Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2016/0454

 

 

 

 

 

 

2016 оны 7 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2016/0454

Улаанбаатар хот

 

“Монре констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ундрахтамир, хариуцагч С.Болорцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Нарангарав нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 279 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Монре констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэгт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Монре констракшн” ХХК-ийн захирал Э.Мөнхбаатар 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 02-04-129/1459 тоот дүгнэлтийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгох”-ыг хүсчээ.

Хоёр. Хариуцагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэг 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллагад ирүүлсэн 02/1711 тоот албан бичгийг Дэд бүтцийн хяналтын хэлтэс шалгаж байгаад 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэст шилжин ирснээр хэлтсийн дарга Д.Бат-Өлзийгийн “Холбогдох материал дээр дүгнэлт гаргах” цохолттойгоор Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэг надад хүлээлгэн өгсөн.

2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 02-02/515 тоот “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг боловсруулж дэд дарга Э.Болорчулуунаар батлуулан хяналт шалгалтыг хуульд заасан хугацаанд эхлүүлсэн. Уг удирдамжийн дагуу нийслэлийн Өмчийн харилцааны газар, “Мөнхийн үсэг” ХХК, “Монре констракшн” ХХК-иудыг хамруулан хяналт шалгалтыг эхлүүлсэн. Шалгалтаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын архиваас шалгалтад шаардлагатай нотлох баримтуудыг гаргуулан авахаар 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр холбогдох газар зохион байгуулагч, “Мөнхийн үсэг” ХХК-ийн менежер, “Монре констракшн” ХХК-ийн менежертэй уулзсан мөн газар дээрх нөхцөл байдалтай очиж танилцсан.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52-т “Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ” гэж заасны дагуу улсын байцаагчийн дүгнэлт гаргахад шаардлагатай хяналтын хэмжилтийг хийлгүүлж ирэх талаар зөвлөгөө өгөхөд “Мөнхийн үсэг” ХХК нь хяналтын хэмжилтийг геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр 1:500-ны масштабтай зураглалыг хийлгэж ирэхээр болсон.

Шалгалтын хугацаанд нотлох баримт болох хяналтын хэмжилт хийж ирээгүйгээс удирдамжийн хугацаа дууссан тул дахин 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 02-03/589 тоот “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг боловсруулж дэд дарга С.Даваасүрэнгээр батлуулсан. “Монре констракшн” ХХК-ийн захиралтай удаа дараа холбогдсоны эцэст 8 хуудас материалыг авчирч өгсөн.

Дээрх хяналтын хэмжилтийг 2015 оны 7 дугаар сард геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Топкад” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд эцсийн байдлаар 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр надад авчирч өгсөн бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т “хуульд өөрөөр заагаагүй бол төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй” гэж заасныг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлтийг гаргаж хүргүүлсэн.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн албан бичиг нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т “Төлөвлөгөөт хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл ...зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж заасныг үндэслэн хяналт шалгалтыг хийсэн.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн 02/1711 тоот албан бичигт “...“Монре констракшн” ХХК-ийн эзэмшил газрын баруун талд “Мөнхийн үсэг” ХХК нь ...тухайн газрыг шалгаж тухайн газар дээрх зөрчлийг арилгуулах” асуудал тусгагдсан байсан.

Энэ асуудлыг шалгаж үзэхэд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд тусгагдсан маргаан биш уг асуудлыг шийдвэрлэх төрийн байгууллага нь Газрын тухай хууль, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 102 дугаар тогтоолд заасныг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчлийг, мөн “Мөнхийн үсэг” ХХК нь Газрын тухай хууль болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 102 дугаар тогтоолд заасныг мөрдөөгүй зөрчлийг тус тус илрүүлэн улсын байцаагчийн эрхийн хүрээнд 03-11-0223:2013 стандартын дагуу дүгнэлт гаргасан.

Анх нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар захирамжаар “Монре констракшн” ХХК-д 14120 м.кв газрыг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, нийслэлийн Газрын алба 8013/0031 тоот газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, 0003600 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг 2004 оны 5 дугаар сарын 20-ны өдөр олгож, газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18639309487400 дугаартайгаар бүртгэгдсэн байна.

Үүнээс хойш “Монре констракшн” ХХК-ийн эзэмшил газарт байсан барилгууд худалдагдсантай холбоотой талбайн хэмжээ нь хасагдаж, нийслэлийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаартай захирамжаар “Монре констракшн” ХХК-д 7827 м.кв газрыг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, нийслэлийн Газрын алба 8013/0025 тоот газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, 0229575 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг 2010 оны 8 дугаар сарын 4-ний өдөр олгож, газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18639309468427 дугаартай бүртгэгдсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дугаартай захирамжаар “Монре констракшн” ХХК-д 5650 м.кв, 2187 м.кв, 7997 м.кв, нийт 15834 м.кв 3 нэгж талбар газрыг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц, үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, нийслэлийн Газрын алба 178013/0071, 178013/0072, 178013/0025 тоот газар эзэмшүүлэх гэрээнүүдийг байгуулж, 0293464, 0293466, 0293465 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг 2012 оны 2 дугаар сарын 3-ны өдөр олгож, газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18639309454424, 18639309528394 18639309397448 дугаартайгаар тус тус бүртгэгдсэн байна.

“Монре констракшн” ХХК-ийн 1/33 тоот албан бичгээр нийслэлийн Газрын албанд “Өөрийн эзэмшлийн 7827 м.кв газраа /18639309468427 дугаартай нэгж талбар/ 3 хэсэгт 2184 м.кв, 5650 м.кв, 8000 м.кв гэж хуваан газрын гэрчилгээ авах тухай" хүсэлт гаргасан бөгөөд 8000 м.кв газар нэмж хүссэн байна.

Уг хүсэлтийг нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн Ц.Шижир судлах явцдаа “Монре констракшн” ХХК-ийн эзэмшлийн 7827 м.кв газрыг гурав хуваах нэрийн дор 2187 м.кв, 5650 м.кв хэмжээгээр хоёр хэсэг болгон нэгж талбаруудад хуваасан, мөн шинээр газар доорх дулааны шугам болон үерийн хамгаалалтын далан дээр 8000 м.кв газрыг олгох асуудлыг журамд заасны дагуу бүрэн судлахгүйгээр 15834 м.кв газар болгон шийдвэрлүүлэхээр захирамжийн төслийг бэлтгэж алдаа гаргасан байхад нийслэлийн Засаг даргын 2012 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн А/40 дугаартай захирамжаар “Монре констракшн” ХХК-д 7997 м.кв газрыг орон сууц, үйлдвэрлэлийн зориулалтаар үерийн хамгаалалтын далан дээр шинээр олгож шийдвэрлэсэн байна.

Энэ нь “Монре констракшн” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу суурин болон хээрийн судалгааг бүрэн хийлгүйгээр газрын хэмжээг 7997 м.кв-аар нэмж дулааны шугам, үерийн хамгаалалтын далан дээр олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно”, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2.5-д “Инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын бүстэй давхцаж буй эсэхийг шалгах”, 5.2.6-д “Үер усны ам, далан болон ундны усны эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын бүсэд хамрагдаж буй эсэхийг шалгах”, 6 дугаар зүйлийн 6.2.3-т “Үер, усны ам, эрчим хүчний шугамын аюулгүй болон ундны усны эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын бүсэд оршиж буй эсэхийг нягтлах” гэсэн заалтуудыг зөрчин газар эзэмшүүлсэн.

Уг дүгнэлтээр “Монре констракшн” ХХК болон “Мөнхийн үсэг” ХХК-иуд нь хууль зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд холбогдох арга хэмжээ авахуулах талаар 2015 оны 9 сарын 23-ны өдрийн 02-02/2954, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 02/2990 тоот албан бичгүүдийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн.

Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Толкад” ХХК-ийн 2015 оны 7 дугаар сард гүйцэтгэж Д.Болдбаатар шалгасан хэмжилт, нэгж талбаруудын кадастрын зургийг давхцуулсан байдлаас “Монре констракшн” ХХК-ийн 18639309397448 дугаартай нэгж талбар нь бүхэлдээ газар доорх дулааны шугам, үерийн хамгаалалтын далан дээр мөн далангийн хамгаалалтын зурваст тус тус орсон байна.

“Монре констракшн” ХХК-ийн 18639309397448 дугаартай нэгж талбар нь газар доорх дулааны шугам, үерийн хамгаалалтын далан дээр мөн үерийн хамгаалалтын зурваст тус тус орсон байгаа нь нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 102 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2-т “Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг барилга байгууламж, далан сувгийн гадаад ирмэгээс гадагш 10 метр, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын тэнхлэгээс 5 метр байхаар тогтооно”, 2.3-т “Хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц барих, газар эзэмшүүлэх, өмчлүүлэх болон Захирагчийн ажлын албанаас зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байсан.

“Монре констракшн” ХХК-ийн хүсэлтийн дагуу Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 1/714 тоот албан бичигт 2010-2013 оны сансрын зурагтай давхцуулсан байдлаар хариуг хүргүүлсэн. Үүнээс харахад “Монре констракшн” ХХК-ийн 186309397448 дугаар нэгж талбар нь бүхэлдээ инженерийн шугам сүлжээ, үерийн хамгаалалтын далан дээр мөн далангийн хамгаалалтын зурваст тус тус орсон байна” гэжээ.

Гурав. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 279 дүгээр шийдвэрээр:

“Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.6, 5.7, 5.9, 5.11, 52 дугаар зүйлийн 52.2, 52.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Монре констракшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэгийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 02-04-129/1459 тоот дүгнэлтийн “Монре констракшн” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Дөрөв. Хариуцагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэг дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 02/1711 тоот албан бичигт “Монре констракшн” ХХК-ийн эзэмшил газрын баруун талд “Мөнхийн үсэг” ХХК нь ...тухайн газрыг шалгаж тухайн газар дээрх зөрчлийг арилгуулж эрчим хүчээр хангахгүй байхыг хангагч байгууллагууд руу мэдэгдэл өгч хамтран ажиллана уу” гэжээ.

Дээрх албан бичигтэй танилцан шалгахад нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн хэмжээнд газар ашиглалттай холбогдон үүссэн зөрчлийг арилгахад баримтлах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.1-д “Нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө, хот байгуулалтын баримт бичиг буюу хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчиж газар эзэмшиж, ашигласан”; 2 дугаар зүйлийн 2.1.4-т “Эзэмшил газрын хэмжээг дур мэдэн ихэсгэсэн”; 2.1.6-д “Барилга, байгууламжийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй өргөтгөсөн, шинээр барьсан; 2.1.11-д “Зурвас газар, хамгаалалтын бүс, аюулгүйн болон эрүүл ахуйн бүс, зам, шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшиж, ашигласан” гэж заасан зөрчил  байсан бөгөөд 5 дугаар зүйлийн 5.10.2-т “Зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу таслан зогсоох арга хэмжээ авах, зөрчлийг арилгах талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гаргах” гэж заасныг үндэслэн шийдвэр гаргахаар хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн.

Дээрх албан бичигт дурдагдсан “Мөнхийн үсэг” ХХК, “Монре констракшн” ХХК-иуд нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд тусгагдсан маргаан биш “Мөнхийн үсэг” ХХК, “Монре констракшн” ХХК-иудад газар олголтын асуудлыг шийдвэрлэхдээ төрийн байгууллага нь “Газрын тухай хууль, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны болон хөрсний ус зайлуулах шугамны хамгаалалтын зурвас, засвар үйлчилгээний журам”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг мөрдөхгүйгээр газар олгосон зөрчлүүдэд улсын байцаагчийн эрхийн хүрээнд GS-11-0223:2013 дугаар стандартын дагуу дүгнэлт /ММS5140-1:2011 дугаар стандартаар тогтоосон “дүгнэлт” гэж ажил хэрэг, бодит байдлыг дүгнэн тодорхойлж гаргасан баримт бичиг/-ийг үйлдэн гаргасан нь хяналтын хамрах хүрээг хэтрүүлээгүй бөгөөд “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэснийг зөрчөөгүй.

Мөн удирдамжиндаа “нийслэлийн Өмчийн харилцааны газар, “Мөнхийн үсэг” ХХК, “Монре констракшн” ХХК-иудыг хамруулан хяналт шалгалтыг хийнэ гэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ гэснийг зөрчөөгүй.

Мөн зөрчил гаргасан нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн Ц.Шижирт арга хэмжээ авахуулах талаар 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 02-02/2990 тоот албан бичгийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 02/1711 тоот албан бичгийг манай байгууллагад ирүүлснээр Дэд бүтцийн хяналтын хэлтэст шалгагдаж байгаад 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Байгаль орчин,геологи, уул уурхайн хяналтын хэлтэст шилжин ирснээр хэлтсийн дарга Д.Бат-Өлзий нь “Холбогдох материал дээр дүгнэлт гаргах” цохолттойгоор Байгаль орчин,газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэг надад хүлээлгэн өгсөн тул 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 02-02/515 тоот “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг боловсруулж дэд дарга Э.Болорчулуунаар батлуулан хяналт шалгалтыг хуульд заасан хугацаанд /4 хоногийн дотор/ эхлүүлсэн. Шалгалтын хугацаанд нотлох баримт болох хяналтын хэмжилт хийж ирээгүйгээс удирдамжийн хугацаа дууссан тул дахин 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 02-03/589 тоот “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг боловсруулж дэд дарга С.Даваасүрэнгээр батлуулсан. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ” хэсгийг зөрчөөгүй. Хавтаст хэрэгт цохолт бүхий 02/1711 тоот албан бичиг, удирдамжийг тус тус хавсаргаж өгсөн болно.

Хяналт шалгалтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, дуусгахдаа нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хан-Уул дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Ц.Отгонбямба, “Монре констракшн” ХХК, “Мөнхийн үсэг” ХХК-иудын холбогдох хүмүүстэй 2015 оны 7 дугаар сард өөрийн биеэр уулзаж, шалгалтын зорилго, бүрэлдэхүүн, удирдамжийн талаар танилцуулж, дээрх компаниудаас шаардлагатай нотлох баримтуудыг авсан. “Монре констракшн” ХХК-ийн захиралтай удаа дараа холбогдсоны эцэст 8 хуудас материалыг менежер нь авчирч өгсөн, мөн “Монре констракшн” ХХК-ийн захирал нь өөрөө 2015 оны 9 дүгээр сард утсаар байцаагч над руу залган “...манай компанитай холбоотой дүгнэлт гарсан уу” гэж асууж байсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах”, 5 дугаар зүйлийн 5.6-т “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтанд шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ” гэж заасныг зөрчөөгүй.

Холбогдох материал дээр дүгнэлт гаргах цохолт, мөн газар олголтыг шийдвэрлэхдээ холбогдох хууль, журмуудыг зөрчсөн тул нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хан-Уул дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Ц.Отгонбямбатай уулзан шалгалтын тэмдэглэлийг 2 хувь үйлдэж, 1 хувийг нь өгсөн. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана” гэж заасныг зөрчөөгүй болно.

Шалгалтын явц үр дүн, шалгалтаар гаргаж байгаа шийдвэрийн талаар удирдамжид заасны дагуу тухай бүр нь дээд удирдах албан тушаалтан дэд дарга Э.Болорчулуун, хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Д.Бат-Өлзий нарт танилцуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай  хуулийн 5 дугаар зүйлийн 5.11-д “Улсын байцаагч шалгалтын тэмдэглэл болон үр дүнгийн талаар дээд шатны улсын байцаагчид тухайн шалгалт дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор танилцуулна” гэж заасныг зөрчөөгүй.

Улсын байцаагчийн 02-04-129/1459 тоот дүгнэлтийн 3 дахь заалтад “Монре констракшн” ХХК, “Мөнхийн үсэг” ХХК-иудыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 102 дугаар тогтоолын 2.2, 2.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн байхад энэ заалтыг зөвхөн “Монре констракшн” ХХК-тай холбоотой мэтээр 279 дугаар шүүхийн шийдвэртээ үндэслэл болгосон нь хэт нэг талыг барьж шүүхийн шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

Үнэхээр 3 дахь заалтыг хүчингүй болгож байгаа бол эрх ашиг нь хөндөгдөж байгаа “Мөнхийн үсэг” ХХК-ийг шүүх хуралд оролцуулахгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан.

Улсын байцаагчийн 02-04-129/1459 тоот дүгнэлтийн 1, 2, 3 дугаар заалтууд нь нийслэлийн Газрын алба хуульд заасан үүргээ биелүүлээгүй, холбогдох хууль тогтоомж, журмуудыг зөрчснийг, 4 дэх заалт нь “Мөнхийн үсэг” ХХК нь барилга барихдаа холбогдох хуулийг хэрэгжүүлээгүйг дүгнэсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 279 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, улсын байцаагчийн 02-04-129/1459 тоот дүгнэлтийг сэргээж, хүчин төгөлдөр болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэгийн гаргасан 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 02-04-129/1459 тоот дүгнэлтийг хүчингүй болгохдоо “...Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийгээгүй, хяналтын хамрах хүрээг хэтрүүлсэн, шалгалтын хугацааг удирдамжаар сунгах тухай заагаагүй, “Топкад” ХХК нь 2015 оны 7 дугаар сард хяналтын хэмжилтийн зургийг хийж гүйцэтгэсэн байхад дахин удирдамж гаргах замаар шалгалтын үргэлжлэх хугацааг сунгасан, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 02-02/515 дугаар удирдамж баталснаар хяналт шалгалтын ажлыг эхлүүлэх хуулийн хугацааг хэтрүүлсэн, улсын байцаагч хяналт шалгалтын явцад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг баримталж ажиллаагүй болох нь тогтоогдов...” гэх зэргээр зөвхөн хяналт шалтгалтын үйл явц, процесстой холбогдуулан дүгнэлт хийх байдлаар хэргийг шийдвэрлэжээ.

Гэтэл "Монре констракшн" ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дээрх процессийн гэх зөрчлөөс гадна дүгнэлтийг хууль бус гэж үзэхдээ тухайлбал, дүгнэлтийн 1 дэх хэсэгт “өөрийн эзэмшил газраа хуваалгах нэрийн дор шинээр нэмж 8000 м.кв газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан...” гэх бөгөөд энэ нь 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа манай эзэмшил газрын үргэлжлэл талбай учраас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь заалтад хамаарахгүй, 2 дахь заалтын газар доорх дулааны шугам, үерийн далан дээр газар эзэмшүүлсэн гэсэн нь үндэслэлгүй...” гэх зэргээр дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг буруутгадаг.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээс маргааныг хянан шийдвэрлэхдээ захиргааны актын хууль зүйн үндэслэлийг бүрэн дүгнэх, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрт дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн Төрийн хяналтын шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалт явуулах журмыг зөрчсөн гэх үндэслэлээр маргааныг шийдвэрлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй байна.

2.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс "...нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа 29 хуудас нотлох баримтыг хавсаргаж өгсөн. Гэтэл эдгээр баримтаас хэрэгт зөвхөн 7 хуудас материал байна. Үлдсэн материал хаачсан нь тодорхойгүй...”  гэх  тайлбар гаргасантай холбогдуулан нягтлан үзэхэд анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд шүүх хуралдаан даргалагчаас "...хариуцагч талаас өмнө гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангасан баримт хэрэгт авагдсан тул нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг буцааж өгье. Хариуцагчид өгөв" гэсэн нь тэмдэглэлд тусгагдсан, гэхдээ чухам хэдэн хуудас, ямар баримтыг буцааж өгсөн болох нь тодорхойгүй, үүнээс өөрөөр хариуцагчийн шүүхэд гаргасан баримтаас буцааж өгснийг батлах баримт үйлдэгдээгүй байна.

Хариу тайлбарт хавсаргасан гэх 29 хуудас баримтын жагсаалтыг гаргасан байх бөгөөд шүүхээс “Монре констракшн” ХХК-ийн эзэмшил газрын хувийн хэргийг нийслэлийн Өмчийн харилцааны газраас нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргуулж авсантай холбогдуулан давхардсан болон нотлох баримтыг шаардлага хангахгүй баримтыг хариуцагчид буцаан өгсөн байх боломжтой ч давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас нэр заан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 1/714 дүгээр албан бичгийг өгсөн гэх боловч энэ нь хавтаст хэрэгт байхгүй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/3898 дугаар албан бичгээр Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт хандаж хариуцагчийн өгсөн гэх энэхүү бичгийг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэхийг хүссэн байх боловч хэрэгт авагдаагүй байна.

3.“Монре констракшн” ХХК-иас улсын байцаагчийн актын зөвхөн өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан ч маргаан бүхий захиргааны актад “Монре констракшн” ХХК-д газар эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын захирамжаас гадна тус компанийн эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр барилга барьсан “Мөнхийн үсэг” ХХК-ийн талаар дүгнэжээ.

Тухайлбал “Мөнхийн үсэг” ХХК нь барилгаа “Монре констракшн” ХХК-ийн эзэмшил газарт 1837.64 м.кв хэмжээгээр хэтрүүлэн оруулж барьсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг зөрчсөн гэснээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр "Мөнхийн үсэг" ХХК-ийг татан оролцуулах нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан нөхцөл байдлыг зөвтгөн тодруулах боломжгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 279 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 279 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН