Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1551

 

МАГАДЛАЛ

 

2017.7.05                                                     Дугаар 1551                                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Найссонг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/01052 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Найссонг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Топгэрэл” ХХК-д холбогдох,

10 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Баасанхүү,

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Түвшинжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр "Топгэрэл" ХХК-ийн захирал О.Ууганбаатартай хурлын заалны тоног төхөөрөмж худалдан авахаар тохирч 9 500 000 төгрөгийг түүний "Топгэрэл" ХХК-ийн Хас банк дахь төгрөгийн дансанд шилжүүлсэн. Гэвч О.Ууганбаатар нь тохирсон хугацаа болох 2016 оны 03 дугаар сарын 03-ны дотор тухайн тоног төхөөрөмжийг нийлүүлээгүйгээс бидний хооронд үл ойлголцох байдал үүсч, цагдаагийн байгууллагад хандсанаар 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №1659 тоот Прокурорын тогтоолоор хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар Б.Баасанхүү, О.Ууганбаатар нар нь хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр харилцан тохиролцож Б.Баасанхүү нь О.Ууганбаатарт 9 500 000 төгрөг өгсөн болох нь тогтоогдсон, яллагдагч О.Ууганбаатар нь тохиролцсон хугацаанд иргэн Б.Баасанхүүд хөгжмийн тоног төхөөрөмжийг БНХАУ-аас авчирч өгөөгүй байх ба БНХАУ-д хөгжмийг захиалж мөнгийг төлсөн гэх боловч энэ нь хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй, уг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш 6 cap өнгөрч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Талууд тоног төхөөрөмж худалдан авсан 9 500 000 төгрөг шилжүүлсэн тал дээр маргадаггүй. Өмнө нь гүйцэтгэсэн ажил болон тоног төхөөрөмж захиалсан хоёр хоорондоо ямар ч холбоогүй. Иймд "Топгэрэл" ХХК-иас 9 500 000 төгрөгийг өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөгийн хамт нийт 10 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Баасанхүү бид хоёр 6 төрөл, 20 ширхэг барааг нийлүүлэхээр тохирч бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Захиалагч тал бараагаа захиалахдаа Герман брэндийн Beyerdynamic Японы Ямаха брэндийн тоног төхөөхөрмжүүдийг Хятад улсад дууриалган хийлгэхээр захиалга өгсөн. Ингээд 2016 оны 3 дугаар сарын 03-нд бараа бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлэхээр тохирсон. 2016 оны 02 дугаар сарын 22-нд өөрийн компанийн менежер н.Эрдэнэбаярыг Хятад улсын Бээжин хот руу явуулж захиалгын дагуу төхөөрөмжүүдийг хийлгээд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр оруулан ирж захиалагч Б.Баасанхүүд хугацаа хэтэрсэн талаар үнэн байдлаа хэлээд бараагаа аваарай гэхэд авахгүй О.Ууганбаатар чамайг би чамайг цагдаад өгсөн мөнгөө авна гэж хэлсэн. Үүнээс хойш би Сүхбаатар дүүргийн цагдаад шалгагдаад хэрэг хэрэгсэхгүй болсон. Одоо Б.Баасанхүүгийн захиалсан бараа болох тоног төхөөрөөмжүүд бүгд байгаа. Тухайн үед манай компанийн хэсэг ажилчид захилагч Б.Баасанхүүгийн “Найссонг” ХХК-д очиж хэд хоногоор ажилласан ба дээрх хүмүүсийн ажлын хөлс болох төлбөрийг би өөрөөсөө төлж барагдуулсан. Мөн өмнө нь Б.Баасанхүү манай компанитай гэрээ байгуулан 7 000 000 төгрөгийн өртэй заалны зориулалттай гэрэл оруулж ирээд угсарч өгөөч гэсэн захиалга өгсөн. Энэ дагуу манай компани уг ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хийгээд Б.Баасанхүүд хүлээлгэн өгсөн. Би нэхэмжлэлээс 7 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бээжинрүү тоног төхөөрөмж захиалахаар явуулсан томилолтын зардал, мөн 3 ажилтаны цалин, өмнөх ажлын дутуу хөлс 1 000 000 төгрөг зэргийг тооцоод 3 000 000 төгрөгийг суутгана. Үлдсэн мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Топгэрэл" ХХК-иас 9 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Найссонг" ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Найссонг" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Топгэрэл" ХХК-иас  166 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн харилцаа үүсэх байсан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Худалдан авагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Худалдагч тал нь бараа тоног төхөөрөмж нийлүүлэх хугацаанд худалдан авагч тал гэрээнээс татгалзах санал тавьсан байна. Худалдагч тал гэрээнээс татгалзах саналыг хүлээж аваагүй гэрээ, хэлцэл байгуулагдсан гэрээний үүргийг талууд биелүүлэх л үүрэг байсан. Нэхэмжлэгч "Найссонг" ХХК нь өөрийн захиалсан худалдан авч буй тоног төхөөрөмжийг нэхэмжлэхгүй, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 9 500 000 төгрөгийг нэхэмжилсэн нь гэрээний үүргээ зөрчсөн байна. Худалдах-худалдан авах гэрээний биелэлт хэлцэл гэрээг цуцалсан эсэх, гэрээнээс татгалзсан эсэх талаар тодорхой дүгнэлт хийлгүй хариуцагч "Топгэрэл" ХХК-иас 9 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Найссонг" ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Захиалгын дагуу тоног төхөөрөмжүүдийг хийлгээд захиалагч Б.Баасанхүүд үнэн байдлаа хэлээд бараагаа аваарай гэхэд аваагүй байдаг. Үүнд талууд маргахгүй байдаг. Гэрээнээс татгалзах тухайгаа мэдэгдээгүй худалдагч талд боломжит нэмэлт хугацаа олгоогүй нь захиалагч, худалдан авагч талын буруутай үйлдэл байдаг.

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хариуцагчийн тайлбар, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн цалингийн хүснэгт, хуулбар зураг хавтаст хэргийн 33-40-р тал,        41-44-р тал, бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ, 22-27-р тал, 78-84-р тал 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хурлын тэмдэглэл, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хурлын тэмдэглэл, О.Батцэнгэл, Ч.Эрдэнэбаяр нарын мэдүүлэг зэрэг баримтаар бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсан гэрээний үүргээ худалдагч тал биелүүлсэн байхад захиалагч гэрээний биелэлтийг хүлээж аваагүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Найссонг” ХХК нь хариуцагч “Топгэрэл” ХХК-д холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 9 500 000 төгрөгийг буцаан авах, өмгөөллийн хөлсөнд төлсөн 1 000 000 төгрөг, бүгд 10 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хөгжмийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, гэрээний зүйлийн үнийг тухайн өдөр хариуцагч хүлээн авсан, үүргийг 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гүйцэтгэх хугацааг хариуцагч хэтрүүлэн, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд гэрээний зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байсан, хариуцагчийн төлөөлөгч О.Ууганбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/01052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 167 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                    

 

 

                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                       ШҮҮГЧИД                                            Д.ЦОГТСАЙХАН                                             

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ