Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0671

 

 

 

 

 

 

2020 оны 10 дугаар сарын 21 өдөр Дугаар 128/ШШ2020/0671 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Н.Б

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал-ыг дагаж мөрдүүлэх хугацаанд /2014.07.04-ний өдрөөс 2019.09.04-ний өдрийн хооронд/ иргэн Н.Б миний арилжааны банканд тушаасан алтны арилжааны үнийн дүнгээс Ашигт малтмалын тухай хууль /2006/-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /албан татвар/-ыг Засгийн газрын уг аргачлалыг баримтлан тухай бүр хууль бусаар суутгасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З. Ш. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө гэх заалтыг өөрчлөн найруулж, 47.1 Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож, улсын төсөвт төлнө гэж зохицуулсан байна. Энэхүү заалтыг өөрчлөн найруулснаар Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар шинээр хуульчлагдсан байна.

Н.Б миний бие 2006 оноос эхлэн иргэдээс алт худалдан авч, худалдан авсан алтаа Монголбанк, болон түүнээс эрх олгосон арилжааны банкуудад тушаах ажлыг эрхэлж ирсэн. 2017 оноос Голомт банканд алт арилжаалж эхэлсэн бөгөөд алтны арилжааг Голомт банктай байгуулсан биет алтны арилжааны хэлцэл-д үндэслэн хийдэг. Жишээ нь Н.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 168 удаагийн биет алтны арилжаагаар 81,871,625,362.44 /наян нэгэн тэрбум найман зуун далан нэгэн сая зургаан зуун хорин таван мянга гурван зуун жаран хоёр төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийн үнийн дүн бүхий алтыг Голомт банканд тушаасан байдаг. Гэтэл уг үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 2,049,802,569.50/ хоёр тэрбум дөчин есөн сая найман зуун хоёр мянга таван зуун жаран есөн төгрөг тавин мөнгө/ төгрөгийг АМНАТ-т тухай бүр суутган авсан байдаг.

Голомт банкны зүгээс биет алт арилжааны төлбөрөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 2,049,802,569.50 /хоёр тэрбум дөчин сая найман зуун хоёр мянга таван зуун жаран есөн төгрөг тавин мөнгө/ төгрөгийг суутган талаар тайлбарлахдаа 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Засгийн газрын 220 дугаар тогтоол1-ын 3.3-т Монгол банк болон арилжааны банк иргэд хуулийн этгээдийн тушаасан алт, мөнгөний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тушаасан тухай бүр суутгаж, ажлын 10 хоногийн дотор улсын төсвийн дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн суутгаж байсан гэх байр суурийг илэрхийлдэг. Уг асуудалтай холбоотойгоор Голомт банканд 2019 оны 12 дугаар сард хандан хууль бусаар суутгасан төлбөрийг буцаан олгохыг хүссэн боловч Голомт банкнаас миний гаргасан гомдолд албан ёсоор бичгээр хариу өгөөгүй болно.

Голомт банкнаас албан бичгээр хариу өгсөн зүйл байхгүй тул нэхэмжлэлд хавсаргах баримт одоогоор байхгүй болно.

Монгол Улсын Засгийн Газраас 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолоор Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг баталсан. Уг аргачлал нь Монголбанк болон түүнээс эрх олгосон арилжааны бусад банкууд иргэдээс алт худалдан авахдаа нийтэд нь энэ журмыг баримтлан алт тушаасан иргэн бүрээс ашигт малтмалын нөөц ашгилсаны төлбөрийг суутгасан нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон Татварын ерөнхий хуулийг гуйвуулан буруугаар тайлбарлаж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, бичил уурхайгаар ашигт малтмал олборлодоггүй иргэн Н.Б миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Монгол Улсын их Хурлаас 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлнэ мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан ашигт малтмалын нөөц ашигласны тухайн улирлын төлбөрийг дараагийн улиралд төлнө гэж тус тус заасан байна.

Мөн ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, бичил уурхайгаас алт олборлогч нь олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтааж тушаана гэж заасан.

Н.Б миний бие нь өөрийн нэр дээр болон холбоотой хуулийн этгээдийн нэр дээр ямар нэгэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигддэггүй, бичил уурхай эрхлэгч биш бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан /2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх үеийн байдлаар/-аар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэггүй байтал Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал-ын 3.3 дахь заалт нь Н.Б миний арилжааны банканд тушаасан алтны төлбөрөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үндэслэлгүйгээр суутгахад хүргэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс авах байтал арилжааны банканд алт тушаасан иргэн надаас авсан нь Засгийн газар хуулиар өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах аргачлал батлахдаа иргэд банканд алт тушаахдаа АМНАТ төлөх үүрэгтэй гэж ойлгогдохоор зохицуулснаас болж Монголбанк болон түүнээс эрх олгосон арилжааны банкууд уг аргачлалыг хуульд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэж чадаагүй, хавтгайруулан хэрэгжүүлснээс Н.Б миний бие их хэмжээний төлбөрийг үндэслэлгүйгээр төлж хохирсон явдалд гомдолтой байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т Монгол Улсын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүрэгтэй гэж хуульчилсан, мөн 2020 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэл дагаж мөрдөж байсан Татварын ерөнхий хууль /2008/-ийн 12 дугаар зүйлийн 12.1-т Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна, 12.2-т Тухайн төрлийн татварын хуулиар уг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг нарийвчлан тогтооно, гэж тус тус хуульчилсан ба АМНАТ-ыг УИХ-аас 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төлөх зохицуулалттай байжээ.

Н.Б миний бие Үндсэн хуульд заасны дагуу хуулиар ногдуулан бүхий л албан татварыг төлж ирсэн. Гэтэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /татвар/ төлөх үүргийг хуулиар надад хүлээлгээгүй байхад арилжааны банканд алт тушаах бүрд АМНАТ буюу албан татвар хууль бусаар суутгаж байсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, иргэний хувьд миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаартай тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал нь Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолоор хүчингүй болсон бөгөөд тус захиргааны хэм хэмжээний акттай маргах боломжгүй нөхцөл байдал үүссэн,мөн Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн бусад төрлөөр гаргах боломжгүй байгаа /тухайлбал, Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний акт мөн байх боловч уг тогтоолыг Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн боломжгүй болсон байна/ тул эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох гэсэн агуулгаар энэхүү нэхэмжлэлийг зохих журмын дагуу Захиргааны хэргийн шүүхэд гаргаж байгаа болно.

Иймд Н.Б миний хувьд Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан аргачлалыг дагаж мөрдүүлэх хугацаанд Ашигт малтмалын тухай хуулиар тогтоосон татвар /АМНАТ/ төлөх үүрэгтэй эсэхээ тогтоолгох зайлшгүй шаардлагатай болоод байна.

Захиргааны байгууллагын албан тушаалтан төрийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулж, хууль дээдлэн ажиллах учиртай. Засгийн газраас баталсан уг аргачлалын улмаас Н.Б миний бие уг аргачлалын хэрэгжилтийн хугацаанд арилжааны банканд тушаасан алтны төлбөрөө бүрэн авах боломжгүй нөхцөл байдал үүсч, санхүүгийн хувьд хүнд хохирол амссан. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгө шударгаар олж, авах, эзэмших, өмчлөх зэрэг хууль ёсны субьектив эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал-ыг дагаж мөрдүүлэх хугацаанд /2014.07.04-ний өдрөөс 2019.09.04-ний өдрийн хооронд/ иргэн Н.Б миний арилжааны банканд тушаасан алтны арилжааны үнийн дүнгээс Ашигт малтмалын тухай хууль /2006/-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /албан татвар/-ыг Засгийн газрын уг аргачлалыг баримтлан тухай бүр хууль бусаар суутгасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож хүлээн зөвшөөрүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ашигт малтмал ашигласны хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал-ыг дагаж мөрдүүлэх хугацаанд иргэн Н.Б миний арилжааны банканд тушаасан алтны арилжааны үнийн дүнгээс Ашигт малтмалын тухай хууль /2006/-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /албан татвар/-ыг Засгийн газрын уг аргачлалыг баримтлан тухай бүр хууль бусаар суутгасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь заалтад заасан шийдвэрийг шүүхээс гаргуулахаар тодорхойлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.3 дахь заалтад заасан шийдвэрийг шүүхээс гаргуулахаар тодорхойлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.3-т нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг тодорхойлох нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар байна.

Тиймээс дээрх аргачлалын дагуу АМНАТ суутгасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэх нь тодорхой бус байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаардаг болно.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2014 оны аргачлал хүчингүй болсон тул тус акттай маргах боломжгүй байсан тухай дурдаж байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн зорилго нь хүчингүй болсон аргачлалыг хууль бус байсан болохыг тогтоолгох зорилготой гэж үзэх бөгөөд уг зорилгоо хэрэгжүүлэхдээ аргачлал хууль бус байсан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх агуулгаар шаардаж байгаа нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх боломжгүй нэхэмжлэл хэвээр байна. Иймд шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэв нэхэмжлэгч аргачлалын дагуу АМНАТ суутгасан буюу тухай бүр татвар хураасан үйлдэл байгаа эсэхийг тогтоолгох хүсэлтэй бол уг харилцаанд оролцоогүй Засгийн газар нь уг хэрэгт хариуцагч болох ёсгүй ба холбогдох татварын улсын байцаагчийг хариуцагчаар оролцуулан, эсхүл хариуцагчгүйгээр тус хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд шүүх ЗХШХШТХ-ийн 17.4-т Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ гэж, 25.1-т Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино гэж, 25.2-т Нэхэмжлэгч хариуцагчийг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна гэж тус тус заасныг зайлшгүй анхаарах шаардлагатай байна. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагчийг солих буюу хамтран хариуцагч нэмж татах нь зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдэх ажиллагаа биш бөгөөд шүүх өөрийн санаачилгаар хариуцагчийг солих боломжтой байна.

Дээрх байдлаар хариуцагчийг сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг зөвтгөсөн ч гэсэн эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодорхой үйлдэл эс үйлдэхүйг хууль бус байсан гэж шийдвэрлэх боломжгүй юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг дагаж мөрдүүлэх хугацаанд /2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд/ иргэн Н.Б миний арилжааны банканд тушаасан алтны арилжааны үнийн дүнгээс Ашигт малтмалын тухай хууль /2006/-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /албан татвар/-ыг Засгийн газрын уг аргачлалыг баримтлан тухай бүр хууль бусаар суутгасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулга, үндэслэлийг тодорхойлох боломжгүй бөгөөд энэ нь зөвхөн нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрх байх бөгөөд харин нэхэмжлэл үндэслэлтэй эсэх, нэхэмжлэлийг ханган, нэхэмжлэгчийн эрхийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээх боломж бий эсэхийг шалгаж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах нь шүүхийн үүрэг юм. Энэ үүргийнхээ дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж уг хэргийг шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-д нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг тодорхойлох нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд Эрх зүйн харилцаа байгааг тогтоолгон хүлээн зөвшөөрүүлэх нь тухайн иргэнд зайлшгүй шаардлагатай болсон байх ёстой гэж үздэг.

Эрх зүйн харилцаа гэдэг нь эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдсан нийгмийн харилцаа, харин эрх зүйн хэм хэмжээ гэдэг нь төрөөс тогтоогдсон буюу түүний албадлагын хүчээр хангагдсан нийтээрээ заавал биелүүлэх зан үйлийн журмыг хэлхээр харин Зайлшгүй шаардлага гэдэг нь эрх зүйн харилцаа байгааг тогтоолгосноор нэхэмжлэгчид эрх зүйн бусад үр дагавар үүсэх нөхцөлөөр тодорхойлогдохыг хэлэх бөгөөд цаг хугацааны хувьд даруй байх ёстой, харин ирээдүйд үүсэх эрх зүйн харилцааг урьдчилан тогтоох боломжгүй юм.

Бодит байдал дээр авч үзвэл Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоол нь Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолоор хүчингүй болсон байх бөгөөд хэдийгээр уг тогтоол хүчингүй болсон ч гэсэн уг тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1-д заасан улсын хэмжээнд үйлчилсэн хэм хэмжээний акт байх бөгөөд зөвхөн нэхэмжлэгчид чиглэсэн захиргааны акт биш юм.

Мөн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 506 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэлийн агуулгаас үзвэл Н.Б нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт суутгуулсан 2,049,802,569.50 төгрөгийг гаргуулах хүсэл сонирхолтой байх тул нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаа зөв тодорхойлж, холбогдох шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг энэхүү захирамж хязгаарлахгүй, мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан ...Н.Б нь их хэмжээний мөнгө үндэслэлгүйгээр төлсөн, үүнийгээ авах зорилготой бид Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан аргачлалыг хууль бус эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлснээр бид хохирлоо цааш нь барагдуулах боломж бий болно гэх тайлбараас үзвэл дээрх хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх бүрэн боломжтой юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-д заасныг баримтлан иргэн Н.Баас гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал-ыг дагаж мөрдүүлэх хугацаанд /2014.07.04-ний өдрөөс 2019.09.04-ний өдрийн хооронд/ иргэн Н.Б миний арилжааны банканд тушаасан алтны арилжааны үнийн дүнгээс Ашигт малтмалын тухай хууль /2006/-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /албан татвар/-ыг Засгийн газрын уг аргачлалыг баримтлан тухай бүр хууль бусаар суутгасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-

т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ