Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2020/0583

 

2020 оны 09 сарын 10 өдөр Дугаар 128/ШШ2020/0583 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ИОХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/000 тоот Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалын 1 болон 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Да, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.От, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ИОХХК Ш.Эшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компанийн хууль ёсоор ашиглаж байсан, Богдхан, уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Бага тэнгэрийн аманд 1.8 га газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/000 тоот Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалаар хүчингүй болгосон нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийг 106.3.1-д заасан шийдвэр гаргуулж уг тушаалыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар:

Манай ИОХХК-нд Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүс дэх Бага тэнгэрийн аманд анх 1.5 га газар ашиглах эрхийг 2008 онд авсан. Ингээд 2015 онд эдгээр газрыг кадастрын хэмжилтээр нэгтгэн 1.8 га ашиглах эрхийг 0000/000тоот гэрчилгээний дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 5 жилийн хугацаатай олгосон.

Үүний дараа газар ашиглах тухай 0000/001тоот гэрээг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл буюу 5 жилийн хугацаатай байгуулсан.

Ийнхүү хуулийн дагуу хэрэгжүүлж байсан газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/000 тоот тушаалаар хүчингүй болгосон нь манай компанийн газар ашиглах эрхийг ноцтой зөрчлөө.

Бид газар ашиглах гэрээний 2.4-т заасны дагуу жил бүр газрын төлбөрт 15,840,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ба бид газрын төлбөрийг жил бүр хугацаанд нь төлж байсан.Хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн газрын албатай 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр газрын төлбөрийн тооцоо нийлсэн ба үүгээр төлбөрийн үлдэгдэлгүй гэж дүгнэж байсан. Үүнээс хойших хугацааны газрын төлбөрийг зохих хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр төлсөн. Ийнхүү газрын төлбөрөөс төлөгдөөгүй ямар нэг үлдэгдэл төлбөр байхгүй.

Газар ашиглах гэрээний биелэлтийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай дүгнэсэн ба Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгасан заалтууд хэрэгжиж байгаа, мөн газрын төлбөрийн үлдэгдэлгүй, тооцоогүй гэж дүгнэсэн.

Үүний зэрэгцээ манай компани газрын болон Байгаль орчны хууль тогтоомжийн ямар нэг зөрчил гаргаж байгаагүй болно.

Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа шүүхийн шийдвэрт тухайлан заасан ажиллагааг хийгээгүй Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг зөрчсөн. Үүнд:

Байгаль орчин аялал жуулчлалын сайд 2018 оны 05 дугаар сарын 01-нд манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргаж байсан бөгөөд энэ талаар компани зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалан захиргааны хэргийн шүүхэд хандан маргаан үүсгэж шийдвэрлүүлж байсан.

Тодруулбал:

ИОХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/001тоот тушаалаар дуусгавар болгосон. Энэ захиргааны актыг манай компанид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахаар бид захиргааны хэргийн шүүхэд хандаж улмаар хяналтын шатны шүүхээс 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 000 дугаар тогтоол гарсан.

Улсын дээд шүүхээс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/001тоот тушаалын ИОХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Хяналтын шатны шүүхийн тогтоолд

26-д Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан ажиллагааг бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй гэж,

28-д нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлд хамаарах нөхцөл байдлыг нарийвчлан тодруулан тогтоох ажиллагааг захиргааны байгууллага гүйцэтгэж, тухайн нөхцөл байдлыг тодруулсан үндсэн дээр шинээр захиргааны акт гаргах шаардлагатай гэж,

29-д шүүхийн тогтоосон хугацаанд захиргааны байгууллага нэхэмжлэгч нь Усны тухай хуулиар хориглосон бүс буюу 50 метр дотор барилга барихаар төлөвлөсөн эсэх, хэрэв барихаар төлөвлөгдсөн бол энэ нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг бүхэлд нь дуусгавар болгох үндэслэлд хамаарах эсэх, төлөвлөгдсөн барилга хориглогдсон бүсэд баригдахаар бол энэ хүрээнд хориглосон шийдвэр гаргаж, үлдэх хэсгийг нэхэмжлэгч цаашид үргэлжлүүлэн ашиглах боломжтой эсэх зэргээр нэхэмжлэгчийн тайлбарт холбогдох хэсэгт болон маргаан бүхий тушаалд заасан зөрчилтэй холбоотой нөхцөл байдлыг шалгаж тодруулах нь зүйтэй гэж тус тус заасан.

Гэтэл хариуцагч тал шүүхийн шийдвэрт заасан эдгээр арга хэмжээг хэрэгжүүлээгүй байж дахин шинээр захиргааны акт гаргах нэрийдлээр өмнөх актаа дахин хэвээр гаргаж манай компанийн газар ашиглах эрхийг зөрчсөн. Энэ шинэ гэгдэх захиргааны акт нь өмнө нь гаргасан шийдвэрийнхээ зөвхөн дугаар, огноо өөрчилж, зарим хуулийн заалтыг хасах байдлаар хэвээр гаргасан байгаа нь шүүхийн шийдвэрийг огт биелүүлээгүй.

Ингэснээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь тухайн тушаалыг гаргахдаа Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн.

Газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн талаар:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан А/000 тоот Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаал нь дараах үндэслэлээр хууль зөрчсөн. Үүнд:

1.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасныг зөрчсөн бөгөөд захиргааны акт гаргахдаа захиргааны актад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоолгүй шийдвэрлэсэн.

2. Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй манай компанид ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн.

3.Хяналтын шатны шүүхийн 2019 оны 000 дугаар тогтоолын 26, 28, 29-д заасан арга хэмжээг аваагүй буюу шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

Ийнхүү БОАЖ-ын Сайд нь манай компани газар ашиглах эрхээ хууль ёсоор хэрэгжүүлж, ямар нэг зөрчил гаргаагүй байхад, мөн өмнөх маргаантай асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг болон дээр дурдсан хууль, шүүхийн шийдвэрийг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан тул БОАЖ-ын Сайдын 2019 оны А/000 тоот тушаалыг хүчингүй болгох ёстой гэж үзэж байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/000 дугаар тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.6, 12.11, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Усны тухай хуулийн 22.2, 22.4, 22.6 мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны хамтарсан А-000/000дугаар тушаалаар баталсан Усны сан бүхий газар, эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 000 дугаар тогтоолыг удирдлага болгосон.

1.Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д ...Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно... гэж, 22.2.1 онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно... гэж, 22.6 ...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно... гэж, 22.4-д ...Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно... гэж тус тус заасан.Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэж заасан.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны хамтарсан А-000/000дугаар тушаалаар баталсан Усны сан бүхий газар, эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-д онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг 2.3 болон 2.6-д тогтоож өгсөн. НИТХТ-ийн 50 дугаар тогтоолын хамгаалалтын бүс, Ус хангамжийн эх үүсвэрийн хязгаарлалтын, болон тэжээгдлийн бүсэд бүрэн орсон болно.

Иймд Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/000 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч ИОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Анх нэхэмжлэгч ИОХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүс дэх Бага тэнгэрийн аманд 1.5 га газар ашиглах эрхийг 2008 онд авч 2015 онд А-002тушаалаар 0.5 га газар ашиглахаар нэмж авснаа нэгтгэн 1.8 га газрын кадастрын бүртгэлийг хийлгэн 0000/000 дугаартай гэрчилгээ 5 жилийн хугацаатай олгожээ.

Дээрх гэрчилгээний дагуу газар ашиглах тухай 0000/001дугаартай гэрээг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга, болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай гурвалсан гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтийг дүгнүүлж байсан, газрын төлбөрөө бүрэн төлсөн, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэж шинжээчээр батлуулсан, газраа зориулалтын дагуу ашиглах /аялал жуулчлалын эко бааз байгуулах/ зорилгоор архитектур төлөвлөлтийн даалгаврыг эрх бүхий этгээдээр батлуулсан, уг төлөвлөлтийн даалгаварт үндэслэн барилгын ерөнхий төлөвлөгөөний эскиз зургийг боловсруулсан зэрэг тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж ажиллаж байхад нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нэхэмжлэгч ИОХХК-ийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2, дах хэсэг, Усны тухай хуулийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, заасныг зөрчсөн гэж үзэн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/001 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

Нэхэмжлэгч ИОХХК нь дээрх шийдвэр эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба анхан шатны шүүхээс нэхэмжлэгч ИОХХК-ыг Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчөөгүй байна гэж үзэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/001дугаар тушаалын ИОХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 000 дугаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, 22.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/001дугаар тушаалын ИОХХК-д холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Дээрх Улсын Дээд шүүхийн тогтоолын 26-д Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийгээгүй тухайлбал шийдвэр гаргахаас өмнө нөхцөл байдлыг шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүй, 28-д нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлд хамаарах нөхцөл байдлыг нарийвчлан тодруулан тогтоох ажиллагааг захиргааны байгууллага гүйцэтгэж, тухайн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр шинээр захиргааны акт гаргах шаардлагатай..., 29-д Шүүхийн тогтоосон хугацаанд захиргааны байгууллага нэхэмжлэгч нь Усны тухай хуулиар хориглосон бүс буюу 50 метр дотор барилга барихаар төлөвлөсөн эсэх, хэрэв барихаар төлөвлөгдсөн бол энэ нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг бүхэлд нь дуусгавар болгох үндэслэлд хамаарах эсэх, төлөвлөгдсөн барилга хориглосон бүсэд баригдахаар бол энэ хүрээнд хориглосон шийдвэр гаргаж, үлдэх хэсгийг нэхэмжлэгч цаашид үргэлжлүүлэн ашиглах боломжтой эсэх зэргийг шалгаж тогтоосны үндсэн дээр дахин шинэ акт 6 сарын хугацаанд гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

Гэтэл хариуцагч Байгал орчин, аялал жуулчлалын сайд нь шүүхийн дээрх тогтоолд дурдсан ажиллагааг огт хийлгүйгээр дахин шинэ акт гаргахдаа өмнө гаргаж байсан 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/001дугаар тушаалтай ижил үндэслэлээр нэхэмжлэгчийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.6, 12.11, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4, 22.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн дахин 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/000 дугаар тушаал гаргаж нэхэмжлэгч ИОХХК-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Тухайлбал нэхэмжлэгч ИОХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан зориулалтаар буюу аялал жуулчлалын зориулалтаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс дэх Бага тэнгэрийн амны 1.8 га газрыг авсан байхад хариуцагчаас нэхэмжлэгчийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 12.5, 12.6, 12.11-ийг тус тус зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалт нь 11 дүгээр зүйлд зааснаас өөр бусад зориулалтаар газар ашиглах үед тавигдах хориглолт байна.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх байх бөгөөд энэ заалт нь ИОХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохтой холбоотой харилцаанд шууд хамааралгүй байна.

Түүнчлэн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно, 22.2.1 онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, харга, чулуу авах, байгалийн ургамал үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно, 22.6-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно, 22.4 Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно гэсэн заалтуудыг дахин баримталсан хэдий ч дээрхээс аль заалтыг нэхэмжлэгчид тухайлан хамааруулсныг хариуцагч тайлбарлаагүй, аль заалтыг зөрчигдсөн гэж үзсэн, усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн аль бүсэд хамаарч байгаа болох, тухайн бүсийн дэглэмийн аль заалтыг хэрхэн зөрчсөн талаар шалгаж тогтоолгүйгээр шүүхийн тогтоолд тусгасан ажиллагааг огт хийлгүйгээр дахин 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр А/000 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхэд халдах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байна.

Мөн дээрх Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан ажиллагааг хийж, нягтлан шалгасан зүйл манай байгууллагад байхгүй гэж хариуцагч шүүх хуралдаанд тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/000 дугаар тушаалын 1 болон 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.6, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4, 22.6-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/000 тоот Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалын 1 болон 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ