| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2022/0175/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/182 |
| Огноо | 2022-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.*******т холбогдох эрүүгийн 2215000000173 дугаартай, 163/2022/0175/Э индекстэй хэргийг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн ******* суманд 1995 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Зэвсэгт хүчний *** дүгээр ангид **** ажилладаг, тус ангийн байранд эхнэр хүүхдийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой гагнуурчин мэргэжилтэй, 26 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, РД:*******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний орой Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт С.*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа ундааны саваар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000173 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* нь өөрийн хамтран амьдрагч С.******* болон гэр бүлийн найзууд болох Ч.*******, Б.*******, Б., Э., Г. нарын хамт 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн ******* сумын нутагт Сэлэнгэ голын эрэг дээр салхинд гарч хорхог хийж идэхээр явсан байх ба тэр үедээ Б.******* нь хамтран амьдрагч С.*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргах явцдаа нүүр лүү усны сав шидсэний улмаас түүний баруун шанаанд нэг тооны няцарсан шарх, нэг тооны зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, хоёр гар, баруун гуяны зөөлөн эдэд есөн тооны цус хуралт, зүүн гуяны ард хоёр тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.*******гийн өгсөн: Манай нөхөр Булган аймгийн ******* сумын Хялганат тосгоны цэргийн ангид жолоочоор ажилладаг юм. Тус газарт нөхөр ******* болон хүүгийн хамтаар амьдраад 2 жил орчим болж байна. Манай нөхөр ******* нь Сарангэрэл гэх Орхон аймагт амьдардаг хүнтэй холбогдоод удаж байна. Би энэ талаар нь удаа дараа хэлж байсан. ...Манай хүний утас дуугарч авсан чинь нөгөө Сарангэрэл гэх хүүхэн нь “би ууж байна, чи хүрээд ир” гэж манай нөхрийг дуудсан. Энэ үед би явуулахгүй гэж хэлээд утсыг нь аваад зугтахад хойноос гүйцэж ирээд толгой руу цохиж аваад, газар чирсэн. Энэ үед миний хоёр гар, хоёр хөл, нүд зэрэг газарт хөхөрч няцарсан. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр голын эрэг дээр хэсэг найз нарын хамтаар очоод хоол цай хийж идээд сууж байсан чинь миний хамтран амьдрагч ******* уурлаад хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь би түүний хариуд Сарангэрэл гэх хүүхнийх нь тухай ярьж энэ хүнээс болж нэлээн маргалдсан. Ингээд би явлаа гэж хэлээд *******ийн машиныг унаад явж байсан чинь миний араас , хоёр ирээд намайг буцааж аваачсан юм. Уур хүрээд байсан болохоор машинаас бууж ******* дээр очоод сууж байхаар нь араас нь хөлөөрөө тийрч нэг удаа унагаасан. Яг энэ үед ******* эргэж хараад ундааны сав аваад шидсэн чинь миний нүүрэн тус газарт онож гэмтэл учруулсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,
3. Гэрч Г.ын өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр найзуудын хамтаар голын эрэг дээр хорхог хийж идэж баяр тэмдэглэсэн юм. Тэгсэн *******ийн эхнэр ******* нь *******тэй нэг хүүхнээс болоод маргалдаад байсан. Бодвол ******* хүнтэй явж байгаад баригдсан юм шиг байна лээ. ******* уурлаад явснаа буцаж эргэж ирээд хүүхдээ тэврээд сууж байсан *******ийн араас гурван удаа тийрч өшиглөж унагаасан. Тэгээд би энэ хүүхдийг чиний төлөө гаргаж өгсөн чамд хэрэггүй юм бол алчихаач гэж хэлээд хүүхэд рүүгээ элс авч цацсан чинь ******* уурлаад хүүхдийн ус уудаг хуванцар сав аваад ******* рүү шидчихсэн. Тэгсэн *******гийн хөмсөгний баруун талд нь онож яз цохисон ба цус гарч байсан. Бид нар цусыг нь тогтоож өгөөд гэрт нь хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
4. Гэрч Б.ийн өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр найзуудын хамтаар голын эрэг дээр хорхог хийж идэхээр болсон юм. ******* эхнэртэйгээ нэг хүүхнээс болоод маргаад байсан ба ******* уурлаад *******ийн машинтай явчихсан. Би ын хамтаар араас нь очиж аргадаад буцааж авчирсан. ******* машинаас бууж ирээд *******ийг араас нь өшиглөөд газарт унагаасан. Тэгээд наад хүүхдийг чинь би чиний төлөө гаргаж өгсөн чамд хэрэггүй юм бол алчихаач гэж хэлээд хүүхэд рүүгээ элс авч цацсан чинь ******* уурлаад хүүхдийн ус уудаг хуванцар сав аваад ******* рүү шидээд хөмсөг орчимд нь оносон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
5. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 548 дугаартай: С.*******гийн биед баруун шанаанд 1 тооны няцарсан шарх, 1 тооны зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, 2 гар, баруун гуянд зөөлөн эдэд 9 тооны цус хуралт, зүүн гуяны ард 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Зүүн гуяны ард үүссэн 2 тооны зулгаралт нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үүссэн байж болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.*******ийн гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өөрийн найз болох *******, , ******* болон эхнэр *******, хүүгийнхээ хамтаар Сэлэнгэ голын эрэг дээр амарч байсан юм. Тухайн үед хорхог хийгээд сууцгааж байсан ба манай эхнэр маань намайг өөр эмэгтэй хүнтэй хардаад хэрүүл маргаан хийсэн. Тэгэхээр нь уур хүрээд хүүхдийн соруултай хуванцар аягыг аваад шидчихсэн чинь эхнэрийн зүүн шанаа орчимд оносон. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч С.*******, гэрч Г., Б. нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад дээрх үйл баримт нь Б.*******ийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн ******* сумын нутагт С.*******гийн бие, эрх чөлөөнд нь халдсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд Б.******* гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 548 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Б.*******ийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон байх бөгөөд гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч С.*******, шүүгдэгч Б.******* нар нь хамтран амьдарч байгаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс хэдий ч тухайн тохиолдол нь тэдний харилцааны үл ойлголцол, хэн алиных нь зүй бус үйлдэл нөлөөлсөн нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй байна.
Шүүгдэгч Б.*******ийн хамтран амьдрагч С.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч С.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 47-51 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.******* нь 26 настай, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Зэвсэгт хүчний 234 дүгээр ангид ажиллаж, эхнэр хүүхдийн хамт тус ангийн ажилчдын байранд амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 4/86 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД