах үйл явцыг  ТУЗ-өөс баталдаг тул хууль бус гэж үзэж байна. Иймд урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах, өнөөдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулахаар нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацааг 2016 оны 11 дүгээр сарын      21-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ажлын 100 өдөр буюу             7 857 142 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. 1 сарын үндсэн цалин нь 1 650 000 төгрөг байсан. 21 хоногт хувааж, нэг өдрийн цалингаа тооцоолсон. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Төрийн банк" ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Төрийн банкны дүрмийн 9.4.13-т заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн зардлын хэмжээнд багтаан банкны ажилтны орог тоог батлах эрхтэй. Банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байдаг. Төрийн банкны хувьцаа эзэмшигчид нь Сангийн яам, хадгаламжийн даатгалын корпораци байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт Төлөөлөн удирдах зөвлөл гэдэг байгууллага банкны эрхийг тодорхой түвшинд барьдаг. Тус банкны 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоол баталсан байдаг. Энэ тушаалыг үндэслэн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн төв банкны гүйцэтгэх захирлын А110 дугаар тушаалаар баталсан байдаг. Захиргаа удирдлагын газрын Сургалт, хөгжлийн хэлтсийг 13 орон тоотойгоор байгуулсан байдаг. 13 орон тоо нь захирлын орон тоо 1, сургалтын ахлах мэргэжилтэн 1, бичиг хэргийн ахлах мэргэжилтэн 1, сургалт хариуцсан мэргэжилтэн 3, бичиг хэргийн мэргэжилтэн 1, архив 1, мэргэжилтэн 1, захирлын туслах 1 гэсэн нийт 13 орон тоотой байхаар байгуулсан. Дээрх тушаалын дагуу Э.Мөнхдэлгэртэй 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б366 дугаар тушаалаар Захиргаа удмрдлагын газрын Сургалт, хөгжлийн хэлтсийн сургалтын ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон. Түүнтэй 204 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А331 дугаар тушаал гарсан. Энэ тушаалаар банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. Өмнө нь баталсан А110 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Тушаалын 2 дугаар хавсралтаар төв банкны орон тоог баталсан. Төв банкны орон тоонд ахлах мэргэжилтэн буюу 3-5 гэдэг ажлын байрыг хасаж тогтоосон. Энэ тушаалын дагуу ахлах гэдэг албан тушаал нь гүйцэтгэх захирал нь тус өдрөө "Зарим орон тоо хассантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" А332 дугаар тушаал гаргасан. Тухайн бүтцийн орон тооноос ахлах мэргэжилтэн, ахлах хянан шалгагч зэрэг албан тушаал хасагдаж байгаа тул тус ажлын байранд ажиллаж байгаа ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлэх ажлыг Хүний нөөцийн газрын даргад үүрэг болгож, даалгасан байгаа. Уг үүрэг болгосны дагуу тухайн ахлах гэдэг албан тушаалд ажиллаж байсан бүх хүнд ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн. 1 сарын дараа ажлаас чөлөөлөх талаар дурдсан мэдэгдэл өгсөн. Мэдэгдлийг Э.Мөнхдэлгэрт 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүний нөөцийн газрын захирал н.Нацагдорж мэдэгдлийг өгөөд тэмдэглэл хөтөлсөн байдаг. Мэдэгдэлд заасан хугацаа буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 1 сарын дараа 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/1453 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Төрийн банкны орон тоо, бүтцээс ахлах мэргэжилтэн буюу Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Тус банкны өнөөдрийн бүтцээр Хүний нөөцийн газрын сургалтын алба гэж байгаа. Сургалтын албанд сургалт хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо байхгүй байна. Захирал, идэвхжүүлэлт хариуцсан мэргэжилтэн, судалгаа хариуцсан мэргэжилтэн зэрэг нийт 6 орон тоотой ажиллаж байгаа. Ямар нэгэн байдлаар Э Мөнхдэлгэрийг ажлаас халсны дараа ажлын байр шинээр бий болгоогүй. Төрийн банкны орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Төрийн банкны дүрэм, ажлын байрны тодорхойлолтод заасан зүйлсийг зөрчөөгүй. Хууль ёсны ажиллагаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэрийг "Төрийн банк" ХХК-ийн Хүний нөөцийн газрын Сургалт хөгжлийн хэлтсийн сургалтын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар "Төрийн банк" ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 7 857 142 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэрт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэрийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг "Төрийн банк" ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэрийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч "Төрийн банк" ХХК-иас 210 864 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Төрийн банк нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар буюу гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/1453 дугаартай тушаалаар цуцалсан шийдвэр бөгөөд хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан "...орон тоо хасагдсан..." гэсэн үндэслэл юм. Орон тоо хасагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн "Төрийн банкны газар, хэлтэс, алба, чиг үүрэг, орон тоо батлах тухай" А/331 дугаар тушаал, тухайн тушаалын 2 дугаар хавсралтаар ахлах мэргэжилтны орон тоо хасаж шийдвэрлэсэн. Хүний нөөцийн захирлын өрөөнд дуудан гардуулж өгөхөд "Захирал аа бодож байгаад маргааш буцааж өгье" гээд нэг хувийг аваад гарсан гэдгийг баталгаажуулсан тус банкны Хүний нөөцийн газрын захирал Ц.Нацагдолгор, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн захирал Л.Болормаа нарыг байлцуулан мэргэжилтэн Л.Наранжаргалын бичсэн тэмдэглэл.

"Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаал гаргаж "...Э.Мөнхдэлгэртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн" зэрэг үйл баримт нотлох баримтаар авагдсан байхад анхан шатны шүүх түүнийг зөв үнэлээгүй. Мэдэгдэх хуудсыг үнэлэхдээ түүнд Мэдэгдэл хүлээн авсан талаарх нэхэмжлэгчийн хүлээн авсан огноо, цаг хугацаа байхгүй байгаа талаар дурьдахгүйгээр "маргаагүй" гэж үзсэн хэдий ч Ажил олгогчийн зүгээс түүнийг ажлаас халсан үндэслэл нь Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдаж "Мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэх үндэслэл биш болохыг зааглан ялгаж үзээгүй. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн үнэлж, нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Э.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэр нь хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч "Төрийн банк" ХХК-д даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэрийг хариуцагч банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/1453 тоот тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, тус банкны дүрмийн 9.2.13, 9.2.20, хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1, 5.26, 11.4 дэх заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан, сургалтын ахлах мэргэжилтний ажлаас чөлөөлсөн байна.

Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор тус банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, шинэчлэн батлагдсан бүтцийн дагуу газар, хэлтэс, нэгжүүдийн чиг үүрэг, орон тоог батлан мөрдүүлэхийг гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнд үүрэг болгосон, гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/331 дүгээр тушаалаар ажилтны орон тоог шинэчлэн батлахад ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан байна.

Нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэрийн ажлын орон тоо хасагдсан талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагт гардуулан өгч, тэмдэглэл үйлдсэн баримт хэрэгт авагдсан, эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.

Ажилтанд орон тооны цомхтголоор албан тушаал нь байхгүй болсон талаар мэдэгдсэн хугацаанд түүнээс ур чадварын шалгалт авч, ур чадвараар тэнцэхгүй болсон талаар мэдэгдэл өгсөн нь орон тооны цомхтголоор чөлөөлөх үндэслэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй.

Иймд хариуцагч нь “орон тоо хасагдсан” үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсгийн заалтад нийцсэн гэж үзнэ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/00778 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай Э.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 210 864 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                           М.НАРАНЦЭЦЭГ