| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2018/01032/и |
| Дугаар | 01833 |
| Огноо | 2018-05-31 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 01833
2018 оны 05 сарын 31 өдөр Дугаар 102/ШШ2018/01833 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамжны тоотод байрлах “Мөнх такси” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, дүгээр хороо, Зүүн ард Аюушийн дүгээр гудамжны тоотод оршин суух Т овогт Б.Б
Хариуцагч Баянгол дүүрэг, дүгээр хороо, Зүүн ард Аюушийн дүгээр гудамжны 112 тоотод оршин суух Ж овогт Д.О
Хариуцагч Баянгол дүүрэг, дүгээр хороо, Зүүн ард Аюушийн дүгээр гудамжны 112 тоотод оршин суух Т овогт Б.Б нарт холбогдох гэрээний үүргээс учирсан хохирол, олох ёстой орлого 14.375.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянав.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдпсэн төлөөлөгч Б.Азжаргал, С.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч П.Батбүрэн, нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч “Мөнх такси” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Б.Б-тэй “Такси ажиллуулах гэрээ” байгуулан, өөрийн өмчлөлийн 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Монгол улсад орж ирсэн, “Hyundai sonata-6” маркийн мөнгөлөг өнгөтэй, 52-36 УНЗ улсын дугаартай автомашиныг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажлын 530 хоногийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шилжүүлэн өгсөн.
Дээрх гэрээний хавсралтаар 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Батлан даалтын гэрээ”-г Б.Б-ийн ээж Д.О, төрсөн дүү Б.Б нартай Б.Б-ийн адил үүрэг хүлээж, компанид хохирол учруулсан бол өөрийн хөрөнгөөр хохирлыг барагдуулах үүрэг хүлээхээр байгуулсан.
Б.Б шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар “Такси ажиллуулах гэрээ”-нд заасны дагуу урьдчилгаа төлбөрт 1.200.000 төгрөг, өдрийн орлогоос 15 хоногийн 375.000 төгрөгийг төлсөн байна.
Тэрээр түрээслэгч “Такси ажиллуулах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар компанийн зөвшөөрөлгүйгээр бусдад жолоо шилжүүлэхгүй байх үүргээ зөрчсөний улмаас 2017 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө С.Ганбат автомашиныг согтуугаар жолоодон яваад Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч, ослын улмаас 2 хүний амь нас эрсдэн, 52-36 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн кузовын ган карказ гажиж, дундуураа ханзарч урагдан бусад эд ангиуд эвдэрч автомашин дахин ашиглах боломжгүй болсон тул төмрийн хаягдалд өгсөн.
Б.Б автомашины мөнгийг төлөхөөр ярьдаг байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөхгүй, залгахаар утсаа авахгүй байна.
Иймээс гэрээнд зааснаар Б.Б, Д.О, Б.Б нараас “Hyundai sonata-6” маркийн мөнгөлөг өнгөтэй, 52-36-УНЗ улсын дугаартай автомашины төлбөрт 12.875.000 төгрөг, компанийн олох ёстой байсан орлогыг 60 хоногоор өдрийн 25000 төгрөгөөр тооцоход 1.500.000 төгрөг, нийт 14.375.000 гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани талийгч Б.Б-тэй “Такси ажиллуулах гэрээ”-г байгуулан ажилласан.
Гэтэл хэргийг шийдвэрлэхээс өмнө хариуцагч Б.Б нас барсан тул түүнээс татгалзаж, “Батлан даалт”-ын гэрээний дагуу хариуцагч Д.О, Б.Б нараас гэрээнээс үүдсэн хохирол 12.875.000 төгрөгийг гаргуулж, олох ёстой орлого 1.500.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж оролцоно. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9, 4.19, 5.3 дахь хсэгүүдэд зааснаар батлан даагч нар компанид учирсан хохирлыг төлөх ёстой. Учир нь:
Талийгч гэрээний дагуу автомашиныг хүлээн аваад, эзэмшиж ашиглаж байсан талаар маргадаггүй. Тухайн осолд хариуцагч Б.Б буруутай. Өөрийн эзэмшилд байгаа хөрөнгөө хамгаалах үүрэгтэй. Түүнээс өөр хүн унаж яваад эвдэлсэн гэх нь ёс зүйгүй. Ямартаа ч нэхэмжлэгчид учруулсан хохирлоо барагдуулах нь зүйтэй. Дараа нь өөрийнхөө хохирлоо хэнээс нэхэх нь хариуцагч нарын асуудал.
Иймд гэрээний үүргээс учирсан хохирол 12.875.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, олох ёстой орлого 1.500.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байгааг шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
Хариуцагч /талийгаач/ Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Мөнх такси” ХХК-тай “Такси ажиллуулах гэрээ” байгуулж, 52-36 УНЗ улсын дугаартай автомашиныг авч эзэмшсэн.
2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр намайг гэртээ утнаж байх үед найз болох н.Ганзул автомашины түлхүүрийг надад хэлээгүй хашаанаас хулгайлан авч унаж яваад н.Ганбат гэх найзындаа очиж архи ууж, согтоод унтсан үед нь н.Ганбат түлхүүрийг хулгайлан авч, хүүхэдтэйгээ хамт согтуугаар автомашин жолоодож яваад зам тээврийн осолд орж амь насаа алдсан.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар би тээврийн хэрэгсэлийн эзэмшигч биш.
Учир нь:
Тээврийн хэрэгсэл Р.Мөнхтогтохын нэр дээр байсан. н.Ганзул тээврийн хэрэгсэлийг зөвшөөрөлгүй авч явсан тул миний бие хариуцагч биш, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэжээ.
Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өөрийн ах Б.Бийнг “Мөнх такси” ХХК-иас 52-39 УНЗ улсын дугаартай автомашиныг гэрээ байгуулан авах үед батлан дааж, “Батлан даалт”-ын гэрээ байгуулсан.
2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл “Мөнх такси” ХХК-д өгөх ёстой орлогоо төлсөн.
Осол гарсан өдөр Б.Б гэртээ унтаж байхад н.Ганзул гэх найз нь ахад хэлэхгүй түлхүүрийг хулгайлан авч автомашиныг жолоодож яваад С.Ганбаттай архи ууж согтоод, унтсан байхад нь түлхүүрийг авч автомашиныг жолоодож яваад зам тээврийн осолд орж амь насаа алдсан.
Дээрх хоёр хүний буруутай үйл ажиллагаанаас болсон хохирлыг манай ах төлөх үндэслэлгүй.
2017 онд зах зээлд орж ирсэн болон хуучин “Hyundai sonata-6” маркийн автомашин 5.500.000-6.000.000 төгрөгийн үнэтэй байхад “Мөнх такси” ХХК өндөр төлбөр нэхэмжилж, автомашины ерөнхий рам эвдэрч бусад эд ангийг солих боломжтой байхад нэхэмжлэгчийн зүгээс автомашиныг ямар ч хэрэггүй мэт худал ярьж актанд гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч “Мөнх такси” ХХК, хариуцагч Б.Б, Д.О, Б.Б нарт холбогдуулан гэрээний үүргээс учирсан хохирол, олох ёстой орлого 14.375.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.О, Б.Б нар талийгч Б.Бийн буруутай үйлдлээс автомашины осол гараагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэрээний нэг тал болох хариуцагч Б.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барсан нь тогтоогдож, талийгч, “Мөнх такси” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Такси ажиллуулах гэрээ” байгуулан, урьдчилгаа төлбөрт 1.200.000 төгрөгийг төлж, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 530 хоногийн хугацаатай, “Hyundai sonata-6” маркийн мөнгөлөг өнгөтэй, 52-36-УНЗ улсын дугаартай, 14.450.000 төгрөгөөр үнэлэгдсэн автомашиныг эзэмшин ашиглах нөхцөлтэйгээр жолоочид үнэ төлбөргүй шилжүүлж, автомашинд хохирол учруулсан тохиолдолд түүний ээж Д.О, ах Б.Б нар хохирлыг барагдуулахаар “Батлан даалт”-ын гэрээг байгуулсан болох нь зохигчдын тайлбар, гэрээ, төлбөр төлсөн баримтуудаар нотлогдож байна.
Талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн дээрх гэрээг байгуулсан тул гэрээний үүрэгт 14.375.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй.
Тэрээр хариуцагч гэрээний дагуу өдөр бүр 15000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж, нэхэмжлэгч төлбөрөө авсан талаар талууд маргаагүй тул хариуцагч автомашины эвдрэлийн үнийг төлөх үүрэгтэй байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хариуцагч Б.Бийн автомашиныг, талийгч С.Ганбат эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр согтуугаар унаж, замын хөдөлгөөнд оролцож, осол гаргасан болох нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Мөрдөгчийн магадлагаа”, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 324 дугаартай Тээврийн прокурорын газрын Прокурорын тогтоол, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал зэрэг баримтуудаар тогтоогдсон ч гэрээнд заасны дагуу хариуцагч автомашины хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар автомашины төлбөрт 12.875.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, олох ёстой орлого 1.500.000 төгрөг, хариуцагч Б.Бөөс татгалзснаа дурдаж, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Батлан даалтын гэрээ”-н дэх “үүрэг нь батлан даагч жолоочтой адил үүргийг хүлээж компанийн өмнө хариуцлага хүлээх эрх зүйн үндэс болно” гэж заасны дагуу хариуцагч Д.О, Б.Б нараас хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна.
Иймээс нэхэмжлэгч, хариуцагч нараас таксины үнэ 14.450.000 төгрөгнөөс урьдчилгаанд өгсөн 1.200.000 төгрөг, түрээсэнд төлсөн 500.000 төгрөгийг хасаж тооцоод, 12.875.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжилснийг, шүүх бүрэлдэхүүн дүгнэн хэлэлцээд, захиалагч ЗЦА-ны МШХ, захиалагчийг төлөөлж “Мөнх такси” ХХК-ийн төлөөлөгч Р.Мөнхтогтох нар байлцсан “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 6.741.000 төгрөгийн техникийн эвдрэл тогтоогдож, нэхэмжлэгч энэ дүгнэлтийг баримтаар үгүйсгэж няцаагаагүй, гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэлийг дээрх үнэлгээний хэмжээнд хангаж, хариуцагч Д.О, Б.Б нараас 6.741.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, үлдэх 6.134.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6.741.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 122.806 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О, Б.Б нараас 6.741.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Мөнх такси” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 6.134.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч олох ёстой орлого 1.500.000 төгрөг, хариуцагч Б.Бөд холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.825 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 122.806 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.АРИУНАА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Ч.МӨНХЦЭЦЭГ