Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0097

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Сгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс

Нэхэмжлэгч: Ж.С

Хариуцагч: БШУС

Нэхэмжлэлийн шаардлага: “БШУСын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Орос-Монголын хамтарсан сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0918 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/1017/З

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.С нь БШУСад холбогдуулан “БШУСын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Орос-Монголын хамтарсан сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0918 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хууль /2002 оны/-ийн 2 дугаар зүйлийн 2.2, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ж.Сгийн “БШУСын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Орос-Монголын хамтарсан сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Ж.Сгийн нэхэмжлэлтэй, БШУСад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0918 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

3.1. Нэхэмжлэгч Ж.Сгоос БШУСад холбогдуулан “БШУСын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

БШУСын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлд Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5 дахь заалт болон Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийсэн тайлан дүгнэлтийг дурдаж Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Сг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс дуусгавар болгосон.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1-д Орос-Монголын хамтарсан сургуулийг Монгол улсын төрийн өмчит хуулийн этгээд хэмээн дүгнэж, түүнээс хамааруулан дотоодын хууль тогтоомж дахь хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн гэж үзэж шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр бүхэлдээ олон улсын гэрээ хэлцэл, хуульд нийцээгүй болоход хүргэсэн байна. Тодруулбал, Орос-Монголын хамтарсан сургууль нь Монгол улсын төрийн өмчит хуулийн этгээд биш бөгөөд үйл ажиллагаа нь олон улсын гэрээгээр зохицуулагддаг ОХУ-ын өмчит байгууллага юм.

Учир нь “Оросын холбооны улсын Боловсролын яам, Монгол улсын Шинжлэх ухаан, боловсролын яамны хооронд “Улаанбаатар хотод Орос-Монголын сургууль байгуулах тухай” 1994 оны хэлэлцээрт “...ОХУ-ын боловсролын яам өөрийн мэдэлд одоогоор байгаа зөвлөлтийн (хуучир нэрээр) сургуулийн хичээлийн байр болон багш нарын орон сууцыг Орос-Монголын хамтарсан сургуулийн захиргаанд 3 жилийн хугацаатай хүлээлгэн өгөх”, “Оросын холбооны улсын Боловсролын яам, Монгол улсын Шинжлэх ухаан, боловсролын яамны хооронд Улаанбаатар хотод Орос-Монголын сургууль байгуулах тухай” 1994 оны гэрээний гуравдугаар зүйлд “Уг гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн Оросын тал хуучин зөвлөлтийн 3 дугаар сургуулийн барилга, орон сууцыг сургалтын үйл ажиллагаа болон тус сургуульд ажиллах орос багш нарын амьдрахад зориулж Монгол-Оросын сургуулийн захиргаанд 3 жилийн хугацаагаар үнэ төлбөргүй эдлүүлэхээр (актаар) хүлээлгэн өгнө”, “Орос-Монголын хамтарсан сургуулийн дүрэм” (Монгол улсын Шинжлэх ухаан, боловсролын сайд, ОХУ-ын Буриад улсын Боловсролын сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын хэргийг эрхлэх яамны сайд нарын 1995 онд хамтран баталсан)-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Гэрээний 3 дугаар заалтын дагуу орон сууц ба сургуулийн барилга байгууламж нь Оросын талаас үйл ажиллагааны удирдлагад шилжүүлсэн тэр хугацаагаар Орос-Монголын хамтарсан сургуулийн өмч байна” гэж тус сургуулийн өмч нь ОХУ-ынх гэдгийг тодорхой зааж, харин гэрээний хугацаанд сургуулийн өмч байна гэдгийг мөн тодорхойлж, өмчлөлийн энэхүү хэлбэрт тулгуурлан сургуулийн захирлыг ОХУ-ын өмчийг удирдах чиг үүргийг нь сургуулийн дүрмийн 5 дугаар зүйлээр тусгайлан зохицуулсан.

Мөн гэрээний “Тавдугаар зүйл”-д “Монгол-Оросын сургууль нь өөрийн үйл ажиллагаандаа хоёр яамны хооронд 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хэлэлцээр, энэхүү гэрээ болон сургуулийн дүрмийг удирдлага болгоно” гэж Орос-Монголын сургуулийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг ОХУ болон Монгол улсын Засгийн газар хоорондын гэрээ буюу олон улсын гэрээгээр тодорхойлж талууд харилцан тохиролцсон байдаг.

Эдгээр гэрээ, хэлэлцээр одоо хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд эрх зүйн эх сурвалж, эрэмбийн хувьд олон улсын гэрээний ангилалд багтаж байна.

Ийнхүү шүүх Орос-Монголын хамтарсан сургуулийн өмчлөлийг хэлбэрийг буруу дүгнэсний улмаас шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхэлдээ хуульд нийцээгүй болохыг дараах үндэслэлүүдээр хянуулахаар хандаж байна.

3.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4, 5 дахь хэсэгт заасан дүгнэлтүүд үндэслэлгүй тухайд:

Ж.Сг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс дуусгавар болгосон БШУСын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5 дахь заалтыг баримталсан.

Шүүх сургуулийн өмчийн хэлбэр, түүнээс үүдэн сургуулийн захиралд олон улсын гэрээгээр олгосон эрх хэмжээний үүднээс дээр дурдсан зөрчил гэх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх байтал сургуулийн Удирдах зөвлөлөөс дотооддоо ашиглах үүднээс судалгаа, мэдээлэл, зөвлөмжийн шинж чанар агуулсан ажлын хэсгийн тайланг эрх бүхий этгээдийн хяналт шалгалтын дүгнэлт мэтээр үнэлж, өөрөө, сайн дураараа ажлын хэсгийн хяналт шинжилгээний тайлангаас “өнгөрсөн 12 жилийн хугацаанд суралцагсдын сургалтын төлбөрийг арилжааны банкнуудад хадгалуулж, 3,030,000,000 төгрөгийн хүүгийн орлого, зарлагыг Удирдах зөвлөлөөр тодорхой шийдвэр гаргуулаагүй” гэх дүгнэлтийг сонгон авч түүнийгээ “санхүүгийн зөрчил” гэж дүгнэн тодорхойлж, шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.2-т “...Хөдөлмөрийн гэрээний 3.2.3-д “байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гарсан нь эрх бүхий байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсон” тохиолдолд ... хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор байна” гэж дүгнэсэн байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д “...шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгасан, өөрөөр хэлбэл талуудын маргаж буй үндэслэлийн хүрээнд шүүхийн шинжлэн судлах цар хүрээг хязгаарласан болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн атлаа маргаан бүхий актын үндэслэл гэж хариуцагчаас тодорхойлоогүй, талуудын хооронд маргаангүй асуудлыг өөрөө сонгон авч, дүгнэлт хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн болно.

Мөн “сургуулийн захирлаар ажиллаж байсан Ж.С нь өөрийн нөхөр болох их, дээд сургуульд багшилж байсан ерөнхий боловсролын сургуульд багшлах эрхгүй Н.Лийг гэрээт багшаар 2020 оны 09 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэл ОХУ-ын багштай дүйцүүлэн сард 4,160,000 төгрөгийн цалин олгож ажиллуулсан”,

3.3. “Өөрийн төрсөн дүүгийн Эрхга компанид сургуулийн өдөр өнжүүлэхийн байрыг сонгон шалгаруулалтгүйгээр зах зээлийн үнээс дээгүүр үнээр түрээслүүлсэн” гэх тухайд:

Олон улсын гэрээний салшгүй хэсэг болох Орос-Монголын хамтарсан сургуулийн дүрмийн 5.2, 5.6, 5.7, 5.9, 6.4-д заасныг баримтлан сургуулийн эрх ашгийн үүднээс дээрх гэрээт багшийн болон түрээсийн гэрээг хамтын удирдлагын дээд байгууллага-Удирдах зөвлөлд танилцуулж, зөвшөөрөл авсны дагуу гэрээ байгуулж, Монгол улсын төсвийн хөрөнгөөс бус, арилжааны банк дахь ОХУ-ын хөрөнгийн үр шимээс бүрдсэн мөнгөн хөрөнгөөс зарцуулсныг Монгол улсын төрийн өмчит хуулийн этгээдийн төсвийн хөрөнгийг удирдах харилцаатай адилтган Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн үйлчлэлд хамааруулан хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй юм.

Мөн “Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн ажлын тайлан”-гаар дээрх үйл баримтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж огт дүгнээгүй, сургуулийн өмчийн хэлбэр, эрх зүйн байдлын үүднээс дүгнэх бололцоогүй байсан болно.

Харин “Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн ажлын тайлан”-д “...”Эрхга” ХХК-тай байгуулсан гэрээний үнийн төлбөрт дулаан халаалтын үнийг багтааж өгсөн байна. Ингэснээр “Эрхга” ХХК-тай гэрээ байгуулсан гэрээний дагуу түрээсэлж байгаа талбайн м3 хэмжээнд төлөх дулааны зардлыг Монгол-Оросын хамтарсан сургууль төлөхгүй байгаа нь түрээсийн төлбөрийн бодит өртгийг бууруулсан байна” гэж дурдсан байх бөгөөд энэхүү гэрээг байгуулсны улмаас аливаа үр дагавар үүсээгүй байна.

Хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг баримтлахдаа ямар алдаа зөрчил гаргасан гэж үзсэн талаар тодруулахад “Эрхга” ХХК-тай холбоотой гэж, хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гэдэгт хамаарна, хөдөлмөрийн гэрээний 3.2.4 дэх хэсэгт хамаарна гэж дурджээ.

Дээрхээс үзвэл, шүүх дээрх асуудлыг зөрчил гэж дүгнэхдээ “Эрхга” ХХК-д сургуулийн өдөр өнжүүлэхийн байрыг сонгон шалгаруулалтгүйгээр зах зээлийн үнээс дээгүүр үнээр түрээслүүлсэн гэж Орос-Монголын хамтарсан сургуулийг түрээслүүлэгч мэтээр дүгнэсэн, мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.2-т “... Хөдөлмөрийн гэрээний 3.2.4-т “байгууллагын өрөө тасалгаа бусад объектыг бусдад хууль бусаар эзэмшүүлэх, эрх шилжүүлэхэд санаачлан оролцсон нь баримаар тогтоогдсон” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор байна” гэж дүгнэснээс үзвэл маргааны үйл баримтыг эсрэгээр тайлбарласан, энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

3.4. Түүнчлэн Монгол-Оросын хамтарсан сургуулийн Удирдах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” тогтоолоор батлагдсан удирдамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зөрчсөн эсэхийг хянан шалгах чиг үүрэг бүхий этгээд биш бөгөөд “Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн ажлын тайлан” нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн буюу зөвхөн дотооддоо чиглэсэн мэдээлэл, зөвлөмжийг  гаргасан, эрх зүйн аливаа үр дагавар үүсгэхгүй тул тус тайлантай маргах хууль зүйн үндэслэлгүй болно.

Орос-Монголын хамтарсан дунд сургууль нь төсвийн мөнгөн хөрөнгийг төсвийн дансанд ОХУ-ын хөрөнгийн үр шим буюу ОХУ-ын өмчийг удирдаж олсон мөнгөн хөрөнгийг арилжааны банканд сургуулийн дүрмийн 5.7-д “Сургуулийн мөнгөн хөрөнгө нь банкин дахь түүний дансанд хадгалагдана” гэж заасны дагуу байршуулан захиран зарцуулдаг онцлогтой.

ОХУ-ын хөрөнгийг удирдаж олсон мөнгөн хөрөнгө нь Монгол улсын Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д “Эд юмсын төрөлх шинж чанарын дагуу шинээр бий болсон буюу эд юмсыг зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн нь эд юмсын үр шим байна”, 88.2-т “Эрхийг зориулалтын дагуу ашигласнаас бий болсон орлогыг тухайн эрхийн үр шим гэнэ”, 88.3-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй” гэж заасны дагуу арилжааны банканд байршуулсан мөнгөн хөрөнгө нь ОХУ-ын өмчид хамаарахаар байна. Орос-Монголын сургуулийн тухай Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрт хөрөнгийн үр шимийг Монгол улсын төрийн өмчид хамааруулах талаар харилцан тохироогүй байна.

Иймээс Орос-Монголын хамтарсан сургууль ОХУ-ын өмчийг удирдаж олсон мөнгөн хөрөнгө буюу хөрөнгийн үр шимийг сургуулийн дүрмийн 5.7-д2 заасны дагуу төсвийн дансанд бус арилжааны банканд тусгай данс нээн хадгалсан данснаас сургуулийн хөгжлийн эрх ашигт нийцүүлэн дээрх гэрээг санхүүжүүлсэн нь Монгол улсын төрийн өмчийг захиран зарцуулах талаар журамласан хууль тогтоомжийн зохицуулалтуудад хамаарахгүй юм.

3.5. Тодруулбал, Олон улсын гэрээ буюу Сургуулийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасан эрх хэмжээний дагуу, ингэхдээ дүрмийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан Хамтын удирдлагын дээд байгууллагад танилцуулж шийдвэр гаргуулсан зэрэг нь олон улсын гэрээ хэлэлцээрт заасан хэм хэмжээнд нийцсэн үйлдэл байсан тул жил, жилийн санхүүгийн болон аудитын тайлангуудаар аливаа зөрчилгүй гэж хянагдсан байна.

Энэ талаар мөн “Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн ажлын тайлан”-д Орос-Монголын хамтарсан дунд сургууль нь төсвийн мөнгөн хөрөнгө болон ОХУ-ын хөрөнгийн үр шим буюу ОХУ-ын өмчийг удирдаж олсон мөнгөн хөрөнгийн зарцуулалтын задаргааг 2012-2021 оны байдлаар хүснэгтлэн харуулсан байх бөгөөд төсвийн санхүүжилтийн тухайд “...Сургууль улсын төсвийн санхүүжилтийг Сангийн яаман дахь төрийн сангийн дансаар дамжуулан авч зориулалт ёсоор зарцуулсан байна. ...Уг төрийн сангийн данснаас өөр бусад зориулалт бусаар зарцуулсан гүйлгээ хийгдээгүй байна” гэж дурдсан нь Монгол улсын төсвөөс хуваарилсан мөнгөн хөрөнгийг зүй бусаар захиран зарцуулаагүй гэдгийг нотолсон байна.

3.6. Сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заажээ.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт дурдсан дээрх 3 асуудлыг зөрчил гэж үзсэн тохиолдолд энэхүү гомдлын 2 дахь хэсгийн (1)-д заасан үйл баримтын хугацаа 12 жилийн өмнөөс, (2)-д заасан үйл баримтын хугацаа 2020-2022 оны 01 дүгээр сар, (3)-д дурдсан үйл баримтын хугацаа 2015 оноос эхэлсэн, эсхүл Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлага санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн ажлын тайлан 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гарсан хугацаанаас ч тоолоход БШУСын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаал нь сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацаа хэтрүүлсэн нь илэрхий байх бөгөөд шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

3.7 Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 7-д заасан зарим хэсэг болон 8 дахь хэсэг нь үндэслэлгүй тухайд:

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 7-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй”  гэж дүгнэснийг нэхэмжлэгчийн зүгээс үндэслэлтэй гэж үзэж байгаа бөгөөд харин “... уг заалтыг баримталсан нь бусад үндэслэлийг няцаах, тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь, нэхэмжлэгч энэхүү тушаалыг бүхэлд нь хууль бус гэж үзэж тушаалд баримталсан хууль зүйн үндэслэл тус бүрийг эс зөвшөөрч маргаж байгаа бөгөөд хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар хуульд үндэслэх тусгай зарчмыг зөрчсөн, захиргааны байгууллага иргэний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж аливаа захиргааны акт гаргаж байгаа бол түүний хууль зүйн үндэслэл, үйл баримтыг нотлох үүргийг өөрөө хүлээнэ.

2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гарсан маргаан бүхий актын хувьд сонсох ажиллагааг тус өдөрт хийсэн, холбогдох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийсэн мэтээр шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 8-д дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий актад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг баримталж байгаа тохиолдолд мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” бөгөөд шүүхийн дээрх дүгнэлт нь хуульд заасан энэхүү журмыг зөрчсөн хариуцагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Боловсролын тухай /2002 оны/ хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь ерөнхий эрх хэмжээний заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, процессын болон материаллаг эрх зүйн зарчим, хэм хэмжээнд зохицсон агуулгатай байх, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Зүй нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шийдвэрлэж буй захиргааны актыг хянахдаа тус харилцааг зохицуулж буй Хөдөлмөрийн тухай хуулийн тодорхой зүйл, заалтыг үндэслэн хэрэглэх ёстой.

Мөн нэхэмжлэгч Ж.Сг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-ийг үндэслэн ажил олгогч ажлаас чөлөөлсөн нь тогтоогдоогүйг шүүх өөрөө хүлээн зөвшөөрсөн, тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэх зохицуулалтын хүрээнд хариуцагч нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг албан ёсоор тогтоогоогүй, харин сургуулийн Удирдах зөвлөлийн дотооддоо мэдээлэл, зөвлөмж гаргах зорилгоор байгуулсан ажлын хэсгийн тайланг болон хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудлыг сураг таамаг байдлаар үндэслэж хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгтээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буй материаллаг хуулийн тодорхой үндэслэлийг зааж чадаагүй гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0918 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрт бүрэн дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 01 дүгээр тогтоолоор тус сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагааны талаар нийгмийн сүлжээ, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, бодит байдлыг нотлох баримтын хүрээнд шалган тогтоож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, 2022 оны 02 дугаар сарын 16-наас 28-ны өдрийг хүртэлх хугацаанд дүгнэлт гарган Удирдах зөвлөлд танилцуулахыг үүрэг болгожээ.

3.2. Ажлын хэсэг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн ажлын тайлан” гаргаж, уг тайланг сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, захирал Ж.С, Ерөнхий нягтлан бодогч Б.Оюунбилэг нарт танилцуулсан байна.

3.3. Улмаар БШУСын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Жамбын овогтой Стой хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” Б/72 дугаар тушаалаар Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5 дахь хэсэг, Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн дээрх тайланг үндэслэн Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Сг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр дуусгавар болгож, түүнд ажилласан хугацааны олговор олгожээ.

4. Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн тайланд:

4.1. “... Ж.С захирал өөрийн нөхөр Н.Лийг гэрээгээр ажиллуулж ажлын хөлс олгож байсан байна. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн байна ... Н.Лийн сарын үндсэн цалинг ОХУ-ын багшийн цалинтай дүйцүүлж, 4,160,000 төгрөгөөр тогтоож, 2020 оны 09 сараас 2021 оныг дуустал хөдөлмөрийн хөлс олгосон байна”,

4.2. “... 2010 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 380 м.кв талбайг хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээсэлж эхэлсэн. 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс тус талбайн үндсэн эзэмшигч өөрчлөгдөж “Эрхга” ХХК-тай үргэлжлүүлэн түрээсийн гэрээ байгуулсан байна. “Эрхга” ХХК-тай түрээсийн гэрээтэй бөгөөд 2015 оноос эхлэн жилд 657,8 саяаас 1120,9 сая төгрөгийн түрээсийн төлбөр ... өнгөрсөн 7 жилийн хугацаанд тус компанид 5725,1 сая төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн байна ... ингэхдээ нээлттэй сонгон шалгаруулалт явуулаагүй 2009 онд байгуулсан гэрээгээ сунган ажилласаар байна”,

4.3. “... өнгөрсөн 12 жилийн хугацаанд суралцагсдын сургалтын төлбөрийг таван арилжааны банкуудад хадгалуулж, 3,030 сая төгрөгийн хүүгийн орлого, зарлагыг Удирдах зөвлөлөөр тодорхой шийдвэр гаргуулаагүй байна” гэжээ.

5. Хариуцагчаас нэхэмжлэгч Ж.Сг дээрх зөрчлүүдийг гаргасан гэж буруутган Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5-д заасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

5.1. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 28.1.12-т “боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага, албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага, төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан”, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 80.1.2-т “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино”, 80.1.5-д “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж тус тус заасан.

5.2. Анхан шатны шүүх “... хөдөлмөрийн гэрээний 3.2.3-д “байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гарсан нь эрх бүхий байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсон”, 3.2.4-т “байгууллагын өрөө тасалгаа бусад обьектыг бусдад хууль бусаар эзэмшүүлэх, эрх шилжүүлэхэд санаачлан оролцсон нь баримтаар нотлогдсон” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор байна. Ажлын хэсгийн хяналт шинжилгээний тайлан, дүгнэлтээр “сургуулийн захирлаар ажилалж байсан Ж.С нь өөрийн гэр бүлийн хүнийг гэрээт багшаар 2020 оны 09 дүгээр сараас 2021 оныг дуустал ОХУ-ын багштай дүйцүүлэн сард 4,160,000 төгрөгийн цалин олгож ажиллуулсан”, “мөр өөрийн төрсөн дүүгийн “Эрхга” ХХК-д сургуулийн өдөр өнжүүлэхийн байрыг сонгон шалгаруулалтгүйгээр зах зээлийн үнээс доогуур үнээр түрээслүүлсэн” зөрчлийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолтод хамааруулж, албан үүргээс чөлөөлөх үндэслэл болгосон нь үндэслэл бүхий болжээ” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж тус тус заасан.

6. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэргийн үйл баримтад бүрэн дүгнэлт хийгээгүй байна.

6.1. Тодруулбал, Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн тайлангийн Дүгнэлт хэсэгт “Ажлын хэсгийн ажиллах хугацаа богино, хийгдэх шалгалтын цар хүрээ их мөн шалгалтын явцад Авлигатай тэмцэх газраас тус сургуулийн Удирдах зөвлөлийн шийдвэр, хурлын тэмдэглэл, санхүүгийн үндсэн баримтуудыг хурааж авсан тул ажлын хэсгийн удирдамж чиглэлийн дагуу байгаа сургуулиас гаргаж өгсөн баримт бичгийн хүрээнд энэхүү дүгнэлтийг гаргаж байна” гэжээ.

6.2. Өөрөөр хэлбэл Ж.Сг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсон зөрчлүүд нь баримтаар тогтоогдсон эсэх, ажлын хэсэг ямар баримтуудыг үндэслэж дүгнэлт гаргасан, Авлигатай тэмцэх газраас ямар баримтуудыг хурааж авсан, тус газарт Ж.Сд холбогдох хэрэг үүссэн эсэх, үүссэн бол ямар шатандаа явж байгаа, мөн тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5 дахь хэсгүүдэд заасан мэргэшлийн түвшин, ур чадвар үүрэгт ажилдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах эсхүл ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл тогтоогдсон эсэх, энэ талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байна.

6.3. Түүнчлэн нэхэмжлэгч талаас “... арилжааны банкуудад хадгалуулж, хүүгийн орлогод цугларсан 3 тэрбум гаруй төгрөгийн хувьд аль банканд ямар хэмжээний мөнгө цугларсан байна, түүний хүүгийн орлого нь хэдэн төгрөг болсон, уг мөнгийг хэрхэн яаж зарцуулсан талаарх жил бүрийн дэлгэрэнгүй тайлан нь байгаа ... энэ баримтыг авахгүйгээр дүгнэлт хийсэн, ” гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх бөгөөд энэ талаарх баримтыг гаргуулан авах, банкинд хадгалуулсан мөнгөтэй холбоотой хүүгийн орлого, зарлагыг Удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэр гаргаагүй гэх асуудал болон албан үүргээ гүйцэтгэхдээ хувийн ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан эсэхтэй холбогдуулан Удирдах зөвлөлийн дарга, холбогдох этгээдээс тайлбар, мэдүүлэг авах замаар нотлох баримт цуглуулж, санхүүгийн зөрчил, болон хувийн ашиг сонирхолтой шийдвэр гаргасан эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байна.

6.5. Иймд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулж, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалын үндэслэл болсон ажлын хэсгийн тайланд дурдсан зөрчлүүдтэй холбоотой дээр дурдсан баримтуудыг бүрэн гүйцэт цуглуулсны үндсэн дээр маргаан бүхий тушаал нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн эсэхэд, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар нэхэмжлэгчээс ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотой нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.5 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0918 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ