Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/84

 

2022         07            06                                         2022/ШЦТ/84

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204000000071  дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                         Б.Наранжаргал

Улсын яллагч                                                                   З.Хүслэн

Шүүгдэгч                                                             З нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын машинист мэргэжилтэй, Багануур ХК-д тэсэлгээчин ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүн хэсгийн 9 дүгээр гудамжны 5 тоот хашаанд оршин суух З.

           Шүүгдэгч З нь 2022оны 5 дугаар сарын 7-ны шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “М” лоунж баарны 3 давхарт байрлах вип өрөөнд хохирогч Б-г тодорхой шалтгаангүйгээр түүний нүүр хэсэгт 2-3 удаа цохиж зодсон улмаас биеийн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч З-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 6-ны орой 21 цагийн өнгөрч байхад танил ахын хамт 0.7 граммийн “Эдэн” нэртэй архи хувааж уусан. Тэгээд шөнийн 02 цаг өнгөрөөгөөд ахын гэрээс гараад “М” баар луу ороход танил С, Б нартай таарлдаж улмаар бид нар вип өрөөнд орж суусан. Тэгээд Б-тэй ялихгүй зүйлээс болж маргалдаж улмаар би түүний нүүр лүү нь 2 удаа баруун гараараа цохисон. Тэр үед Б намайг тэврээд дээрээс дараад унасан. Тэгээд миний нүд болон цээж рүү өшиглөсөн, бид хоёр барьцалдаж ноцолдоод байж байхад Б-н найзууд орж ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 30, 31-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 7-ны орой өөрийн найзууд, ах нарын хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “М” лоунж баарны 3 давхарт “ви ай пи” өрөөнд төрсөн өдөр тэмдэглэсэн. Шөнө 3 цагийн үед С-н хамт байж байхад тухайн өрөөнд зүс таних З гэх ах орж ирсэн. Би түүнтэй мэндлээд сууж байсан чинь ямар ч шалтгаангүйгээр миний нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би З ахыг тэврээд газарт унагаагаад бид хоёр ноцолдож байхад баарны хамгаалагч ирж бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-р хуудас/

              Гэрч С-н  өгсөн “...Б-тэй юм яриад сууж байхад зүс таних З орж ирсэн. Тэр үед Б бид хоёр түүнтэй мэндэлсэн бөгөөд Золбоо Б-н хажууд зогсож байснаа “чи муу бацаан ямар том болсон юм” гэж хэлээд Б-н нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэгээд Б, З хоёр ноцолдоод газарт унасан, энэ үед баарны хамгаалагч орж ирээд салгасан. Тэгсэн чинь З сандал аваад шидэх гэж оролдож байгаад өөрөө хойшоо унаад барьж байсан сандалаараа цонх хагалсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-р хуудас/

              Гэрч А-н  өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө 3 цагийн үед ажлаа хийж байгаад 3 давхар луу гарахад “Ви ай пи” өрөөнд хүмүүс маргалдаад байхаар нь яваад ортол З гэх зүс таних ах нэг ахтай зодолдож байхаарнь би салгасан. Тэр үед З ах сандал аваад далайхдаа өрөөний цонхыг хагалчихсан. Батмэнд гэх хүн Золбоо намайг зүгээр сууж байхад зодчихлоо гэж ярьж байсан ба Батмэндийн хамар нь жоохон мурийсан байдалтай цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-р хуудас/

              Иргэний нэхэмжлэгч Г.Сүхболдын өгсөн “...манай баарны 2 ширхэг цонх хагарсан нийт 393.000 төгрөгийн хохирол учирсан ба Золбоо манай байгууллагад учирсан хохирлыг барагдуулсан. Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-р хуудас/

              Шинжээчийн 231 дугаартай “Б-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31, 32-р хуудас/

         Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 159 тоот дүгнэлтэд “...Вакум цонхний давхар шил 2,38 мкв 393.000 төгрөг...” гэжээ /хх-н 42-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, яллагдагч, хохирогч нарын хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хх-н 97-99-р хуудас/

              Шүүгдэгч З-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ....” гэх тэмдэглэл /хх-н 71-р хуудас/

              З-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа,  нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 61-68-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Улсын яллагчаас “…Шүүгдэгч З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын торгох ялын саналыг зөвшөөрч байгаа...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд З-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч З нь 2022оны 5 дугаар сарын 7-ны шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “М” лоунж баарны 3 давхарт байрлах вип өрөөнд хохирогч Б-тэй маргалдаж түүний нүүр хэсэгт 2-3 удаа цохиж зодсон улмаас биеийн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч З нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

З нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчийн нүүр хэсэгт 2-3 удаа цохиж зодсон үйлдэлүүдээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Б-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 231 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч З-н үйлдэл нь Б-н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн” нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч З-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б нь шүүгдэгчээс эрүүл мэндийн хохиролд баримтаар 2.058.000 төгрөг /хх-н 83-89-р хуудас/, иргэний нэхэмжлэгчээс эд хөрөнгөд учирсан хохирол 393.000 төгрөгийн /эд хөрөнгийн үнэлгээгээр/ хохирол нэхэмжилжээ.

Хохирогч Б-с “...хохирол 2.058.000 төгрөг хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж хүсэлт ирүүлсэн /хх-н 95-р хуудас/, иргэний нэхэмжлэгчээс “...Золбоо манай байгууллагад учирсан 393.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч З нь бусдад төлөх төлбөргүй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

Шүүгдэгч З нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ам тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад З нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 97-99 хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

Иймд шүүгдэгч З нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан З-д мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болно.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 2, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1. Шүүгдэгч З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З-г зургаан зуун /600/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган /600.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан З-д мэдэгдсүгэй.

       4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З нь эрүүл мэндийн хохирол 2.058.000 төгрөгийг хохирогч Б-д, иргэний нэхэмжлэгч С-д 393.000 төгрөг тус тус төлснийг, хохирогч Б нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

       5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. З-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

       8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БЯМБАЖАВ