| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2018/00309/И |
| Дугаар | 537 |
| Огноо | 2018-05-18 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 537
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.Б-д холбогдох
Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 56-91 АРХ улсын дугаартай KIA маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г би 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ш.Б-тэй өөрийн эзэмшлийн 56-91 АРХ улсын дугаартай машиныг худалдахаар тохирч, Б өөрийн нэр дээрээ шилжүүлсэн. Тэгээд худалдах, худалдан авах гэрээ хийж машины гэрчилгээг Хас банкинд тавьж зээл авсан боловч өдий хүртэл мөнгөө өгөөгүй. Энэ гэрээг Г намайг хууран мэхэлж хийсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 11 сарын 27-ны өдөр иргэн Г.Г нь надтай машины наймаа хийх болсон тул банкнаас зээл авч өгөхөөр тохиролцсон. Гантулга пронтер машинаа 4500000 төгрөгөөр үнэлж 4000000 төгрөгийг бэлэн авч өг. Үлдсэн 500000 төгрөгийг банз мод өгье гэж тохирсон. Би Г-д 4000000 төгрөг банкнаас зээл авч өгөх гэж Хас банкинд зээл авах материалаа өгөхийн тулд Г-ын пронтерийг өөрийн нэр дээр шилжүүлж өгч хурлаар ортол 2700000 төгрөгийн зээл гарч барьцаа хүрэхгүй гээд уг мөнгийг өгсөн. Би банкнаас гарч ирээд 2500000 төгрөгийг банкны гадаа Г-д өгөхөд заавал 4000000 төгрөгөө авна гээд аваагүй. Надад нэр шилжүүлсэн машинаа ч өгөөгүй. Би ч аваагүй. Дараа нь би зээлээ төлөөд явж байтал маш хүндээр гэмтэж хагалгаанд өөрийн мөнгөөр орсон тул үлдсэн зээлээ төлж чадаагүй. 1800000 төгрөгийн банкны өр одоо 3000000 төгрөг болж, би төлж чадахгүй явж байгаа. Энэ байдлаас болж машины нэрийг шилжүүлэн өгч чадахгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би машинаа 7 000 000 төгрөгөр үнэлсэн. Хас банкнаас зээл аваад 4 000 000 төгрөгийг өгөх юм бол хамаа алга гэсэн. Гэтэл Хас банкнаас зээл авчихаад 2 500 000 төгрөг өгөөд машинаа авна гэхээр нь та энэ 2 500 000 төгрөгөөр бизнесээ хийгээд бүх мөнгөө өгөөд машиныг ав гэсэн. Тэгээд мөнгөө ч өгөөгүй. Машин надад байгаа. Төдийгөөс өдийг хүртэл машиныг хөдөлгөөнд оруулсан зүйлгүй байна. Хариуцагчаас бичиг баримтаа авч машинаа цаашид худалдах хүсэлттэй байна. Би нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж машин худалдсан гэрээнээс татгалзаж машины гэрчилгээг гаргуулж авах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 4 500 000 төгрөгөөр авна гэж тохирсон. Зээл аваад өг гээд Хас банкнаас зээл авахад 2 700 000 төгрөг гарсныг өгөхөд Г.Г авахгүй гэсэн. Бид хоёр гэрээний үүргээ аль, аль тал нь биелүүлээгүй учир Г-ын нэр дээр машины гэрчилгээг өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ гэрчилгээ банкны зээлийн барьцaанд байгаа болохоор өгч чадахгүй байгаа юм гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Ш.Б-д холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 56-91 АРХ улсын дугаартай KIA маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагч Ш.Б-өөс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2014 оны 11 сарын 20–нд 56-91 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Г.Г хариуцагч Ш.Б-д худалдахаар гэрээ байгуулсан гэдэгтэй, хариуцагч Ш.Б нь банкнаас зээл авч худалдан авсан зүйлийн үнийг төлөхөөр уг 56-91 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч банкинд барьцаалж зээл авсан гэдэгтэй талууд маргаагүй.
Хариуцагч нь нэхэмжлэгч Г.Г-д тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан өгөхийг зөвшөөрч байгаа боловч тэрээр уг гэрчилгээний эзэмшигчийн нэр өөрчлөгдсөн, банкны зээлийн барьцаанд байгаа гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн гэрчилгээг 2016 онд хариуцагчийн банкны зээл төлж дуусах үеэс хойш хариуцагчаас шаардаж байгаа гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.
Хариуцагч Ш.Б нь нэхэмжлэгч Г.Г-д хэлэлцэн тохирсон үнийг төлөөгүй, нэхэмжлэгч Г.Г хариуцагч Ш.Б-д тээврийн хэрэгслийг шилжүүлээгүй, харин тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогддог. Энэхүү тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь хөрөнгө биш тухайн хөрөнгөтэй холбоотой баримт бичиг юм.
Талууд бичгээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч үүнийгээ тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шилжүүлж, банкнаас зээл авахын тулд хийсэн гэж тайлбарладаг.
Хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх олж буй этгээдийн эзэмшилд шилжүүлснээр уг хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасан, мөн худалдах худалдах авах гэрээний нэг шинж нь худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх үүргийг хүлээсэн байдаг. Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд талууд гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож эд хөрөнгө шилжүүлснээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж тооцохоор байна.
Гэтэл нэхэмжлэгч Г.Г хариуцагч Ш.Б-д 56-91 АРХ улсын дугаартай KIA маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар Г.Г, Ш.Б нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 56-91 АРХ улсын дугаартай KIA маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагч Ш.Б-с гаргуулан нэхэмжлэгчид Г.Г-д олгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин гэрээ байгуулагдаагүй учир гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
56-91 АРХ улсын дугаартай KIA маркийн тээврийн хэрэгсэл банкны зээлийн барьцаанд байгаа талаар, энэхүү тээврийн хэрэгсэл Ш.Б-ийн өмчлөлд байхгүй талаар банкинд мэдэгдэж байсан гэж талууд тайлбарладаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тээврийн хэрэгслийг барьцаанд авсан гэх этгээд болон зохигч банкийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 56-91 АРХ улсын дугаартай KIA маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагч Ш.Б-өөс гаргуулан нэхэмжлэгчид Г.Г-д олгон, худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118950 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Ш.Б-өс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА