Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 616

 

 

 

 

 

 

 

2019          6             20                                              2019/ДШМ/616

 

                                                      Э.Б-д холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор Б.Ганбулган,

шүүгдэгч Э.Б- өмгөөлөгч Э.Туул,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Жавзансүрэнгийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/586 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б- өмгөөлөгч Э.Туулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Б-д холбогдох эрүүгийн 1706038500236 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрдэнэ Хамба овгийн Э.Б-, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 26 настай,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ ...................ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ..................../;

Э.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчин Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эмсид” ХХК-ийн авто засварын грашид засвар, үйлчилгээ хийлгэж байсан 11-43 УНЕ улсын дугаартай “Hyundai” маркийн автобусыг жолоодон, грашид байрлуулахдаа ажил үүргээ гүйцэтгэж байсан засварчин Б.Мөнхмандахыг мөргөж амь насыг нь болгоомжгүй хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Б- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрдэнэ Хамба овгийн Э.Б- “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Б- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг нь тухайн өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б- өмгөөлөгч Э.Туул гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Э.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, хуульд заасан хугацааны дотор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг төлж барагдуулсан, эхнэр, хүүхдийн хамт тодорхой оршин суух хаягтай амьдардаг нэгэн. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон маш харамсалтай, гэнэтийн үйл явдал болж шүүгдэгч, хохирогчийн хэн хэнд нь хүндээр тусч байгааг ойлгож байгаа болно. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд одоог хүртэл ялаа эдэлж, хоригдож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж” болох тухай хуулийн заалтыг хэрэглэж хорих ялаас чөлөөлж, тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Жавзансүрэнгийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэргийн үйл баримт нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын амь насыг хохироосон. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгтээ “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх нь Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжид заагдсан шударга ёсны зарчимд нийцнэ” гэж дүгнэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд цэл залуу эр нөхрөө золгүй байдлаар алдсан талаараа анхан шатны шүүх хуралдаанд хэлж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. ...” гэв.

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.Б-д холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хянан шийдвэрлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар хорих ял нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Хуульд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн гэх үндэслэлээр хөнгөрөх нөхцөл байдал байгаа хэдий ч болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон тул шүүгдэгчид оногдуулсан ял тохирсон. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Э.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Э.Б- нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЭМСИД ХХК-ийн авто грашид засварчнаар ажиллаж байхдаа 2017 оны 12 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед тус грашид засвар үйлчилгээ хийлгэж байсан 11-43 УНЕ улсын дугаартай Хьюндэй маркийн автобусыг жолоодон, грашид байрлуулахдаа ажил үүргээ гүйцэтгэж байсан засварчин Б.Мөнхмандахыг мөргөн ханатай хавсарч, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь;

Гэмт хэрэг гарсан байдлыг бэхжүүлж авсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 23-28/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэмжилтийн бүдүүвч зураг /хх 29-33/, цогцост  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 34-36/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 247-250/,

Гэрч Ч.Ранаажавын “...Э.Б- барьж гарсан автобус эргэж орж ирэхдээ хааз нилээн өндөртэй орж ирсэн. Би уг автобусанд ивээс хийх гэж оролдож уг автобусны баруун урд талын дугуйнд ивээс хийсэн боловч ивээсийг даваад гараад ирсэн. Тэр үед талийгаач Мандах уг автобусны зүүн урд хэсэг буюу жолоочийн талд зогсож байсан. Би ивээсээ хийгээд хойшоо холдсон, холдох үедээ газар унаад боссон. Тэгэхэд талийгаач холдож амжилгүй автобусанд мөргүүлж хананд байрлах цагаан өнгийн паар автобус хоёрын завсар хавчуулагдаж үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх217-219/ болон гэрч Д.Энхбат /хх 107/, Г.Мөнх-Оюун /хх 188/, Б.Зоригтсайхан /хх 209/, Ч.Баатарцогт /хх 210/, Ө.Дэлгэр /хх 211/, С.Нармандах /хх 213/, Д.Мөнх-Оргил /хх 220/, Б.Мягмаржав /хх 224/, Д.Сарантуяа /хх226/ нарын мэдүүлэг, Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “үйлдвэрлэлийн осол” болохыг тодорхойлсон дүгнэлт /хх 2-ийн 21-33/, ЭМСИД ХХК-ийн “ажилд авсан, ажлын байрны дотоод журам баталсан” тушаал, шийдвэрүүд /хх 1-ийн 110-187, хх 2-ийн 47-85/, болон холбогдсон хэргийнхээ талаар мэдүүлсэн Э.Б- мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

          Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Баттулгыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Туул “шүүгдэгчид хорих ялаас чөлөөлж, тэнсэж үүрэг хүлээлгэх”-ийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байна. 

Шүүх шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох нэг жилийн хорих ялыг сонгон хэрэглэснээс гадна уг гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/586 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Туулын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ