Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/85

 

2022           07            21                                         2022/ШЦТ/85

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2204000490056 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч  хянаад

           Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  Б.Наранжаргал

Улсын яллагч                                                  Г.Булаг-Ундрал

Шүүгдэгч                                                      Г нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 18 нас, 9 сартай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт орших “Хорол-Эрдэнэ ХХК” хашаанд оршин суух, Г.

           Прокурорын яллах дүгнэлтэд:

            Яллагдагч Г нь 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүн хэсгийн 7 дугаар гудамжны 10 тоот хашаанд оршин суух Б-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу байшингийн вакум цонхыг онгойлгон нэвтэрч, бэлэн 240.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн үед Их гүн хэсгээр явж байгаад 7 дугаар гудамжны 10 тоот хашаа руу давж ороод хашаанд байрлах тоосгон байшингийн зүүн талын вакум цонхыг түлхсэн чинь онгойсон. Тэгээд цонхоор нь нэвтэрч байшинд ороод унтлагын өрөөний шкафны шургуулганаас, мөн том өрөөний тавиур дээр байсан хэтэвчтэй мөнгийг аваад буцаад цонхоор гарсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-н 71, 72-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед эхнэр хүүхдийн хамт гэрээсээ гарсан бөгөөд манайд хүн үлдээгүй. Гэрийн хаалга цонх бүгд хаалттай байсан. Тухайн өдрийн 21 цаг 20 минутын үед гэртээ ирээд гэрт байсан мөнгөнүүдийг нэгтгэж данс руу хийх гээд үзсэн чинь түрийвчинд байсан мөнгө байхгүй, манай зүүн хойд талын унтлагын өрөөний цонх онгорхой байсан. Манай гэрт байсан тольтой шургуулганд байсан 90.000 төгрөг, түрийвчинд байсан 130.000 төгрөг, хоёр давхрын орон дээрх хайрцганд байсан 20.000 төгрөг, нийт 240.000 төгрөг хулгайд алдагдсан. Хохирол төлбөрөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-н 26, 27-р хуудас/

Шинжээчийн 09/011 дугаартай “..хэргийн газраас бэхжүүлсэн зураг №2 дугаартай гутлын улны мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн хар өнгийн гутлын зүүн талын гутлаар дарагдаж үүссэн байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 54-59/

Хэргийн газрын үзлэг хийсэн ”... хөндлөн хоёр зураас бүхий дүрстэй, хүрээ нь сараалжин, уг хэсэгт хөндлөн хоёр зураас бүхий дүрстэй, 29 см урттай, өсгийний өргөн 8 см, өлмийний өргөн 10 см, гутлын мөр 2 ширхэгийг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 7-20 хуудас/

Эд зүйл хураан авсан “...”Хапер данк 11” загварын хар өнгийн гутал 1 хос хураан авав...” гэсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-24-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах “...Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн  125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 15 хоногийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дүгээр сарын 19-ны өдрийн  77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 15 хоногийн хорих ял шийтгүүлсэн...” гэсэн хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 79-98-р хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа /хх-н 75-78-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Улсын яллагчаас “…Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчээс “Хийсэн үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна...” гэж тус тус дүгнэлт гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

              Шүүгдэгч болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.

Прокуророос ирүүлсэн яллах дүнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй  шүүгдэгч маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдлаа.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба эд зүйлд үзлэг хийж мөрийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

            Шүүгдэгч Г нь 2022 оны 2 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүн хэсгийн 7 дугаар гудамжны 10 тоот хашаанд байх Б-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цоожтой байсан вакум цонхыг онгойлгон нэвтэрч, бэлэн 240.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г нь хулгайн үйлдэлдээ шунахайн сэдэлттэй, санаатай хандсан болох нь бусдын орон байранд нууцаар нэвтэрч 240.000 төгрөг хулгайлсан үйлдлээр нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч  амар хялбар аргаар мөнгө олох, эрхэлсэн тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй” зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Хулгайн үйлдлийн улмаас хохирогч Б-д 240.000 төгрөг хохирол учирсан болох нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь хулгайн үйлдэл хийхдээ бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэх үндэслэл боллоо.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч Б 240.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлбөрийг барагдуулаагүй бөгөөд хохирогч “...хохирол төлбөрөө нэхэмжлэнэ...” гэж, шүүгдэгч “...хохирол төлж барагдуулна...” гэж тус тус мэдүүлсэн байна.

Иймд Г-с 240.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Баянбаатарт олгох нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Г-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд оруулж байна...” гэж

            Шүүгдэгчээс ”...Хэлэх зүйл байхгүй...“ гэж тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, ам бүл 1 ганцаараа амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж мөн дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хар өнгийн, ул хэсгээрээ хагарч цоорсон 1 хос пүүзийг шүүгдэгч “...буцаан авахгүй, өмсөх боломжгүй болсон...” гэж мэдүүлж байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц уг хос пүүзийг устгах нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр /2/ жил нэг /1/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохиролд Г-с 240.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Баянбаатарт олгосугай.

       5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн хар өнгийн 1 хос пүүзийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.  Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                          А.БЯМБАЖАВ