Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 01758

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 29 өдөр             Дугаар 102/ШШ2018/01758                                 Улаанбаатар хот

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

        Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, тоотод оршин суух, О овогт Л.Б-ын нэхэмжлэлтэй

        Хариуцагч Баянгол дүүрэг, дүгээр хороо, тоотод оршин суух, Б овогт Т.Б-д холбогдох, орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 1.785.588 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

   Нэхэмжлэгч Л.Б нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б миний өмчлөлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24-103 тоотын 1 өрөө орон сууцыг 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай, 000024 дугаартай “Орон сууц хөлслөх гэрээ”-ний дагуу хөлсөлсөн.

   Гэтэл өнөөдрийг хүртэл 2015 оны 3 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 50.000 төгрөг, 2015 оны 4, 5 дугаар сарын төлбөр 1.100.000 төгрөг, цахилгаан, СӨХ-ны төлбөр 565.388 төгрөг төлөхөөс 271550 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул нийт 1.785.588 төгрөг гаргуулж өгнө үү.

   СӨХ-ны төлбөр 565.388 төгрөг төлөхөөс 293838 төгрөгийг төлсөн тул хасаж тооцоход татгалзах зүйлгүй. Мөн хариуцагч оршин сууж байсан хугацааныхаа цахилгаан, СӨХ-ны төлбөрөө төлөөгүй улмаас миний бие “Буянт-Өргөө” СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 354.550 төгрөг төлөхөөр гарсан шийдвэрийг биелүүлсэн, гэжээ.

Хариуцагч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б-ын өмчлөлийн байрыг сарын 550.000 төгрөгөөр түрээслэж суусан нь үнэн.

Тухайн үеийн амьдралын нөхцлөөс болоод түрээсээ сар бүр өгч чадаагүй. Эдний байр жоомтой байсан тул нөхөрт нь хэлэхэд арга хэмжээ аваагүйн улмаас 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байрыг суллаад, нөхөрт нь түлхүүрийг өгөөд явсан. Байрны 4 дүгээр сарын түрээс 550.000 төгрөг, СӨХ-ны мөнгийг төлөхөд татгалзахгүй. Харин 5 дугаар сард суугаагүй учраас түрээсийн мөнгө төлөхгүй. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа баримтан дээр би гарын үсгээ зурсан.        

Гэхдээ намайг гарын үсгээ зурахад ийм мөнгө төлнө гэсэн бичиг байгаагүй тул зөвшөөрөхгүй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Т.Б-т холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 1.785.588 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

          Хариуцагч 4 дүгээр сарын түрээс, СӨХ-ны мөнгө төлөхийг зөвшөөрнө. 5 дугаар сарын түрээсийг төлөхгүй гэж маргаж байна.

           Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,   нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Т.Б нар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн, Л.Б-ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205002607 дугаартай, 000046295 дугаарын Улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24-103 тоот, 1 өрөө орон сууцыг хөлслөхөөр 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Орон сууц хөлслөх гэрээ”-г байгуулж, гарын үсгээ зурж баталгаажуулан, сарын төлбөр 550.000 төгрөг байхаар тохирч, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хоёр жилийн хугацаатай, хөлслөгч орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, кабель, СӨХ-ны төлбөрийг төлөхөөр амьдарч байсан болох нь талуудын тайлбар, мөнгө төлсөн баримтуудаар нотлогдож байна.

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн дээрх гэрээг байгуулсан тул гэрээний үүргийн биелэлт 1.785.588 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй.

          Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1 дэх хэсэгт “хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх”, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсэгт “эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх” гэж зааснаар нэхэмжлэгч эд хөрөнгийг шилжүүлж, хариуцагч сар бүр төлбөрөө төлөн, жил гаруй амьдарсан боловч гэрээнд заасан хугацаанаасаа өмнө сүүлийн 3 сарын төлбөрөө төлөөгүйн улмаас байрнаас гарсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон учраас үлдэгдэл төлбөрөө төлөх үүрэгтэй байна.

          Зохигчид шүүхийн хэлэлцүүлгийн явцад “4,5 дугаар сарын түрээсийн мөнгийг төлөх ёстой, төлөхгүй” гэж маргаж байгаа хэдий ч хариуцагч 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байрны түлхүүрийг гардуулж өгсөн болон хавтас хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан төлбөрийн баримтан дээрх “гарын үсэг миний гарын үсэг мөн. Гэхдээ 1.715.388 төгрөг төлнө гэсэн бичиг байгаагүй” гэх тайлбарыг гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар бичвэрийг үгүйсгэснээ баримтаар нотлож чадаагүй, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй мөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр гүйцэтгэж байснаас үзэхэд, хариуцагчаас өмнөх сарын төлбөрийн үлдэгдэл 50.000 төгрөг, 4,5 дугаар сарын төлбөр 1.100.000 төгрөг, 2014-2015 оны 5 дугаар сар хүртлэх СӨХ-ны төлбөр 271.550 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нийт 1.491.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 293.838 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

           Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв  эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.491.750 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 38818 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         

          1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Б овогт Т.Б-аас орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 1.491.750 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч О овогт Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 293.838 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43520   төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 38818 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.         

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АРИУНАА