Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 231

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  


Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  
Нэхэмжлэгч: А.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Г-д холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэг 3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.
                                                       ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Х.Г-д 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр УАЗ-469 маркийн 80-03 АРА дугаартай авто машиныг 3.000.000 төгрөгөөр худалдсан боловч машины үнийг удаа дараа нэхэмжлэхэд удахгүй өгнө гэж худал ярьсаар төлөхгүй намайг хохироож байна. Иймд Х.Г-с машины үнэ 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Г нь 2014 оны 09 сард иргэн Г-с УАЗ-469 машин авсан. Анх авахад сая таван зуун гэж ярьсан. Авсан үед акумлятор, бензин насос, пакришик, резева гэх мэт бас бус зүйл дутуу байсан. 1.500.000 төгрөгийг бага багаар өгнө гэж ярьсан. Боломж бололцоо болоогүй удаасан. Машиныг унаж их яваагүй, хашаанд байнга байдаг. 3.000.000 төгрөгийг төлж чадахгүй, машиныг нь өгнө гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г нь Г-с 2014 оны 09 дүгээр сард УАЗ-469 маркийн АРА 8003  дугаартай авто машиныг 3.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж хэлээд машиныг унаж аймгийн төвд авчирсан. 2014 оны 12 дугаар сард машины үнийг өгнө гэсэн боловч түүнээс хойш удаа дараа мөнгийг нь нэхэхэд удахгүй өгнө гэсээр өдийг хүрсэн. Хариуцагч тайлбартаа машин авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн тайлбартаа уг машиныг акумляторгүй, бензин насосгүй, 1.500.000 төгрөгөөр худалдан авсан  гэсэн байдаг. Энэ нь худлаа. Чулуут сумаас машиныг унаж аймагт авч ирсэн учир машины эд анги бүрэн бүтэн байсан. Одоо эксель, элентра маркийн машин хүртэл 1.500.000 төгрөгөөр зарагдахгүй байгаа. Тийм учраас УАЗ 469 маркийн машиныг 1.500.000 төгрөгөөр авсан гэдэг нь худлаа юм. А.Г-ыг утсаар ярьж мөнгөө нэхэхээр удахгүй өгнө гэдэг, 3, 4 удаа ирж Х.Г-тай уулзсан. 2017 оны 06 дугаар сараас өмнө байнга мөнгөө нэхдэг байсан гэдэг. А.Г  2017 оны 06 дугаар сард Х.Г-тай уулзахад машины үнийг 2017 оны  09 дүгээр сард өгнө гэсэн. 2017 оны 09 дүгээр сараас хойш утас нь холбогдохгүй байсан болохоор нь А.Г 2017 оны 12 дугаар сарын эхээр аймагт ирж  Х.Г-тай уулзахад 2017 оны 12 дугаар сарын 25-ны дотор өгье гэсэн байдаг. Одоо машиныг буцааж авахгүй. Учир нь худалдаж авснаас хойш 3, 4 жил өнгөрсөн. Ямар ч эд анги нь эвдэрсэн юм билээ. Хариуцагч талаас машин худалдаж авсны дараа машины эд  анги доголдолтой байна, машинаа буцааж ав гэсэн шаардлага гаргаж байгаагүй. Мөнгийг чинь удахгүй өгнө гэдэг байсан. Иймд хариуцагчаас машины үнэ 3.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү. 2014 оны 09 дүгээр сард машиныг худалдсанаас хойш нэг ч төгрөг аваагүй гэв.
    Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Х.Г-с 2014 оны 09 дүгээр сарын        06-ны өдөр УАЗ-469 маркийн 80-03 АРА дугаартай тээврийн хэрэгслийг худалдсаны үнэ 3.000.000 төгрөг нэхэмжилж байна.
Хариуцагч Х.Г нэхэмжлэгч А.Г-аас УАЗ-469 маркийн машиныг худалдан авсантай, нэхэмжлэгч худалдсан машинаа хариуцагчид шилжүүлсэнтэй маргаагүй, тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ.
Харин хариуцагч худалдан авсан машины үнийн талаар маргаж шүүхэд гаргасан тайлбартаа  “... анх авахад сая таван зуун гэж ярьсан. Авсан үед акумлятор, бензин насос, пакришик, резева гэх мэт бас бус зүйл дутуу байсан. 1.500.000 төгрөгийг бага багаар өгнө гэж ярьсан” гэж,  нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э худалдсан машин үнэ болон доголдлын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хариуцагч Х.Г нь А.Г-аас 2014 оны 09 дүгээр сард УАЗ-469 маркийн АРА 8003  дугаартай авто машиныг 3.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж хэлээд машиныг унаж аймгийн төвд авчирсан. Хариуцагч талаас машин худалдаж авсны дараа машины эд анги доголдолтой байна, машинаа буцааж ав гэсэн шаардлага гаргаж байгаагүй. Мөнгийг чинь удахгүй өгнө гэдэг байсан” гэж тайлбарлаж байна.   
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч Х.Г нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж татгалзаж байгаа байдлын талаархи нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй атал тэрээр машиныг 1.500.000 төгрөгөөр худалдан авсан, худалдан авсан машин доголдолтой байсан гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэл тайлбарыг нотлох баримтаар няцаагаагүй.
Хариуцагч Х.Г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нэхэмжлэгчийн төлөөлөгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг  харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Х.Г-ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар А.Г нь 3.000.000 төгрөгийн үнэтэй УАЗ-469 маркийн 80-03 АРА дугаартай тээврийн хэрэгслийг Х.Г-д худалдсан нь тогтоогдож байна гэж үзлээ. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Х.Г-аас худалдах худалдан авах гэрээний үүрэг 3.000.000 төгрөг шаардах эрхтэй байна.
УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээг 2014 оны 09 сард байгуулсан гэдэгтэй зохигч маргаагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э-ын шүүх хуралдаанд гаргасан “2014 оны 12 дугаар сард машины үнийг өгнө гэсэн боловч түүнээс хойш удаа дараа мөнгийг нь нэхэхэд удахгүй өгнө гэсээр өдийг хүрсэн. 2017 оны 06 дугаар сараас өмнө байнга мөнгөө нэхдэг байсан гэдэг. А.Г 2017 оны 06 дугаар сард Х.Г-тай уулзахад машины үнийг 2017 оны  09 дүгээр сард өгнө гэсэн. 2017 оны 09 дүгээр сараас хойш утас нь холбогдохгүй байсан болохоор нь А.Г 2017 оны 12 дугаар сарын эхээр аймагт ирж  Х.Г-тай уулзахад 2017 оны 12 дугаар сарын 25-ны дотор өгье гэсэн гэдэг” гэсэн тайлбараар хариуцагч Х.Г үүргийн гүйцэтгэлийг хойшлуулж байсан байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.
Хариуцагч Х.Г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нэхэмжлэгчийн төлөөлөгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг  харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Х.Г-ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Х.Г-аас 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Г-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Х.Г-аас 62.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Г-д олгосугай.

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАЙГАЛМАА