Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00447

 

 

Алаг уул ган ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02619 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1981 дүгээр магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Алаг уул ган ББСБ ХХК

Хариуцагч: Д.Нямлхагва

 

нэхэмжлэл: 55,150,988 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

Хяналтын журмаар 2019-12-26-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбуян, өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Д.Нямлхагва нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 43 дугаар байрны 68 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалан банк бус санхүүгийн байгууллагатай 2015.02.14-ний өдөр ЗГ0662015 тоот зээлийн гэрээ, БГ0662015 тоот барьцааны гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэй, 544 хоног буюу 18 сарын хугацаатай зээлж авсан. 2017.02.13-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй ба зээлийн гэрээний хугацаа 2016.08.03-ны өдөр дууссан ба зээлийн үлдэгдэл 25,325,000 төгрөг, зээлийн хүү 4,526,509 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 419,383 төгрөг, нийт 30,270,892 төгрөг юм. Нэхэмжлэл гаргаж буй 2019.07.31-ний өдрийн байдлаар тооцвол зээлийн үлдэгдэл 25,325,000 төгрөг, зээлийн хүү 25,949,431 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,757,557 төгрөг, нийт 55,031,988 төгрөг болсон байна. Зээлдүүлэгчийн зүгээс Д.Нямлхагватай утсаар холбогдох болон гэрт нь албан шаардлага хүргүүлэх зэргээр зээлээ төлөхийг шаардахад зээлээ бүрэн төлж дуусгахыг илэрхийлдэг ба хэд хэдэн удаа тодорхой хугацаа зааж төлбөр төлөхийг амлаж, заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй болохоо өөрийн гараар бичсэн байдаг. Д.Нямлхагваас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 55,031,988 төгрөг, зээлийн гэрээний 3.2-т заасны дагуу зээл төлүүлэхтэй холбоотой зээлдэгчийн гэрт 11 удаа очсоны зардал 110,000 төгрөг, шүүхэд өгөх материал нотариатаар батлуулсны хөлс 9,000 төгрөг, нийт 55,150,988 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: 2015.02.04-ний өдөр Алаг уул ган ББСБ ХХК-тай ЗГ0662015 тоот зээлийн гэрээг байгуулж, 35,000,000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн эргэн төлөлтөө цаг хугацаанд нь хийж байсан боловч санхүүгийн нөхцөл байдал, тус банк бус санхүүгийн байгууллагын хуулиас давсан гэрээ зэргээс шалтгаалан 2017.02.13-с хойш төлж чадаагүй. Зээлийн гэрээ 2016.08.03-ны өдөр дууссан, үүнээс хойш хоёр талаас гэрээг сунгахтай холбоотой санал гаргаагүй тул зээлийн хугацааг ахин нэмэлт хугацаагаар сунгасанд тооцохгүйгээр ойлгох нь зөв юм. Гэвч миний бие зээлийн гэрээний хугацаа дууссан ч гэсэн эргэн төлөлтөө хийж байсан билээ. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай гэрт очсоны 11 удаагийн зардал 110,000 төгрөгийг хэн хэдэн удаа очсоныг яаж нотлох юм. Зүгээр 11 удаагийн тоо гэдгийг зохиогоод тавиагүй юм бол шүүхэд энэ талын баримтаа ирүүлэх ёстой. Шүүхэд өгөх материал батлуулсан нотариатын хөлсөнд 9000 төгрөг нэхэмжилжээ. Энэ нь тус хэрэгт бичгийн нотлох баримттай холбоотой үйлчилгээ авсан гэх байдал нотлогдохгүй байх тул уг баримтыг ИХШХШТХ-н 40.2-т зааснаар эргэлзээтэй гэж үзэх тул хасч тооцож өгнө үү. 2015.03.03-с 2017.02.13-ны өдөр хүртэл нийт 11 удаагийн төлөлтөөр 23,681,239 төгрөгийг бэлнээр төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2016.10.06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016.12.26-ны өдөр 500,000 төгрөг, 2017.02.13-ны өдөр 2,500,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтаас харж болно. Зээлийн гэрээ дууссанаас хойш хийсэн сүүлийн гурван удаагийн эргэн төлөлтийг бодсон дараалал нь хуульд нийцэхгүй байна. ИХ-н 216.4-т заасны дагуу бодогдох ёстой. Энэ дагуу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 4,000,000 төгрөг маань одоогийн зээлийн үлдэгдэл 25,325,000 төгрөгөөс хасч тооцогдон 21,325,000 төгрөг болох ёстой. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг нэхэмжлэл гаргаж буй тал нь өөрөө баримтлах ёстой тул нэхэмжилсэн 55,031,988 төгрөг нь хууль зүйн хувьд ямарч үндэслэлгүй гэж үзэхээр юм. Тэгэхээр гэрээ дуусахад үлдсэн 21,325,000 төгрөг, түүний зээлийн хүү 4,526,509 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 419,383 төгрөг, нийт 26,270,892 төгрөгийг төлөх боломжтой байна. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл тооцсон үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 55,031,988 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, энэ талаар шүүхийн шийдвэрт тусгуулахыг зөвшөөрөхгүй. Миний өмчлөлийн орон сууц нь 2009 онд ашиглалтанд орсон бөгөөд 68.5 м.кв зах зээлийн одоогийн ханш нь 140сая төгрөгийн үнийн дүн бүхий байр билээ. Миний бие нийт 23,681,317 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд одоо үлдэгдэл 26,270,982 төгрөгийн төлөлт хийгээд зээлийн гэрээгээ хаахад татгалзах зүйлгүй. Барьцааны гэрээ байгуулсан хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн байх ИХ-н 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангахгүй байгаа тул барьцааны гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус юм. 35,000,000 төгрөг зээлээд зээлсний ашиг болгож хүүгийн төлбөр 9,442,767 төгрөг авахаар тохиролцож гэрээ хийж байсан. Анх гэрээ хийж байсан үнийн дүнгээс миний нийт төлсөн 23,681,317 төгрөгийг хасвал 20,761,528 төгрөгийг төлөх үлдэгдэл дутуу байгаа билээ. Гэвч миний бие хугацаа хожимдуулсны хөлс болгож 20,761,528 биш 26,270,892 төгрөг төлөх боломжтойгоо ахин илэрхийлж байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 101/ШШ2019/02619 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Нямлхагваас 47,976,054 төгрөг гаргуулан Алаг уул ган ББСБ ХХК-д олгох, нэхэмжлэлээс 7,174,934 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч төлбөрийг төлөөгүй тохиолдолд Д.Нямлхагвын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 13344 Энхтайваны өргөн чөлөө, 43 дугаар байр, 68 тоот 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Нямлхагваас 468,030 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс төлсөн 503,904.94 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1981 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02619 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан. Гэвч шүүхээс 47,976,054 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй хэмээн үзэж байна. Учир нь миний бие 2015.03.03-с 2017.02.13-г хүртэлх хугацаанд нийт 11 удаагийн төлөлтөөр 23,681,239 төгрөгийг бэлнээр төлсөн. Нэхэмжлэгч нь 35,000,000 төгрөг зээлээд, зээлсний ашиг болгож хүүгийн төлбөр 9,442,767 төгрөг нийт 44,442,767 төгрөг авахаар тохиролцож гэрээ хийж байсан. Анх гэрээ хийж байсан үнийн дүнгээс миний нийт төлсөн 23,681,317 төгрөгийг хасвал одоо 20,761,528 төгрөгийг төлөх үлдэгдэл дутуу байгаа билээ.. шүүхийн шийдвэрээр 47,976,054 төгрөг төлөхөөр болоод байгаа нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож МУҮХ-ийн 14.1-д заасан ...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалт зөрчигдөхөд хүрээд байна гэж үзэж байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, миний төлбөл зохих 20,761,528 төгрөгөөр тооцож тогтоол гаргаж өгнө үү. Хууль хэрэглээ болон шударга ёсны үүднээс энэ гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Алаг уул ган ББСБ ХХК нь 2019.07.31-ний өдөр Д.Нямлхагвад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 55,150,988 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардахдаа ...хариуцагч нь 35,000,000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн...2017.02.13-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй...гэрээний хугацаа 2016.08.03-ны өдөр дууссан...тул 2019.07.31-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 25,325,000 төгрөг, зээлийн хүү 25,949,431 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,757,557 төгрөг гаргуулна... үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулна.. гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...гэрээ байгуулж зээл авсан нь үнэн... зээлийн гэрээ 2016.08.03-ны өдөр дууссан ба үүнээс хойш эргэн төлөлт хийж байсан... 2015.03.03-ны өдрөөс 2017.02.13-ны өдөр хүртэл нийт 27,681,239 төгрөг төлсөн... сүүлийн 3 төлөлт буюу 4,000,000 төгрөгийг бодсон дараалал нь хуульд нийцэхгүй байх тул уг мөнгийг зээлийн үлдэгдэл 25,325,000 төгрөгөөс хасч 21,325,000 төгрөг болох ёстой....иймд уг мөнгийг зээлийн хүү 4,526,509 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 419,383 төгрөг, нийт 26,270,892 төгрөгийг төлөх боломжтой... барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, энэ талаар шүүхийн шийдвэрт тусгуулахыг зөвшөөрөхгүй... гэж маргасан байна.

Анхан шатны шүүх Д.Нямлхагваас 47,976,054 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс 7,174,934 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангахыг даалгасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч нар 2015.02.04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч 35,000,000 төгрөгийг 30 хоногт 2,6 хувийн хүүтэй, 2016.08.03-ны өдрийг хүртэл хугацаатай зээлдүүлэх, хариуцагч зээлийг хүлээн авч тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээж, үүргийн гүйцэтгэлд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын, 13344 Энхтайваны өргөн чөлөө, 43 дугаар байр, 68 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалжээ.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 453 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэг, 175 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

 

Гэрээ хүчин төгөлдөр тул талуудын хэн аль нь гэрээг биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч гэрээний үүргийг зөрчсөн нь тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу төлөх мөнгөн төлбөрийн үүргийг хуульд заасан журмын дагуу тооцсон, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй өөрийн тайлбарыг нотлох тооцоог шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага, татгалзлыг нотлох баримтыг зохигч гаргах үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийнэ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль болон холбогдох бусад хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02619 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1981 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 294,022.63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД, Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ