Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

            Нарийн бичгийн дарга О.Номин,

            Улсын яллагч Б.Мөнхдөл,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу *******ид холбогдох 2233000440049 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:            

 Монгол Улсын иргэн,0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "Таван богд" ХХК-нд түгээгч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо Бэлхийн 0 тоотод оршин суух,

Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1225 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Алаг адуу овогт ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний орой 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 150-106 дахь километрт 0000 УБН улсын дугаартай Хюндай Аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр:Тээврийн хэрэгслийн хурд 12.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна", 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган онхолдсоны улмаас зорчигч *******ы биед гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, тархины эдийн 1 дүгээр зэргийн няцрал, баруун эгэмний дунд 1/3-ээр далд ташуу зөрөөтэй хугарал, баруун 1,2,3 дугаар хавирганы хугарал, цээжний хөндийд хий, цус хуралдалт, арьсан доорх хий, хуйханд няцарсан шарх, нүүр, цээж зүүн ташаанд зөөлөн эдэд цус хуралдалт, зулгаралт бүхий хүнд хохирол учруулах  гэмт хэрэгт холбогджээ.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний орой 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 150-106 дахь километрт 0000 УБН улсын дугаартай Хюндай Аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрсөний улмаас хүний эрүүл мэндэд  хүнд хохирол учруулах үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч *******ийн өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэт чиглэл рүү 20 цагийн орчимд гарсан. Тухайн үедээ *******, Мөнхсайхан, *******, ******* гээд 4 найзын хамтаар явсан. Тэгээд Дарханаас салаад 90 км орчим явсан байх гэнэт зам тэгшрээд уруудсан, замын хажуу тал руу нэг мэдсэн машинтайгаа өнхрөөд унасан. Эхлээд машинаас *******ыг, дараа нь *******ийг гаргасан. Дараа нь би өөрөө машинаас гарсан. Би түргэн болон цагдаа дуудсан. Би гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

   Мөрдөн байцаалтад:

   1.Хохирогч *******ы өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр би найз *******, Мөнхсайхан, *******, ******* нарын хамт машинтай Улаанбаатар хотоос Эрдэнэт рүү хөдөлсөн юм. Тухайн үед ******* нь өөрийн Хюньдай аксент маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод бид нарыг суулгаад явсан юм. Бид хэд замдаа пиво ууцгаагаад явж байсан. Хамгийн сүүлд Дархан орохоос өмнөхөн би зогсож бие зассан юм. Тэгээд машиндаа суугаад унтаад өгсөн. Тэгээд нэг мэдсэн чинь би эмнэлэг дээр байсан. Яг юу болсныг санахгүй байгаа юм. Замдаа унтаад явж байсан болохоор осол яагаад болсныг, хаана осол болсон талаар ерөөсөө юу ч мэдэхгүй байгаа юм. Сүүлд эмнэлэг дээр ухаан ороод л осолд орсноо мэдсэн юм. Би тээврийн хэрэгслийн арын суудал дээр голд сууж явсан юм. Миний эгэмний яс хугарсан. Мөн богино гурван хавирга хугарч уушги руу хатгасан, гавлын яс цуурсан, бас чихнээс цус гараад байсан. Одоо гайгүй байгаа. Мөн нүүрний зүүн хэсэгт саажилт үүссэн байна гэж эмч хэлсэн. Би өөрөө зүүн хөмсөг болон нүүрнийхээ зүүн хэсгийг өөрөө хөдөлгөж чадахгүй байгаа юм. Би гомдолтой байна. Тухайн ослын улмаас учирсан бүх хохирлоо буруутай хүнээр төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 52-55-р хуудас/,

                 2.Гэрч *******ын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед би Улаанбаатар хотоос Орхон аймаг орохоор найз *******, Мөнхсайхан, *******, ******* нарын хамт гарсан юм. Тэгээд замдаа унтаад явж байгаад сэрсэн чинь машин уначихсан байсан. Чухам яагаад унасан талаар огт мэдэхгүй байна. Манай найз ******* жолоодож явсан юм. Би арын суудал дээр сууж явсан юм. Миний баруун хөл өвдөг хэсгээрээ л бага зэрэг өвдөөд байна. Өөр өвдөж зовиурласан зүйл байхгүй толгой бага зэрэг өвдөөд байна..." гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,

                 3.Гэрч У.Мөнхсайханы өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед би Улаанбаатар хотоос Орхон аймаг орохоор найз *******, *******, *******, ******* нарын хамт гарсан юм. Тухайн үед ******* өөрийнхөө Хьюндай Аксент маркийн машинаа жолоодоод явж байсан юм. Бид хэд замдаа найзуудаараа явж байхдаа ганц хоёр пиво ууцгаагаад явсан юм.Тэгээд Дархан-Уул аймаг өнгөрөөд нилээд явж байтал машин жолоодож явсан ******* гэнэт ээ гээд уулга алдаад орилохоор нь би машины урд шилээр харахад машин эхлээд шороон замд ороод тэгснээ замын хажуугийн жалга руу ороод өнхрөөд эхэлсэн юм. Тэгээд машин хөмрөөд хөндлөнгөөрөө тэгнээд зогсчихсон байсан. Тэр үед ******* миний дээрээс дараад хэвтчихсэн байхаар нь би толгойг нь дээш болгох гээд дуудаад түлхтэл миний 2 гар нойтон оргиод цус болчихсон юм. Тэгэхээр нь би орилоод машинаа 4 дугуйн дээр нь буулга гээд хэлтэл машинаас буучихсан байсан *******, *******, ******* нар машиныг түлхэж 4 дугуйн дээр нь буулгаад ******* бид хоёрыг гаргаж авсан юм. Тэгээд *******ы толгой чихнээс нь цус гараад байхаар нь машины урд суудлын дэрийг толгойн доор нь дэрлүүлээд түргэн дуудаад түргэн ирэхийг хүлээгээд байж байсан юм. Тухайн үед тээврийн хэрэгслийг манай найз ******* жолоодож явсан юм. Би жолоочийн арын суудал дээр сууж явсан юм. Харин ******* миний хажууд суугаад цаана нь ******* сууж явсан юм. Осол болох үед хичнээн км цагийн хурдтай явж байсныг санахгүй байна. Зогсоох арга хэмжээ авсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн үйл явдал их хурдан л болоод өнгөрсөн юм. ******* огт архи уугаагүй байсан юм. Осол болсны дараа анх эмнэлэгт очиход цээж хэсгээр зовуурьтай хөдөлгөөн хийж болохгүй байсан, бас зүүн нүд бага зэрэг хөхөрчихсөн хацар мөн хавдартай байсан. Би ямар нэгэн эмчилгээ огт хийлгээгүй. Улаанбаатар хотод очоод Мөнгөн гүүр эмнэлэгт цээжээ үзүүлэхэд ямар нэгэн хугарал байхгүй, мөгөөрс юм шиг байна өвчин намдаах наалт наагаарай гэж хэлсэн юм..." гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 68-70 дугаар хуудас/,

                 4.Гэрч Б.*******ийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хотоос Орхон аймаг Эрдэнэт хот орохоор орой 20 цагийн орчим найз
*******, , *******, ******* бид тав *******ийн
00-00 УБН улсын дугаартай шар өнгийн Аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй
гарсан. Би машин дотор унтчихсан явж байсан. Тэгтэл гэнэт намайг сэрээрээ
сэрээрэй машин өнхөрчихлөө гээд ******* миний хацар руу аяархан
цохиж
сэрээсэн. Тэгээд сэрэхэд машин замын хажуу руу ороод онхолдчихсон байсан.
Харин ******* ёо ёо гээд орилоод байсан. Харин бусад нь бол гайгүй байсан.
Тэгээд ******* хэлэхдээ явж байтал гэнэт замын тахир хэсэг орж ирсэн.
Тэгээд сандраад дарчихсан чинь ийм зүйл болчихлоо гэж хэлж байсан..." гэх
мэдүүлэг/хавтаст хэргийн
71-72 дугаар хуудас/,

   5.2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 8-14-р хуудас/,

               6.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 295 дугаартай "1.*******ы биед гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, тархины эдийн 1 дүгээр зэргийн няцрал, баруун эгэмний дунд 1/3-ээр далд ташуу зөрөөтэй хугарал, баруун 1, 2, 3 дугаар хавирганы хугарал, цээжний хөндийд хий, цус хуралдалт, арьсан доорх хий, хуйханд няцарсан шарх, нүүр, цээж зүүн ташаанд зөөлөн эдэд цус хуралдалт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4.Баруун 1, 2, 3 дугаар хавирганы хугарал, цээжний хөндийд хий, цус хуралдалт, арьсан доорх хий нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, эгэмний хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, няцарсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. 6. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно" гэх шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 18-20-р хуудас/,

             7.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Үнэнбаатарын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн "1.00-00 УБН улсын дугаартай Хюньдай Аксент маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэлтэй гэж дүгнэлт гаргав. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр:Тээврийн хэрэгслийн хурд 12.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна", 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 2.Зам тээврийн осол гарсан шалтгаан нь 00-00 УБН улсын дугаартай Хюньдай Аксент маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр: Тээврийн хэрэгслийн хурд 12.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна", 12.3-д заасан "Жолооч хедөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан байх үндэслэлтэй байна" гэх дүгнэлт/хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй болно.

  Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр:Тээврийн хэрэгслийн хурд 12.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна", 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган онхолдсоны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэлээ.

 

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгч нь хохирогч *******д төлбөр төлсөн талаар хохирогчийн гаргасан “Амарсайхан овогтой ******* 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зам тээврийн осолд орж хүнд гэмтсэн. Эмчилгээний холбоотой зардлыг А.******* төлж барагдуулсан. Гомдол санал байхгүй” гэх хүсэлт,2022 оны 03 сарын 29-нд 130.000 төгрөгийг, 2022 оны 04 сарын 08-нд 500.000 төгрөгийг Д.Амарсайханы 5035507683 дугаарын ХААН банкны дансаар /хавтаст хэргийн 102,105 дугаар хуудас/, 2022 оны 05 сарын 11-нд 100.000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1.400.000 төгрөгийг хохирогч Д.Амарсайханы  5033589466  дугаарын дансаар  тус тус шилжүүлсэн гүйлгээний баримтаар тус тус тогтоогдож байна. Иймд шүүхээр шийдвэрлэх хохиролгүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах шийтгэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т  зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь хохирогчтой эвлэрч хэргээ хялбаржуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 119-р хуудас/ гаргасныг прокурор хянаад 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай /хавтаст хэргийн 123/-аар хэргийг хялбаржуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол гаргасан байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна.

Дээрх байдлуудыг дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, *******ид хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлээ.

Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ийн 1164413 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,  36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Алаг адуу овгийн *******ийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч *******ид хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч ******* нь оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын саналыг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг  тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ийн 1164413 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

  8.Энэ хэрэгт хураагдсан Сиди-г хэргийн хамт хадгалсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           10.Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл хугацаагаар  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                      А.НАРАНТУЯА