Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 78

 

гийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Ц сумын Ц нуур багт оршин суух, РД:   ,   Х овогт Рын Б ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ховд аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвд холбогдох Ховд аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2018 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулан, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, өөр ажил албан тушаалд томилуулж, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б , түүний өмгөөлөгч Л.ЭрдэнэЦ, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Н, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2002 оны 10 сараас хүн эмнэлэгт сантехникийн слесарь ба галчаар одоо хүртэл тасралтгүй 16 жил ажилласан. Энэ хугацаанд улсад төлөгдөх эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг тасралтгүй төлж байсан. Ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэг болон ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Улсад тасралтгүй 36 жил ажилласан. 2002 онд эрхлэгч эмч Анхбаяртай хөдөлмөрийн гэрээ хийж галчаар ажилд авсан. Үүнээс хойш ажилд орсон, ажлаас гаргасан ямар нэгэн тушаал гаргаагүй. Эрхлэгч эмч Н.Солонго мэргэжлээ дээшлүүлэхээр хот явсаны дараа Н.Н эмч 2017 оны 10 сарын 01 -ний өдөр тус сумын Хүн эмнэлэгт сан техникийн слесариар гэрээт ажилчнаар авч ажиллуулж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй. Ховд аймгийн Ц сумын Хүн эмнэлэгт галчийн орон тоо 4 байдаг. Гэвч 2002 оноос одоог хүртэл 2 галч ажилладаг. Хэрэв тус сумын эмнэлэгт орон тоогоороо 4 галч ажиллахаар нэг галчийн амралтын хугацаа 72 цаг байдаг. Гэтэл 2 галч 24 цагаар ээлжлэн ажиллаж байна. Илүү цагаар ажилласны хөлс өгдөггүй мөн амралтын хугацаа бага байдаг. 2018 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал гарган, 2018 оны 01 сарын 07-ны өдөр надад гардуулан өгсөн. Миний бие 2019 оны 08 сард тэтгэвэрт гарах тул ажилласан жилийг таслахгүйгээр үргэжлүүлэн ажиллуулж өгөхийг хүсэж байна.

 

Иймд миний бие Ховд аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2018 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулан, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, өөр ажил албан тушаалд сэлгүүлэн томилуулж, мөн ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Р.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Рын Б  нь Ховд аймгийн Ц сумын эрүүл мэндийн төвд сантехникчээр ажиллаж байсан ба 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот эрхлэгч эмчийн тушаалаар сантехникчийн ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Үүнд:

 

1. Ховд аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгуулах

 

2. Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх

 

3. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Р.Б  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2002 оны 10 сарын 01-нээс эхлэн эрүүл мэндийн төвд гэрээгээр ажиллаж байгаад 2007 оноос үндсэн ажилчин болсон. Би ажиллаж байх хугацаанд гаргасан зөрчил байхгүй. Би 1 жил 6 сарын дараа тэтгэвэрт гарах байсан. Гэтэл намайг ажлаас чөлөөлсөн. Би 2018 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны 1064195 төгрөг нэхэмжилж байна. Мөн миний хуучин ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай Эрүүл мэндийн төв нь 2017 оны 10 сараас эхлэн нэгдсэн дулаанд холбогдоод галч нарыг чөлөөлөх болсон. Р.Б  ах Эрчим дөл ХХК-д шилжихгүй гэсэн тул Р.Б  ахтай хугацаатай гэрээ байгуулаад авч ажиллуулсан. Энэ гэрээг байгуулахдаа бид 2 нэлээн сайн ярилцсан. 2017 оны 05 сард Цоож бид хоёрыг чөлөөлсөн одоо яах бэ? гэхээр нь би 3 сар түр ажиллуулах тохиролцооны дагуу гэрээ байгуулсан. Би ажлаас чөлөөлөх талаараа бичгээр бол мэдэгдээгүй. Амаар бол байнга мэдэгдэж байсан. 2018 онд гэрээтийн цалин гэж орж ирээгүй, шууд халаалтын зардал гэж төсөвт орж ирсэн. Цалин, орон тоо байхгүй учраас цаашид ажиллуулах боломжгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Б  нь Ховд аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвд холбогдох Ховд аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2018 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулан, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, өөр ажил албан тушаалд томилуулж, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.Б  нь Ховд аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

 

Ховд аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, Эрүүл мэнд, Спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 498/345 тоот тушаалыг үндэслэн сантехникч Р.Б ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Р.Б  нь Ховд аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвд галчаар ажиллаж байгаад Эрүүл мэндийн төв нь нэгдсэн дулаанд холбогдож улмаар 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17/17 дугаартай Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээ-гээр 2017, 2018 оны халаалтын зардал, галч нарын цалинг Эрчим дөл ХХК-ний дансанд шилжүүлсэн байна.

 

Ховд аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаартай тушаалаар Р.Б  нь сантехникийн ажилтанаар орж ажиллаж байсан ба түр ажлын байранд Р.Б тай ажил олгогч хугацаатай гэрээ байгуулсныг буруутгах боломжгүй байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болохоор заасан бөгөөд гарын үсэг зурсан гэдгийг бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд, ажил олгогч хуулийн этгээд байгууллагыг төлөөлж эрх бүхий албан тушаалтан, ажилд орохыг хүссэн эрх зүйн чадамж бүхий иргэн өөрөө гарын үсэг зурсан байхаар тайлбарласан

 

тул Эрүүл мэндийн төв болон Р.Б  нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3 сарын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.

 

Ховд аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төв нь Р.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцласан нь үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт зааснаар хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан учир хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр зөв байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Р.Б ын, Ховд аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулж гаргасан, Ховд аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.