| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2018/01708/и |
| Дугаар | 01863 |
| Огноо | 2018-06-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 01863
2018 оны 06 сарын 05 өдөр Дугаар 102/ШШ2018/01863 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүгч З.Доржнамжин, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Тоосгоны тоотод оршин суух, Б овогт Ц.А-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, дүгээр хороо, тоотод оршин суух, Б овогт С.О-д холбогдох гэм хорын хохирол 644.050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.А, хариуцагч С.О, иргэдийн төлөөлөгч Д.Бадамцэцэг, нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ц.А нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед Монголын үндэсний их сургуулийн урд замын явган хүний гарцаар, ногоон гэрлээр хойд зүгээс урд зүгт чиглэлтэй зам хөндлөн гарч явах үед баруун талаас иргэн С.О өөрийн эзэмшлийн “Toyota Ist” маркийн 82-18-УНЗ улсын дугаартай автомашиныг унаж яваад намайг мөргөж гэмтээсний улмаас Гэмтлийн эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөхөд аарцаг ясны зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн онош тогтоогдсон.
Тухайн ослын газарт Замын цагдаагийн газрын цагдаа үзлэг, хэмжилт хийж, С.Оийг буруутай гэсэн дүгнэлт гаргасан.
Ослын улмаас нуруу өвдөн, толгой эргэж, халуураад 14 хоног ажилдаа явж чадаагүй. Эмчид үзүүлэхэд хэвтрийн дэглэм барь гэсэн. Намайг дайрчихаад өнөөдрийг хүртэл уучлалт гуйж, утсаар яриагүй. Би өнчин эмэгтэй дүүгийн хамт амьдардаг.
Иймд хариуцагчаас эрүүл мэндэд учирсан хохирол, цалин 644.050 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өмнөх шүүх хуралдаанд бие эвгүй болоод айгаад компанийн хаягаа зөрүүлээд буруу хэлсэн байсан. “Алтай шагай” ХХК-ийн байранд байрладаг “ALL DESIGN STUDIO”-ийн “Амирлан Эс Эйч” ХХК-д хэвлэгчээр ажилладаг гэжээ.
Хариуцагч С.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагийн үед Гандангийн арын зам дээр 3 дугаар хороолол явах чиглэлд явган зорчигч Ц.А-г мөргөж зам тээврийн осол гаргаснаа хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгчид 140.000 төгрөг өгч, аарцаг нурууны томографикийн шинжилгээ хийлгэхэд хэвийн гарсан. Би тэтгэврийн нас хүртлээ “Цалингийн зээл” тултал авсан, мөнгө өгөх боломжгүй, хоёр хүүхдээ тэжээдэг. Өгвөл 100.000 төгрөг өгнө, өөр мөнгө өгч чадахгүй. Баримтаа гаргавал даатгалаас мөнгө авч өгч чадна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ц.А, хариуцагч С.О-ээс гэм хорын хохирол 644.050 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч 100.000 төгрөг өгөх боломжтой гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг ханган, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Монголын үндэсний их сургуулийн урд зам дээр “Toyota Ist” маркийн 82-18 УНЗ улсын дугаартай автомашин жолоодож яваад, явган хүний гарцан дээр ногоон гэрлээр гарч явсан нэхэмжлэгч Ц.А-г мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас түүний биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн”-ийн Шинжээчийн дүгнэлт, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, Явган зорчигч болон жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай 84 дугаартай Тогтоол, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Хохирогчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 84/1805000905 дугаартай Шийтгэлийн хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Тэрээр 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч “нэхэмжлэгч цалин 644.050 төгрөг гаргуулах нотлох баримтаа өгөөгүй, тэтгэвэрт гартлаа зээл авсан учраас хохирол төлөхийг зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг гаргасан боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хохирлыг төлөх үүрэгтэй байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад хариуцагч Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн болох нь Замын цагдаагийн албаны Нийслэлийн хөдөлгөөний хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 84/1805000905 дугаартай Шийтгэлийн хуудсаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч сард 900.000 төгрөгийн цалин авдагаас тооцоход 900.000 төгрөг:21.5 ажлын хоног=41.860 төгрөг, нэг өдрийн цалин болж байна.
Гэвч нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “би хэвлэгч хийдэг. миний нэг өдрийн цалин 30.000 төгрөг байдаг” гэх тайлбарыг гаргасан тул 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчдийн дүгнэлт, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст өгсөн “Хохирогчийн мэдүүлэг” зэрэг баримтуудаар 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч ажилдаа явах боломжгүй байжээ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд, 7 хоног х 30.000 төгрөг /нэг өдрийн ажлын хөлс/= 210.000 төгрөг, үүн дээр хариуцагч маргаагүй тул эмчилгээний зардал 44.050 төгрөгийг нэмээд, хариуцагчаас 254.050 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 390.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 254.050 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 8271 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б овогт С.О-оос гэм хорын хохирол 254.050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б овогт Ц.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 390.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 8271 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.АРИУНАА
ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН
Н.ХАНГАЛ
ДАРГАЛАГЧ Г.АРИУНАА
ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН
Н.ХАНГАЛ