Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 318

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль /үнэмлэхний дугаар-2258/,

шүүгдэгч С.Балжинням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Содномын Балжиннямд холбогдох 201619000522 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 23 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, хуучин цэргийн хотхон 5-58 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ДА93011314/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч С.Балжинням нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн нутагт орших хатуу хучилттай замд иргэн М.Гансүхийн эзэмшлийн 27-96 УНЯ улсын дугаартай Nissan Teana маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын Хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт заасан /жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна/ гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Д.Эрхэмбаярын амь нас хохирч, иргэн Б.Удаахбаярын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл, иргэн Н.Гансүхэд 2.750.000 төгрөг, иргэн Б.Энхбилгүүнд 50.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч С.Балжинням шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн өглөө Улаанбаатар хотоос гараад Баянчандмань суманд гэртээ хоол идчихээд гэрийнхээ гадаа унтаж байсан чинь Дамбийбалжирын эхнэр Отгонбилэг эгч гарч ирээд манай нөхрийн ажил тарчихлаа, чи дүүгээ аваад яваад ирээч, эгч нь хоол хийгээд байж байя гэхээр нь би явсан. Тухайн өдөр бороо орсон, зам их халтиргаатай байсан гэв.

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, осол хэргийн газар дээр баримтжуулж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9 дүгээр хуудас/

 

Хохирогч О.Отгонбилэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би машиных нь хажууд очиход Удаахбаяр сэрэхээр нь Дамбий ах нь тарсан гэнээ чи явах болж байгаа юм уу, гэхэд за би яваад аваад ирье гэхээр нь дүүгээ аваад явчих тэр хооронд эгч нь хоол хийгээд өгье гэж хэлсэн юм. Тухайн үед Балжинням автомашинаа жолоодоод Удаахбаяр жолоочийн хажуу талын суудалд суусан. Би талийгаач Д.Эрхэмбаярыг Удаахбаярын өвөр дээр суулгаад явуулсан. Удаагүй 10-аад минутын дараа санагдаж байна, танихгүй хүн манайд орж ирээд “танайхаас төмрийн үйлдвэр рүү машин явж байгаад онхолдсон гэдгийг хэлэхээр нь очоод үзтэл тээврийн хэрэгсэл замаас гарч хашаа мөргөөд 4 дугуй нь дээшээ харсан байдалтай байсан. Тэд нар Дамбийбалжир дээр очиж чадаагүй байсан юм байна лээ. Өөр зүйлийг мэдэхгүй байна. Би Балжиннямыг хурд хэтрүүлснээс болж осол гарсан гэж үзэж байна. Удаахбаяр хэлэхдээ “би найз Балжиннямыг хурдаа хасаач” гэж хэлээд тэр осол болсон, маш их хурдтай явж байсан гэж ярьж байсан. Гэхдээ яг хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй өөр зүйл яриагүй. Машины хувьд 2 гупер, гэрэл дохионууд нь эвдэрсэн харагдаж байсан. Яг тодорхой нэг бүрчлэн хэлж мэдэхгүй байна, тухайн өдөр нилээд бороо орсон тул зам норсон, бага зэрэг шивэрч, үзэгдэх орчин гадаа хэвийн гэгээтэй байсан. Миний хүү Д.Эрхэмбаяр  нь 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт айлын 2 дахь хүү болон мэндэлсэн, төрснөөсөө хойш сэргэлэн цовоо, өвчин тусаж байгаагүй, эрүүл хүүхэд байсан. Би 2 хүүхэдтэй бөгөөд талийгаачийн дээр 6 настай хүү байдаг, одоо Завхан аймагт манай ээж дээр байгаа. Бид нарын хувьд баримт бүрдүүлсэн зүйл байхгүй, талийгаачийн буяны ажилд ойролцоогоор 5.000.000 төгрөг зарцуулсан, жолооч Балжиннямын ар гэрийнхнээс 2-3 удаа уулзаж буяны ажилд эхлээд 1.000.000 төгрөг өгөөд дараа нь 595.000 төгрөг 200.000 төгрөг, 60.000 төгрөг, нийт 1.555.000 төгрөг авсан. Мөнгөнөөс гадна зулын тос, чихэр, боов, хүнсний зүйл өгч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Удаахбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Орой 17-18 цагийн үед байх Дамбийбалжирийн эхнэр Отгонбилэг эгч ирээд “ах чинь ажлаас ирээд аваадах гэж ярьж байна” гэж хэлсэн. Балжинням бид хоёр явах гэхэд Отгонбилэг эгч дүүгээ аваад явчих, эгч нь хоол хийж байя гэж хэлсэн. Би жолоочийн хажуу талд сууж байсан, миний өвөр дээр 2 ойтой Эрхэмбаярыг суулгасан юм. Бид 3 хөдлөөд төв замаар баруун зүг рүү эргээд засмалаар явж байхад Балжинням бага зэрэг хурдтай явж байсан тул түүнд хандаж “зөөлөн яваарай” гэж хэлэхийн завдалгүй баруун тал буюу замын хажуу тал руу эгц урд талаараа унаад онхолдсон. Тэгээд юу болсныг мэдээгүй, нэг мэдэхэд миний цээжин хэсэг гадаа, хөл хэсэг машин дотор байсан. Машинаас гараад харахад айлын блокон хашааны хажуу талд Балжинням, Эрхэмбаяр нар зэрэгцээд хэвтэж байсан. Бид нарын сууж явсан машин 4 дугуй нь дээшээ харсан байдалтай байсан. Би Эрхэмбаярыг аваад Балжиннямыг дуудахад дуугарч байсан. Хажуу талд мотоцикль унасан ах байхаар нь туслаарай гэж хэлээд түүний хамт хүүхдийг эмнэлэгт хүргэж үзүүлэхэд эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Балжиннямын бие нь муу байсан тул бид хоёр Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Өөр зүйл мэдэхгүй байна. Тухайн өдөр өдөржингөө бороо орсон, зам нойтон халтиргаатай байсан. Мөн жолооч бага зэрэг хурд хэтрүүлснээс болсон байх гэж үзэж байна. Гэхдээ би жолооч Балжиннямыг яг хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Би түүнд хандан зөөлөн яваарай гэж хэлсэн нь үнэн, хэлээд удаагүй байтал осол болсон юм. Өдөржингөө бороо орсон, зам норсон, зам асфальтан хучилттай байсан бөгөөд сүүлд харахад нөхөөстэй зам байсан. Замын хувьд бага зэрэг уруу, шулуун зам, үзэгдэх орчин чөлөөтэй, бүрхэгдүү гэгээтэй байсан, бид нарын хэн хэн нь бүс зүүж яваагүй, би ослын улмаас зүүн хөмсөг хэсэгтээ язарсан шарх авсан. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Энхбилгүүн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр баг Фермийн хороо 26 дугаар гудамж 016 тоотод байрлах 0.5 га газар нь миний өмчлөлийн газар байгаа юм. Уг газрын гэрчилгээ 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргуулж авсан бөгөөд блокон хашааг нь бариад 10-аад жил болж байна. Миний хувьд хэрэг болох үед байгаагүй тул мэдэхгүй байна. Манай хашааны урд хэсэгт 2 хэсэг газрын хашааны блок нурсан байсан. Миний хашааг буцаагаад хэвийн болгочихсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга. Уг блокон хашааны баруун урд хэсэг нь 1 жилийн өмнө салхинд нураад унасан. Ер нь бол анх барьсан хүмүүс нь цементийг нь багадуулаад барьчихсан юм шиг байгаа юм. Тус хашааны 50 ширхэг блок ашиглагдахааргүй болж 2 хэсэг газар нурсан байсан. Би нэг бүрийн үнийг төгрөг нийт 50.000 төгрөгөөр үнэлж байна. Завсарлаад өгвөл гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Гансүх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Nissan Teana 27-96 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг юм. Автомашиныг 2012 онд Улаанбаатар хотын Да хүрээ зах дээрээс 12.000.000 төгрөгөөр худалдан авсан, миний хувьд хэрэг болох үед байгаагүй болохоор мэдэхгүй байна. Найз Гантөр надад хэлэхдээ Nissan Teana маркийн 27-96 УНЯ улсын дугаартай автомашиныг төрсөн дүү нь жолоодож яваад осолд орсон гэж ярьж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. С.Гантөр бид хоёр найз нөхдийн холбоотой. Би өөрийн эзэмшлийн машинаа 2015 оны 03 сард ломбаранд тавиад авч чадахгүй байсан тул найз Гантөрд 1.900.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Гантөр надад 1.600.000 төгрөг өгсөн 300.000 төгрөг өгөөгүй дутуу байсныг өчигдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр авсан...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30, 32 дугаар хуудас/

 

Гэрч С.Гантөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Уг автомашин бол миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Автомашиныг Гансүх гэх залуугаас 2015 оны хавар 1.600.000 төгрөг өгөөд худалдаж авсан. Тухайн үед би түүнд 300.000 төгрөгийг нэмж өгнө гээд одоо болтол өгч чадаагүй байгаа. Би худалдах худалдан авах гэрээ байгуулсан зүйл байхгүй. Бид хоёрын аль алинынх ажил төрөл нь болохгүй байсан тул өөрийн нэр дээрээ шилжүүлж чадаагүй. Миний хувьд дүүгээсээ юу нэхэмжлэх вэ, миний дүү уг автомашиныг осол гарахын өмнөх өдөр нь аваад явсан юм. Одоо миний дүүгийн биеийн байдал бүсэлхийнээс доош ямар ч мэдээгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн №97 тоот дүгнэлт:

1. Талийгаач Д.Эрхэмбаярын биед гавал тархи, хэвлийн хавсарсан гэмтэл гавлын оройн болон суурь ясанд хугарал, тархины эдэд цус харвалт, няцрал дэлүүнд задалсан шарх дух, зүүн хөмсгөнд шарх, зулайн хуйх, дух, баруун, зүүн зовхи, зүүн шанаа, цээж зүүн мөр, зүүн сарвуу, зүүн өвдөгөнд зулгаралт цээж, зулайн хуйхан дор, хавирганы булчинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. Талийгаач нь гавал тархи, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна.

3. Дээрх гэмтэл нь амьдрах боломжгүй гэмтэл тул эмнэлэгийн тусламж авсан ч амьдрах боломжгүй.

4. Талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байна. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №384 тоот дүгнэлт:

1. С.Балжиннямын биед сээрийн 8 дугаар нугалмын бяцрал, шахагдсан хугарал, арын холбоосны задрал, сээрийн 7, 8, 9 дүгээр нугалмын арын сэртэнгийн хугарал, сээрийн 7 дугаар нугалмын нум, үений сэртэнгийн хугарал, нугасанд цус хуралт, нугас дарагдах духанд шарх, зүүн зовхинд сорви, зүүн зовхи, зүүн нүдний алим, хэвлийд цус хуралт, баруун сарвуу, зүүн сарвуу, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №379 тоот дүгнэлт:

1. Б.Удаахбаярын биед зүүн хөмсгөнд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/

 

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Х.Мөнх-Эрдэний гаргасан 00000077 тоот дүгнэлт:

  1. Эрүүгийн хэргийн материалтай танилцахад Nissan Teana маркийн 27-96 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Балжинням нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсний зөрчсөн байна.
  2. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд Nissan Teana маркийн 27-96 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Балжинням нь осол болох үед хэдэн км/цагийн хурдтай явсныг тогтоох боломжгүй байна.
  3. Зам тээврийн осол нь Nissan Teana маркийн 27-96 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Балжиннямын Замын Хөдөлгөөний Дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт зааснаар зөрчиж хурдаа замын нөхцөл байдал замын болон цаг агаарын нөхцөл зөв сонгож яваагүйгээс болсон.
  4. Хэргийн материалаас үзэхэд уг зам тээврийн осолд замын нөхцөл байдал болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ: Б.Энхбилгүүний эзэмшлийн нурсан гэх блокон хашааны үнэлгээ 50 ширхэг блок 50.000 төгрөг /хх-ийн 63 дугаар хуудас/

 

С.Гансүхийн эзэмшлийн Nissan Teana маркийн 27-96 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээ 2.750.000 төгрөг /хх-ийн 57 дугаар хуудас /

 

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын: С.Балжиннямын хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар тогтоосон шийдвэр зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Балжинням нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн нутагт орших хатуу хучилттай замд иргэн М.Гансүхийн эзэмшлийн 27-96 УНЯ улсын дугаартай Nissan Teana маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын Хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт заасан /жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна/ гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Д.Эрхэмбаярын амь нас хохирч, иргэн Б.Удаахбаярын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл, иргэн Н.Гансүхэд 2.750.000 төгрөг, иргэн Б.Энхбилгүүнд 50.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-15/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонбилэгийн.... тухайн үед Балжинням автомашинаа жолоодоод Удаахбаяр жолоочийн хажуу талын суудалд суусан юм. Би талийгаач Д.Эрхэмбаярыг Удаахбаярын өвөр дээр суулгаад явуулсан. Тэгээд удаагүй 10-аад минутын дараа санагдаж байна, танихгүй хүн манайд орж ирээд “танайхаас төмрийн үйлдвэр рүү машин явж байгаад онхолдсон гэдгийг хэлэхээр нь очоод үзтэл тээврийн хэрэгсэл замаас гарч хашаа мөргөөд 4 дугуй нь дээшээ харсан байдалтай байсан. Тэд нар Дамбийбалжир дээр очиж чадаагүй байсан юм байна лээ. Өөр зүйлийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19/, хохирогч Б.Удаахбаярын ... бид 3 хөдлөөд төв замаар баруун зүг рүү эргээд засмалаар явж байхад Балжинням бага зэрэг хурдтай яваад байсан түүнд хандаж “зөөлөн яваарай” гэж хэлэхийн завдалгүй баруун тал руу буюу замын хажуу тал руу эгц урд талаараа унаад онхолдсон. Тэгээд юу болсныг мэдээгүй, нэг мэдэхэд миний цээжин хэсэг гадаа, хөл хэсэг машин дотор байсан. Машинаас гараад харахад айлын блокон хашааны хажуу талд Балжинням, Эрхэмбаяр нар зэрэгцээд хэвтэж байсан. Бид нарын сууж явсан машин 4 дугуй нь дээшээ харсан байдалтай байсан. Би Эрхэмбаярыг аваад Балжиннямыг дуудахад дуугарч байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 35/, иргэний нэхэмжлэгч С.Гансүхийн.... миний хувьд дүүгээсээ юу нэхэмжлэх вэ, миний дүү уг автомашиныг осол гарахын өмнөх өдөр нь аваад явсан юм. Одоо миний дүүгийн биеийн байдал бүсэлхийнээс доош ямар ч мэдээгүй байгаа...гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Энхбилгүүний... миний хувьд хэрэг болох үед байгаагүй тул мэдэхгүй байна. Манай хашааны урд хэсэгт 2 хэсэг газрын хашааны блок нурсан байсан. Миний хашааг буцаагаад хэвийн болгочихсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/, шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 97 тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 144 тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 384 тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 08 дугаар сары 08-ны өдрийн 379 тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 153 тоот дүгнэлт, техникийн шинжээчийн 00000077 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр С.Балжиннямд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч С.Балжиннямын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаар хүндэвтэр гэмт  хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч С.Балжиннямд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Балжинням нь тохиолдлын шинжтэй, нөхцөл байдлын улмаас анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан бодит хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, /шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, /хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан/ хохирогч нарын гомдол саналгүй гэсэн хүсэлт зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.  

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Балжинням нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонбилэгт 5.000.000 төгрөг төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах  нь зүйтэй байна. 

 

Энэ хэрэгт шүүгдэгч С.Балжинням нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болох С.Балжиннямын 1003264 тоот дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, С.Гансүхийн эзэмшлийн Nissan Teana маркийн 01082935 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч С.Гансүхэд буцаан олгох, хэрэгт шүүгдэгч С.Балжиннямын өмчлөлийн эд хөрөнгө болох компьютер 1 ширхэгийг  битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Содномын Балжиннямыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Балжиннямын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Балжиннямд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан С.Балжиннямд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Балжиннямд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар С.Балжинням нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол

цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар С.Балжинням нь тээврийн хэрэгсэл жолоодох 2 жил эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй. 

8. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болох С.Балжиннямын 1003264 тоот дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, С.Гансүхийн эзэмшлийн Nissan Teana маркийн 01082935 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч С.Гансүхэд буцаан олгож, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан С.Балжиннямыг бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт С.Балжиннямын өмчлөлийн эд хөрөнгө болох компьютер 1 ширхэгийг  битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.  

10. Энэ хэрэгт ялтан С.Балжинням нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонбилэгт 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

11.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан С.Балжиннямд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ