| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00485/и |
| Дугаар | 133/ШШ2018/00037 |
| Огноо | 2018-01-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 133/ШШ2018/00037
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ГАА ***-дхолбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М, хариуцагчийн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *** нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ***-ийн захирал А.П-ийн Б/29 тоот тушаалаар 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс тус сургуулийн хяналт шинжилгээ, чанарын баталгаажилт хариуцсан албан тушаалд томилогдон ажилласан. 2017 оны 02 сард сургуулийн захирал солигдож Г.Г гэдэг хүн сургуулийн захирлаар томилогдон ажилласан. Тус захирал ажилд орсныхоо дараа намайг ажлын төлөвлөгөөгөө гаргаж ир гэсэн шаардлага тавьсан, ажлын төлөвлөгөө гаргаж очиход баталж өгөөгүй боловч болж байна гэсэн хариу өгсөн. Хэд хоногийн дараа төлөвлөгөөгөө батлуулах гээд өрөөнд нь орсон боловч янз бүрийн шалтаг хэлээд төлөвлөгөө баталж өгөөгүй, ажлын төлөвлөгөөг чинь өөрчилж өгье гэсэн хариу өгсөн. Дараа дахиад 3, 4 хоногийн дараа захирлын өрөөнд ороход миний үр дүнгийн гэрээнээс өөрийн чинь ажлын төлөвлөгөө рүү оруулах ажил байгаа гэсэн хариу өгөөд, төлөвлөгөө баталж өгөхгүй, ажил хийх боломжгүй байдалд байсан. Сургуулийн дотоод хяналтын ажилтан сургуулийн захирлын шууд удирдлаганд ажилладаг, захирлын баталж өгсөн төлөвлөгөө, удирдамжийн дагуу ажлаа явуулах ёстой. Захирал үүрэг чиглэл гаргаж өгөх ёстой байдаг боловч үүрэг чиглэл өгөхгүй, төлөвлөгөө баталж өгөхгүй байгаа нь санаатайгааар ажлаас гаргах гэж удаа дараа зохион байгуулалттай шалтгаан гаргаж байсан гэж үзэж байна. Төлөвлөгөө удирдамж баталж өгөхгүй байж намайг Аудитын газраас ирсэн албан шаардлагыг биелүүлээгүй гэсэн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас өгч, дараа нь ажлаас чөлөөлсөн. Хөндлөнгийн байгууллагын албан шаардлагыг биелүүлээгүй ажилтнуудыг бүгдийг нь ажлаас халдаг бол тухай сургуульд ажлаас халагдах ажилтнууд олон байгаа юм байна гэж ойлгож байна. Захирал Г.Г нь том албан тушаалд ажилладаг танил талтай ажилтнуудаа хаацайлж, дээрээ танил талгүй хүмүүсийг сонгон авч, шалтаг шалтгаан хэлж ажлаас халдаг зуршилтай. Сонгон шалгаруулалтгүйгээр дарга нарын ярьсан хүмүүсийг ажилд авдаг. Бусдын ярьсан хов живээр ажлаа явуулдаг. Энэ хүнийг албан тушаалын гэмт хэрэг хийж байна гэж үзэж байна. Сургуулийн захирал Г.Г нь надад ярьсан зүйлээ хүмүүст өөрөөр ярьдаг овжин зальтай, удирдагч хүн гэхэд хэтэрхий бүдүүлэг сургуулийн хяналтын ажилтнаар ажиллаж байсан Х.Б гэдэг хүний ховоор ажлаа явуулж удаа дараа надад ажлын байрны дарамт шахалт үзүүлж байсан. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өглөө намайг ажлаас хална гэдгээ хэлээд, чамайг яахуу өөрөө өргөдлөө бичээд өгвөл 2 сарын тэтгэмж олгоё гэсэн, чиний асуудлыг захиргааны зөвлөлийн хурлаар шийднэ гэж хэлчихээд, хамт олны хурал дээр, захирлын зөвлөлийн хурал дээр ажлын тайлангаа тавь гэж хэлсэн чинь өөрөө ирээгүй гэж хэлсэн, ярьсан яриа нь хэд хоногийн дараа өөрчлөгддөг. Энэ мууг яадын ингэж аргалж байгаад ажлаас нь халчихья гэсэн байртай хандаж, доромжилсон өнгө аясаар харьцдаг байсан. Ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас өгөхөөр нь Захиргаа аж ахуйн албаны дарга Б.Б-аар ажлын төлөвлөгөөгөө батлуулан ажлаа хийж байсан боловч ажлаас чөлөөлсөн. Намайг ажилд ороход компьютер, принтер өгөөгүй, өмнө нь тус ажлыг хийж байсан Х.Б гэдэг хүн нь өмнө нь хийж байсан ажлын нэг ширхэг ч баримт өгөөгүй. Х.Б өөрийнхөө хэрэглэж байсан компьютерээ миний нэр дээр данстай гэж хэлээд өөрөө авсан, принтерээ миний хувийн юм байгаа юм гэж хэлээд авсан. Х.Б нь өөрийн хүсэлтээр тус сургуульд эдийн засгийн багшаар одоо ажиллаж байгаа, тухайн үед надад хүлээлгэж өгсөн зүйл нь ширээ, сандал, хогийн сав, залгуур, шкаб зэргийг хүлээлгэж өгсөн. Складнаас нэг шинэ компьютер авч ирж өгсөн боловч тэр нь ажилладаггүй эвдэрхий, олон удаа засварын газарт аваачиж өгсөн боловч хэвийн ажиллах боломжгүй компьютер байсан. Ийм шударга биш, төсвийн байгууллага гэхэд хэтэрхий бүдүүлэг, өөрөө энэ байгууллагад ажиллаж байж өөрийнхөө хийж байсан ажлаа хүлээлгэж өгөлгүйгээр өөр ажил руу шилжиж байгаа нь гомдолтой санагдаж байна. Бүтэн жилийн хугацаанд компьютер, принтер байхгүй ажил хийхэд хүндрэлтэй байсан. Намайг ажилд ороход ажил хүлээлцсэн акт бичээгүй. Банкнаас зээл авах гэсэн боловч тухайн байгууллагад 6 сараас дээш ажилласан байж зээл авах эрх үүснэ гээд банк зээл өгөөгүй. 2016 оны 04 сард 6 сар ажиллаад банкнаас зээл авч 950.000 төгрөгөөр нөөтбүүк худалдаж авсан, одоо болтол ашиглаж байна. 2015 оны 12 сард миний өрөөг сольж өөр өрөөнд суулгасан. Анх эхлээд тэр өрөөнд орохдоо хүйтэн гэдгийг нь мэдэлгүй орсон, удаан ажил хийгээд суухад хүйтэн өрөө байсан. Хөл бүлээцэхгүй, өвлийн хүйтэнд их даардаг байсан. Тухайн үед би жирэмсэн байсан, нэг хагас сайн өдөр бие эвгүйцээд, хэвлийгээр өвдөөд хүүхэд зулбасан. 2016 оны намар өргөдөл бичиж өгч дулаан өрөөнд орсон. Тус сургуулийн захирал Г.Г нь дотоод хяналтын ажил ямар байхыг ойлгодоггүй улмаас миний ажлын төлөвлөгөөг удаа дараа баталж өгөөгүй учраас ажил зогссон, үүнээс болж ажлаас чөлөөлсөн нь санаатайгаар төлөвлөгөө баталж өгөөгүй гэж үзээд үндэслэлгүй хэтэрхий шударга бус зүйл гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ***-ийн захирлын 10 сарын 31-ний өдрийн Б/37 тоот тушаалыг хянан үзэж, ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус ***-ийн хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ажилтан *** нь 2015 оны 11 дүгээр сараас томилогдон ажилласан боловч энэ хоёр бүтэн жилийн хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөөгүй. Ажлаас халахдаа хэд хэдэн зүйлийг үндэслэсэн. Хөдөлмөрийн сайдын тушаалаар батлагдсан 2016 оны бүтэц орон тоо, ажлын байрны нэршил нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Говь-Алтай аймаг дахь ***-ийн бүтэц орон тоог өөрчлөхдөө хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэнг, хяналт шинжилгээ үнэлгээ мониторинг хариуцсан ахлах ажилтан болгож өөрчилсөн. Үүнийг дагаад тухайн ажиллаж байгаа ажилтан бол албан тушаал дэвшин ажиллаж байгаа гэж үзэж байна. Би 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажилд орсон *** гэдэг хүнтэй 01 дүгээр сарын 29-ний өдөр уулзсанаас хойш тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж ирсэн. Өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хийгдсэн гэрээ байгаа, тухайн гэрээнд хугацааг анх томилогдохдоо туршилтын хугацаа тогтоолгүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Өнгөрсөн онд хийгдсэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 4 хяналт шалгалтын байгууллагын дүгнэлтүүд байгаа, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/95 дугаартай Говь-Алтай аймгийн Аудитын газрын албан шаардлагын 2 дугаар хуудасны 2 дахь хэсэгт “Төсвийг хууль эрх зүйн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж, дотоод хяналт, санхүүгийн хариуцлагыг сайжруулан ажиллаж биелэлтийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор аймгийн Аудитын газарт ирүүлэхийг ***-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Г, нягтлан бодогч Ж.Б нарт хариуцуулав” гэсэн, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/93 дугаартай Говь-Алтай аймгийн Аудитын газрын төлбөр барагдуулах тухай албан шаардлагаар нийтдээ 9 сая төгрөгийн орчим акт тавигдсан, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 135 дугаартай Говь-Алтай аймгийн Аудитын газрын аудитын гэрчилгээгээр хязгаарлалттай санал дүгнэлт авсан, энэ нь санхүүгийн хувьд бүрэн доголдолтой байна гэсэн үг бөгөөд зөрчил төлбөрийн жагсаалт байгаа, тухайн албан шаардлагын дагуу хариу мэдэгдэх ёстой байсан боловч хяналт шинжилгээ хариуцсан ажилтан тухайн заасан хугацаанд нь хариу мэдэгдээгүй. 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 21-02/06-13 дугаартай Монгол Улсын Сангийн яам Улсын байцаагчийн албан шаардлагаар эд хариуцагчийн тайланг үнэн зөв гаргаагүй эд хариуцагч Ж.Э, Дотоод хяналтыг байгууллагын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баримтлан ажиллаагүй *** нарт хариуцлага тооц гэсэн үүрэг чиглэл өгсөн. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08-09-029/01/12 дугаартай Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар Улсын байцаагчийн албан шаардлага, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02/12-02-02 дугаартай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газар улсын байцаагчийн албан шаардлагад дотоод хяналтын ажилтны ажлын хариуцлагыг сайжруулж дотоод хяналтыг сайжруулан тайлан улирал бүр гаргуулан баримт бичгийн бүрдлүүдийг хангаж эрсдэлийн төлөвлөгөө гаргуулж захирлаар баталгаажуулж ажиллах үүрэг даалгавар өгсөн боловч тэр талаар төлөвлөгөө гаргаж өгөөгүй. Эдгээр зүйлүүдээр ажилтан нь ажил үүргээ хангалттай биелүүлж ажиллахгүй байгаа нь харагдаж байна. 2016 оны 01 сараас 2017 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй. Төлөвлөгөө барьж орж ирсэн боловч тухайн төлөвлөгөө нь албан бичгийн стандартад нийцэхгүй шалгуур үзүүлэлт байхгүй байсан. Тухайн төлөвлөгөөг янзлаад ороод ир гэж хэлэхэд эргэж орж ирээгүй. Тэгээд би хэлж байсан заавал төлөвлөгөө батлуул гэж хэлэхгүй, тухай бүр нь удирдамж гаргаад ажиллая гэж хэлсэн. Дараа нь намайг худалчаар нь дуудаж орж ирсэн. Үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж өгнө гэж хэлээд гаргаж өгсөнгүй гэж хэлсэн. Захиргаа аж ахуйн албаны даргаар төлөвлөгөө батлуулсан байсан. Би шаардлага журмын дагуу хийсэн бол юм хэлэхгүй. Өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа гүйцэтгээгүй. 2017 оны 06 дугаар сарын 28-нд сахилгын шийтгэл ногдуулсан. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ажил тасалсан. 06 дугаар сарын 20-ны өдөр Захиргаа аж ахуйн даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Иймээс энэ хүнд хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан. 06 дугаар сарын 19-нд гаргаж өгсөн танхимын бус дээр нь хяналт шинжилгээ хийлгэж өгөөч гэсэн хүсэлт нягтлан бодогч барьж орж ирсэн. Танхимын бусад тооцоонд хяналт шинжилгээ хийх талаар цохолт хийж өгсөн. 06 дугаар сарын 23-нд хүсэлтийн хариу ирүүлсэн. Нийт 15 багштай холбоотой 158.200 төгрөгийн зөрүү гарсан, мөн жолооны 4 багштай холбоотой 5.966.400 төгрөгийн зөрүү гарч ирсэн. *** гэдэг хүн өмнө нь санхүүгийн мэргэжилтэй байсан нь давуу тал байсан. 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр *** -д мэдэгдэх хуудас өгсөн. Би гадаад руу нэг сарын хугацаанд ажлаар явж ирээд 10 дугаар сарын 22-ны өдөр *** -г дуудаад энэ хугацаанд ямар ажил хийсэн юм бэ? гэхэд ажилтнуудын цагийн тооцоо дээр ажилласан гэж хэлсэн тэгэхээр нь албаны болгоод ороод ир гэж хэлэхэд орж ирээгүй. Манайх сургалтын байгууллага тэгэхээр нь энэ сургалт төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа эсэх, дадлага хичээл дээр авагдаж байгаа материал тухайн хичээлд зарцуулагдаж байна уу? гэдэг талаар хяналт шалгалт хийгээд явдаг. Хугацаатай мэдээ тайлан дээр шалгалт хий гэхэд хийгээгүй. Манай бичиг хэргийн эрхлэгч 3 дугаар сард тэтгэвэрт гарсан тэгэхдээ бүх файлуудаа устгасан байсан. Хийсэн ажилгүй, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөөгүй. Өмнө нь А.П гэдэг захирал томилсон Д.Ц гэдэг захиралтай нэг жил ажилласан надтай 10 гаруй сар ажилласан. Хяналт шинжилгээ хариуцсан ажилтан нь захирлын шууд удирдлагад ажиллах ёстой. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, хэл амаар доромжилдог. Намайг хоёр удаа хэл амаар доромжилсон. Оны эцсийн тооллогын комисст ажилласан боловч оролцоогүй, тооллогын комиссын дүнгээр 2 сар үргэлжилсэн, нийт 8.615.218 төгрөг дутагдсан. 25 сая төгрөгийн бүртгэгдээгүй хөрөнгө гарч ирсэн. Захирлын зөвлөлийн хурлаар ажил үүргийг нь хэлэлцээд дүгнэлт гаргая гээд шийдвэр гаргасан. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 10 цагт дуудаад захирлын зөвлөлийн хурлаар оруулъя миний хувьд ажлаас чөлөөлье гэдэг зүйл яригдсан гэж хэлсэн. Захирлын зөвлөлийн хурал цагтаа эхлээд *** -г дууд гэхэд утас нь холбогдохгүй 2 цаг боллоо гэдэг зүйл яригдсан. Ажил үүргийн хувьд хангалтгүй хамт олон нь мэдэж байгаа. Миний хувьд *** -г ажлаас нь чөлөөлөх эсхүл өөр ажлын байранд томилох гэдэг зүйл яригдсан. Тухайн үед төсөв мөнгөний асуудал байгаагүй. Тухайн үед хэлж байсан өөрийн хүсэлтээр гарна гэвэл тэтгэмж өгөх талаар ярилцъя гэж хэлсэн тэгэхэд *** рангоо өөр ажилд томил гэж хэлсэн. Манайд өөр гарч байгаа сул орон тоо байхгүй гэдэг зүйлийг хэлсэн. Оны эцэст тодорхой хэмжээний хэмнэлт гарсан үүнийг урьдчилж хүсэлт гаргасны дагуу 3 сарын тэтгэмж 2.200.000 төгрөгийн тэтгэмж олгосон. *** -ийн хувьд цалин хөлс нэхэмжлэх үндэслэл байхгүй. Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн эрх үүрэгтэй албан тушаалтан, хийсэн бүтээсэн зүйл байхгүй, тодорхой төвшний боловсролтой хүн ийм ёс зүйгүй байж болохгүй гэсэн бодолтой байна. Сургалтын үйл явц уналтын шат руу орсон би тэр бүр асуудалд оролцоод байдаггүй. *** -ийн нэхэмжлэл нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч *** -ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *** нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан урьд эрхэлж байсан ажил буюу хяналт шинжилгээ, мониторинг хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь ***-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/37 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.4, 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, ***-ийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/45 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 12.2.2, 12.2.3-ын а-е хэсэг, 12.2.7-ын в, 12.2.8-ын б, г, д 12.2.9-ыг тус тус үндэслэн *** -г хяналт шинжилгээ, мониторинг хариуцсан ахлах мэргэжилтний ажлаас халсан байна.
Нэхэмжлэгч *** нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа ГАА ***-дхяналт шинжилгээ, мониторинг хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь Хөдөлмөрийн яамны харьяа Говь-Алтай аймаг дахь ***-ийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/29 дугаартай “ажилд томилох тухай” тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь ***-ийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/37 дугаартай “ажлаас халах тухай” тушаал, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/50 дугаартай “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, 0094207 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/47 дугаартай “тэтгэмж олгох тухай” тушаал зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байх тул уг нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч *** нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь ***-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/37 дугаартай “ажлаас халах тухай” тушаалыг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Хариуцагч тал нь *** -г ажлаас халсан үндэслэлээ Говь-Алтай аймгийн Аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/95 дугаар албан шаардлага, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 21-02/06/13 дугаар албан шаардлага, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08-09-029/01/12 дугаар албан шаардлага, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02/12-02-02 дугаар албан шаардлагуудаар ажил үүргээ шаардлагын түвшинд гүйцэтгэж байгаа нь нотлогдсон, хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч сунгагдахгүй болсон, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа гүйцэтгээгүй тул захирлын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн гэж маргаж байна.
Ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, 37.1.4 буюу хууль тогтоомжид заасан эрх бүхий албан байгууллага шаардсан, 37.1.8 буюу хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэх хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлүүдийг заасан байна.
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэг буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлийг заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэсэн байх тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй, зохигчдын тайлбар, анх ажилд томилсон тушаал зэргээс уг ажлын байр нь байнгын ажлын байр болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй тул энэхүү үндэслэл нь хууль нийцэхгүй байна.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 буюу хууль тогтоомжид заасан эрх бүхий албан байгууллага шаардсан гэх үндэслэлийг хариуцагчийн төлөөлөгч тайлбарлахдаа: ...2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 21-02/06-13 дугаартай Монгол Улсын Сангийн яамны Улсын байцаагчийн албан шаардлагаар эд хариуцагчийн тайланг үнэн зөв гаргаагүй эд хариуцагч ***, Дотоод хяналт, байгууллагын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баримтлан ажиллаагүй *** нарт хариуцлага тооцох гэсэн үүрэг чиглэл өгсөн... гэж тайлбарлаж байх боловч хэргийн үйл баримтаар Сангийн яамны улсын байцаагч нь ажилтныг ажлаас чөлөөлөхийг шаардах эрхтэй албан тушаалтан биш, хариуцагч хуулийн энэхүү заалтын хууль зүйн агуулгыг буруу ойлгож хэрэгжүүлсэн байна. Тодруулбал энэ нь хуульд заасан үндэслэл бүхий нөхцөл байдал үүсэхэд ажилтны бүрэн эрхийг түдгэлзүүлэх чөлөөлөхийг шаардах хуулиар олгогдсон эрх бүхий этгээд байдаг.
3. Дараагийн үндэслэлийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан. Уг үндэслэлд салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс аттестатчиллын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр хамаарах бөгөөд өөрөөр хэлбэл зохих журмын дагуу байгуулагдсан тусгай комисс ажилтан мэргэжил ур чадварын хувьд эрхэлж байгаа ажил албан тушаалдаа тэнцэж байгаа эсэхийг тогтоох зорилгоор зориудын шинжтэй үйл ажиллагааг ойлгоно. Хариуцагч тал дээрх үйл баримтыг нотолсон баримтаа шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй буюу уг хуулийн заалтыг хэрэгжүүлэх хууль зүйн шаардлага бий болсон байдал тогтоогдохгүй байна.
Ажил олгогч нь нэхэмжлэгч *** -г ажлаас халахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 12.2.2, 12.2.3-ын а-е хэсэг, 12.2.7-ын в, 12.2.8-ын б, г, д, 12.2.9-д заасныг тус тус үндэслэсэн байх бөгөөд уг дотоод журмын 12-т иргэнийг ажилд авах, хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтанд хариуцлага хүлээлгэх, ажилтныг ажлаас чөлөөлөх, халах гэж тусгасан байх бөгөөд ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо хөдөлмөрийн гэрээний бус хөдөлмөрийн дотоод журмын заалтыг үндэслэл болгосон байх бөгөөд дээрх үндэслэлүүд мөн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч *** -г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь ***-ийн хяналт шинжилгээ, мониторинг хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч *** -г 2017 оны 08, 09, 10 дугаар саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 616.916 + 627.747 + 631.947 = 1.876.610 : 3 = 625.536 төгрөг байна. Үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 625.536: 21.5 = 29.094 төгрөг байна. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл нийт ажлын 56 хоногийн цалинг тооцож, 29.094 * 56 = 1.629.264 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Ажил олгогчийн ажилтаныг ажлаас чөлөөлсөн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 тоот тушаалын үндэслэлийн талаар талууд маргасаны улмаас шүүхээс нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажил олгогч ажилтаны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч *** -ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ГАА ***-д даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа ГАА ***-өөс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.629.264 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 41.018 төгрөг, нийт 111.218 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасны удаирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан *** овогт *** -г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа ***-ийн хяналт шинжилгээ, мониторинг хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ГАА ***-өөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.629.264 /нэг сая зургаан зуун хорин есөн мянга хоёр зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** -д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар *** -ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ГАА ***-ддаалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ГАА ***-өөс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.629.264 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 41.018 төгрөг нийт 111.218 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН