Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/32

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам,

Улсын яллагч Г.Ундрах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2233000330040  дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн,38 настай, эрэгтэй, бага боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ........ ХК-ийн чулуунцрын үйлдвэрийн фермийн цехийн тоног төхөөрөмжийн засварчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, ........, 0-000 тоотод оршин суух, ******* *******.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ......... оршин суух гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр *******г зүй бус үгээр доромжилж, бие эрх чөлөөнд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ...........тоотод оршин суух гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Б.Э- зүй бус үгээр доромжилж, орон гэрээс хөөж, бие эрх чөлөөнд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 21-ний өглөө охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд явж байхад манай охин орой ааваар авхуулахгүй ээжээр авхуулмаар байна гэсэн. Тэгээд ажлаасаа буухдаа эхнэрээ орой охиноо цэцэрлэгээс нь авчхаарай гэсэн үгүй би завгүй байна гээд гэнэт утсаа салгачихсан.Тэгэхээр нь 2 охиноо аваад гэртээ хүргэж өгчхөөд гэрээсээ гараад айлд очиж машин янзалж байгаад жоохон архи уусан.Тэгээд эхнэр дээрээ оччихоод би картаа авъя карт хаана байна гэсэн харамлаад өгөхгүй уурлаж байгаад шидэж өгөхөөр нь би уурлаад эхнэрээ түлхчихсэн. Гэртээ уурлаад байж байхад цагдаа ирээд аваад явсан. Тэгээд би ажилдаа явсан. Эхнэрээсээ би уучлалт гуйсан. Миний алдаа дутагдал байгаа. Би алдаагаа ойлгож байна. Одоо эхнэртэйгээ хамт амьдарч байгаа. Гэмшиж байна. Миний буруу. Буруугаа ойлгож байна. Ийм асуудал дахиж гаргахгүй...” гэх мэдүүлэг,

            2.Мөрдөн байцаалтад

            1.Хохирогч ******* өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 21-ний орой гэртээ 18 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр машинаа гэртээ тавьчхаад нэг ахтай хамт гэрээсээ гараад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр *******тай утсаар залгаж хэлэхэд би хүний юм янзалж байна хоолоо хийгээд байж бай гэж хэлэхээр нь дахиж залгаагүй. Тэгэхэд манай нөхөр ........... намайг гичий, янхан, муу янхан, жомбого гэх мэтээр хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Тэгээд намайг орноос босох хооронд гутлаа тайлж байгаад миний толгой руу 2-3 удаа гутлаараа цохисон чинь гутал нь үсэрсэн. Одоо миний толгой хавдартай толгой өвдөөд нуруу руу амьсгаа авч чадахгүй болтол 2-3 удаа цохисон. Тэгээд намайг баахан янхан банзал гичий, гэж байгаад аягатай будаатай хуурга миний охин ........ 12 настай охин авчирч өгөхөд над руу хоол авчирч над руу цацсан. Тэгээд намайг гэрээс гар зайл гээд хөөсөн. Намайг подволк оймстой намайг түлхэж гаргаад гадаа уйлаад гарсан.Тэгэхэд миний араас үсдэж дараад араас хараал урсгаж байгаад намайг ахиад гэр лүү аваад орсон. Тэгээд гэрт оруулаад намайг хэл амаар доромжлоод байж байтал цагдаа орж ирээд манай нөхрийг аваад явсан. Миний нөхөр ............ бол архи уухаараа аймар ааш зантай. Би аргыг нь олох гэж янз бүрээр үзээд барахгүй байна. Намайг бол зодох цохих асуудал урд нь бол зөндөө гардаг. Тэр болгонд цагдаагийн байгууллагад бол өргөдөл гаргаж байгаагүй. Аав ээж 2 гуйгаад байдаг. Одоо бол би үнэхээр тэсэж чадахгүй байна. Би нөхрөө согтуу орж ирэхээр үнэхээр их айдаг...,манай нөхөр .......... ер нь ойр ойрхон архи уудаг архи уухаараа агсан согтуу тавьж хэл амаар байнга доромжилдог намайг болон хоёр охиноо сэтгэл санааны хувьд их дарамтад байлгадаг.......... ажлаасаа ирэхгүй жаахан оройтохоор хоёр охин нь сэтгэл нь түгшиж аавыгаа ойр ойрхон асуугаад сэтгэл санаа нь түгшээд байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 8, 53 дугаар тал)

          2.Гэрч ...... өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 21-ний орой миний төрсөн дүү ............ 22 цагийн үед миний гар утас руу алгаад ахаа намайг миний нөхөр ......... зодоод бана гээд уйлаад ярьж чадахгүй байсан. Тэгээд би тэр орой нь малаа янзлаад өглөө ирж байна. Миний дүү Б......... ноднин 1 удаа зодоод би хүний амьдралд оролцоод яахав гээд дуугай өнгөрөөсөн. Сая бол миний төрсөн дүү Б...... нөхөр А.Э...... гутлаар толгой руу нь цохиж нуруу руу нь гараараа цохисон гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар тал),

          3.Гэрч ******* өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн орчимд миний төрсөн эгч ******* миний гар утас руу залгаад нөхөр ******* нь зодож гэртээ агсам тавиад гадаа хөл нүцгэн чирч гаргаад гэрээсээ хөөчихлөө гэж хэлсэн. Тэгээд миний эгч ******* цагдаа нар өөрсдөө ирээд аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 22 цаг өнгөрч байхад Сайхан суманд Улаанбаатар хотоос ирсэн. Архи уугаад ухаан мэдрэлээ алдаад гэртээ эхнэр *******г хэл амаар доромжлоод урд өмнө нь 2021 оны 10 дугаар сарын үед миний эгч *******г анх зодсон талаар сонссон. Миний эгчийг урд өмнө нь бас зодож цохиод тэрийг нь миний эгч ******* нуусан байсан. Сая 2022 оны 02  дугаар сарын 22-ны шөнө бас гутлаараа толгой руу нь цохисон, гараараа нуруу руу нь цохиж зодсон. 2021 оны 12 дугаар сарын 20-ны үед би эгчтэйгээ утсаар ярьж байхад миний эгч *******гийн цаана нөхөр ******* ах орилж хашхираад байсан.Тэгээд эхнэр *******г хэнтэй яриад байгаа юм гэхээр нь би төрсөн дүү *******тай утсаар ярьж байна гэхэд намайг биеэ үнэлэгч, янхан гэж хэл амаар доромжилж сэтгэл санааны дарамтад оруулж байна. Миний хүргэн ах ******* 2 охиноо бол яадаг ч үгүй. Харин өөрийн том хүү .......... ад үзээд хэл амаар доромжлоод байдаг болохоор оюутан болохоор нь би хажуудаа Улаанбаатар хотод авсан...” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дугаар тал).

            4.Насанд хүрээгүй гэрч *******гийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 20-ны үед байсан санагдаж байна ээж, дүү хоёрын хамт унтахаар орондоо дөнгөж ороод байж байхад оройн 22 цагийн үед аав гаднаас согтуу гудамжаар орилж орж ирээд ээжийг хаагуур тэнээд яваад байгаа гээд хэрэлдээд загнаад согтуу байсан юм. Тэгээд өмсөж байсан савхин куртикээрээ ээжийн гар руу цохиод байсан юм. Тухайн үед ээж зурагт хараад бараг унтах гээд байж байсан бөгөөд ээж болиоч яагаад цохиод байгаа юм гэсэн чинь өмсөж явсан хар өнгийн гутлаа тайлаад гартаа барьж байгаад ээжийн нуруу толгой, гуя руу нь бараг 10 удаа цохисон, мөн гараараа нуруу руу нь чанга цохиод байсан. Тэгээд би болон ээж болиоч гээд орилоод байсан чинь тоохгүй болихгүй байсан юм. Тэгээд ээжийг миний гэрээс зайл гээд ээжийг подволка, нимгэн хар өмдтэй тэгээд оймстой нь чирээд гэрээс гаргасан. Тухайн үед гадаа хүйтэн өвөл байсан бөгөөд цастай байсан. Тэгээд хажуугийн айлын ..........эгчийн бэр нь болиоч гээд орилсон чинь тоохгүй байсан бөгөөд ээжийг буцаагаад үснээс нь зулгаагаад чирээд оруулаад ирсэн юм. Тэгээд гэрт орж ирээд ээжийн гуя руу өшиглөөд байсан юм. Бараг аав 2 цаг шахуу ээжийг зодсон бөгөөд гадаа шөнийн 00 цаг болж бахад ирээд аваад явсан юм. Харин аав ээжийг 7 хоногт 2-3 удаа архи ууж ирээд загнаад  их бага хэмжээгээр зоддог байсан. Манай бага дүүг төрхийн өмнөхөөс эхлээд зоддог болсон. Манай дүү төрсний дараагаас манай аав архи уухаа болиод 2 жил болсон. Тэр хугацаандаа ээжийг зоддоггүй байсан. Тэгээд дүү 2 нас хүрснээс хойш архи уугаад ээжийг зоддог болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар тал),

         5.2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ....... овогтой Э........ биед эмчийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл(хавтаст хэргийн 15 дугаар тал),

         6.Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №256 дугаартай дүгнэлтээр 1.“Б....... биед тархи доргилт, зүүн бугалга, цээжний ар, зүүн гуя, баруун гуянд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо, 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.3.Б........... биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Б.Э......... биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...”гэх дүгнэлт(хавтаст хэргийн 20-21 дугаар тал),

          7.2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б........ цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл(хавтаст хэргийн 6 дугаар тал),

          8.Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт(хавтаст хэргийн 21-25 дугаар тал), 

         9.Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл(хавтаст хэргийн 26-27 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч .......... холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бэхжүүлж, цуглуулж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй болно.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн  хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас учирсан, хохирол хор уршгийг гэмт хэрэгт тооцно”  гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч ......... нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр ......... гичий янхан, жомбого гэх мэт үгээр доромжлох, гэрээсээ хөөх, өөрийгөө дүүжилж ална гэж дарамтлах,өөрийнхөө өмсөж байсан гутлаар толгой хэсэг рүү цохих, нуруу хэсэг рүү нь амьсгалах боломжгүй болтол гараар цохих, зүүн гуя, баруун гуя руу цохих, үсдэх зэргээр зодож хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь  Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.2-т заасан  хамаарал бүхий  хүний  сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлдэг.

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд  гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийл гэж тодорхойлсон.

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр *******гийн эсрэг бие мах бодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж байсан байна.

 Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн  үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулах, эсхүл учруулж болзошгүй  аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэх бол сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг нь  мөн  хуулийн  үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байдаг.Шүүгдэгч ******* шууд санаатай үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бөгөөд хохирогч *******гийн биед учирсан тархи доргилт, зүүн бугалга, цээжний ар, зүүн гуя, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл нь шүүгдэгч *******гийн гутлаар цохих, гараар ар нуруу зүүн гуя, баруун гуя руу цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутай гэж дүгнэлээ.

Иргэний нэхэмжлэлийн хувьд хохирогч энэ хэрэгтэй хамт шийдвэрлүүлэх нэхэмжлэл  гаргаагүй болно.  

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нь урд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн 57,58 дугаар хуудаст авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч *******д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч ******* нь хэрэглээний болон, гар утасны зээлтэй тул торгуулийн ялыг доод хэмжээгээр оногдуулах санал тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх зарчмыг баримтлан шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирно гэж дүгнэлээ. Иймд улсын яллагч өмгөөлөгч нарын торгуулийн ял оногдуулах саналыг хүлээж аваагүй болно.

Зорчих эрхийг хязгаарлах ял гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг”  хэлдэг байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А ..........оршин суух гэрээс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үйлдвэрийн районд орших ......... ХК-ийн .........., Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 6-620 тоотод оршин суух гэрээс Сэлэнгэ аймгийн Сайхан сумд орших ХААН банкны Хөтөл тооцооны төв, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 6-620 тоотод оршин суух гэрээс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төвд орших Мобиком корпорацын салбар, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 6-620 тоотод оршин суух гэрээс Сайхан сумын эмнэлэг зэргээс өөр газарт зорчих эрхийг 03 сарын хугацаагаар хязгаарлах  ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь согтуурах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2 дахь /үүрэг хүлээлгэх/, 3 /эрх хязгаарлах/ хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т  зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах 03 сарын ялын  хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авах  нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтгүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг тоолохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ........... дугаар баг, 0-000 тоотод оршин суух гэрээсээ Сэлэнгэ аймгийн С.......... ХК-ийн ....... үйлдвэр, ........ 0-000 тоотод оршин суух  гэрээсээ Сэлэнгэ аймгийн Сайхан суманд орших ............ төв, С............ баг, 0-000 тоотод оршин суух гэрээсээ ..............ын салбар, Сэл............ оршин суух гэрээсээ Сайхан сумын эмнэлэг зэргээс өөр газарт зорчих эрхийг 03 сарын хугацаагаар хязгаарлах  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан ........... нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан .......... мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар ялтан ........... зорчих эрхийг хязгаарлах ялын 03 сарын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэх эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авах, энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтгүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг тоолохыг тус тус  дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   А.НАРАНТУЯА