Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2018/00960

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9 тоотод байрлах, Скайтел ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******************* оршин суух, ********** регистрийн дугаартай, Б овогт Л-ийн Бт холбогдох

244.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч 201оны 5 дугаар  сарын 18ий өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аяны жолоо ХХК нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Гар утас зээлээр худалдан авсан. Гэтэл Л.Б нь гэрээний үүргээ үл биелүүлэн 2016 оны 01 дүгээр сард 120.000 төгрөгийг төлснөөс хойш төлбөр төлөөгүй биднийг хохироож байна.

Иймд Л.Бээс төлбөрийн үлдэгдэл болох 240.000 төгрөг, нотариатын зардал 4.500 төгрөг, нийт 244.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б нь 3 сарын хугацаатай 360.000 төгрөгийн үнэтэй утас манай салбараас худалдан авсан. Анх Л.Б нь худалдаж авсан утсаа эвдэрсэн утас байна гээд шинэ өөр утсаар солиулж авч байсан юм. Түүнээс хойш бидэнд утас эвдэрсэн талаар ямар нэг зүйл мэдэгдээгүй учраас хоёр дахь авсан утсыг хэвийн ажиллаж байгаа гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Л.Б нь 1 удаа ирж уулзаад, шинээр өөр утас солиулж авсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаачлан 2, 3 удаа ирээгүй. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан утсыг олгож байсан юм. Хувь хүн болоод компаний аль алинтай нь гэрээ байгуулсан. Байгууллагатай нь гэрээ байгуулаад хувь хүнтэй эргэн төлөлтийн хуваарийн гэрээ байгуулсан.

Л.Б нь утас асахгүй байна гээд ирэхэд нь шинэ утсаар сольж өгсөн. Л.Бийн утас асахгүй байсан. Л.Бийг 1, 2 удаа ирсэн гэж захирлаас сонссон. Хэрвээ утас нь эвдэрсэн дахиад ирж утсаа засуулах боломжтой байсан гэв.

 

Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Лхагвасүрэн овогтой Б нь 2015 оны 10 дугаар сарын 13-нд Скайтел ХХК-аас 360.000 төгрөгийн эксфоне-5 маркийн гар утсыг 3 сарын хугацаанд хувааж төлөхөөр гэрээ байгуулж авсан. Гэвч энэ утас нь гэмтэлтэй байсан учир би нэг удаа солиулсан. Солиулсан утас нь мөн адил унтарч асаад гэмтэлтэй байсан. Би хэд хэдэн удаа Энхбат захиралд энэ утас унтарч асаад болохгүй байна гэж хэлж үзүүлж байсан боловч утсыг минь авч порматлаад одоо зүгээр гээд буцаагаад өгчихдөг байсан. Эхний төлбөр болох 120.000 төгрөгийг төлөөд удаагүй байтал тэр утас цэнэг нь дуусаж унтраад дахиж асаагүй. Үүний дараа би скайтел ХХК-д өргөдөл бичиж өгсөн. Өргөдөл бичээд Скайтел компани дээр очиход Энхбат захирал нь өөрөө байгаагүй, хоёр эмэгтэй теллер үйлчилж байсан бөгөөд ирэхээр нь дамжуулаад өгье гээд аваад үлдсэн юм. Үүнээс хойш надад хариу тайлбар өгөөгүй, төлбөрөө ч нэхэж ирээгүй өдийг хүрсэн. Тэр үед миний сарын цалин 360.000 төгрөг хүрдэггүй байсан болохоор ашиглаагүй утасны төлөө бүтэн сарын цалин өгнө гэдэг боломжгүй байсан. Би одоо жирэмсний амралт аваад гэртээ сууж байгаа. Тиймээс надад энэ утасны төлбөр төлөх санхүүгийн боломж алга байна. Тэр утас нь одоо надад хайрцагтайгаа шинээрээ байгаа. Буцааж болно гэвэл би өгмөөр байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б нь 360.000 төгрөгийн утсыг Скайтел ХХК-аас худалдан авч, 120.000 төгрөгийг тухайн үед нь төлж байсан. Анхны худалдан авсан утас маань эвдэрсэн учраас солиулж өөр утас авч байсан нь үнэн. 2, 3 удаа Скайтел ХХК-д очиж уулзсан бөгөөд тэр болгонд форматлаад явуулаад байсан. Тэгээд удалгүй 1 сар болоод эвдэрсэн. Худалдаж авсан утас маань эвдрээд 2, 3 удаа Скайтел ХХК-д очиж уулзаж байсан. Энхбат гэх хүнтэй уулзахад утсаа авахгүй гэж хэлсэн гэсэн. Компанийн нягтлан мөн Энхбат гэх хүнтэй очиж уулзахад нэг удаа утсыг нь сольж өгсөн. Одоо сольж өгөх боломжгүй гэдэг юм билээ гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Л.Бт холбогдуулан гар утасны төлбөр 240.000 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг нийт 244.500 /хоёр зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Л.Б нь Хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь эвдэрхий утас байсан юм гэж маргажээ.

 Нэхэмжлэгч Скайтел ХХКомпани нь Аяны жолоо ХХКомпанитай байгуулсан гэрээ, Аяны жолоо ХХКомпаний ажилчидтай эргэн төлөлтийн хуваарь хийсний үндсэн дээр гар утас зээлээр худалдан борлуулсан гэх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл болгон хэрэгт Хамтран ажиллах гэрээ Эргэн төлөлтийн хуваарь Аяны жолоо ХХКомпаний захирлын хамтран ажиллах тухай гэх албан бичиг Авлагын товчоо тайлан гэх баримт зэргийг гаргаж ирүүлжээ.

Дээрхи баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас авч үзвэл нэхэмжлэгч Скайтел ХХКомпани нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Аяны жолоо ХХКомпанитай гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, нэхэмжлэгч Л.Б нь 360.000 төгрөгний үнэтэй гар утсыг 2015 оны 11 сард 120.000 төгрөг , 2015.12 сард 120.000 төгрөг , 2016 оны 01 дүгээр сард 120.000 төгрөгийг хуваарийн дагуу эргэн төлөхөөр худалдан авсан, эхний хуваарьт заасан хугацааны 120.000 төгрөгийг нэхэмжлэгч нь хугацаанд нь төлж барагдуулсан, дараагийн хоёр удаагийн төлбөрийг төлөөгүйгээс Скайтел ХХКомпани Л.Бээс 240.000 төгрөгийг нэхэмжилсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нар нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа эхний төлбөр болох 120.000 төгрөгийг төлөөд удаагүй байтал тэр утас цэнэг нь дуусаж унтраад дахиж асаагүй. Скайтел ХХК-д өргөдөл бичиж өгсөн. Өргөдөл бичээд Скайтел компани дээр очиход Энхбат захирал нь өөрөө байгаагүй, хоёр эмэгтэй теллер үйлчилж байсан бөгөөд ирэхээр нь дамжуулаад өгье гээд аваад үлдсэн юм. Үүнээс хойш надад хариу тайлбар өгөөгүй, төлбөрөө ч нэхэж ирээгүй өдийг хүрсэн. Тэр үед миний сарын цалин 360.000 төгрөг хүрдэггүй байсан болохоор ашиглаагүй утасны төлөө бүтэн сарын цалин өгнө гэдэг боломжгүй байсан. Би одоо жирэмсний амралт аваад гэртээ сууж байгаа. Тиймээс надад энэ утасны төлбөр төлөх санхүүгийн боломж алга байна. Тэр утас нь одоо надад хайрцагтайгаа шинээрээ байгаа. Буцааж болно гэвэл би өгмөөр байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж мэтгэлцэж байх боловч хариуцагч Л.Б нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй байна. Уг эрхээ Л.Б нь хэрэгжүүлээгүй бөгөөд шүүх эд хөрөнгийн доголдолтой холбоотой хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд Скайтел ХХКомпани нь Л.Бт зээлээр худалдсан гар утасны төлбөрийн үлдэгдэл 240.000 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөгний нийт 244.500 төгрөгийг хариуцагч Л.Бээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Скайтел ХХКомпаний шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлахад Хамтран ажиллах гэрээ нь хийгдсэн он сар өдөр тавигдаагүй, мөн Скайтел ХХКомпанийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Болор, Аяны жолоо ХХКомпанийг төлөөлж Г.Сүхбаатар нар дараах нөхцөлтэйгээр харилцан тохиролцож гэрээг байгуулав гэх боловч гэрээний төгсгөлд Гэрээ байгуулсан Скайтелийг төлөөлж ХХБАны захирал Д.Гантуул, байгууллагыг төлөөлж Батсайханы Наранчимэг гэж гарын үсэг зурагдсан, мөн уг гэрээг шүүхэд ирүүлэхдээ хуулбарлан ирүүлсэн байх боловч нотариатчийн тэмдэг дарагдсанаас өөрөөр гарын үсэг зурагдаагүй, уг гэрээнд хавсаргаж ирүүлсэн Эргэн төлөлтийн хуваарь гэх баримтад хариуцагчийн нэр байх боловч хариуцагчийн гарын үсэг зурагдаагүй байна.

Нэхэмжлэгч Скайтел ХХКомпани нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан байх ба дээрхи Хамтран ажиллах гэрээ-г шүүхэд ирүүлэхдээ бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаж ирүүлээгүй,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгон гаргаж өгсөн Хамтран ажиллах тухай гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь зэргийг хариуцагч Л.Бтэй байгуулсан гэрээ гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд Иргэний 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Дүгнэвэл: Нэхэмжлэгч Скайтел ХХКомпани нь Аяны жолоо ХХКомпанитай /төлөөлж Г.Сүхбаатар/ байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ээр Л.Бээс гар утасны төлбөр нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад нотариатын зардалд 4500 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч энэ нь ямар учиртай болох талаараа нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлаж дурьдаагүй бөгөөд хэрэгт энэ талаархи баримтгүй байна.

Иймд Скайтел ХХКомпаний нэхэмжлэлтэй Л.Бт холбогдох 244.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Аяны жолоо ХХКомпаний захирлын хамтран ажиллах тухай гэх албан бичиг Авлагын товчоо тайлан гэх баримт зэрэг нь хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Л.Бээс 244.500 / хоёр зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.985 / долоон мянга есөн зуун наян тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА