Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1552

 

МАГАДЛАЛ

 

2017.07.05                                                     Дугаар 1552                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2017/00852 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ситишоп” ХХК-д холбогдох,

Гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулан, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсаны улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан хүү 762 457,42 ам.доллар гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ялалт, Г.Чинбат, А.Эрдэнэцэцэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Зүмбэрэл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Отгонжаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Отгонбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Ж.Чинзориг захиралтай “Ситишоп” ХХК нь 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Т07/96 тоот зээл, барьцааны гэрээ, 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Т07/69 тоот зээлийн батлан даалтын гэрээ тус тус байгуулан 550 000.0 ам.долларын зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэйгээр авч 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Т07/96 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр жилийн хүүг 15 хувь болгон өөрчлөлт оруулсан байна. Зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалттай авсан бөгөөд зээлийн барьцаанд “Ситишоп” ХХК-ийн өмчлөлийн дэлгүүрийн суурилагдсан барилга 40 ширхэг, суурьлагдаагүй барилга 20 ширхэг, тус компанийн эзэмшлийн Баянгол дүүргийн 14 хороо, 13 дугаар байрны баруун талд орших 0003261 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус барьцаалсан болно. Зээлдэгч “Ситишоп” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үндсэн зээл 550 000 ам.доллар, зээлийн хүү 645 601.24 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 120 517.81 ам.доллар нийт 1 316 119.05 ам.доллар буюу                          2 619 813 936.13 төгрөг нэхэмжилж байна. Барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг шийдвэрт дурдаж өгнө үү гэж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 2 940 386 294.37 төгрөг нэхэмжилсэн. Мөн нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Тухайн зээлийг анх олгох болсон буюу гэрээг “Ситишоп” ХХК-тай байгуулах болсон гол үндэслэл нь банкинд гаргаж өгсөн бүх баримт бичиг, баталгаа, зөвшөөрөл нь үнэн зөв, бодитой, хуулийн шаардлага хангасан гэж үзсэн явдал байдаг. “Ситишоп” ХХК-иас гаргаж өгсөн зээлийн хүсэлт, хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, компанийн дүрэм, гэрчилгээ, бусад баримт зэргийг “үнэн зөв” баримт бөгөөд “бодитой мэдээлэл туссан” гэж үзсэн учир зээлийн гэрээ байгуулж, зээл олгох болсон юм. Түүнчлэн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрт хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигч этгээд нь гарын үсэг зурсан буюу Компанийн тухай хууль, Иргэний хуулийн шаардлагад нийцсэн гэж итгэсэн учир зээлийн гэрээ байгуулсан юм. Мөн “Ситишоп” ХХК нь зээлийн гэрээний 9.2 дахь заалт, 9.3 дахь заалтад тус тус заасны дагуу гаргаж өгсөн бүх барим бичиг, зөвшөөрөл мэдэгдлийг үнэн зөв бөгөөд энэ талаар худал мэдээлээгүй гэсэн баталгаа гаргасан. Энэхүү баталгаа нь зээл олгох гол үндэслэл болсон. Гэтэл “Ситишоп” ХХК-иас зээлийг авахдаа бүрдүүлж өгсөн “компанийн дүрэм” нь тухайн үеийн бодит байдалд нийцээгүй, зөвшөөрөл олгосон хувь нийлүүлэгчийн шийдвэр нь хувьцаа эзэмшигч биш этгээдийн гарын үсгээр баталгаажсан болох нь хожим буюу 2017 оны 01 дүгээр сарын    10-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар нотлогдож байна.

Тодруулбал 2005 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрт Х.Баттулга зурсан байдаг боловч 2005 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш Ж.Чинзориг нь компанийн хувьцааг дангаар эзэмшиж байгаа нь хожим илэрсэн баримтаас харагдаж байна. Зээлдэгч тус бүрээс баталгаа гаргуулж, үнэн зөв баримт бүрдүүлэхийг сануулдаг. Үнэн зөв, бодитой бус баримт гэдгийг мэдсээр байж зээл олгодог арилжааны банк гэж байдаггүй. Банк бүр өөрийн журмаар гагцхүү үнэн зөв, бодитой баримтыг үндэслэж зээл олгохоор зохицуулсан байдаг. Тодруулбал Капитрон банкны хувьд тухайн зээлийг олгох үед мөрдөгдөж байсан зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн хорооны ажиллах журмаар бичиг баримтын зөрчилтэй, хуулийн шаардлага хангаагүй зээлийн материалыг буцаахаар зохицуулсан. Капитрон банкны хувьд “Ситишоп” ХХК-ийн бүрдүүлсэн бүх баримт бичгийг үнэн зөв, бодитой мэдээлэл агуулсан гэж итгэсэн. Гэтэл зээл олгохоос 20 орчим хоногийн өмнө компанийнхаа улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хувьцаа эзэмшигчийг өөрчилсөн атлаа энэ тухай бодитой баримт бичгийг Капитрон банкинд гаргаж өгөөгүй байна. Үүнийг хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг санаатай нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Зээл олгохоос татгалзах нөхцөл байдлыг бүрдүүлэхээр байсан баримт бичгүүдийг “Ситишоп” ХХК-ийн зүгээс үнэн зөв, бодитой бус гэдгийг нуун дарагдуулсан байх тул нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр буст тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй юм. Капитрон банк түүний удирдлагууд нь Х.Баттулгыг хувьцаа эзэмшигч бөгөөд түүний эзэмшлийн компанитай гэрээ байгуулж байна гэж ноцтой төөрөгдсөн байна. Ноцтой төөрөгдсөн учраас Х.Баттулга удаа дараа холбогдож зээлийн асуудлыг хөөцөлдөж, зээл төлөлтийг хойшлуулж байсан. Х.Баттулга ч гэсэн хувьцаа эзэмшигч биш хэрнээ “зээлийг төлнө, зохицуулна” гэх зэргээр банкийг төөрөгдөлд оруулж байжээ. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр Х.Баттулгыг хувьцаа эзэмшигч байх ёстой тухай баримтуудыг дурдаж, хариуцагчийн өмгөөлөгчөөс сүүлд өгсөн улсын бүртгэлийн лавлагааг үнэн зөв эсэхийг шалгуулах зорилгоор үзлэг хийлгүүлэх тухай хүсэлтийг гаргасан нь банкны хувьд ноцтой төөрөгдсөн гэдгийг тодорхой харуулсан гэж үзэж байна. Ж.Чинзориг нь гүйцэтгэх захирлын хувиар гэрээнд гарын үсэг зурах эрхийг хувьцаа эзэмшигч Х.Баттулгын шийдвэрээр олж авсан байдаг. Гэтэл Х.Баттулга нь үнэн хэрэг дээрээ шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш байсан байна. Компанийн тухай хууль болон “Ситишоп” ХХК-ийн дүрмээр их хэмжээний хэлцлийг байгуулах зөвшөөрлийг заавал хувь нийлүүлэгчийн хурлаас олгохоор байна. Гэтэл хувьцаа эзэмшигч биш Х.Баттулгын шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулсан байна. Энэ нь мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлийг бүрдүүлснийг  дурдах нь зүйтэй. Иймд Капитрон банк болон “Ситишоп” ХХК-ийн хооронд 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Т07/96 тоот зээлийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулан, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсны улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан хүүгийн орлого болох 762 457.42 ам.долларыг хариуцагч “Ситишоп” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн утгад дурдсан Т07/96 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээг “Ситишоп” ХХК нь Капитрон банктай 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 12 сарын хугацаатай байгуулсан. Зээлийн гэрээний хугацааг зохигчид сунгаагүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноор нэхэмжлэгч Капитрон банкинд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүссэн. Нэхэмжлэгч нь уг үүргийн гүйцэтгэлийг 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө “Ситишоп” ХХК-иас шаардах эрхтэй байсан. Гэтэл зээлийн гэрээ байгуулсанаас хойш 8 жил, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 7 жилийн дараа ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Үүнээс өмнө нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаагүй. Өнгөрсөн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдсан нөхцөл байдал тогтоогдоогүй, тийм нөхцөл байдал үүсээгүй. Мэдээж зээлийн гэрээний үүргийг шаардахгүй байх олон нөхцөл, шалтгаан гэрээний талууд, хувьцаа эзэмшигчдийн хооронд байсан ба тэдгээрийг энд дурдах шаардлагагүй юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэг гэж тодорхойлжээ. Нэхэмжлэгч Капитрон банк нь 2003 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр анх “Ситишоп” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 550,000 ам долларыг зээлдүүлсэн байдаг. Энэхүү зээлийн гэрээг зохигчид удаа дараа сунгаж байсан бөгөөд 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Т07/96 дугаартай зээлийн гэрээг өмнөх зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохын тулд байгуулж, зээлийг зээлээр хаасан байдаг. Энэ нь гэрч Б.Мэдрээгийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн үндэслэлээс харвал Капитрон банк иргэн Х.Баттулгатай гэрээ байгуулах гэж байсан мэтээр ойлгогдож байна. Гэвч бодит байдал дээр “Ситишоп” ХХК гэх бие даасан хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан ба үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож тус компанийн тодорхой эд хөрөнгө, эрхүүдийг барьцаанд авсан байдаг. Компанийн тухай хуулийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.” гэж заасан. Капитрон банк нь “Ситишоп” ХХК-тай гэрээ байгуулахад тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь Х.Баттулга эсхүл Ж.Чинзориг байх нь ач холбогдолгүй бөгөөд хэрэв тухайн компани гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг компаниас шаардах учир нэхэмжлэгчийн Х.Баттулгын эзэмшлийн компанитай гэрээ байгуулж байна гэж төөрөгдсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 59-т заасан хууран мэхэлж хийсэн хэлцэлд хамаарахгүй юм. Тухайн гэрээнд гарын үсэг зурсан гүйцэтгэх захирал Ж.Чинзориг нь “Ситишоп” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдож байхад зохих этгээдийн зөвшөөрөл аваагүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу “Ситишоп” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ж.Чинзориг нь 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Т07/96 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнд тус тус гарын үсэг зурж, гэрээг байгуулахад хувьцаа эзэмшигчдийн шийдвэр шаардлага болохгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ситишоп” ХХК-нд холбогдох гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулан, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсаны улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан хүү 762 457.42 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийг     бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч “Талх чихэр” ХХК-нд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь тэмдэгтийн хураамжид нийт 15,017,826 төгрөг төлснийг дурдаж, нэмж 1 442 612 төгрөгийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлж улсын төсөвт оруулж, “Талх чихэр” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөөн хэлэлцэх хугацааг 2008, 2009 оноос бус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эрх үүссэн үеэс хуурамч баримт бичиг бүрдүүлж зээл авсныг илрүүлсэн үеэс эхлэн тоолох нь зөв байсан юм. Капитрон банкны зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Ситишоп" ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн түүхчилсэн лавлагааг гаргуулах тухай хүсэлтийг 2016 оны 12 сард гаргаж байсан. Шүүх хүсэлтийг хангаагүй. Банкны зүгээс ч Х.Баттулгыг хэзээнээс хэдий хүртэл "Ситишоп"      ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсныг тодруулах зорилгоор энэхүү хүсэлтийг гаргаж байсан. Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч талаас лавлагааг гаргаж өгсөн. Лавлагаанаас зээл олгох үеэс л Х.Баттулга нь "Ситишоп" ХХК-д ямар ч хамааралгүй байсан нь илэрсэн. Банкны зүгээс энэхүү лавлагаатай танилцсанаар хуурамч, худал баримтаар зээл олгосноо мэдсэн. Үүний улмаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр "Ситишоп" ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлдээ Ж.Чинзоригийг хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн хирнээ 2007 оны 5 дугаар сарын 7-ны өдөр буюу cap хүрэхгүй хугацааны дараа үүнийгээ мартсан байх боломжгүй юм. Үүнийг санаатай нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн Х.Баттулгын гарын үсэгтэй хувь нийлүүлэгчийн шийдвэр, Х.Баттулгыг хувьцаа эзэмшигч гэж тусгасан компанийн дүрэм бүгд хуурамч, худал мэдээлэл агуулсан байсан.

Хэрэгт авагдсан нэг үйл баримтыг 2 өөр байдлаар илэрхийлсэн 2 өөр баримтууд хоёулаа нэгэн зэрэг үнэн зөв байх боломжгүй. Зэрэг үнэн зөв, хэрэгт хамааралтай гэж үнэлэгдэх боломжгүй. Аль нэг нь хуурамч нөгөө нь үнэн байх учиртай. Улсын бүртгэлийн байгууллагаас 2017 оны 1 сард гарч ирсэн "Ситишоп" ХХК-ийн лавлагаа эрх бүхий байгууллагаас гарч ирсэн тул түүнийг үнэн зөв гэж нэхэмжлэгч тал үзсэн. Харин энэ асуудал анхан шатны шүүхэд төдийлөн хамаагүй байсан бололтой. Эдгээр баримт бичгийг банкны зүгээс анх зээл олгох үедээ хуурамч, худал гэдгийг мэдсэн бол зээл олгох байсан гэж анхан шатны пгүүх яаж мэдээд байгааг ойлгохгүй юм. Тухайн үеийн банкны зээлийн хорооны хурал ямар шийдвэр гаргах байсныг шүүхээс тааж мэдэх боломжгүй мэт санагдаж байна. Харин анхан шатны шүүх үүнийг тааж мэдсэн бололтой байна.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт "Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардлах эрхтэй." гэсэн байна. "Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдал" гэдэгт тухайн тохиолдолд хуурамч, худал баримт бичгийг зээл авах зорилгоор бүрдүүлэн өгсөн буюу тухайн баримт бичгүүд хуурамч байсан явдал юм. "Нуун дарагдуулсан" гэдэгт тухайн тохиолдлын хувьд 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэлд өөрчлөлт оруулсан хирнээ 20 гаруй хоногийн дараа буюу зээл авах үедээ өмнөх өөрчлөлтөөсөө өөр баримтуудыг гаргаж өгч, хуурамч баримт бичгүүдийн хуурамч гэдгийг нуун дарагдуулсан явдал юм. Дээрх нөхцөл байдлыг банк "хожим мэдсэн". Тодруулбал, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр мэдсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл 550 000 ам.доллар, хүү 645 601,24 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 120 517,81 ам.доллар, бүгд 1 316 119,05 ам.доллар буюу 2 619 831,16 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан хүү 762 457,42 ам.доллар гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хуурамч материал бүрдүүлэн гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагаврыг арилгуулах буюу хохирол гаргуулах...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...2007 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн гэрээ бол 2003 оны гэрээний үргэлжлэл, ...2003 оны зээл төлөгдөхгүй явсаар 2007 онд зээл авч, өмнөх зээлийг хаасан, хариуцагч гэрээ байгуулахдаа хуурамч материал бүрдүүлээгүй...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2007 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч “Сити шоп” ХХК нь 550 000 000 ам.долларыг 12 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй зээлсэн, талууд тохиролцон гэрээний хугацааг сунгаж болохоор гэрээнд заасан, хариуцагчийн өмчлөлийн, 452 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалж гэрээ байгуулсан, “Талх чихэр” ХК нь батлан даалтын гэрээ байгуулсан, гэрээнд 2008 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр өөрчлөлт оруулан, жилийн хүүг 15 хувь болгосон, нэхэмжлэгч нь зээлийг буцаан төлөхийг шаардаж, хариуцагчид 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн, хариуцагч зээлийг төлөөгүй зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Ж.Чинзориг нь 2007 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч банкинд хандаж, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 550 000 ам.долларын зээл хүссэн, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2007 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 31 тоотоор хариуцагчид 553 000 ам.долларыг 12 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй зээлэхээр шийдвэрлэсний дагуу тухайн өдөр талууд зээлийн гэрээ байгуулсан байна.

“Сити шоп” ХХК-ийг Ж.Чинзориг үүсгэн байгуулсныг 2007 оны 01 дүгээр сарын     17-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байх ба энэ бүртгэл өөрчлөгдөөгүй байна.

“Сити шоп” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2007 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн шийдвэр гэх баримтаас үзэхэд хувь нийлүүлэгч Х.Баттулга нь тус компанийн үйл ажиллагаанд зориулан Капитрон банкнаас 550 000 ам.долларын зээлийг 12 сарын хугацаатай авах, зээлийн барьцаанд компанийн эзэмшлийн 60 ширхэг дэлгүүрийн барилгыг барьцаалахыг гүйцэтгэх захирал Ж.Чинзоригт зөвшөөрчээ.

Х.Баттулга нь Ж.Чинзоригт дээрх зөвшөөрөл олгох эрхтэй байсан эсэхийг нэхэмжлэгч мэдэхэд саад болсон нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иймд хариуцагч нь зээл авахдаа хуурамч материал бүрдүүлсэн гэх байдал нотлогдоогүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан, энэ гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн анхны шаардлагаа өөрчлөн, “хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг хэлцлийн үр дагаврыг гаргуулахаар” шаардсан байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаанд шаардлага гаргаагүй, ...гэж дүгнэж, мөн хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчтой болоогүй тул давж заалдах шатны шүүх хэргийн баримтад үндэслэн, шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул дээрх үндэслэлээр шийдвэрийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2017/00852 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан...” гэснийг “Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн    гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 16 460 438 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                                   

                        ШҮҮГЧИД                                                      Д.ЦОГТСАЙХАН                                             

 

                                                                                               М.НАРАНЦЭЦЭГ