Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/27

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

            Улсын яллагч Г.Ундрах,

 Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******д холбогдох эрүүгийн 2233000360041 тоот хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 03-ний өдөр Булган аймаг Хангал суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, трактор комбайн мэргэжилтэй, “*******” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум 7-р баг 4-4 тоотод оршин суух, Боржгон овогт ******* *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

******* нь 0000 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум 3 дугаар баг, Шархад хорооллын 00-00 тоотод оршин суух өөрийн эхнэр *******ыг цэргийн баярын мэнд хүргэсэнгүй гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав:

 

Улсын яллагчаас

-Хохирогч *******ы мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

-Гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 58-р хуудас/,

-2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/,

-Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 24-27-р хуудас/,

-Аюулгүй зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 08-09-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэсэн болно.  

 

Хувийн байдалтай холбоотой баримтууд

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 хуудас/

-Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33 хуудас/

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 хуудас/

-Гэрлэлтийн гэрчилгээ /хх-ийн 39 хуудас/ зэрэг болно.

                                                                                               

  1. Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум 3 дугаар баг, Шархад хорооллын 04-04 тоотод оршин суух өөрийн эхнэр *******ыг “цэргийн баярын мэнд хүргэсэнгүй” гэх шалтгаанаар маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие эрх чөлөөлнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

- Шүүгдэгч *******: “...2022 оны 03 сарын 18-ний орой хоёулаа авгайтайгаа орондоо кино үзэх гээд хэвтэж байсан. Би тухайн үед Эрдэнэт Баруунбүрэн чиглэлд таксинд явдаг байсан. Манай авгай ажлынхантайгаа цэргийн баяр тэмдэглэж байна гэсэн. Орой гэртээ ирсэн чинь хоол унд ч байхгүй. Утсаар ярихад ажлынхаа эрчүүдтэй цэргийн баяр тэмдэглэж байна гэсэн. Өмнөх жилүүдэд цэргийн баярын мэнд хүргэдэг байсан. Тэгээд орой нь хэвтэж байгаад 19-н болчихлоо гэсэн чинь 19-н болохоор яадаг юм гэсэн. Тэгэхээр нь гэнэт биеэ барьж чадахгүй уурлаад гарынх нь булчинг тохойлдоод унтаад өгсөн. 3 дугаар сарын 19-ний өдөр Эрдэнэтээс ах дүү нар нь ирээд цагдаад өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд:  

 

-Хохирогч *******ы өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны шөнө өөрийн нөхөр ******* хамт гэртээ шөнө унтаж байтал манай нөхөр Бат-Эрдэнэ гэнэт босож ирснээ чи надад цэргийн баярын  мэнд хүргэсэнгүй, халуун ногоотой хоол хийж өглөө гээд намайг толгой руу бас нүүр амруу цохиж зодсон юм аа. Тэгээд бас өмнө ийм үйлдэл гаргаж байсан учраас энэ удаад тэсэхгүй би цагдаагийн байгууллагад өргөдөл байгаа юм аа. Намайг  гараараа толгой руу бол 5-6 удаа цохисон, хамар луу бол нэг удаа цохисон юм аа. Би бас толгойгоо гараараа хамгаалсан чинь миний гар бас хөхөрсөн өвдсөн байдалтай байна.   ...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5-р  хуудас/,

 

-Гэрч *******гийн өгсөн: “...*******, ******* нар нь гэр бүл болоод дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Ер нь хоорондын харилцаа их сайн сайхан амьдарч байсан. Тэгсэн саяхнаас манай хүргэн ******* нь Орхон аймагт нэг эмэгтэй хүнтэй холбогдсоноос хойш хоорондын харилцаа бага зэрэг таарамжгүй болсон юм. Одоо бол хоорондоо ярилцаад ямар нэгэн асуудал байхгүй гэр бүлтэйгээ амьдарна гэж ярилцсан байгаа... гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг /хх-ийн 58-р хуудас/,

-Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан №338 дугаартай

“1.*******ы биед тархи доргилт, баруун бугалга, хамар орчимд цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.*******ы биед илэрсэн гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/,

 

-2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 8-9 хуудас/,

-Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 24-27 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас *******д холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийн хүсэлтийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Прокурорын газраас Б.*******г гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэрээ “цэргийн баярын мэнд хүргэсэнгүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж *******ы эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд  хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх  нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* “цэргийн баярын мэнд хүргэсэнгүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж *******ы биед нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн хохирогчид гэмтэл учруулсан үйлдэл, хохирогчид учирсан хор, хохирол /гэмтэл/ хоёрын хооронд шалтгаант холбоотой бөгөөд Эрүүгийн хуульд заасан бусдын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Мөн шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд улсын яллагчтай маргаагүй ба өөрийгөө өмгөөлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...миний бие нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр болох шүүх хуралдаанд оролцохгүй ба нөхөр болох *******д годол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх  тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр үгүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч Б.*******г шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /хх-ийн 61 тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцож, хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ Ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36 дугаар зүйлийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10,  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Боржгон овогт ******* *******-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН