Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0075

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Жгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пүрэвдулам

Нэхэмжлэгч: Б.Ж

Хариуцагч: БОАЖЯ ТНБД

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн  нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/168 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Б.Ж намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 916 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0535/З

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ж нь БОАЖЯ ТНБДд холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн  нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/168 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Б.Ж намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 916 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/168 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 916 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/168 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадсангүй гэж үзэж байна.

3.1. Нэхэмжлэгч Б.Ж нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дотоодын аялал жуулчлал, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа газрын даргаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, албан бичгийн боловсруулалт хангалтгүй, хугацаатай албан бичгүүдийн хугацаа хэтэрсэн зэрэг ажлын хариуцлага алдсан зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хяналт шалгалт хийсэн ажлын тайлангаар тогтоогдсон.

3.2. Тодруулбал нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.16, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15, 16 дугаар зүйл, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 43 дугаар зүйл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2, 4.18 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/168 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Жд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

3.3. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа түүний зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар, албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын хамаарал зэргийг харгалзан үзэж, төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулах журамтай. Уг журмын дагуу Б.Жгийн гаргасан зөрчил, түүний хэр хэмжээг харгалзаж, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Б/168 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасантай нийцсэн байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

3.4. Нэхэмжлэгч нь алдаа зөрчил гаргасан болохоо үндэслэлтэй няцааж чадаагүй, харин ажлын ачаалал их, орон тоо бүрэн бус байсан талаар шүүх хуралдаанд тайлбарладаг. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад бус нэхэмжлэгчийн тайлбарыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

3.5. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасан. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т “... нэхэмжлэгч нь ажлын ачааллаас болж иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн байх магадлалтай” гэж дурьдсан. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлэхгүйгээр өөрийн таамаглалд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 916 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/199 дүгээр тушаалаар тус яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын аялал жуулчлалын боловсрол, дэд бүтэц хариуцсан мэргэжилтнээр нэхэмжлэгч Б.Жг томилсон байна.

2.2. Тус яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаас 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт гаргасан гомдлын дагуу нэхэмжлэгч Б.Жгийн гаргасан гэх зөрчлүүдэд хяналт, шалгалт явуулж, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн танилцуулгаар түүнийг “төрийн албанаас халах” саналыг хүргүүлжээ.

2.3. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Б.Жг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/168 дугаар тушаалаар “Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хариутай албан бичгийг хууль журмын дагуу шийдвэрлэдэггүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын шалгалтаар тогтоогдсон” гэх үндэслэлээр Аялал жуулчлалын үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Жд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

3. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/385 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хууль болон энэхүү журмын 3.2-т заасан үүрэг, хориглосон үйл ажиллагааг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, хугацаатай албан бичиг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас хоцорсон, ажил тасалсан, ажлын цагийг хангалтгүй ашигласан ... тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэнийг харгалзан тохирох сахилгын шийтгэл ногдуулна”, 8.7-д “Дараах зөрчлийг ноцтой зөрчилд тооцно” гээд 8.7.5-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын нэг ба түүнээс дээш өдөр тасалсан” гэж тус тус заажээ.

3.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас нэхэмжлэгч Б.Жгийн ажил, албан үүргийн гүйцэтгэлд хийсэн хяналт, шалгалтаар “өргөдөл, гомдол, албан бичиг шийдвэрлэх хугацааг 2-30 хоног хэтрүүлсэн, хийгдэж буй ажил, хүлээгдэж буй үр дүнгээр шийдвэрлэлтийг хаасан, сайдын зөвлөхийн товлосон уулзалтад очоогүй, мөн өдөр ажлыг 4 цаг тасалсан” гэж тогтоосон боловч уг зөрчлүүдийг үндэслэн түүнд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасантай нийцэхгүй байна.

3.2. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/385 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-д нэхэмжлэгч Б.Жг буруутгаж буй өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн, сайдын зөвлөхийн товлосон уулзалтад оролцоогүй, ажлын 4 цаг тасалсан гэх зөрчлүүд нь ноцтой зөрчилд хамаарахгүй байна.

3.3. Мөн хэрэгт авагдсан баримтаас үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар тус яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас 3 албан хаагчийг чөлөөлж, Б.Жг Аялал жуулчлалын үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилсон нь хэд хэдэн албан тушаалын үүргийг дангаар хариуцуулснаар ажлын ачаалал их, тус хэлтсийн орон тоо бүрэн бус, ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр ажил хийж гүйцэтгэхийг шаардсан, манай алба 7-8 хүнтэй ажиллахаас 3 орон тоотой ажиллаж байсан” гэх тайлбар үндэслэлтэй.

3.4. Нэхэмжлэгчийн эрхэлж буй албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд түүнд өргөдөл, гомдол шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй байхад хугацаанд нь шийдвэрлээгүй гэж буруутгах үндэслэлгүй.

3.5 Гэтэл хариуцагчаас дээрх зөрчлүүдийн шалтгаан нөхцөл, шинж байдлыг тогтоогоогүй, анх болон давтан үйлдсэнийг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгч Б.Жд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэгч нь алдаа зөрчил гаргасан болохоо үндэслэлтэй няцааж чадаагүй ... анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад бус нэхэмжлэгчийн тайлбарыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй” гэжээ.

4.1. Зүй нь хариуцагчаас нөхцөл байдлыг бүрэн, зөв тогтоосны үндсэн дээр гаргасан захиргааны актын үндэслэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэж заасны дагуу нотлох үүрэгтэй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

5. Харин анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/168 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

5.1. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгч Б.Ж нь ноцтой зөрчил гаргаагүй, маргаан бүхий акт Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуульд нийцэхгүй болох нь тогтоогдсон, энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0916 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.1.1, 47.1.4 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.4 дэх заалт, 48.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Жгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/168 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Жг урьд эрхэлж байсан Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын Аялал жуулчлалын үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг холбогдох журамд заасны дагуу тооцон гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчилж, 2, 3 дахь заалтыг хасч, 4 дэх заалтын дугаарыг “2”, 5 дахь заалтын дугаарыг “3” болгож, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ