Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 182/2017/00887/и |
Дугаар | 1549 |
Огноо | 2017-07-05 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 1549
МАГАДЛАЛ
2017.7.05 Дугаар 1549 Улаанбаатар хот
“Улаатын дунд хошуу Илион ресорс” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/00887 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Улаатын дунд хошуу Илион ресорс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй, чанаргүй нүүрс нийлүүлсэнтэй холбоотой гарсан зардал болох 210 409 562 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээгээр худалдсан нүүрсний үнэ болох 56 349 124 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч :Г.Буян,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Т.Цолмон,
Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Жавхлантөгс,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны “Улаатын дунд хошуу Илион ресорс” ХХК нь “Эрдэнэс таван толгой” ХК-тай 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Эрдэнэс таван толгой” ХК-тай ЕТТ2014/177 тоот нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу 1 тонн нүүрсийг 8000 ам.доллар буюу 50 000 тонн нүүрсийг нийт 400 000 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, гэрээнд гарын үсэг зурснаас хойш 10 хоногийн дотор төлбөрөө бүрэн шилжүүлэхээр тохирсон. Гэрээнд заасны дагуу худалдан авагч тал 400 000 ам.доллларыг худалдагч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Голомт банкны валютын дансанд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүрэн шилжүүлсэн байдаг. Манай тал гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн боловч худалдагч талаас нийлүүлсэн 2015 оны 01 дүгээр сарын 06-наас 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд нийлүүлсэн нийт 69 машин нүүрсний 21 машин нүүрс нь чанарын шаардлага хангаж 47 машин нүүрс нь чанарын шаардлага хангаагүй, нүүрс хөрс шороо нийлсэн байсан тул БНХАУ-ын хорио цээр, мэргэжлийн хяналтын газраас буцаасан байдаг. Буцаахтай холбоотой манай компанид дараах зардлууд гарсан байдаг. Цагаан хад нүүрсний талбайд нүүрс буулгасан 33 машины тээврийн зардал 369 365 юан, Хятад улсын чанарын шаардлага хангаагүй 15 машин нүүрсийг ачсан зардал 175 685 юан, буцаагдсан богинын зардлын төлбөр 65 415 юан, Цагаан хад нүүрсний талбайгаас буцаагдсан машины цалин хөлс, шатахууны төлбөр 14 400 юан, 59 машин нүүрсийг буулгахад жолооч нарт өгсөн 177 000 юан, хилээр нэвтрүүлэхтэй холбоотой гарсан гаалийн зардал 10 645 юан, 14 машиныг Хятадын гаалийн бүсэд 6 хоног зогсоосон 42 000 юан, нийт 854 502,81 юаны зардал гарсан ба төгрөгөөр бодвол 266 758 687 төгрөгийн бодит зардал гарсан байгаа. Энэ бодит зардлаасаа хариуцагч талын манай хохиролд төлсөн гэх 3536,55 тонн буюу 56 349 315,5 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаж, 210 409 562,7 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Улсын дээд шүүхийн тогтоолын 12 дугаар хуудасны хянавал хэсэгт анхан болон давж заалдах шатны магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэсэн байдаг. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүй, маргааны зүйлийн талаар бүрэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзсэн байна. 2 шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 50 000 тонн нүүрс нийлүүлсэн гэдэг нь нотлогдож байна. Нүүрсийг нийлүүлэх явцад 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 01 дүгээр сарын 08-ны өдөр нийлүүлсэн 47 машин нүүрс нь чанарын шаардлага хангаагүй, энэ нүүрсийг ижил төрлийн нүүрсээр сольж өгснийг талууд маргаагүй байна. Маргаагүй тул нэхэмжлэгч доголдолтой хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй, харин доголдлыг арилгахтай холбоотой нэмэлт зардлыг нэхэмжилсэн байтал 2 шатны шүүх нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь буруу байна дүгнэсэн байдаг. Мөн хэрэгтэй холбогдуулан итгэмжлэлийн талаар хэлэх нь зүйтэй байна. Улаатын дунд хошуу Илион ресорс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Намарт 2015 оны 08 дугаар сард итгэмжлэл олгосон ба сүүлд шинээр итгэмжлэл олгосон байдаг. Улаатын дунд хошуу Илион ресорс ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Ван Вэн Жи гэдэг хүн итгэмжлэл олгосон байгаа, Илион ресорс ХХК-ийн хөрөнгө оруулагч буюу хувьцаа эзэмшигч нь Илион ресорс групп юм. Илион ресорс ХХК-ийн дүрмийн 2-т хөрөнгө оруулагч нь Илион ресорс групп гэж заасан. Илион ресорс ХХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлд 1 гүйцэтгэх удирдлагатай байна гэж заасан байгаа. Үүнийг хөрөнгө оруулагчаас томилно гэж заасан. Мөн дүрмийн 8 дугаар зүйлд хуулийн этгээдийн төлөөллийг заасан ба хуулийн этгээдийн төлөөлөгч нь компанийг төлөөлж гарын үсэг зурах эрхтэй байгаа. Ван Вэн Жи нь Илион ресорс группын ТУЗ-ийн тогтоолоор томилогдсон байгаа. Хуулийн этгээдийн төлөөлөгч нь компанийн дотоод удирдлагаас гадна гадаад, дотоодод шүүх, цагдаа, хуулийн байгууллагад итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох эрх олгогдсон байдаг. Илион ресорс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр Ван Вэн Жи-г хуулийн этгээдийн төлөөлөгчөөр гэрчилж, бүртгэсэн нь бүртгэлээс харагддаг. Үүнээс харахад хуулийн этгээдийн төлөөлөгчийн Ц.Намар гуайд олгосон итгэмжлэл нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Доголдолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 47 машин нүүрс чанарын шаардлага хангаагүйгээс буцааж худалдагч талд хүлээлгэж өгсөн худалдан авагч талд нэмэлт тээврийн зардал гарсныг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заасан. Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1 дэх хэсэгт 50 000 тонн нүүрс гээд гэрээний үнийг 400 000 ам.доллар гэж тохирсон байгааг харахад талуудын хооронд Иргэний хуулийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 251.1-д заасны дагуу гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэжзаасан. Талууд хооронд байгуулсан гэрээний 3.3-т заасан мөн чанарын талаар заасан байгаа. Худалдагч талын нийлүүлсэн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд нийлүүлсэн 69 машин нүүрс буюу 7785,6 тонн нүүрс уурхайгаас ачигдсан бөгөөд 2296,55 тонн нүүрсийг хүлээн авсан байгаа. Чанарын шаардлага хангаагүй гэх 47 нүүрсийг худалдагч талд хүлээлгэж өгсөн байгаа. Хятадын хорио цээрийн газраас мэдэгдэл өгсөн байдаг. Энэ мэдэгдэлд хөрс шороо нийлсэн байгаа нь нүүрсний дэгдэмхий буюу хүчиллэг чанарт нөлөөлж байгаа тул хорио цээртэй бараанд орох тул буцаасан тухай 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Доголдолтой эд хөрөнгийн талаар худалдагч талд нэн даруй мэдэгдсэн ба худалдагч тал 47 машин нүүрсийг хүлээн аваад, хүлээн авсан талаар маргахгүй байгаа. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасны дагуу хэрэв доголдолтой эд хөрөнгө хүлээж авсан бол ижил төрлийн хөрөнгөөр солиулах, солиулахтай холбоотой зардал нэхэмжлэх, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах эрхтэй. Тухайн үед цаг алдалгүй мэдэгдсэн. Хариуцагчийн төлөх үндэслэл нь Иргэний хуулийн 253-т заасны дагуу доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн бол доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх, шилжүүлэхтэй холбоотой гарсан зардлыг төлөх үүрэгтэй ба талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан байгаа. Гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусах боловч хэрэв талууд гэрээтэй холбоотой үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заасан. Гэрээний 13.2-т худалдагч тал нь худалдан авагч талд ямар нэгэн хохирол учруулсан бол үүнийгээ бүрэн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасан. Үүнд худалдагч тал болон түүний ажилтан, гүйцэтгэгчийн санаатай үйлдсэн буюу буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол, гэрээгээ зөрчсөнтэй холбоотой хохирлыг бүрэн төлөхөөр заасан. Чанаргүй нүүрс нийлүүлсэнтэй холбоотой талууд 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Бээжин хотод уулзалт хийсэн байдаг. Уулзалтаар худалдагч, худалдан авагч, тээврийг хариуцсан компани болон Вай дэ майнинг ХХК-ийн төлөөлөл уулзаж, гарсан төлбөрийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Нэмэлт гарсан тээврийн зардлыг хариуцахаар талууд харилцан тохирч, гарын үсэг зурсан байдаг. Хариуцагч талаас 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр албан бичиг ирүүлсэн байдаг. Албан бичиг дээр чанарын шаардлага хангаагүй нүүрс нийлүүлсэн худалдагч талыг дурдаад, хохирлыг арилгах талаар ажлын хэсэг ажиллаж байна гэдгээ албан бичгээр явуулсан. Мөн 11 дүгээр сарын 05-ны өдрийн хариу тайлбар дээр манайх чанарын шаардлага хангаагүй 47 машин нүүрсийг бүрэн нийлүүлж дуусгасан гэдэг тайлбар өгсөн. Биет байдлын доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн гэдгийг нэхэмжлэл гаргахаас өмнө талууд харилцан тохирч доголдлыг бүрэн арилгасан. Харин доголдлыг арилгахтай холбоотой нэмэлт зардлыг нэхэмжилж байна.
Тээврийн гэрээ болон тээврийн компанитай байгуулсан гэрээний тухайд нэхэмжлэгч тал нь 2014 онд тээврийн Вай дэ майнинг ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээ нь нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан нүүрсийг тээвэрлэхээр тохирч хөлсийг төлсөн. 50 000 тонн нүүрсийг Таван толгойн нүүрсний уурхайгаас Хятадын ганц боомт хүртэл тээвэрлэхээр тусгасан. Худалдагч талын нийлүүлсэн нүүрс доголдолтой байсан тул талууд нэмэлт тээврийн гэрээ байгуулсан. Нүүрсний чанарын доголдолтой холбоотой ачаатай машин Цагаан хад талбайд удаан хугацаагаар сул зогсолт хийсэн ба өөр богино тээвэрлэлт гарсан. Мөн тээвэрлэгч тал Ухаа худаг дахь гаалийн албан бичиг гаргаж өгсөн байгаа. Үүнд: Грийнланд ХХК гэж бичсэн байгаа. Тэр Грийнланд ХХК-ийг тээвэрлэлт хийсэн гэж бичсэн боловч бодит байдал дээр Вай дэ майнинг ХХК ачилтыг хийж, ачилттай холбоотой нэмэлт тодорхойлолтыг 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн байгаа. Бодит байдал дээр Монголд бүртгэлтэй компани тээвэрлэлт хийдэг ба БНХАУ-д бүртгэлттэй компани ачилт хийдэг журамтай байгаа. Талууд Бээжин хотод уулзахдаа тээвэрлэлтийг Вай дэ майнинг ХХК-ийг хүлээн зөвшөөрөөд, тэр талаар ямар нэгэн асуудал гаргаагүй байдаг. Тээвэрлэлтийг Вай дэ майнинг ХХК хийсэн гэдэг нь гэрээний 1 дүгээр зүйлээс харагдаж байна. Таван толгойгоос БНХАУ-ын ганц боомт хүртэл нүүрс тээвэрлэнэ, мөн Таван толгойгоос БНХАУ-ын ганц боомт хүртэлх замыг нэг тээвэрлэлт гэж үзнэ. Гэрээний 3 дугаар зүйлд 50 000 тонн нүүрсийг тээвэрлэнэ гэж гэрээнд заасан байна. Иймд хариуцагч Эрдэнэс таван толгой ХХК-иас 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн нүүрс тээвэрлэх гэрээний дагуу Эрдэнэс таван толгой ХК-ийн ачсан 47 машин нүүрс нь чанарын шаардлагыг хангаагүйгээс доголдолтой нүүрсийг буцаан хүлээлгэж өгсөнтэй холбоотой учирсан хохирол болох 210 409 562 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, чанаргүй нүүрс нийлүүлсэний улмаас учирсан хохирол гэж нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох баримтыг гаргаж өгсөн ба дээрх нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэн зөв, эргэлзээгүй байх шаардлагыг хангахгүй байна. Тээврийн компани болох Вай дэ майнинг ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 610 457 юан, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 191 400 юанын хохирлыг нэхэмжилсэн байдаг. Хавтаст хэрэгт Гашуун сухайтынУхаа худаг дахь Гаалийн салбарын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04/14 тоот албан бичгийнЭрдэнэс таван толгой ХК болон Улаатын дунд хошуу илион ресорс ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээнд заасан ачаа тээвэрлэлтийн гаалийн бүрдүүлэлтээс харахад Грийнланд ХХК, Их хүрээ ХХК гэсэн хоёр компани ачаа тээвэрлэх зөвшөөрөлтэй байна. Нүүрс тээвэрлэлтийн эрхтэй байгууллага нь дээрхкомпаниуд байхад Вайде майнинг ХХК-ийг оруулж ирсэн нь үндэслэлгүй байна. Нүүрс тээвэрлэлтийн эрхтэй байгууллага нь дээрх компаниуд байхад гаалийн бүрдүүлэлт оруулж ирсэн Вайде майнинг ХХК-ийн баримтыг үндэслэж оруулж ирсэн нь үндэслэлгүй байна. Нүүрс нийлүүлсэн үйлдлийн тухайд нүүрс худалдах, худалдан авах ЕТТ2014/177 тоот гэрээ байгуулсан ба тус гэрээний 3.2-т нийлүүлэх цэг нь гэрээний хавсралтаар тодорхойлогдоно гэж заасан байдаг. Тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсны дагуу нүүрс нийлүүлэх цэгийг уурхайн ам гэж гэрээний хавсралтаар тохирсон. Худалдан авагч тал нь нүүрсний ачилт хийж байхад буюу уурхайн аман дээр нүүрсээ шалгаж авах, хяналт тавих бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл уурхайн аман дээр шалгалт хийж байсан ажилтанд нүүрсний чанарын доголдолын талаар мэдэгдэх ёстой байсан. Нүүрс хөрс шороотой байсан нь өөрсдийн шалгах үүрэгтэй байсан. Нэн даруй шалгаж авах боломжтой байсан боловч энэ хүлээсэн үүргээ биелүүлээгүй авсан нь өөрийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлоо Эрдэнэс таван толгой ХК-иас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах ЕТТ2014/177 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-т нүүрсний чанарын үзүүлэлтийг хавсралтаар зохицуулагдана гэсэн. Хавсралтын 3.3 нь нүүрсний чанарыг химийн 4 үзүүлэлтээр тодорхойлсон байдаг. Үүнд: Үнс, дэгдэмхий, илчлэг, хүхрийн агууламж гэж тодорхойлсон байдаг ба механик бохирдлыг хамааруулахгүй байна. Нүүрсний чанарыг тусгай зориулалтын лаборториор шинжлүүлэх ёстой байсан. 2 тал лаборториор баталгаажуулсан зүйл байдаггүй. Нүдэн баримжаагаар тодорхойлох боломжгүй. Чанаргүй нүүрс нийлүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талуудын хооронд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнд 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт гэрээгээр 3556,55 тонн нүүрсийг нийлүүлэхээр тохирсон. Эрдэнэс таван толгой ХК-иас дээрх хэмжээний нүүрсийг нийлүүлсэн. Нийлүүлсэн гэдэг нь энэ хэмжээний нүүрсийг хүлээн авсан гэдэг дээр маргаан байхгүй. Энэ хэмжээний нүүрсийг хүлээж авснаа хүлээн зөвшөөрдөг. Энэ нүүрсээ хохиролдоо тооцож авсан гэж байгаа. Манайх бол энэ нь нэмэлт гэрээгээр нүүрс нийлүүлсэн гэж үзэж байгаа. Худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэх ёстой хөрөнгийг шилжүүлсэн тул төлбөрийг шаардах эрхтэй байгаа. Нийлүүлсэн нүүрстэй холбоотой маргаан байхгүй. Иймд Улаатын дунд хошуу Илион ресорс ХХК-иас 56 349 124 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэмэлт гэрээтэй холбоотой гаргасан. Нэмэлт гэрээг талууд 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Уг гэрээндээ нүүрсний хэмжээгээ нэмж 500 000 тонн нүүрс авахаар тохирсон. Кокосжсон байсан бол исэлдсэн нүүрсээ өөрчилж авахаар болсон. Гэрээний хугацаа, нүүрсний төрлөө өөрчлөөд, гэрээний бусад заалтад нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Нүүрс ачуулах, хэзээ нийлүүлэх дээр үндсэн гэрээний нөхцөл үйлчлэхээр тохирсон. Нэмэлт гэрээ дээр гарын үсэг зурснаас хойш 10 хоногийн дотор гэрээний төлбөрийг манай тал байршуулсны дараагаар нүүрс шилжүүлэхээр тохирсон. Нэмэлт гэрээ байгуулсан ч гэсэн 500 000 тонн нүүрсний үнийг төлөөгүй байдаг. Үндсэн гэрээний төлбөр төлөөгүй байхад нэмэлт гэрээний дагуу нүүрс нийлүүлэх үндэслэлгүй байна. Анх байгуулсан гэрээний дагуу гэрээний хохирлыг нүүрсээр төлж байна гэж үзэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэмжээний төлбөрийг хассан. Хохиролдоо тооцох үндэслэл нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар хохирол учруулсантай холбоотой зардлаа төлөх үүрэг хэвээрээ байгаа. Нэмэлт гэрээ хэрэгжээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 253 дугаар зүйлийн 253.2, 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар хариуцагч Эрдэнэс таван толгой ХК-иас 168 327 650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Улаатын дунд хошуу Илион ресорс ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 42 081 912 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулдийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Улаатын дунд хошуу Илион ресорс ХХК-иас 56 349 124 төгрөг гаргуулж Эрдэнэс таван толгой ХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Улаатын дунд хошуу Илион ресорс ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 494 750 төгрөг, хариуцагч Эрдэнэс таван толгой ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439 695 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Эрдэнэс таван толгой ХК-иас 999 958 төгрөг гаргуулж Улаатын дунд хошуу Илион ресорс ХХК-д олгох, Улаатын дунд хошуу Илион Ресорс ХХК-иас 439 695 төгрөгийг гаргуулж Эрдэнэс таван толгой ХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 22 дугаар бүлэгт заасан зохицуулалт үйлчилнэ. Худалдах худалдан авах гэрээнд биет байдлын болон эрхийн доголдолын талаар хуульчилсан. Эд хөрөнгийн биет байдлын доголдол гэдэгт Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан "гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бухий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ" гэж заасан. Бидний хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйл 4.1-т "Нүүрсний чанарын үзүүлэлт нь хавсралтаар зохицуулагдана'7ХХ-1-14 хуу/ гэж заасан. Хавсралтын 3 дугаар зүйлийн 3.3-т "Худалдагчийн нийлүүлж буй нүүрс нь доорх чанарын үзүүлэлтүүдийг хангах ёстой. Үүнд: Үнс 20%-аас бага, Дэгдэмхий 28%-аас бага, Хүхэрийн агууламж 1%-аас бага, Илчлэг 5700-аас их байхаар тохиролцсон.7ХХ-1-27 хуу/ Гэтэл нэхэмжлэгч дээрх гэрээнд заасан чанарыг хангаагүй гэдгийг ямар нэгэн нотлох баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгчийн гаргасан БНХАУ-ын хорио цээрийн газрын албан тоот нь зөвхөн 1 машиныг чанарын шаардлага хангаагүйг шалгасан, бусад машинуудыг шалгаж, шинжилж, дээрх химийн агуулга, шаардлагыг хангахгүй байна гэж дүгнээгүй юм. Нүүрсийг хараад чанарын шаардлага хангахгүй байна гэж дүгнэх боломжгүй. Гадаад худалдааны нийлүүлэлтийн нөхцөл Инкотермс нь талууд сайн дураараа хэрэглэхээр тохиролцож, худалдааны гэрээний үндсэн нөхцөл болсон тохиолдолд хэрэглэгдэх эрх нь үүсдэг худалдааны нийлүүлэлтийн үйл ажиллагааг зохицуулдаг дүрэм юм. Инкотермсийн дүрэм нь талуудын хоорондын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн үйл ажиллагаа, түүнтэй холбоотой зардал, эрсдлийг хуваарилдаг. Талууд инкотерсмийг худалдах худалдан авах гэрээндээ тусгаагүй ч уг дүрмэнд "нийлүүлэлтийн нөхцөл" заалтын хүрээнд гэрээнд заасан зохицуулалтыг илүү нарийвчилсан зохицуулалт гэж үздэг. Тиймээс гэрээний дагуу "Уурхайн ам" дээрээс эрсдэл худалдан авагч талд шилжсэн.
Нэхэмжлэгч нь нийт 59 машин, 69 машин нүүрс нийлүүлсэн үү гэдэг нь тодорхойгүй. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Гэтэл хоёр өөр дүнгээр нэхэмжилдэг. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаан дээр нийт 69 автомашин нүүрс нийлүүлсэн гэдэг.
БНХАУ-ын хорио цээр, мэргэжлийн хяналтын газраас нүүрс буцаасантай холбогдуулан "Улаатын дунд хошуу Илион ресорс" ХХК-д дараах зардлууд гарсан гэжээ. Нэхэмжлэгчийн нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлага нь зөрүүтэй, эргэлзээтэй. Мөн нэхэмжлэгчид учирсан хохирол хариуцагчийн гэм буруугийн шууд шалтгаант холбоо байхгүй.
Шүүх хариуцагчийг татгалзалаа нотлоогүй гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн татгалзал нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлодог. Үүнд, "Вайдэ майнинг" ХХК нь тээвэр хийх зөвшөөрөлгүй атлаа ачаа тээвэрлэлтийн гэрээг "Улаатын дунд хошуу Илион ресорс" ХХК-тай байгуулсан нь тогтоогдсон. Гаалийн ерөнхий газрын Гашуун сухайт дахь гаалийн газар Ухаа худаг дахь салбарын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04/14 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан тоотод, "Эрдэнэс таван толгой" ХК болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны "Улаатын дунд хошуу Илион ресорс" ХХК-ын хооронд байгуулагдсан ЭТТ-2015/177 тоот гэрээний нөхцөлийн дагуу худалдан авагч тал нүүрс тээвэрлэлтийг хариуцаж дараахь бичиг баримтуудыг гаалын бүрдүүлэлтэнд бүрдүүлж өгсөн. Үүнд, Автотээврийн үндэсний төвийг төлөөлж "Авто тээврийн үндэсний төв" төрийн өмчит үйлдвэрийн газар болон тээвэрлэгч Трийнлэнд Ричис" ХХК-ын хооронд байгуулсан №УХ14054 тоот "Монгол Улс, БНХАУ-ын хооронд байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ" Худалдан авагч Илион ресорс ХХК болон тээвэрлэгч тал болох “Трийнлэнд Ричис” ХХК-ын хооронд байгуулсан №GB018 тоот "Нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ", Автотээврийн үндэсний төвийг төлөөлж "Авто тээврийн үндэсний төв" төрийн өмчит үйлдвэрийн газар болон тээвэрлэгч "Их хүрэн хар" ХХК-ын хооронд байгуулсан №УХ 15/054 тоот "Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ", Тээвэрлүүлэгч тал "Илион ресорс" ХХК болон тээвэрлэгч тал "Их хүрэн хар" ХХК-ын хооронд байгуулсан №2015/15 тоот "Нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ" тус тус бүрдүүлж өгсөн байдаг./ХХ-2-370 хуудас/ Гаалийн бүрдүүлэлтээс харахад "Грийнланд Ричис" ХХК болон "Их хүрэн хар" ХХК нар ачаа тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, нүүрс тээвэрлэлтийн эрхтэй байгуулага байхад БНХАУ-ын Баяннуур хотын "Вайдэ майнинг" ХХК-тай ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. /ХХ-1-66-68/, /ХХ-1-73/
Бид гэрээнд тохирсоны дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Гэрээний хавсралтын 2 дугаар зүйлд нийлүүлэх цэгийг "Уурхайн ам" гэж тохирсон. Худалдан авагч уурхайн аман дээр ачилт хийж байхад нүүрсээ шалгаж авах, хяналт тавих, нүүрсний чанарын доголдолын талаар мэдэх боломжтой байсан. Нүүрс, хөрс шороотой байсан эсэхийг шалгаж аваагүй, эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй компаниар тээвэрлэлтээ гүйцэтгүүлээгүй, тухайн компани нь замдаа нүүрсийг хучиж ачаагүйгээс өнгөн хэсэгт шороо тогтсоныг үгүйсгэх аргагүй, өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохиролоо "Эрдэнэс таван толгой" ХК-аас нэхэмжлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. БНХАУ-ын хилээр нэвтрүүлэх шаардлага хангаагүй 15 машин ЭТТ-с Хятадын хил рүү тэвээрлэсний хохирол 175 680 юань нэхэмжилсэн. Уг 15 машиныг бүгдийг нь шалгаад, буулгаад, шаардлага хангахгүй гэж дүгнээгүй зөвхөн нэг машиныг л шаардлага хангаагүй гэж Хятадын хорио цээр, мэргэжпийн хяналтын газраас дүгнэсэн. Бусад 14 машин нь шаардлага хангасан, хангаагүй эсэхийг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 Нүүрсний чанарыг тодорхойлох "Талууд дээж авах, дээжийг бэлтгэх, дээжийн чанарын шинжилгээг хамтран гүйцэтгэж байхаар тохиролцов. Нүүрсний чанарыг долоо хоног тутмын шинжилгээний үр дүнгийн жигнэсэн дунджаар тодорхойлно", 5 дугаар зүйлийн 5.2 Худалдагч болон Худалдан авагчийн дээжний шинжилгээ "Худалдагч худалдан авагч нь нүүрсний чанарын шинжилгээг тус тусын лабораторид хийж гүйцэтгэх бөгөөд холбогдох зардлыг өөрсдөө хариуцна", 5.3 Гуравдагч этгээдийн дээжний шинжилгээ "Талуудын хооронд нийлүүлсэн нүүрсний чанарын талаар маргаан үүсвэл гуравдагч дээжний чанарын шинжилгээг хөндлөнгийн лабораторид хийлгэх бөгөөд үр дүнгээр маргааныг эцэслэн шийдвэрлэнэ. Хөндлөнгийн лабораторид гуравдагч дээжний чанарыг шинжлүүлж, тогтоолгохтой холбогдон гарах зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хамтран хариуцна" хэмээн тохиролцсон. /ХХ-1-14-15 хуу/
Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч татгалзалаа нотлоогүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн Харин ч нэхэмжлэгч "Улаатын дунд хошуу Илион ресорс" XXК нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй, ИХШХШтухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан үүргээ биелүүлээгүй байхад шүүх хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгч талын ашиг сонирхолд хэт үйлчилсэн юм. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 42 081 912 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо чухам аль хохиролоос хассак, яагаад хассак зэрэг нь ч тодорхойгүй, маш ойлгомжгүй дүгнэлт хийсэн.
ИХШХШ тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ", 38 дугаар зүйлийн 38.5-д "Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөи бол нотлох баримтаа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй" гэж заасан бөгөөд хариуцагч татгалзалаа хангалттай нотолсон, хуульд заасан арга хэрэгсэлээр авагдсан, хэрэгт хамааралтай. ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй орхигдуулсан нь нотлох баримтыг үнэлэх журам зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Дээрх байдлаар анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн зөв үнэлээгүй бөгөөд гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/00887 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.
Нэхэмжлэгч “Улаатын дунд хошуу Илион ресорс” ХХК нь хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй, чанаргүй нүүрс нийлүүлсэнтэй холбоотой гарсан зардал болох 210 409 562 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээгээр худалдсан нүүрсний үнэ болох 56 349 124 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдөр байгуулагдсан Нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч нь Таван толгойн ордоос олборлох нүүрсийг нийлүүлэх, борлуулах, хүлээлгэн өгөх, худалдан авагч буюу нэхэмжлэгч нь Монгол Улсын Өмнөговь аймгийн нутагт орших Таван толгойн ордын Цанхи талбайн уурхайгаас, талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр өөр уурхайн нүүрс байж болох, энэ гэрээний дагуу 50 000 тонн нүүрсний үнэ 400 000 ам.доллараар байх, нүүрс нийлүүлэх цэг нь уурхайн ам байх зэрэг болон нүүрс нийлүүлэх хугацаа, чанарын талаар тохиролцсон байна.
Дээрх гэрээнд 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй байх, худалдан авагч тал 500 000 тонн исэлдсэн нүүрс нийлүүлнэ гэсэн ба худалдан авагч нь нэхэмжлэгч тал гэдэгт болон уг гэрээний дагуу исэлдсэн нүүрс нийлүүлэгдээгүй тухайд талууд маргаагүй.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний 50 000 тонн нүүрсийг хариуцагч нь уурхайн амнаас нийлүүлсэн, нэхэмжлэгчээс нүүрсний үнэ 400 000 ам.долларыг хүлээн авсан, нэхэмжлэгч нь гэрээнд заасан хэмжээнээс 3 536,55 тонн нүүрс хүлээн авсан боловч үнийг төлөөгүй зэрэг үйл баримтын талаар талууд мөн маргаагүй байна.
Харин гэрээний дагуу нийлүүлсэн нүүрс нь талуудын тохиролцсон чанарын шаардлага хангаагүйгээс нүүрсийг буцаан ачиж хүргэхэд зардал гарсан гэж нэхэмжлэгч, гэрээнд заасан чанартай нүүрс нийлүүлсэн гэж хариуцагч тайлбарлан маргажээ.
Талууд нүүрсийг хүлээн авах, хүлээлгэн өгөх газрыг “уурхайн ам” гэж гэрээгээр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.1 дэх хэсэгт зааснаар уг газрыг үүрэг гүйцэтгэх газар гэж үзнэ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээнд заасан газраас нүүрс ачсантай талууд маргаагүй тул хариуцагч нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамаарлатай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй байна.
Учир нь Иргэний хуулийн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй” бол шаардлага гаргах эрхээ алдана.
Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон газраас нүүрсийг ачиж шилжүүлэн авахдаа нэн даруй шалгах боломжгүй байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, 2015 оны 01 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд шилжүүлэн авсан нүүрсний чанарын талаар Бээжин хотод 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг” гэх баримт үйлдэн, талуудын төлөөлөл гарын үсэг зурсан байх боловч хаиуцагч компанийг н.Батцэнд, н.Пүрэвжав, н.Бөртэ нар төлөөлөх эрхтэй байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Иймд шүүх нэхэмжлэлийн заримыг хангахдаа “...доголдолтой эд хөрөнгө шилжүүлсний улмаас доголдлыг арилгахтай холбоотой зардал гарсан...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Харин сөрөг нэхэмжлэлийг хангахдаа шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хүлээн авсан нүүрсний хэмжээ, үнийн талаар маргаагүй байна.
Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ нэхэмжлэгч нь “хохиролд тооцон авсан” гэсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/00877 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-иас 210 409 562 төгрөг гаргуулах тухай “Улаатын дунд хошуу Илион ресорс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтааас “...Эрдэнэс таван толгой” ХК-иас 999 958 төгрөг гаргуулж “Улаатын дунд хошуу Илион ресорс” ХХК-д олгох” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 275 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
М.НАРАНЦЭЦЭГ