Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, РД:ПБ79102169, Шарынх овогт Батхүүгийн Цэнгэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, РД:ПК70121814, Хар хүүхэн овогт Эрдэнэцогтын Туваандоржид холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1998 оны 10 дугаар сард Э.Туваандоржтой гэр бүл болоод 6 жил хамт амьдарсан. 1999 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүү Т.Хосбаяр, 2001 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр охин Т.Хос-Эрдэнэ нар төрсөн. 2007 онд Э.Туваандорж нь гэр бүлийн маргаанаас болоод салаад явсан. Түүнээс хойш холбоогүй байж байгаад сүүлийн 2 жил утсаар ярьж холбогдож хүү охин хоёрынхоо төлбөр шилжүүлдэг болсон. Одоо бид 11 жил тусдаа амьдарч байна. Э.Туваандорж нь өөр хүнтэй гэр бүл болоод эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Би мөн 2010 онд өөр хүнтэй гэр бүл болж 2 хүүхэд төрүүлсэн. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Туваандорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 1998 оны 10 дугаар сарын 25-нд Б.Цэнгэлтэй гэр бүл болж амьдарч байсан нь үнэн. Улмаар 2007 онд гэр бүлээсээ салсан ба өөр хүнтэй гэр бүл болж одоо эхнэр 4 хүүхдийн хамт амьдарч байгаа. Б.Цэнгэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Б.Цэнгэл бид хоёрын хооронд ямар нэгэн төлбөр тооцоо болон хүүхдүүдийн асрамжийн талаар маргаан байхгүй учир гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Охин Т.Хос-Эрдэнийг ээж Б.Цэнгэлийн асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч нь шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Б.Цэнгэл, Э.Туваандорж нар нь 1998 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж, иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн болох нь 22 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр батлагдаж байна.

Хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас хүү Т.Хосбаяр 1999 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, охин Т.Хос-Эрдэнэ 2001 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн байна.

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас тусдаа амьдраад 11 жил болсон, гэрлэгчид тус тусдаа амьдралтай болсон, цаашид хамт амьдрах боломжгүй болсон ба гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Зохигчидын хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдал, хүүхдийн ээнэгшин дассан орчин, шүүхэд гаргасан санал зэргийг харгалзан охин Т.Хос-Эрдэнийг эх Б.Цэнгэлийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх, эд хөрөнгийн талаар зохигчид маргаангүй, тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Хариуцагч Э.Туваандоржид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул байцуулахгүйгээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д заасныг баримтлан Шарынх овогт Батхүүгийн Цэнгэл, Хар хүүхэн овогт Эрдэнэцогтын Туваандорж нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар 2001 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Туваандоржийн Хос-Эрдэнэийг эх Б.Цэнгэлийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

4. Гэрлэгчид эд хөрөнгө, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй, нэхэмжлэгч тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг  хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг ерөнхийшүүгчийн туслах Б.Алтангэрэлд даалгасугай.    

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Цэнгэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 70200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Э.Туваандоржоос 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.