Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1550

 

МАГАДЛАЛ

 

2017.7.05                                                     Дугаар 1550                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Эвсэг 57” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01647 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Эвсэг 57” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Түмэннасан, Т.Өнөртуяа нарт холбогдох,

705 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Т.Өнөртуяагийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ш.Жамбалдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2013 оны 01 дүгээр сараас хойш СӨХ-ны төлбөрөө төлөөгүй. СӨХ-ны сарын төлбөр 15 000 төгрөг * 47 сар=705 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ш.Жамбалдорж миний бие тус байрны СӨХ-ны даргаар 2012 оны 9 сараас эхлэн ажиллаж байна. Урьд нь СӨХ-ны даргаар ажиллаж байсан н.Болормаа энэ хүнээс СӨХ-ны төлбөрөө авахад хүндрэлтэй зохих хуулийн байгууллагад хандахыг зөвлөж байсан. Урьд шүүхэд өгч бөөн чирэгдэл болж мөнгөө авч байсан. Б.Түмэннасан гуай хэл амаар доромжилж мөнгөө төлөхгүй байгаа. Т.Өнөртуяа нь төрсөн охин нь юм. Т.Өнөртуяа уг хаягт амьдардаггүй боловч өмчлөгч учраас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө нэхэмжилсэн. Б.Түмэннасан Т.Өнөртуяагийн байранд амьдардаг, хаалгаа тайлж өгдөггүй, шүүхээр яваад авахыг чинь харна гэж удаа дараа хэлдэг. Шүүх хуралдаанд очихгүй гэсэн учраас заавал оролцуулах шаардлагагүй, ирэх ч үгүй. Энэ хүн шүүхийг хүндэтгэхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: СӨХ-ны төлбөрийг би төлөхгүй. Сүүлийн 3-4 жил уг байранд би оршин суудаггүй. Надтай СӨХ ямар нэгэн гэрээ хийсэн юм байхгүй. Ийм учраас төлбөрийг би төлж чадахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг баримтлан хариуцагч Т.Өнөртуяагаас 705 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эвсэг-57” СӨХ-нд олгож, Б.Түмэннасанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Өнөртуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 21 470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эвсэг-57” СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Өнөртуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: СӨХ бидэнтэй ямарч гэрээ байгуулалгүй үйл ажиллагаа явуулдаг. Аавыг гэрээ байгуулах хэрэгтэй гэхээр гэрээ байгуулдаггүй, байранд юу ч хийдэггүй мөртөлөө өөрөө дур мэдэн үнэ тогтоон мөнгө шаардаж байна. СӨХ-ны дүрэмд заахдаа гэрээгээ байгуулсан тохиолдолд төлбөрөө төлдөг журамтай. Иймд Т.Өнөхтуяа нь энэ байранд амьдардаггүй, учраас энэ нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй, гомдолтой байгаа учир хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч “Эвсэг 57” СӨХ нь хариуцагч Б.Түмэннасанд холбогдуулан 705 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Нарантуяа, Т.Өнөртуяа нарыг хамтран хариуцагчаар татаж, Д.Нарантуяаг хариуцагчаар татахаас татгалзсаныг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байрны 44 тоотод оршин суугч Б.Түмэннасан, Т.Өнөртуяа нар 2013 оны 1 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй...” гэсэн бол хариуцагч Б.Түмэннасан нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...сүүлийн 3-4 жил энэ байранд суугаагүй, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй гэжээ.

Хариуцагч Т.Өнөртуяад нэхэмжлэлийн хувийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гардуулан өгч, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлэхийг мэдэгдсэн боловч тэрээр тайлбар нотлох баримт гаргаагүй байна.

Хариуцагч Т.Өнөртуяа нь нэхэмжлэлд заасан орон сууцны өмчлөгч болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон.

Хариуцагч Т.Өнөртуяа нь шүүхээс тогтоосон хугацаанд тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна шүүх хуралдааны товыг 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан, тэрээр өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин шүүх хариуцагч Б.Түмэннасанд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй юм.

Хариуцагч Б.Түмэннасангаас орон сууцны засвар үйлчилгээний зардлыг гаргуулах үндэслэл хэргийн баримтаар тогтоодоогүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч Т.Өнөртуяа нь “...энэ байранд амьдардаггүй, гэрээгүй учир мөнгө төлөхгүй...” гэж давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө.

Дээрх үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн найруулж өөрчлөн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01647 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Өнөртуяагаас 705 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эвсэг-57” СӨХ-д олгож, Б.Түмэннасанд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 гэж дугаарласугай.

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21 470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                                   

                        ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН                                             

 

                                                                                   М.НАРАНЦЭЦЭГ