Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 575

 

 

 

 

 

 

 

2019           6             11                                             2019/ДШМ/575

 

                                                 Д.Б-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нямхоролын өмгөөлөгч Д.Тунгалаг,

шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Б.Энхбаяр, 

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 201724000163 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Урдүй овгийн Д.Б-, 1976 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............................../;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 390 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Д.Б- нь 2017 оны 3 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн цагаан давааны 9 дүгээр гудамжинд Hyundai Starex маркийн 58-49 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч П.Баттогтохыг дайрч амь насыг нь хохироон зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Б-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Урдүй овгийн Д.Б-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон, зам тээврийн осол гарсан газрын санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Д.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Д.Б-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан хорих ялуудын хөнгөнийг хүндэд нь багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-гийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 518 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Б- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тоолж эхлэхээр тогтоож, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн Д.Б-гийн эзэмшлийн “Hyundai Starex” маркийн 58-49 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өөрт нь тээврийн хэрэгслийн 0218824 дугаартай гэрчилгээний хамт буцаан олгож, Д.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын 438804 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан лицензийн төвд хүргүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэсэгчлэн зөвшөөрч байна. Би хийсэн хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн ба тус гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэх гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба тухайн үед мэдсэн бол ийм байдал орох байсан эсэх тал дээр их харамсдаг. 2017 оноос хойш одоог хүртэл хорих ял эдэлж байгаа ба урьд авсан 2 жилийн хорих ялын 1 жил 6 сарыг эдэлсэн ба Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 497 дугаартай тогтоолоор “Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх” гэсэн нь урьд авсан 2 жилийн ялыг 4 жил болгож хүндрүүлснийг ойлгохгүй байна. Иймд сайн дураараа хохирол барагдуулсан, өөрийн гэм бурууг анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулсан ялын дийлэнхи хугацааг эдэлж дууссан, хорих ангид зөв хүмүүжиж байгаа зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Б.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэсэгчлэн эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Тухайлбал 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байна. Гэтэл шүүх хэргийг зүйлчлэхдээ хэрэгт авагдсан ямар нотлох баримт үүнийг үгүйсгэж байгаа талаар нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт үгүйсгэсэн олон нотлох баримтууд авагдсан. Үүнээс дурдвал, хавтас хэргийн 60 дугаар талд гэрч Нэргүйгийн мэдүүлэгт “өглөө очиход нөхөр нь нас барсан байсан, танай хүргэн ирсэн учраас Д.Б- охин Сарантуяа руу хурдан залгасан, залгахад нь Сарантуяа шууд ирсэн” гэх мэдүүлэг, хавтас хэргийн 63 дугаар талд охин Сарантуяагийн мэдүүлэгт “ээж залгасан, би шууд гараад ирсэн” гэж мэдүүлдэг. Д.Б- мэдүүлэгтээ “замд түргэн тусламжийн машин явж байхаар нь тийшээ явж байгаа байх гэж бодон би дагуулж очсон” гэж мэдүүлдэг. Үүнээс үзэхэд гэмт хэрэг үйлдсэн үйлдлээ нуун дарагдуулж, зугтааж байсан гэх зүйл байхгүй. Шөнө гэртээ осол гаргасан машинтайгаа ирээд унтсан бөгөөд тухайн машинаас шинжилгээ авахад машины гуперээс цус илэрсэн. Тухайн цус нь амь хохирогчийн цус байсан гэдэг нь тогтоогдсон. Түүнийг цэвэрлэх, угаах үйлдэл хийгээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мэдэлгүй шууд гэртээ ирсэн. Анхан шатны шүүх хуралдааны үеэр дүгнэлт гаргасан шинжээч эмч нараас дүгнэлтийн тухай тодруулж асуусан. 2 дугаар хавтас хэргийн 34 дүгээр талаас 38 дугаар талд Ганцэцэг, Пүрэвдулам, Шинэбаатар, Ганбат, Жамсранжав гэх шинжээч эмч нарын мэдүүлэг байдаг. Үүнээс дурдвал Шинэбаатар эмчийн мэдүүлэгт “Амь хохирогч 90 килограмм жинтэй, тухайн тээврийн хэрэгсэл нь ачааны тээврийн хэрэгсэл учраас хүн чирэхийг мэдэх боломжгүй” гэж мэдүүлсэн. Мөн шинжээч эмч Ганбатын мэдүүлэгт “тухайн тээврийн хэрэгсэл нь 2.4 мотортой ачааны машин учраас мэдэх боломжгүй” гэж, шинжээч эмч Ганцэцэгийн мэдүүлэгт “амь хохирогчийн дээгүүр нь гарсан, дайрсан, машины дугуйны мөр гэх зүйл байхгүй. Хэрэв машины дугуй амь хохирогчийн дээгүүр нь гарсан бол чирэгдэж хол явахгүй, тэндээ үлдэнэ” гэж мэдүүлсэн байдаг. Дээрх мэдүүлгүүдээс үзвэл Д.Б- нь хүний амь насыг хохироосноо мэдээгүй, хохироосноо мэдээгүй учраас зугтаасан гэх үндэслэлгүй. Мөн Ц.Оюун-Эрдэнэ прокурор тухай хэрэгт анхнаас нь хяналт тавьсан. Тухайн хэргийн нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа. 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 360 дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл 2 дугаар хавтас хэргийн 170 дугаар талаас 171 дүгээр талд “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй гэдэг нь үндэслэлтэй, шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй” гэж дүгнэсэн тэмдэглэл байдаг. Өмгөөлөгчийн хувьд тухайн шийдвэрт гомдол гаргаагүй учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь санаатайгаар зугтсан нөхцөл байдал байхгүй байна. Энэ нь эргэлзээтэй байна гэх дүгнэлтийг прокурор өгсөн байдаг. Мөн тухайн хэрэг хяналтын шатанд хянагдсан. 2 дугаар хавтас хэргийн 216 дугаар талд “хэрэг болсон газрыг зориуд орхин зугтаасан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, ийм гэмт хэргийн шинжгүй, үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлгүй” гэж прокурор Оюунгэрэл дүгнэсэн. Эдгээр байдлаас харахад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй гэдэг нь харагдана. Тухайн хэргийг Пүрэвсүрэн шүүгч шийдвэрлэж байсан. Ингэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 , мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 гэж шийдвэрлэсэн. Хэрэг анхан шатны шүүх рүү буцаж очоод Шинэбаяр шүүгч шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байхгүй гэж шийдвэрлэсэн. Тухайн хэргийг нэг шүүгч дахин шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн Улсын Дээд шүүхийн тогтоолд “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар зүйлчилсэн нь буруу байна гэж үзсэн болохоос биш Д.Б-д оногдуулсан ял хөнгөдсөн, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн” гэх дүгнэлт хийгээгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Учир нь гарсан зардлуудыг нөхөн төлсөн, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нямхоролын өмгөөлөгч Д.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатнаас өмгөөлөгчөөр оролцож байгаа. Тухайн хэргийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс “амь хохирогчийг зориудаар дайраад авчирж хаясан” гэх гомдлыг удаа дараа гаргаж байсан. Сүүлд гарсан шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн биеийн эрүүл мэндийн байдал муу өөрийн биеэр явж чадахааргүй байгаа учраас тухайн маргаанд гомдол гаргаагүй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Д.Б-д 4 жилийн хорих ял оногдуулсан хөнгөн ялыг хүндэд багтаасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дордоогүй гэж үзэж байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Тухайн үед гэмт хэрэг үйлдэхдээ согтуугаар үйлдсэн. Энэ үйлдлийн улмаас ухрах үйлдэл хийхдээ амь хохирогчийг мөргөсөн. Амь хохирогчийг мөргөсөн үгүйгээ ч мэдэхгүй согтуурсан байсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Шүүгдэгч өөрийн үйлдсэн үйлдэлдээ үнэлэлт дүгнэлт өгч чадахааргүй орчны нөхцөлийг үнэн зөв тогтоох боломжгүй байсан. Амь хохирогч 90 килограмм жинтэй, 55 настай, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан. Гэртээ ихэвчлэн ганцаараа байдаг байсан. Д.Б- тээврийн хэрэгслээрээ хүн чирснээ мэдэх боломжтой юу, боломжгүй юу гэдгийг шинжээч эмч дүгнэлт гаргах боломжгүй. Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэх боломжгүй дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ярьж байна. Хэрэгт авагдсан баримтууд, хэрэг гарсан нөхцөл байдал гэх зэргийг шинжлэн дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Б- 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрдөггүй. Д.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон боловч орчин тойрноо мэдрэх, учир байдлыг ойлгох бүрэн чадвартай байсан гэдэг нь мөн гэрчүүд мэдүүлдгээр тогтоогддог. Согтууруулах ундааны хэрэглэсэн боловч бие авч явах зохимжит байдалтай байсан. Тээврийн хэрэгсэл жолоодохдоо мэдрэхүйн бүх эрхтнээр мэдэрдэг. Амь хохирогчийг хол зайд чирсэн байдаг. Тээврийн хэрэгслээр ухрах үйлдлийг удаан хийж, урагш хөдлөхдөө чигээрээ хөдөлсөн бөгөөд ингэхдээ амь хохирогчийг чирч замдаа орхисон байдал хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон. Жолоочийн хувьд мэдэх боломжтой байсан. Д.Б- жолоочийн хувьд мэдлэг туршлагатай, тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар жолоодсон. Хуучин хууль болон, шинэ хуулийн хоёр зааг дээр давж заалдах шатны шүүх хуралдаан болж байсан. Прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй учир нь Шинэчлэн найруулсан хуульд зааснаар оногдуулах ялын доод хугацаа нь 2-8 жил хүртэл хугацаагаар ял оногдуулах байсан учраас хэдийгээр хүнд гэмт хэрэг боловч  яллагдагчид ашигтай байсан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3-5 жилийн ял оногдуулах байсан бөгөөд хүндэвтэр гэмт хэрэг боловч хорих ялын доод хэмжээ нь 3 жил байсан учраас анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэн эсэргүүцэл бичээгүй гэх агуулгаар хэлсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Д.Б- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Д.Б- нь 2017 оны 3 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө 02 цагийн үед согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Зүүн цагаан давааны 9 дүгээр гудамжид Хьюндэй старекс /Hyundai Starex/ загварын 58-49 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь заалтад заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч П.Баттогтохыг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нямхоролын “...2017 оны 3 дугаар сарын 5-ны орой 20 цагийн орчим манай найз Бямбаа эхнэр хүүхдийн хамт манайд ирсэн... Тэгсэн Баасансүрэн “би ахтай золгох гэж ирлээ” гэсээр халамцуу орж ирсэн. 22 цагийн үед Бямбаа эхнэр, хүүхдүүдтэйгээр харихаар гарцгаасан ...Баттогтох, Баасансүрэн хоёр дундаа 0,5 граммын архи тавьчихсан уугаад сууж байсан. Шөнө 02 цагийн үед Баасансүрэнг хадам ээжийндээ орж унт гэж хэлээд Баасансүрэн, Баттогтох бид гурав гарсан. Гараад хашааны үүдэнд байсан Баасансүрэнгийн автомашинд орж суусан ба жолооны хүрдний ард Баасансүрэн суугаад хажуугийн суудалд талийгаач нөхөр маань суусан. Би арын суудалд сууж байсан... Тэгтэл Баасансүрэн машин дотроосоо том савтай 2 литрийн пиво гаргаж ирээд түүнийг нь манай гэрт ороод талийгаач болон Баасансүрэн нар хувааж уусан. Тэгээд “архи байвал өгөөч” гэхээр нь би “байхгүй” гэсэн чинь тэр хоёр Шархад орж авъя гэж хоорондоо яриад гэрээс гарахаар нь би араас нь дагаад гарсан. Гэтэл талийгаач нөхөр маань “би өөрийнхөө машиныг асааж явна” гээд гэрээс аккумлятор бариад гараад ирэхээр нь “чи юу яриад байгаа юм” гээд аккумляторыг нь аваад гэр лүүгээ оруулж тавьчхаад зуухныхаа үнсийг асгахаар эргээд гараад иртэл талийгаач хашааны хаалганы баруун талын нойлийн гадаа бие засаж байгаа харагдсан. Энэ үед хашааны гадаа байсан Баасансүрэнгийн машин асаж байх шиг байсан. Би гэр лүүгээ ороод зуухныхаа үнсний тосгуурыг хийчхээд гараад иртэл Баасансүрэн машинтайгаа манай хашааны урд талын үхрийн байрны урдуур баруун тийш явж байгаа харагдсан ба манай нөхөр байхгүй байхаар нь энэ хоёр нийлээд архи уухаар явчихлаа гэж бодоод хашааны хаалгаа цоожлоод хоёр нохойгоо сул тавиад гэртээ орсон. Тэр хоёрыг удахгүй хүрээд ирэх байх гэж бодоод хэвтэж байтал унтчихсан байсан. Ингээд өглөө босоод гэрийн ажлаа хийж байгаад үхрээ услах гээд байж байтал манай гэрт хоносон Ука “би усалчихъя” гээд үхрийн байрны зүүн талаар урагшаа явснаа “Нямхорол эгч ээ, Баттогтох ах энд уначихсан байна” гээд орилоод ирсэн. Намайг яваад очтол нөхөр маань баруун талаараа хагас доошоо харсан байдалтай, нүүр ам нь цус болчихсон, толгой тархи нь хагарчихсан, цээжин бие нь хөх эрээн болчихсон, гар хөл нь хөлдчихсөн, зүүн хөлийнх нь гутал болон малгай нь тайлагдчихсан байдалтай хэвтэж байсан...” /хх 1-н 44-45/,

гэрч Н.Сарантуяагийн “...2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр гэртээ байж байтал манай ээж Нэргүй над руу залгаад “Баттогтох ах сүйд болсон байна, Нямхорол нь Баасансүрэнг ирсэн гэж хэлж байна, та нар яаралтай ир” гэсэн. Тэгээд би Баасансүрэнг сэргээд “...чи өчигдөр хаачсан бэ” гэж асуухад “Баттогтох ахын гэрт очсон, Баттогтох ах, Нямхорол эгч хоёр намайг гаргаж өгөөд би гэртээ 03 цагийн орчим ирсэн” гэж хэлсэн. Шөнө 03 цагийн орчим өөрийнхөө 58-49 УНЭ улсын дугаартай “Старекс” загварын машинтайгаа ирээд машинаа тавиад л тусдаа унтаад өгсөн. Би Баасансүрэнг архи уусан талаар мэдээгүй... Цагдаа нар ирээд манай нөхрийн машинд бас үзлэг хийсэн...” /хх 1-н 63/,

гэрч С.Алтантуяагийн “...2017 оны 3 дугаар сарын 5-ны орой 19 цагийн орчим П.Баттогтох ахын гэрт нөхөр Бямбадорж, хүргэн болон охиныхоо хамт золголт хийгээр очсон. Тэднийд бууз жигнүүлээд 0,75 грамм архийг талийгаач болон манай нөхөр хоёр хувааж уугаад орой 22 цагийн орчим явахаар гартал Баасансүрэн ганцаараа ирсэн. Тэгээд бид талийгаачийн гэр лүү буцаж ортол талийгаач бүтэн шил 0,75 граммын архи задалсан. Тэр архийг талийгаач, Баасансүрэн, манай нөхөр бид дөрөв хувааж уусан. Архи дуусах үед Баасансүрэн гараад машинаасаа дахин 0,5 граммын архи авчирсан. Тэр архинаас нь манай нөхөр бид хоёр ёс болгож амсаад гараад явсан. Тэднийд талийгаач Баттогтох, түүний эхнэр Нямхорол, Баасансүрэн, дүү нь гээд нэг залуутай дөрвүүлээ үлдсэн. Бид нарыг гарахад Баасансүрэн халамцуу байсан...” /хх 1-н 64/,

гэрч Х.Бямбадоржийн “... Тухайн өдөр танил ах Баттогтохын гэрт эхнэр Алтантуяа, хүргэн, охины хамт золголт хийхээр очсон... Баасансүрэн нь бор саарал өнгийн “Старекс” загварын автомашинтай ганцаараа ирсэн...” /хх 1-н 66/,

гэрч Ч.Өлзийхутагийн “... Би аавын талын хамаатан болох Баттогтохын гэрт шинийн гурванд очсон. Баттогтох ах надад “ах нь золголт ихтэй байна, хэд хоног хонь харж өгөөч” гэхээр нь тэдний хонийг нь харж байсан. Тухайн өдрийн орой Бямбаа гэх хүн эхнэр, хүүхдүүдийн хамт ирээд талийгаачтай тал шил архи хувааж уугаад 21 цаг өнгөрч байхад эхнэр, хүүхдүүдийн хамт гарч явтал Д.Б- машинтайгаа урд хаалган дээр ирсэн. Тэгтэл Бямбаа явахаа болиод буцаж ороод талийгаач Баттогтох ах, Бямбаа, Баасансүрэн нар 0,75 грамм архи хувааж уугаад дуусгасан. Баасансүрэн гараад машинаасаа 0,5 граммын архи авчирсан ба уг архинаас Бямбаа уугаагүй, эхнэр хүүхдийн хамтаар явсан. Удалгүй талийгаач, Нямхорол эгч, Баасансүрэн гурав гарч яваад нэлээд удаж байгаад орж ирэхдээ 2 литрийн тал пиво бариад орж ирсэн байсан. Тэгтэл Баасансүрэн явна гэсэн ба талийгаач “миний дүү согтуу машинтай явж болохгүй” гэж хэлж байсан. Тэгээд л би унтсан. Өглөө сэргэхэд гэрт хэнч байгаагүй, малын хашаа ороход Нямхорол эгч үнээгээ саагаад дуусч байсан. Талийгаачийг асуухад “ах нь шөнө ирээгүй, Баасансүрэнтэй хамт явсан” гэж хэлсэн. Би морь услах гээд хашаанаас гараад талийгаачийн урд хашааны зүүн булан тойртол хашааны хажууд талийгаач хэвтэж байсан...” /хх 1-н 68-69/,

шинжээч М.Энхтайваны “...Талийгаач П.Баттогтоход учирсан гэмтлүүдийг нэгтгэж дүгнэж үзэхэд хэвтээ байрлалд дайрагдах, шүргэгдэх, чирэгдэх үед үүсэх боломжтой, босоо байрлалд үүсэх боломжгүй гэмтлүүд байна. Энэ гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд учраас гэмтлүүдийн дарааллыг тогтоох боломжгүй...” /хх 1-н 110/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: Авто осол: Хавсарсан хүнд гэмтэл: Талийгаачийн цогцост тархины 2 тал бөмбөлгийн дагз суурь хэсгийг хамарсан зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины гүүрийн хэсэгт эдийн няцрал, суурь ясны нийлмэл хугарал, эрүү ясны хугарал, баруун өвчүүний хажуугийн шугамаар 6,7,8-р хавирга, эгэмний дунд шугамаар 1,2,3 хавирга, зүүн өвчүүний хажуугийн шугамаар 1,2,4,5,6,7,8-р хавирга, эгэмний дунд шугамаар 4-р хавирга, суганы дунд шугамаар 1,2,3,4,5,6-р хавирга, далны шугамаар 6-р хавирганы хугарал, зүүн эгэм ясны хугарал, 2 уушгины бүрэн авчилт, нүүрний 2 тал, цээж, зүүн мөр, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн сарвуунд зулгаралт, дух, баруун шанаа, баруун чихний дэлбэн, доод эрүүнд шарх, хуйх, баруун сарвуу, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хүний хүчнээс давсан үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой /авто осол гэх мэт/ бөгөөд мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Нэг цаг хугацаанд үүссэн учир гэмтлийн дараалал тогтоох боломжгүй, талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ...” гэх 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 556 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 1-н 75-78/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 58-49 УНЭ улсын дугаартай автомашины хойд гупер дээр цус илэрсэн, урд гупер, дугуй болон доод эд ангиуд дээр ус, цус илрээгүй. Хойд гупер дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь П.Баттогтохын цус байна...” гэх 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 3302 дугаартай дүгнэлт /хх 1-н 83-84/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн малгайнд цооролт, сэмрэлт, цэнхэр оруулгатай саарал хүрмэнд товчны бэхэлгээний тасралт, урагдалт, хар өнгийн зураасан мөр, ногоон эрээн өнгийн саарал цамцанд товчны бэхэлгээний тасралт, “Г” хэлбэртэй гогодолт, саарал майканд “Л” хэлбэрийн гогодолт, бор өнгийн өмдөнд урагдалт, саар дотуур өмдөнд урагдалт, саарал өвдгөвчинд урагдалт шинээр гарсан байна. Цооролт, сэмрэлт, товчны бэхэлгээний тасралт, урагдалт, гогодолт нь хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлээр гарсан байх тул автомашины мөргөгдөх, дайрагдах үед гарсан байж болно...” гэх 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1704 дугаартай дүгнэлт /хх 1-н 86-90/,

Замын цагдаагийн албаны шинжээчийн “...58-49 УНЭ улсын дугаартай, “Хьюндай Старекс” загварын автомашины жолооч Д.Б- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч П.Баттогтох нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 188 дугаартай дүгнэлт /хх 1-н 71-72/,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “...1. Уг автомашиныг тэнхлэг шалгагч тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд ...хойд тэнхлэгийн ажлын тоормос зогсоогүй, зүүн гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд эвдрэл гэмтэлтэй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 3. ...Хойд буферын бэхэлгээ сэнжнүүд нь мултарч дунд хэсгээрээ хагарч цуурсан, хойд буферын баруун гар талын дээд хэсэгт цохигдож хонхойсон сэвтэй, хойд тэнхлэгийн ажлын тоормос зогсохгүй, зүүн гар талын холын гэрлийн тусгал тохиргоогүй эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн ослын өмнө болон дараа үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй. 4. Ослын өмнө болон ослын дараах эвдрэл гэмтлүүдийг осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй...” гэх 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 50 дугаартай дүгнэлт /хх 1-н 102-107/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх 1-н 3-5/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 6-12, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх 13/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 14-18/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 19/, хэрэг учралын газар давтан үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 22-24/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Д.Б-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хор хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт болжээ.

Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт “Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол...” гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулдаг.  

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Б- нь осол болсныг мэдээд зориудаар зугтаасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Д.Б-д прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлалгүйгээр 2002 оны Эрүүгийн хууль хэрэглэж шийдвэрлэсэн нь буруу тул энэ талаарх өөрчлөлтийг давж заалдах шатны шүүх зөвтгөхөөр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б-гийн болгоомжгүй үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан тул шүүгдэгчийн “оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх” талаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтыг “...Д.Б-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

- 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Д.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                                    Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ