Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 133/ШШ2018/00023

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ГАА-ийн *** -т холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.П, гуравдагч этгээд Я.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Ц нь Говь-Алтай аймгийн ИТХ-ын *** нд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 55 дугаартай тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн аймгийн Засаг даргын А/418 дугаартай захирамж, ***-ын  Б/01 дугаартай тушаалуудыг тус тус үндэслэн ***  татан буугдсан гэж Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Уг асуудлаар сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны үр дүнд 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 86 дугаартай Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, мөн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн14 дугаартай Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал зэргээр ажилдаа эргэн орж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар болсон байна. Үүний үр дүнд 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ***-ын даргын Б/10 дугаартай тушаал гарч, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байнгын ажлын байран дээр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажлаа хүлээлцэн ажиллаж эхэлсэн юм. Ингээд ажлаа хийж байтал 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дахин дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас өгсөн бөгөөд уг мэдэгдэх хуудсыг миний бие хүлээн зөвшөөрөөгүй тул гарын үсэг зураагүй юм. Мэдэгдэх хуудас өгснөөс хойш 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ***-ын даргын А/14 дугаартай тушаал гарч намайг чөлөөлсөн явдал нь хуульд нийцэхгүй байна. Учир нь дээрх байгууллага татан буугдсан гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлөөд энэ асуудал шүүхээр шийдэгдсэн байхад дахин дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэг үндэслэлээр 2 удаа ажлаас чөлөөлж байгаа нь хуульд нийцэхгүй байгаагаас гадна ГАА-ийн *** -ын дарга З.М нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж хэлбэрийн төдий биелүүлж иргэн намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд ***-ын даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/14 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч ГАА-ийн *** - шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн шүүхэд Ц.Ц нь нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар О- газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг татсан байна. Нэхэмжлэгч Ц.Ц-ийн шүүхэд гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг буюу ***ыг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Хуучнаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх *** албыг Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолоор татан буулгаснаар аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжаар аймгийн ***  нь Худалдан авах ажиллагааны албатай нэгдэж ***  болон зохион байгуулагдаж бүтэц, орон тоог тогтоож өгсөн ба энэ захирамжаар манай газар нягтлан бодогчгүй болж, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийг хавсран гүйцэтгэхээр бүтцийг баталж өгсөн. Гэтэл тус газрын шинээр батлагдсан уг албан тушаал дээр татан буугдсан *** ны нягтлан бодогч Ц.Ц, худалдан авах ажиллагааны албаны нягтлан бодогч Я.З нарыг сонгон шалгаруулах журмаар ажиллуулах зайлшгүй шаардлага гарсан тул Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт "Төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь төсвийн ахлах нягтлан бодогчийг дараах байдлаар зөвшилцөн, томилж, чөлөөлнө", 19.6.3 дахь заалтад "аймаг, нийслэлийн төсөвт харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай" зөвшилцөн томилж, чөлөөлнө" гэж заасныг үндэслэн аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст хүсэлт хүргүүлж, зөвшилцсөний үндсэн дээр тухайн ажлын байранд тус хэлтсээс сонгон шалгаруулалтыг зохион байгуулж хамгийн өндөр оноо авсан, тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон бусад шаардлагыг хангаж буй А-3 гэрчилгээтэй Я.З-ыг санал болгосны дагуу худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчоор ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.   Я.З нь ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад өндөр оноо авсан төдийгүй тухайн үед жирэмсэн байсан юм. Нэхэмжлэгч Ц.Ц нь Я.З-ыг жирэмсэн, жирэмсэн хүнийг ажлаас халахгүй, шалгалтаар илүү оноо авсан, ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага хангаж байгаа, төсөв санхүү орон тоо байхгүй гэдгийг мэдэж байсан ба тухайн үед өөрөө ч ажлаас гарахаа хүлээн зөвшөөрч тэтгэмжээ авах тухай өргөдлөө бичиж өгсний үндсэн дээр тухайн үед ***-ын  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч миний бие тэтгэмж олгох тушаалыг өргөдлөө өгснөөс хойш 1 хоногийн дараа гаргаж, тэтгэмжийг олгож байсан. Гэтэл Ц.Ц нь "өргөдөл дээрээ тэтгэмжийнхээ дүнг буруу бичсэн байна, засаад өгье" гэж хэлж аваад, тэр дор нь манай байгууллагын мэргэжилтэн Н.Ц бид хоёрын дэргэд урж хаяж, өөрийн гаргасан шийдвэрээсээ буцан удаа дараа шүүхэд хандаж байгаад гайхаж байна. Нэхэмжлэгч Ц.Ц нь дээрх шийдвэрүүдийг хууль зөрчсөн буруу шийдвэр гаргасан гэж үзэн аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж үүний үр дүнд аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 86 дугаартай шийдвэрээр Ц.Ц-г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг баримтлаагүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэгч Ц.Ц-г Аймгийн ***-ын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоосон. Гэтэл нэхэмжлэгч Ц.Ц нь хуучнаар /татан буугдсан/ *** ны нягтлан бодогчоор ажиллаж байсан ба шинэчлэгдэн байгуулагдсан аймгийн ***-ын Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч гэсэн албан тушаал дээр томилогдоогүй, ажиллаж байгаагүй байхад анхан шатны шүүх уг албан тушаал дээр эгүүлэн томилох шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг нэхэмжлэгч Ц.Ц-ийн гаргасан нэхэмжлэлээс хальсан, "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэтэрхий нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангахын тулд гарсан нэг талын шийдвэр байна гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан хэдий ч аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 86 дугаартай шийдвэрийг үндэслэлтэй хэмээн хэвээр үлдээсэн. Гэтэл уг албан тушаал дээр ажлын байрны ерөнхий шаардлагыг хангасан болон аймгийн Санхүү, төрийн сангийн хэлстийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан, жирэмсэн Я.З томилогдсон байсан ба тухайн үед жирэмсэн амаржсны амралттай байсан. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн Ц.Ц-г уг албан тушаалд томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад холбогдох хууль журмын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж мэдэгдлийг өгч /Ц.Ц уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зураагүй/ ажилласан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Ц-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцсан байгаа. Уг нэхэмжлэлээр манай ***  нь хоёр алба нэгдэж газар болсон. Хоёр алба нэгдэхэд хоёр нягтлан бодогч байсан учир хууль журмын дагуу санхүү төрийн сангийн хэлтэст хүсэлт гарган ирсэн шийдвэрийн дагуу сонгон шалгаруулалт зарлан Я.З-ыг нягтлан бодогчоор томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэл өгөөгүй чөлөөлсөн гэх шалтгаанаар хоёр ч шүүхээр орж унасан учир *** газраас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд Ц.Ц-г  2017 оны 05 сараас авч ажиллуулсан. Тухайн үед нягтлан бодогч Я.З жирэмсний амралттай байсан. 2017 оны 10 дугаар сараас Я.З жирэмсний амралтын хугацаа дуусч ажилдаа орж шүүхийн шийдвэрийг биелүүлж Ц.Ц-г ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч хууль зөрчсөн гэж байсан ямар хууль зөрчсөнөө сайн мэдэхгүй байна. Хууль журмын дагуу ***-аас дээрх үйл ажиллагаанууд зарлагдсан байгаа гэв.

Гуравдагч этгээд Я.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 онд Худалдан авах ажиллагааны алба гэж байхад ажиллаж байсан. 2016 онд хоёр байгууллага татан буугдаад нэг нягтлан бодогчтой байх шаардлага үүссэн. Худалдан авах ажиллагааны нягтлан бодогчоор шалгаруулалтад ороод тэнцсэн учир нягтлан бодогчийн ажилдаа үлдсэн. Би 7 сартай жирэмсэн байсан мөн худалдан авах ажиллагаагаар мэргэшсэн учир тухайн ажлын байрны шаардлагыг хангасан гэж үзэж байна. Төрийн сангаас шалгалт аваад тэнцсэн. Ц.Ц-ийн хувьд 03 дугаар сард шүүхийн шийдвэр гараад намайг жирэмсний амралттай байх хугацаанд 06 дугаар сард ажилдаа орсон байсан. Би 10 дугаар сард жирэмсний амралтын хугацаа дуусаад ажилдаа орсон гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, тэдгээрийн шүүхэд гаргасан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад нэхэмжлэгч Ц.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.Ц нь ГАА-ийн *** -т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/14 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч Ц.Ц нь ГАА-ийн *** -т нягтлан бодогчоор ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөж, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 86 дугаартай шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай магадлалаар ажилд нь эгүүлэн тогтоосноор Говь-Алтай аймгийн ***-ын даргын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/10 дугаартай Ц.Ц-г ажилд томилох тухай тушаалаар тус газарт худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

ГАА-ийн ***  нь нэхэмжлэгч Ц.Ц-г тус газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийн ажлаас нь чөлөөлсөн байна.

Хариуцагч байгууллага нь Ц.Ц-г ажлаас чөлөөлсөн үндэслэлээ Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг буюу ***-ыг  шинээр байгуулахаар шийдвэрлэснээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолоор татан буулгаж, аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжаар аймгийн ***  нь Худалдан авах ажиллагааны албатай нэгдэж, ***  болон зохион байгуулагдаж, бүтэц орон тоог тогтоож өгсөн ба энэ захирамжаар манай газар нягтлан бодогчгүй болж, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийг хавсран гүйцэтгэхээр баталж өгсөн. Уг албан тушаалд татан буугдсан *** ны нягтлан бодогч Ц.Ц, Худалдан авах ажиллагааны нягтлан бодогч Я.З нарыг сонгон шалгаруулах журмаар ажиллуулах шаардлага гарсан тул аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст хүсэлт хүргүүлж, зөвшилцсөний үндсэн дээр тухайн ажлын байранд тус хэлтсээс сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан, тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон бусад шаардлагыг хангаж буй А-3 гэрчилгээтэй Я.З-ыг санал болгосны дагуу худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч авч ажиллуулж, Ц.Ц-г хуульд заасны дагуу ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлтэй болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаартай тогтоол хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамж, захирамжийн 1, 2 дугаар хавсралт, ОНӨГ-ын нягтлан бодогчид сонсох ажиллагаа хийсэн тухай 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6/1368 дугаартай албан бичиг, Ц.Ц, Я.З нараас авсан шалгалтын материал, өмчийн газрын нягтлан бодогчийн сонгон шалгаруулалтын дүн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газраас Я.З-д 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр олгосон гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

Тодруулбал дээрх эрх бүхий байгууллагын шийдвэрээр хоёр алба нэгдэж, шинээр бий болсон газар нь нэг нягтлан бодогчтой байхаар орон тоог нь баталсан байгаа нь тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан хоёр албаны 2 нягтлан бодогч зэрэг ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Энэ тохиолдолд сонгон шалгаруулалтын журмаар шийдвэрлэхээр тохиролцон шийдвэрлэж сонгон шалгаруулалт явагдаж Я.З онооны давуутайгаар шалгагдан дээрх орон тоонд томилогдсоныг буруутгах, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Уг сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэснийг болон үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй гомдол санал гарсан, шийдвэрлэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Урьд нь Ц.Ц-ийн гомдлоор үүсгэсэн иргэний хэргийг шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэл нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэлээр Ц.Ц-г ажилд нь эгүүлэн тогтоосон байгаа бөгөөд ажилд авах тушаалдаа шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор гэж үндэслэсэн, мөн сонгон шалгаруулалтын үр дүнгээр ажилд томилогдож улмаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны орон тоонд бүр тушаалаар томилсон зэргээр гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн байдлаар харилцааг хэрэгжүүлжээ. Гэвч энэ байдал нь шүүхийн шийдвэрийн үндэслэлд нөлөөлөхөөргүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн зүйлийн 40.5-д заасан журмыг зөрчөөгүй болох нь нэхэмжлэгчийн ”...ажлаа хийж байтал 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дахин дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас өгсөн бөгөөд уг мэдэгдэх хуудсыг миний бие хүлээн зөвшөөрөөгүй тул гарын үсэг зураагүй юм...” гэсэн тайлбар, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдэх хуудас, ***-ын нягтлан бодогчид сонсох ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.

Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч Ц.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ГАА-ийн *** -т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэгч *** овогтой Ц.Ц-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН