Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 129

 

    Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Ховд аймаг Ц сум,Хөшөөт багт оршин суух Ц ийн Б ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:Ховд аймгийн Ц сумын Хөшөөт багт байрлах Ш ЖХХК-д холбогдох Гурван шатны шүүхээр маргаан хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах хугацаанд буюу 2016 оны 03 сарын 29-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9230841 төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, нэхэмжлэгч Ц.Б , хариуцагчийн өмгөөлөгч Б.Хосбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Ц.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр хариуцагч Ш ЖХХК-ны захиралын 15-120 дугаар тушаалыг хүчингүй болгож намайг урьд эрхэлж байсан уурхайн хянагчийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж шийдвэрлэсэн юм.

Уг шийдвэрийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхээс шийдвэр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Уг компани нь намайг хууль бусаар ажлаас чөлөөлөөгүй бол миний хөдөлмөрлөх болон цалин хөлс авах эрх зөрчигдөхгүй байсан. Би хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна.Хэрвээ эвлэрнэ гэвэл нэхэмжлэлийн шаардлагаа 5.000.000 төгрөг болгох боломжтой.

Иймд Ш ЖХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.Тухайн компани нь намайг эргүүлж ажилд аваагүй бөгөөд би амьдрахын эрхээр өөр компанид ажилд орсон гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Хосбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би шүүхийн шатнаас Ш ЖХХК-ны өмгөөлөгчөөр оролцож байна.

Ц.Б ын нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацааны цалин 9230843 төгрөг нэхэмжилсэн.Нэхэмжлэгч нь Мон Эн Ко ХХК-д ажилд орсон талаараа өөрөө шүүх хуралдаанд тайлбарлаж байна.Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийг үндэслэж нэхэмжлэл гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд хөдөлмөрийн маргаан гарснаас хойш 3 сарын хугацаанд гомдол гаргах эрхтэй байгаа.Хяналтын шатны шүүхийн тогтоолыг авснаас хойш хугацаа тоолох учир нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдийн гаргасан тайлбар, хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б  нь Ш ЖХХК-д холбогдуулан гурван шатны шүүхээр маргаан хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах хугацаанд буюу 2016 оны 03 сарын 29-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9230841 төгрөг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл байх тул хуульд заасан үндэслэл хэргийн харъяалал зөрчөөгүй гомдлыг шүүх хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байна.

Нэхэмжлэгч Ц.Б ийг Ш ЖХХК-ны уурхайн хянагчийн ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан байхад тухайн ажил албан тушаалдаа эргэж ажилд ороогүй, өөр компанид ажиллаж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа нь тухайн уурхайн хянагчийн ажилд орох талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 28-ны 51 дугаартай Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин 6480246 төгрөгийг Ш ЖХХК-иас шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр гаргуулан авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн би хяналтын шатны шүүхийн шийдвэрийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед хүлээн авсан.Шүүхийн шийдвэр гарснаас хойш 3 сарын хугацаанд гомдол гаргахаа мэдэхгүй байсан.Миний өмгөөлөгч өөр ажилд орсон учраас өмгөөлөгчөөсөө зөвлөгөө авч чадаагүй байж байтал өмгөөлөгч саяхан надад хэлэхээр нь би гомдол гаргасан гэх тайлбар нь гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах байтал хяналтын шатны шүүхийн шийдвэрийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед хүлээн авсан нь гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзнэ.

Хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт болох ажилтны цалин хөлсний цэс, данс бүртгэл, болон цалингийн карт, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн бичилт зэргийг ирүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хцугацааны цалин 9230841 төгрөгийг ямар нотлох баримтыг үндэслэн хариуцагчаас нэхэмжилж байгаа нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлож чадаагүй гэж шүүхээс дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ц.Б ын ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох тул Ц.Б  нь Ш ЖХХК-д ажиллаагүй болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч хариуцагчийн тайлбар болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Ц.Б ын ШинЖин Лю Ди Ван ХХК-иас 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугцааны цалин 9230841 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 116, 118, дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Ц.Б ын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Ц сумын Хөшөөт багт байрлах Ш ЖХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 9230841 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.