| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/00865/и |
| Дугаар | 155/ШШ2018/00939 |
| Огноо | 2018-05-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2018/00939
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************* оршин суух, Ө овогт М-ын Б /***********/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, Ө овогт Н-ийн Н /*************/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч М.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие М.Б нь Н.Н той 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр танилцаж үерхэж байгаад 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад хүү Цанлэг 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд бид үзэл бодол зан байдлын хувьд таарч тохирохгүй болж үргэлж маргалдан хэрэлдэх болсон. Ар гэр, аав, ээж, эгч нар нь бид хоёрын амьдрал руу байнгын оролцож ажилтай, гэртээ бай гээд хүү Н ийг явуулдаггүй байсан болохоор Б миний бие хүү болох Цанлэгтай тэдний гэрт 3-4 жил амьдарч хоёр эгч нь уурлаж гэр орондоо харьдаггүй юмуу гэх мэтээр шахалт дарамтыг байнгын үзүүлдэг байсан. Би аав ээж дээрээ очъё гэхээр Н ийн аав, ээж нь хурдан яваад ир гэж араас утасдан дууддаг байсан гэх мэт ар гэрийн шахалт дарамт олон байсан. Тэгэж амьдарч байгаад би Н ийг гуйж хотод очиж ажил хийж амьдарья гэж гуйж хот руу явсан. Хотод очиж сар гаран амьдарч би гоо сайхны газарт касс болон ресепшений ажил хийж Н ажилгүй хүүгээ харж цэцэрлэгт зөөдөг байсан. Тэгтэл Н ийн аав ээж ямар ч шалтаггүйгээр ир гэж дуудсан. Би ажилтай байсан болохоор Н ийг явуулахгүй гэж хэлсэн. Гэтэл аав, ээж нь тэр хүүхнээ сонгох уу, аав, ээжийгээ сонгох уу гэж загнасаар байгаад бид хоёрыг хэрэлдүүлэн муудадцуулсаар байгаад хүү Н ийгоо аваад явсан. Би Н ийг битгий яваач, хажуудаа үлдээж чадаагүйдээ бачууран архи ууж, амь насаа егүүтгэхэд хүртэл хүрч байсан. Би Н ийн гуравдахь эгч болох Мөнгөнцацралаас нь Н ийг битгий салгаач, эргүүлж өгөөч гэж бие муу байхдаа гэрт нь очиж уйлж байсан. Эгч нь дахин уулзуулахгүй гээд би тэдний гэрээс хөөгдөөд гарч байсан. Тэр явдлаас хойш 3 жил болоход Н болон гэр бүлийнхэн нь аль аль нь ирж уулзаагүй байж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймагт таарсан. Н өөр хүнтэй гэр бүл болсон учраас энэ байдал нь хүүхдийн эрх ашиг хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй боллоо.
Иймд 2012 оны 0178242-09 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Би хүү Цанлэгийг өөрийн асрамжид авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсэж байгаа ба бидний хооронд эд хөрөнгийн талаар ямарч маргаан байхгүй болно гэжээ.
Хариуцагч Н.Н нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Н.Н нь М.Бын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Н.Н нь М.Бтай 2007 онд анх танилцаж үерхэж эхлэсэн бөгөөд 2012 онд гэр бүлээ албан ёсоор бүртгүүлсэн. Бид тусдаа гэрт гараагүй аав, ээжийндээ ирэн очих байдаг байсан. Ингээд 2015 оны 9 дүгээр сард хоорондын үл ойлголцол үүсэж хоёр тийшээ болоод 2018 оны 04 сарын 10 хүртэл холбоогүй байсан.
Иймд Н.Н би хүү Цанлэгийг эх М.Бын асрамжид үлдээж, хүүдээ хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг өгөхийг, мөн гэрлэлтээ цуцлуулахыг тус тус зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Н.Н ид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч М.Б, хариуцагч Н.Н нар нь 2012 онд гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас хүү Н.Цанлэг төрсөн болох нь
Тухайлбал:
Хэрэгт авагдсан 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Ө гөрөөчин овогт Н ийн Цанлэг /*************/-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас олгосон 0178242-09 дугаартай РД:*************, Монгол иргэн 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн Ө гөрөөчин овогт Н-ийн Н , РД:***********, Монгол улсын иргэн 1992 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн Ө овогт М-ын Б нар нь 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болсныг 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 09-рт бүртгэж гэрчилгээ олгов. гэх Гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч М.Б нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган хандсан боловч эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй байх тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар ажиллагааг дуусгавар болгосон тухай 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүхийн албан бичиг хэрэгт авагдсан байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй ноцтой шалтгаан, баримт хэрэгт авагдаагүй хэдий ч М.Б, Н.Н нарын гэр бүлийг цуцлаж хүү Н.Цанлэгийг эх М.Бын асрамжид үлдээн шийдвэрлэлээ.
Учир нь:Гэрлэгчид нь 2015 оноос хойш тус тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшилцсөн, хүүхдийн асрамжийн асуудал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна.
Иймд М.Б, Н.Н нарын гэрлэлтийг цуцлаж хүү Н.Цанлэгийг эхийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдаж дээрхи асуудлаар маргаан гарвал зохигчид шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Б нь гэр бүлээ цуцлуулах шаардлага эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтийг гарган 30.844 төгрөг, нийт 101.044 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Н.Н оос 101.044 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бад олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Н.Н нь шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх ба нэхэмжлэгч М.Б нь түүнийг оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх саналыг гаргасан хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ө гөрөөчин овогт Н-ийн Н /*************/, Ө овогт М-ын Б /***********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Ө гөрөөчин овогт Н ийн Цанлэг /*************/-ийг эх М.Бын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Ө овогт Н ийн Цанлэг /*************/-г 11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16-н нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Н.Н оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.044 /нэг зуун нэгэн мянга дөчин дөрөв / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н оос 101.044 /нэг зуун нэгэн мянга дөчин дөрөв / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бад олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА