| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/00799/и |
| Дугаар | 155/ШШ2018/00995 |
| Огноо | 2018-05-30 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2018/00995
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******************** оршин суух Ш овогт Т.Т /*********/ -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хөвсгөл аймгийн ****************** оршин суух, Б овогт П.Ч /************/ -т холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Т.Т, хариуцагч П.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Т шїїхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Т 2013-2014 онд хамтран амьдарч 2015 оноос тус тусдаа амьдрах болж, миний бие жирэмсэн байсан учир тэрээр намайг хүүхдээ төрүүл би хүүхдээ харж хандана, эцэг хүний үүргээ биелүүлнэ гэсэн учир би 2015 оны 05 сарын 19-нд охин Эийг төрүүлсэн.
Охин төрснөөс хойш хашаа байшин өгнө, мөн хүүхэддээ хадгаламж нээлгэнэ гэх зэргээр удаа дараа хууран мэхэлж өдөр хоног өнгөрөх тусам хөндийрч харилцаагаа тасалсан. П.Ч нь амьдралын боломж сайтай, унаатай, малтай, ажилтай, цалинтай байж өнөөдрийг хүртэл хүүхдээ харж хандахгүй, эцэг хүний үүргээ огт биелүүлэхгүй байгаа явдал нь энэхүү нэхэмжлэлийг гаргах үндэслэл боллоо.
Иймээс миний охины ирээдүйг хүндэтгэж холбогдох хууль тогтоомжийн дагуу П.Чийг миний охин Т.Э-ийн төрсөн эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би охинтойгоо хоёулаа амьдарч байгаа. Саяхан зээл авч хашаа байшинтай болсон. Цалингийнхаа ихэнхийг зээлэндээ өгдөг. Чоос хүүхдэд нь тэтгэлэг авах хүсэлтэй байна. Хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна... гэв.
Хариуцагч П.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хамт амьдраад 13 жил болж байгаа юм. Би Улаанбаатар хотод мэргэжил дээшлүүлэхээр 2013-2014 онуудад 2 жилийн хугацаанд суралцсан юм. Тэгэх үедээ Т.Ттай хамтран байр хөлсөлж амьдарч байсан бөгөөд Т.Тын хувьд миний хувийн амьдралыг бүгдийг нь сайн мэддэг байсан. Намайг эхнэртэйгээ утсаар ярихгүй удахад чи эхнэртэйгээ утсаар ярь гэж хэлдэг, би бас тэр үед 1 хүүхдийн тэтгэлэг шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр төлдөг байсныг хүртэл сайн мэдэж, миний зовлон, жаргалыг хуваалцаж ойлгодог тийм л дотны хүн байсан хэдий ч гэр бүл болж сууна гэж бид хоёр хэзээ ч ярилцаж байгаагүй. Тэгээд бидний дундаас 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр охин Э төрсөн бөгөөд хүүхдээ гарснаас хойш бид хоёр уулзалдаж байсан. Хамгийн сүүлд би Т.Ттай 2018 оны эхээр уулзахдаа охин Эдээ данс нээлгэж сар бүр 50.000 төгрөг хийнэ, чи охиныхоо регистрийн дугаарыг явуулаарай гэж хэлж байсан хэдий ч Т.Т нь охин Э-ийн регистрийн дугаарыг явуулаагүй, би ч бас шаардаж аваагүйгээс өнөөдөрийн энэ асуудалд үүссэн гэж бодож байна. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа ба хүүхдийн тэтгэлэгийн хувьд Т.Ттай ярилцаж тохиролцсоноор охин Э-ийн нэрээр хадгаламж нээлгэж 50.000 төгрөгийг сар бүрийн 25-нд цалингаасаа хийх хүсэлтэй байна. Учир нь би шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг шийдүүлмээргүй байгааг намайг хамгийн сайн мэддэг Т.Тыг ойлгоно гэж бодож байна гэжээ.
Нэхэмжлэгч П.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ттай ярилцаж тохиролцоод сард 50.000 төгрөг өгч баймаар байна. Э нь миний хүүхэд юм...гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч П.Чийг охин Т.Э-ийн эцэг болохыг тогтоолгон, түүнээс охин Эд тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Т.Т, хариуцагч П.Ч нар нь гэрлэлтээ батлуулаагүй, эр эмийн харьцаатай байсан, тэдний дундаас охин Т.Э төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар
2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Ш овогт Тын Э /**************/-н 6728000046 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын өрхийн их эмч Цогбадрахын Баасанжаргалын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Рэнчинлхүмбэ сумын 5-р багийн харъяат Т овогтой Э, нас:3, хүйс:эм, эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ирээдүй хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Я.Жавзангийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Тус сумын 5 дугаар багийн харъяат Т овогтой Э нь Ирээдүй хүүхдийн цэцэрлэгийн бага бүлэгт суралцдаг нь үнэн болно. гэх албан бичиг,
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 5 дугаар багийн засаг дарга Н.Пүрэвхүүгийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Тус багийн иргэн Төртогтох овогтой Т нь 1985 онд төрсөн, 33 настай ам бүл 6, ээж, хүүхэд, дүү нарын хамт тус багт байнга оршин суудаг нь үнэн болно.гэх албан бичиг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Ш овогт Тын Э /**************/- ийн эцэг Ш овогт П.Ч мөн болохыг тогтоолгох, эцэг П.Чоос хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Т.Т нь охин Т.Эын эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 70.200 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд 30.844 төгрөгийг, нийт 101.044 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.044 төгрөгийг хариуцагч П.Чоос гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Ш овогт Тын Э /**************/- ийн эцэг Ш овогт П.Ч /************/ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Ш овогт Тын Э /**************/-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч П.Чоос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.044 /нэг зуун нэг мянга дөчин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Чоос нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.044 /нэг зуун нэг мянга дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Тт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА