Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 615

 

 

 

 

 

 

 

2019          6             20                                             2019/ДШМ/615

 

                                                   Б.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ба.Эрдэнэбаатар,

            шүүгдэгч Б.Б-,

шүүгдэгч Б.Б.Б- өмгөөлөгч Т.Энхжаргал,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2019/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ба.Эрдэнэбаатарын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 66 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1906003250556 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Улаан лам овгийн Б.Б-, 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт......................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................/;

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.

Б.Б- нь 2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Батлан хамгаалах яамны 50 дугаар байрны 56 тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх Б.Энхтогтохыг айлган сүрдүүлж, хэл амаар доромжлон гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б.Б- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт болгон өөрчилж, Улаан лам овгийн Б.Б- гэр бүлийн харилцаатай хүнтэй байнга догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Б.Баасанбямбыг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ба.Эрдэнэбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокуророос Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт болгон өөрчилж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Иймд шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б.Б- өмгөөлөгч Т.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн.Шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 хэсэгт заасан нөхцөл байдал нотлогдоогүй. Хэрэв нотлогдоогүй бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэх хуулийн заалтыг хэрэглэсэн талаар шийтгэх тогтоолд хангалттай дурдсан. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс гэрч нарын мэдүүлгийг үндэслэж хувиарт болон дундын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхэд нь халдсан гэх тайлбарыг өгсөн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Улсын яллагчийн үндэслэл болгож байгаа гэрчийн мэдүүлгүүдэд гэрч, хохирогч нараас гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарласан зүйл байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс гэрч хохирогч нарт гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаагүй талаар тодорхой хэлж байсан. Мөн улсын яллагчийн тайлбарлаж байгаа гэрчийн мэдүүлгүүд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Шүүх хуралдааны явцад хохирогч Б.Энхтогтох мэдүүлэхдээ “миний хүү гэрийнхээ эд зүйлүүдийг зарж үрсэн зүйл байхгүй” талаараа тодорхой мэдүүлж байсан. Прокурорын бичсэн эсэргүүцэл нь эсэргүүцэлд тавигдах шаардлагыг хангахгүй байна. Учир нь дээд шатны прокурор нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргахдаа үндэслэлээ тодорхой бичнэ гэж заасан байна. Шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар шүүх хуралдааны явцад мөн мэдүүлсэн. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 510 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэрийнхээ эд зүйлийг зарж архи уугаагүй. Гадуур архи уучихаад орж ирээд аавын уугаад үлдээсэн архи хөргөгчинд байхаар нэмж уусан. Харин ээжийгээ хэл амаар доромжилсоноо хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Б.Б- нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Батлан хамгаалах яамны 50 дугаар байрны 56 тоот өөрийн гэртээ төрсөн эх Б.Энхтогтохын эсрэг хэл амаар доромжлох хэлбэрээр догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн болох нь:

Гэр бүлийн хүчирхийллийн Эрсдэлийн түвшин “дунд” болохыг тодорхойлсон Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 5/,

 Хохирогч Б.Энхтогтохын “2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр би охинтойгоо хамт ажлаасаа ирсэн чинь манай хүү Б.Б-, нөхөр Билэг-Эрдэнэ нар хамт архи уугаад сууж байсан. Тэгээд дуугүй сууж байтал манай хүү Б.Б- аавтайгаа нийлээд гар зайл гээд хөөгөөд байсан. Тэгээд би охинтойгоо хамт гэрээс гараад орцонд нэг хэсэг сууж байгаад хувцсаа аваад айлд ороод сууж байгаад буцаад гэртээ ортол дүү рүүгээ яв зайл гэх мэтээр дайраад байсан. Тэгэхээр нь цагдаа дуудсан” /хх 12/, “манай хүү Б.Б- байнга архи ууж агсам тавиад гэрийнхээ эд зүйлийг эвдэж устгаж, над руу гарт таарсан зүйлээ авч чулуудан хэл амаар доромжилж, гэрийнхээ эд зүйлийг хулгайлаад зарж үрж архи уудаг байсан. Намайг бол гараараа зодож цохьсон зүйлгүй” /хх 13/, “манай хүү Б.Б- нь аавтайгаа хоёулаа өдөр болгон байнга архи уудаг. Гэрийнхээ эд хогшлийг зарж жижиг ундааны саванд архи хийж орж ирээд болкон дээр юмуу нойлд уудаг байж байгаад одоо бүр нууж уухаа болиод ил тавиад уудаг болсон. 2016 онд эхнэр хүүхдээсээ салаад байнга архи ууж байна. Одоо бүр аавтайгаа нийлээд архи уудаг болсон. Намайг доромжилдог, галзуу авгай, мэдрэл муутай гичий, янхан гээд л доромжилдог” /хх 10/,

Гэрч О.Билэг-Эрдэнийн “2019 оны 1 дүгээр сарын 06-ны өглөө унтаж байгаад 10 цагийн орчим Б.Б- гарчихаад ирье гэж гарч яваад 17 цагийн орчим архи үнэртүүлчихсэн ирсэн. Тэгээд дүүгээ чи амралтын өдөр гэр орноо цэвэрлэхгүй, ажилд туслахгүй, гар утаснаасаа салахгүй юм гэж зэмлэсэн чинь өөдөөс би мэдэж байна гээд ээж бид хоёр гарсан. Тэгээд л дуудлага өгсөн” /хх 14/,   

Гэрч Б.Дэлгэрсайханы “2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр ээж бид хоёр ажлаа тараад гэртээ ирсэн чинь аав Билэг-Эрдэнэ, ах Б.Б- хоёр согтуу байсан. Аав, ах хоёр хоорондоо маргалдаад, зодолдоод, Б.Б- ээж бид хоёр руу дайраад хэл амаар доромжлоод байхаар нь ээж бид хоёр айгаад цагдаад дуудлага өгсөн” /хх 17/ гэсэн мэдүүлгүүд болон Б.Б- нь 13 удаагийн зөрчил үйлдэж, бүртгэгдсэн тухай Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 33-41/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Уг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлээс нь дүгнэж, 2017 оны 3 дугаар сарын 12, 29-ний өдөр, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 23, 25, 26-ны өдөр, 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр, 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэж давж заалдах шатны шүүхээс нөхөн дүгнэв.

Харин, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 570 дугаар шийтгэврээр түүний 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн зөрчилд нь, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1410 дугаар шийтгэврээр түүний 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн зөрчилд нь, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1652 дугаар шийтгэврээр түүний 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн зөрчлүүдэд нь буюу эх Б.Энхтогтоход агсам тавьж хэл амаар доромжилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчлүүдэд нь зохих зөрчлийн шийтгэл хүлээлгэсэн байх тул эдгээрийг нь энэ гэмт хэргийн үйлдэлд тооцох боломжгүй байгааг дурьдах нь зүйтэй.    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арваннэгдүгээр бүлгийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга догшин авирласан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Б.Б.Б- дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Прокурор шүүгдэгч Б.Б.Б- үйлдлийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх Б.Энхтогтохыг айлган сүрдүүлж, хэл амаар доромжлон гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн” гэж гэмт хэргийн шинжийг буруу тодорхойлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг зүйлчилжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх”-ийг тусгах заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тухайн зүйл хэсгүүдэд “гэр бүлийн хамаарал бүхий хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан”, “хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан” гэсэн хүндрүүлэх шинжүүд хамаарч байна.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэнээс зарим хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу “хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд алдсан” гэх үйлдлийг нотолж тогтоогоогүй гэж хэрэгсэхгүй болгон зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд энэ дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Б.Б- үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, түүнийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хүнд ял биш байна.   

Улсын яллагч “зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр ойлгомжгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах”-аар эсэргүүцэл бичжээ.

Улсын яллагчийн эсэргүүцэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Прокурор, дээд шатны прокурор, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж байгаа үндэслэлээ тодорхой бичсэн байна” гэснийг зөрчсөн  ойлгомж муутай байх боловч, уг эсэргүүцлийг үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж байгааг харгалзан үзэж, шүүх хуралдаанд оролцож буй прокурор Ба.Эрдэнэбаатараас эсэргүүцлийнх нь талаар тодруулахад “зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн, шүүгдэгч Б.Б- нь гэрийнхээ эд зүйлийг зарж борлуулж, архидан согтуурдаг, эхийгээ гэрээсээ хөөн гаргах зэргээр хуваарьт өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халддаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар яллагдах ёстой” гэсэн байдлаар тайлбар дүгнэлт хийв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.Б- нь өөрийн хойд эцэг О.Билэг-Эрдэнийн хамт гэртээ архидан согтуурсны улмаас эх Б.Энхтогтохын эсрэг удаа дараагийн үйлдлээр догшин авирлаж, хэл амаар доромжилж байсан болох нь тогтоогдсон ба харин хохирогчийн хуваарьт болон гэр бүлийн дундын өмчийг нь ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрхэд нь халдсан гэх хэргийн үйл баримт тогтоогдохгүй байна.

Энэ талаар прокурор хэрхэн яаж, ямар нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байгаа талаар үндэслэл бүхий санал дүгнэлт гаргаж чадсангүй.

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1  дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ба.Эрдэнэбаатарын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 66 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ