Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 123/2022/0032/З |
Дугаар | 221/МА2024/0076 |
Огноо | 2024-01-30 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2024/0076
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт
газрын хамгаалалтын захиргааны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ын өмгөөлөгч П.Г
Нэхэмжлэгч: Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: Б.А, Г.Б, О.Н, Ц.П, С.Б, Б.С, Д.Э, Ц.Э, Ц.У
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Д.Эд холбогдох хэсэг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/172 дугаар захирамжийн Ц.Э, Ц.У нарт холбогдох хэсэг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/99, А/100, А/101, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/177, А/178 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 123/ШШ2023/0050 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 123/2022/0032/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Д.Эд холбогдох хэсэг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/172 дугаар захирамжийн Ц.Э, Ц.У нарт холбогдох хэсэг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/99, А/100, А/101, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/177, А/178 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 20 дугаар зүйлийн 20.2.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Д.Эд холбогдох хэсэг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/172 дугаар захирамжийн Ц.Э, Ц.У нарт холбогдох хэсэг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/99 дүгээр захирамж, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/100 дугаар захирамж, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/101 дүгээр захирамж, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/176 дугаар захирамж, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/177 дугаар захирамж, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/178 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Горхи тэрэлж байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нэхэмжлэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 123/ШШ2023/0050 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
3.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийн тухайд: Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хуулиар тусгайлан олгогдсон этгээд гэж үзсэн бөгөөд үндэслэлээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны тогтоолоор “...тусгай хамгаалалтын захиргаа ямар чиг үүрэгтэй оролцдог болох нь хуулиар тодорхой зохицуулагдсан...” гэсэн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон, шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар тус шүүхээр дахин дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй гэжээ.
Дээр дурдсан шүүхийн тогтоол нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр биш бөгөөд зөвхөн тухайн асуудлаар буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “...хэргийг хянан шийдвэрлэх явцад...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан асуудлаар эцсийн шийдвэр болохоос, мөн зүйлд заасан “...эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол...” гэх үндэслэлд хамаарахгүй юм.
Ийм байхад анхан шатны шүүхээс дээрх үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрх хуулиар тусгайлан олгогдсон этгээд гэж дүгнэсэн нь тодорхойгүй. Мөн нэхэмжлэгчид яг ямар хуулиар, ямар асуудлаар, нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх тусгайлан олгогдсон талаар анхан шатны шүүх огт тогтоож, дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл болоогүй байна.
Хариуцагчийн зүгээс ч ямар хуулиар тусгайлан олгогдсон ямар эрхийн дагуу нэхэмжлэлээ гаргаж буйгаа тодорхойлоогүй байхад анхан шатны шүүх түүнийг тодруулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны явуулах үйл ажиллагааны хүрээг тодорхойлсон бөгөөд уг хуулиар хамгаалалтын захиргаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг “тусгайлан” олгоогүй, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хуулиар мөн дээрх эрхийг хамгаалалтын захиргаа олгоогүй байхад шүүхээс нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “... хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэл...”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг...” ойлгоно гэж заасанд тус тус нийцэхгүй байна.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.4-д “захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон байх бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан гэх боловч шүүхээс энэхүү үндэслэлийг нэг мөр тодруулж, нийтийн эрх зүйн чухам ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн талаар огт дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.
3.2. Хэргийн үйл баримтын тухайд: Анхан шатны шүүхээс нэр бүхий 6 гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа газар нь тусгай хамгаалалттай газартай давхцалтай эсэхийг тогтоохоор шинжээч томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр Б.А, Г.Б, О.Н нарын эзэмшиж буй нэгж талбарууд тусгай хамгаалалттай газартай давхацсан талаар дурдаагүй байхад шүүхээс дээрх энэхүү иргэдийн газрыг тусгай хамгаалалттай газартай давхацсан байна гэж тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгосон үйл баримтыг зөрүүтэй дүгнэсэн, энэхүү дүгнэлтээ газраа тойруулан хашаа барьсан нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.
Нэгэнт шүүхээс газрын давхцалын асуудлыг тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгох шаардлагатай гэж үзэж шинжээчийн дүгнэлт гаргуулсан хэрнээ уг дүгнэлтээр тогтоогдоогүй асуудлыг өөрийн үзэмжээр нөхөн гүйцээж дүгнэсэн нь хууль бус болсон гэж үзэж байна.
Шүүх шинжилгээний тухай хуулиар шинжээчийн дүгнэлт бүхэлдээ буюу зарим хэсэг нь эргэлзээтэй бол нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар захиргааны хэргийг нотлох үүргийг захиргааны хэргийн шүүх хүлээх зохицуулалтын хүрээнд шийдвэрлэгдвэл зохих асуудлыг шүүх өөрийн үзэмжээр шийдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэж байна.
Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 123/ШШ2023/0050 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Д.Эд холбогдох хэсэг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/172 дугаар захирамжийн Ц.Э, Ц.У нарт холбогдох хэсэг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/99, А/100, А/101, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/177, А/178 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
3. Хэргийн үйл баримтыг үзэхэд:
3.1. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/149 дүгээр захирамжаар Д.Эд тус сумын 3 дугаар багийн нутаг, Шар булгийн тохой нэртэй газарт 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх ба Д.Э нь уг газрыг Ц.Пд шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу тус сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/99 дүгээр захирамжаар нэгж талбарын 4104058024 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг Ц.Пд шилжүүлсэн,
3.2. Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/172 дугаар захирамжаар Ц.Э, Ц.У нарт тус сумын 3 дугаар багийн нутаг, Шар булгийн тохой нэртэй газарт тус бүр 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх ба Ц.Э нь эзэмшлийн газраа С.Бид шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу тус сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/100 дугаар захирамжаар нэгж талбарын 4104058163 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг С.Бид шилжүүлсэн,
Ц.У нь эзэмшлийн газраа Б.Ст шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу тус сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/101 дүгээр захирамжаар нэгж талбарын 4104058163 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Ст шилжүүлсэн,
3.3. Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/176 дугаар захирамжаар тус сумын 3 дугаар багийн нутаг, Шар булгийн тохой нэртэй газарт 700 м.кв газрыг Б.Ад зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, нэгж талбарын 4104058795 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон,
3.4. Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/177 дугаар захирамжаар тус сумын 3 дугаар багийн нутаг, Шар булгийн тохой нэртэй газарт 700 м.кв газрыг Г.Бд зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, нэгж талбарын 4104058796 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон,
3.5. Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/178 дугаар захирамжаар тус сумын 3 дугаар багийн нутаг, Шар булгийн тохой нэртэй газарт 700 м.кв газрыг О.Нт зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, нэгж талбарын 4104058794 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
4. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна” гээд 16.1.1-д “улсын тусгай хамгаалалттай газар”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /1994 он/-ийн 3 дугаар зүйлийн 1-д “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна” 1-ийн 2 дахь хэсэгт “байгалийн цогцолборт газар” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8-д заасан журмыг баримтлан газар ашиглах ... тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй бол тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, мөн хуулийн 2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бус, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж тус тус заасан.
4.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 9 дүгээр тогтоолоор Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар ангиллаар нийт 292,905.5 га газрыг улсын тусгай хамгаалалтад авч, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд “Нагалхан уулын байгалийн нөөц газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн зааг дотор багтаж буй газар нутгийн байгалийн унаган төрхийг хадгалах, шинжлэн судлах, хамгаалах, зүй зохистой ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх” үндсэн чиг үүргийг олгож, 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 9070004066 дугаарт бүртгэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.
4.2. Өөрөөр хэлбэл, хамгаалалтын захиргаа байгуулагдсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор болох 292,905.5 га газарт хамаарах Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг, Шар булгийн тохой нэртэй газрыг иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах асуудлыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн Төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэхээр хуульчилжээ.
4.3. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/37 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гуравдагч этгээдүүд болох Д.Э, Ц.У, Ц.Э, Б.С, С.Б. Ц.П нарт эзэмшүүлсэн газар нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газартай бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогдсон байна.
5. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасан.
5.1. Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн хүчингүй, өрөөр хэлбэл эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд уг захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага түүнийг хэрэгжүүлж болохгүй.
5.2. Дээрхээс дүгнэвэл хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн маргаан бүхий захирамжуудаар гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж, өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй газрыг гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт гэж үзнэ.
6. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв нь давж заалдах гомдолдоо “1. Нэхэмжлэгч нь ямар эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж буйгаа тодорхойлоогүй байхад анхан шатны шүүх түүнийг тодруулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил ..., 2. Шинжээчийн дүгнэлтээр Б.А, Г.Б, О.Н нарын эзэмшиж буй газар нь тусгай хамгаалалттай газартай давхацсан талаар дурдаагүй байхад шүүхийн үзлэгээр тогтоогдсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй дүгнэлт болсон” гэжээ.
6.1. Нэхэмжлэл гаргах эрхийн тухайд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 318 дугаар захирамжаар “... нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар тусгайлан олгоогүй, төрийн захиргааны байгууллагыг төлөөлөх эрхгүй ...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 654 дүгээр тогтоолоор “... тусгай хамгаалалттай газрын захиргаа ямар чиг үүрэгтэй оролцдог болох нь хуулиар тодорхой зохицуулагдсан ...” гэж дүгнэн, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
6.2. Дээрх шүүхийн тогтоол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн асуудлаараа эцсийн шийдвэр учраас энэ талаарх өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
6.3. Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/37 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Б.А, Г.Б, О.Н нарт олгосон газар давхцалтай эсэх талаар дүгнээгүй хэдий ч Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг, Шар булгийн тохой нэртэй газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарч байх тул мөн энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.
7. Анхан шатны шүүх маргаан бүхий Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Д.Эд холбогдох хэсэг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/172 дугаар захирамжийн Ц.Э, Ц.У нарт холбогдох хэсэг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/99 дүгээр захирамж, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/100 дугаар захирамж, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/101 дүгээр захирамж, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/176 дугаар захирамж, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/177 дугаар захирамж, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/178 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн үндэслэлтэй, зөв болжээ.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандахын өмгөөлөгч П.Ганпүрэвийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 123/ШШ2023/0050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандахын өмгөөлөгч П.Ганпүрэвийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээд нарын өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ