Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/826

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Д.Ширэндэв,

шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Очбадар, Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт С-гийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208004450440 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт С-гийн Г (РД:...)

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ... ангийн гадна талбайд М.Б-тэй маргалдаж улмаар түүний давсаг орчимд 1 удаа өвдөглөж түүний эрүүл мэндэд “хэвлийн битүү гэмтэл, давсагны ар ханын урагдал, няцрал, хэвлийн хөндийн цусан хураа /1000мл/ гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би мэдүүлэг өгнө. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би ээлжтэй байсан. Би тухайн үед бага даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан юм. Тэгсэн түр чөлөөтэй байгаа манай салааны захирагч Б нь над руу 18 цагийн үед залгаад над руу машин явуулаач гэхээр нь би “явуулах машин бол алга, харин мөнгө шилжүүлье” гэсэн. Тэгээд ажлаа хийж байтал орой 21 цагийн үед Б нь халамцуу, архи нь хөлөнд нь жаахан орчихсон байдалтай ирээд дотогш орно гэсэн. Тухайн үед шалгалт шүүлэг ихтэй байсан тул би оруулахгүй, эртхэн харьж амар, тэр нь хэн хэндээ өлзийтэй гэсэн. Тэгсэн Б нь “захирагчаа оруулсангүй, удахгүй орчхоод юмаа аваад хурдан гарна” гэхээр нь оруулсан бөгөөд юмаа авсан. Тэгээд гарахгүй надтай “машин явуулсангүй” гэх асуудлыг яриад тэгээд бид хоёр маргалдсан. Тэгээд намайг гараад ир гэхээр араас нь гарсан чинь хашаан дотор  надаас зуурчхаад тавихгүй байсан тул цааш түлхвэл арагшаа саваад унаад гэмтчих байх гэж бодоод өөрөөсөө холдуулах зорилгоор түлхээд өвдгөөрөө зай авсан. Тэр үед л миний өвдөг Б-ийн гэдэс хэвлий хэсэгт хүрсэн. Тухайн үед Б гайгүй байсан. Тэгээд ... П-гээр Б-ийг гэр лүү нь хүргүүлсэн. Б бид хоёрт хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Б нь архи уусан үедээ агсам тавиад байхгүй ч жаахан хэцүү зантай болдог. Б нь эхэлж надаас зуурсан. Биднийг тэгж байхад хажууд Х, П нар байсан ба биднийг салгасан. Х, П хоёрыг дотроос хэзээ гарч ирснийг мэдэхгүй, нэг мэдэхэд гараад ирчихсэн байсан. Б нь гаднаас ирэхдээ биед нь ил харагдах гэмтэлтэй гэх шинж тэмдэг байгаагүй. Гадаа харанхуй байсан ба харин ажлын байрны урд бол гэрэлтүүлэгтэй байдаг. Гэхдээ тухайн орчинд хүний нүүр царай, хувцас хунар бол харагдаж байсан” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Хохирогч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...С.Г-ын шаардлага зөв байсан. Санамсаргүй байдлаар надад гэмтэл учирсан. Би С.Г-ыг даргын хувьд загнасан юм, тэгээд л ийм асуудал болсон. Миний буруутай үйл ажиллагаанаас болсон. Би машин явуулсангүй гээд С.Г-ыг тэврэх гээд  согтуу хүний үйлдэл байсан. Би эхэлж С.Г-ыг заамдсан. Маргааш өглөө хичээлтэй байсан тул ном хувцсаа аваад гаръя гэсэн очсон, юмаа ч авсан юм. Үүдний хамгаалагч шинэ орсон залуу байсан ба би загнаад яваад орчихсон юм. Гэртээ орохдоо П-гээр түшүүлээд орсон. Тухайн үед айхтар өвдөлт бол мэдрэгдээгүй,  шээс хүрээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг юм мэдрээд байсан. Би С.Г-аас 2,100,000 төгрөг авсан. Одоо бие зүгээр байгаа. Мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэрч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би мөрдөн байцаалтад мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Би Б, С.Г нарыг юунаас болж маргалдсаныг бол мэдэхгүй. Уг асуудал нь ангийн байрны гадаа болсон. Харанхуй болж байсан. Ангийн байрны урд хэсгээрээ гэрэлтүүлэгтэй байдаг. Би С.Гын футболк урагдсан байсан эсэхийг анзаараагүй. Энэ хоёр хоорондоо барьцалдчихсан зогсож байсан. С.Г өвдгөө өргөчихсөн зогсож байхаар нь өвдөглөсөн гэж ойлгосон. Тухайн үед гадаа үзэгдэх орчин бүдэг байсан ч хөдөлгөөн хийж буй нь харагдахаар байсан. ...С.Г нь  Б-ийг өвдөглөж байхыг харсан” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч М.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал), гэрч Э.М-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал), гэрч Д.Х-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал), гэрч Ө.П-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1391 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 40-42 дахь тал), шинжээч эмч Б.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),  ГССҮТ-ийн өвчний түүх (хавтаст хэргийн 52-63 дахь тал), шүүгдэгч С.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 80 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 81 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 84 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 85 дахь тал), шүүгдэгч С.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 72-75 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогч М.Б- “...Миний буруугаас болсон тул С.Г-ыг цагаатгаж өгнө үү” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Б.Очбадрах нар: “...шүүгдэгч С.Г-ын гэм буруугүйг нотлох, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулж, С.Г-ыг цагаатгах”  гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Г-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн ... гадна талбайд түр чөлөөтэй байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн  салаан захирагч М.Б нь “над руу машин явуулсангүй” гэх асуудлыг тухайн өдрийн ээлжид гарч ажил үүргээ гүйцэтгэж байсан шүүгдэгч С.Г-т тавьснаас үүдэлтэйгээр маргалдаж, улмаар шүүгдэгч С.Г нь түүний давсаг орчимд 1 удаа өвдөглөснөөс түүний эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл, давсагны ар ханын урагдал, няцрал, хэвлийн хөндийн цусан хураа /1000мл/ бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон, энэ нь дараах нотлох баримтуудтай байна. Тухайлбал,

1. Хохирогч М.Б-ийн: “...Би ... 16 дахь жилдээ, ... ажиллаад 3 дахь жилдээ болж байгаа. Би тухайн үед мэргэжлийн бакалаврын  боловсрол эзэмшихээр дотоод  хэргийн их сургуульд  эснэ  ангид суралцаж  байсан бөгөөд  ерөнхий газрын даргын тушаалаар  чөлөөлөгдөөд суралцсан. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би С.Г-ыг “машин явуулчих” гэсэн чинь машин байхгүй гэсэн юм. Тэгээд орой 21 цагийн үед ажил руугаа очиж шкафнаас хувцас болон ном авах зорилготой ангийн байр луу нэвтэрсэн. Намайг очих үед бага дарга О, Г хоёр урдаас гарч ирсэн ба мэнд мэдээд О надаас архи үнэртээд байна, анги руу орж яах юм, аягүй бол шалгалт шүүлэг хүрээд ирнэ гэж хэлээд дотогшоо орсон ба Г бид хоёр үлдээд Г намайг маргааш ирээд юмаа авчих гэж хэлсэн ба би нэгэнт ирснийх дарга нь дотогшоо ороод юмаа авчихъя гээд орох гэхэд Г намайг яах гээд байгаа юм бэ гээд түлхэхээр нь би чи ямар сүртэй юм бэ намайг оруулчхаач гээд жоохон маргалдаад тэгээд өдрийн болсон машин явуулаагүй гэх асуудлыг би бас нэмж яриад хоорондоо муудалцаад заамдалцаж зууралдаад түлхэлцсэн гэх юм уу тэгж байгаад намайг 1 удаа эмзэг эрхтний дээд давсаг хэвлий орчимд өвдөглөж хүрэх шиг болсон. Тэр үед намайг төмсөгдчихсөн юм шиг хальт тийм мэдрэмж төрөөд зүгээр болчихсон.

Тэгж байтал дотроос манай ангийн гал сөнөөгч ажилтай Х, П хоёр гарч ирээд бид хоёрыг салгаад одоо эртхэн харьж амар гээд намайг П гэрт оруулж өгөөд явсан, би гэр лүүгээ түшүүлж орсон. ...Би ангиас гарч яваад гэртээ хариад 1-2 цаг бараг болсон байх. Тэгээд унтах гээд хэвтэж байтал бие засмаар юм шиг санагдаад шээс хүрээд байгаа юм шиг санагдаад тэгээд бие засах гэхэд шээж чадахгүй, цавь орчмоор өвдөж байсан. Тэгээд түргэн дуудаж зураг авхуулж эхо-д харуулаад хэвлийн хагалгаанд орсон. Анги руу орохоос өмнө нь бол миний бие хэвийн, ямар нэг гэмтэл бэртэл аваагүй байсан. Би тухайн үед гурван лааз пиво уучихсан байсан ба ухаан санаа эрүүл, болсон асуудлыг талаар бүгдийг тодорхой санаж байгаа. Би өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ангийн байр луу нэвтэрч дур мэдэн орох гэснээс болж ийм байдал үүссэн. Би уг өдөр өөр  хэн нэгэнтэй  маргалдаж,  муудалцаж биедээ  гэмтэл авч,  өөрөө унаж  бэртсэн зүйл  болоогүй. Уг асуудал миний буруутай үйл ажиллагаанаас болсон. С.Г-ын тавьсан шаардлага зөв байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14, 17, 20 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

2. Гэрч Э.М-ийн: “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны орой 17 цаг орчим нөхөр маань надад утсаар залгаад “Одоо сургуулиас гарах гэж байна” гэж хэлээд дахин холбогдоогүй бөгөөд орой 21 цаг өнгөрч байхад нөхөр маань хамт ажилладаг П-гээр түшүүлээд орж ирсэн.  Тэгээд орж ирээд шууд газарт доошоо хараад амьсгаадаад ёолоод хэвтээд байсан. Тэгэхээр нь нөхрөө архи их уучихсан байна гэж бодсон бөгөөд гуч гаран минут газар хэвтээд ёолоод хэвлийгээр өвдөөд байна гэж хэлсэн. Хамт орж ирсэн П нь эрүүл орж ирсэн бөгөөд надад юу болсон талаар яриагүй оруулж өгөөд л гарсан. Тэгээд нөхрөөсөө юу болсон талаар асуухад “ажил дээр хамт ажилладаг Г-тай муудалцсан гэж хэлсэн, цохисон уу гэж лавлаж асуухад дуугараагүй. Тэгээд ёолоод байсан учир 103 эмч дуудаад ГССҮТ рүү хүргэгдсэн.Шөнийн  03 цаг  өнгөрч байхад хэвлийд цус хуралт,  шингэнтэй гэсэн оношоор хагалгаанд орсон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

3. Гэрч Д.Х-ын: “...Би ... ангид гал сөнөөгч ажилтай, ахлах ахлагч, уг ангид 2011 оноос хойш одоог хүртэл гал сөнөөгчөөр ажиллаж байна. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ээлжид гарч байсан. Ахлах ахлагч П бид хоёр ангийн гадна тамхи татаад зогсож байхад анги дотроос Б Г хоёр гарч ирсэн. Тэгээд хоорондоо заамдалцаж аваад маргалдаад байхаар нь П бид хоёр очоод салгасан ба салгаж байх үед Г Б-ийн өөдөөс нь 1 удаа өвдгөөрөө өвдөглөсөн. Тэгээд бид хоёр салгаад л Б-ийг ангиас гаргаад Г, П хоёр дотогшоо ороод П машинаараа Б-ийг суулгаад явсан. Г Б-ийн яг өөдөөс нь хараад заамдаад зогсож байгаад Г Б-ийг нэг удаа өвдгөөрөө хэвлий орчимд нь өвдөглөж байхыг нь харсан. Би тэд нарыг юунаас болж маргалдсан болохыг мэдэхгүй. Харанхуй болсон байсан ч ангийн байрны урд хэсэг гэрэлтүүлэгтэй тул бүдэг ч гэсэн хүн үйл хөдөлгөөн хийж байгаа нь харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

4. Гэрч Ө.П-гийн: “...21 цаг 50 минутын үед ангийн цагийн хуваарийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээ хийж дуусаад гадна тамхи татах гээд Х гээд гал сөнөөгчтэй хамт гарсан. Тэгээд тамхи татаад зогсож байхад анги дотроос салаан дарга ахлах дэслэгч Б, ахлах ахлагч Г нар хоорондоо маргалдсан байдалтай гарч ирж байсан. Тэгээд хоорондоо заамдалцаад барилцаж аваад маргалдаад байхаар нь Х бид хоёр очиж салгасан. Тэгээд би анги руу орж машины түлхүүр аваад ээлжид гарч байсан салаан дарга О-т хэлж мэдэгдээд Б-ийг гэрт нь хүргэж өгөөд ирье гэж хэлээд Б-ийг аваад гэрт нь эхнэрт нь оруулж өгөөд явсан. Гэртээ орох үедээ шээгээдэхье гэж хэлж буугаад миний шээс гарахгүй байх юм заза оръё гээд орсон. Би бүр гэрт нь гэрийнх нь хаалгаар оруулж өгсөн. Би гаднаас хэзээ орж ирсэн, хаана хэнтэй архи уусан талаар мэдэхгүй. Бага зэрэг л архи үнэртүүлчихсэн байдалтай шкафнаас юм авна гээд л явж байсан. Б нь сургуулийн чөлөөтэй ажлаас түр чөлөөлөгдсөн, ХСИС-н эчнээ дамжаанд суралцаж байгаа гэсэн. Г бол архи уугаагүй, эрүүл тухайн үед бас анги дээрээ үүрэг гүйцэтгэж байсан. Хоорондоо маргалдаж байгаад л заамдалцаад авсан. Тэгэхээр нь очиж салгасан. Би хаашаа нь яаж хэдэн удаа юугаар цохисныг нь бол хараагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1391 дугаартай: “...М.Б-ийн биед хэвлийн битүү гэмтэл, давсагны ар ханын урагдал, няцрал, хэвлийн хөндийн цусан хураа /1000мл/, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хэвлийн битүү гэмтэл, давсагны ар ханын урагдал, няцрал, хэвлийн хөндийн цусан хураа /1000мл/ гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Харин баруун гуяны цус хуралт гэмтэл нь үзүүлсэн өдрөөс 5-7 хоногийн өмнө учирсан байх боломжтой байна. Дээрх хэвлийн хэвлийн битүү гэмтэл, давсагны ар ханын урагдал, няцрал, хэвлийн хөндийн цусан хураа /1000мл/ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-42 дахь тал),

6. Шинжээч эмч Б.Б-ын: “...Баруун гуяны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх хэвлийн битүү гэмтэл мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр буюу өвдөглөх үед үүсгэгдэх боломжтой. Харин өөрөө өөртөө болон газар унах үед үүсэх боломжгүй. Биеийн урдаас буюу хэвлий давсаг хэсэгт хүч үйлчилсэн үед давсагны ар хана аарцаг, ууцны ясанд цохигдох, харилцан хүрэлцэх үед ар хана урагдана. ...Дээрх гэмтлийг авсан хүнд өөрт нь эмзэглэл зовиур ихтэй байдаг, аарцгийн хөндийд давсагны агууламж болон цус алдалт явагдах тул удаан хугацаанд явах идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй. Тухайлбал 24 цаг дотор яаралтай эмнэлгийн тусламж авахгүй бол амь насанд  аюултай  гэмтэл юм. Хэвлийн битүү гэмтэл, давсагны ар ханын  урагдал  няцрал,  хэвлийн хөндийд  үүссэн цусан  хураа /1000мл/ гэмтлүүд нь  1 удаагийн мохоо зүйлийн  үйлчлэлээр үүссэн гэмтэл юм.  Тухайн үед давсаг шээсний агууламжтай байх үед гаднаас тодорхой хэмжээний даралт буюу хүч үйлчлэхэд давсагны дотоод даралт ихэссэний улмаас амархан урагдах боломжтой...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47, 49-50 дахь тал),

7. ГССҮТ-ийн өвчний түүх: “...2022 ооны 01 дүгээр сарын 04-ний өдөр 03:49 хэвтэж 10 хоног эмчлүүлсэн тухай. Тус өвчний түүхэд өвчтөн М.Б- нь эмчийн асуумжид “...ажил дээрээ бусдад зодуулсан” гэж хэлж тэмдэглүүлсэн.  (хавтаст хэргийн 52-63 дахь тал)

8. Шүүгдэгч С.Г-ын: “...тэр өдөр  М.Б эхлээд  над руу согтуу залгаад  машин явуулчих,  би уучихсан явж чадахгүй байна гэхээр нь  би машин олдохгүй байна , таксидаад явчих гээд данс руу 20,000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн орой  анги дээр хүрээд ирэхээр нь би согтуу  дотогшоо битгий ор одоо харьж амар  гэж шаардлага тавихад  Б нь явахгүй ганц машин  олоод явуулчхаж чадахгүй арчаагүй юм бэ  гэх зэргээр хэл амаар доромжилж  байгаад гаръя  гээд намайг  хувцаснаас зуураад байсан. Тэгээд гадаа гараад би Б-ийг өөрөөсөө холдуулж  зай гаргах зорилгоор өвдөө өргөж хаасан. Намайг зуурчхаад тавихгүй болохоор ийм үйлдэл хийсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судалж үзвэл, хохирогч М.Б нь ... хэлтсийн салаан захирагч албан тушаалтай, шүүгдэгч С.Г нь тухайн  хэлтсийн  гал түймэр унтраах  ... дугаар ангийн гал сөнөөгч ажилтай хүмүүс буюу шүүгдэгч С.Г нь албан үүргийнхээ хувьд хохирогч М.Б-ийн шууд удирдлага дор ажилладаг  байх ба хохирогч М.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Дотоод хэргийн их сургуульд эчнээ ангид суралцахаар ерөнхий газрын даргын тушаалаар түр чөлөөлөгдсөн байна.

Гэтэл хохирогч М.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр чөлөөтэй байх хугацаанд шүүгдэгч С.Г луу залгаж “машин өөр лүү нь явуулж үйлчлэхийг” даалгасан буюу өөрийнх нь эрх үүрэгт хамааралгүй үүрэг даалгаврыг ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаалтан этгээдэд буюу шүүгдэгч С.Г-т өгсөн байх боловч шүүгдэгч С.Г нь уг хууль бус тушаал даалгаврыг биелүүлээгүй байна.

Иймээс хохирогч М.Б нь тухайн өдрийн орой буюу 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйлийг тодорхой хэмжээгээр хэрэглэсэн байдалтайгаар өөрийн ажиллаж байсан ажлын байр луу буюу ... байдлын хэлтэс рүү очиж дотогш нэвтэрсэн төдийгүй шүүгдэгч С.Г-ын “эрүүлдээ ир, согтуу байдалтайгаар оруулахгүй” гэсэн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн муудалцсан, улмаар өдрийн асуудлаар буюу машин явуулсангүй гэх асуудлын хөндөн ярьж маргалдан заамдалцан ажлын байрнаас гарч үргэлжлүүлэн ангийн хашаанд дотор маргалдаж зууралдсан байх ба ангийн байрны урд хэсэг гэрэлтүүлэгтэй, тухайн үед хүний зүс царай, хувцас хунар, үйл хөдлөл нь ялгагдаж харагдаж байсан болохыг  хохирогч, гэрч, шүүгдэгч нарын хэн аль нь үгүйсгээгүй болно.

Ингэж маргалдаж муудалцах явцдаа шүүгдэгч С.Г нь хохирогч М.Б-ийг өвдөглөсөн болохыг хохирогч М.Б- мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө тодорхой мэдүүлсэн бөгөөд гэрч Д.Х, Ө.П нар нь хохирогч, шүүгдэгч хоёрыг хоорондоо маргалдаад заамдалцаад байсан болохыг мэдүүлсэн төдийгүй гэрч Д.Х нь шүүгдэгч С.Г-ыг, хохирогч М.Б-ийн давсаг хэвлий орчимд нь нэг удаа өвдөглөсөн болохыг харснаа гэрчилж мэдүүлсэн баримттай байна. Иймээс хохирогч М.Б, гэрч Д.Х нарын мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй гэж үзэхээр байна.

Улмаар хохирогч М.Б, шүүгдэгч С.Г нарыг салгасан гэрч Ө.П нь хохирогчийг гэрт нь хүргэж өгсний дараагаар биед нь зовуурь илэрч ГССҮтөв эмнэлэг рүү  хүргэгдэн хагалгаанд орсон, хохирогчид учирсан гэмтэл нь хүнд гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, тухайн гэмтэл нь тодорхой хүч үйлчилсэн тохиолдолд учрах боломжтой, түүнээс унаж ойчих гэх мэт байдлаас үүсэхгүй болох нь шинжээч эмчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч С.Г нь өөрийн ангийн салаан захирагчийн хууль бус шаардлагыг биелүүлэхээс татгалзаж буй байдлыг буруутгах үндэслэлгүй боловч түүний хохирогчтой зууралдсан байдалтайгаар маргалдах явцдаа хохирогчийг өвдөглөж буй үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийн нэг төрөл болох шууд бус санаагаар хэрэгжсэн байна гэж дүгнэхээр байна.

Учир нь, хүн оюун санаа,  хүсэл зоригийн хувьд чөлөөтэй байж өөрийн хийх гэж буй  үйлдлийн нийгэмд хортой, эсхүл ашигтай шинжийг ухамсарлан ойлгох чадвартай байхдаа хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг.

Гэм буруу  гэдэг нь гэмт этгээд өөрийн хийж буй нийгэмд аюултай  үйлдэл  түүнээс үүсэх хор уршигт санаатай буюу болгоомжгүй хэлбэрээр хандаж буй сэтгэхүйн харьцаа байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл,  эс үйлдэхүйг  хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж  түүнийг  хүсэж үйлдсэн,  хохирол, хор уршигт  зориуд  хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” хуульчилжээ.

Энэ хэргийн тухайд, шүүгдэгч С.Г нь тухайн үедээ эрүүл байсан байх ба хохирогчтой зууралдаж байхдаа хохирогч нь өөр лүү чиглэсэн хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй байхад хохирогчийн эсрэг чиглэсэн үйлдэл хийсэн буюу хохирогчийн хэвлий хэсэгт өвдөглөсөн, уг үйлдэл хийж буйгаа ухамсарлаж ойлгосон ч хэн нэгний шахалт дарамтгүйгээр өөрийн хүсэл зоригийн дагуу гүйцэтгэсэн, тус үйлдлийн үр дагаварт нь хохирогчид хүнд гэмтэл бүхий хохирол, үүнээс улбаатай хор уршиг учирсан байна.

Иймээс шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж, эсхүл гэм буруугүйгээр хохирол, хор уршиг учруулсан гэж, эсхүл аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй  байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг хүлээн аваагүй болно. 

Шүүгдэгч С.Г-ын дээрх санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой, шүүгдэгч С.Г-ын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч М.Б- нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч нь эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн болон эмчлүүлсэн төлбөр болох 2,100,000 төгрөгийг хохирогчид төлсөн болох нь Хас банкны дансны хуулгаар тогтоогдсон, хохирогч нь  гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч С.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. (хавтаст хэргийн 21 дэх тал)

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Хохирогч “...ял шийтгэл оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: “...шүүхээс шүүгдэгч С.Г-ыг гэм буруутайд тооцсон тул түүний хувийн байдал, ял шийтгэлийн төрлийн талаар санал хэлэх нь зүйтэй. С.Г нь өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх 3 үндэслэл байгааг дурдсан, онцгой байдлын газарт ажилд орсон цагаасаа тасралтгүй  12 жил ажилласан, спортын авьяастай, бүх л арга хэмжээнд оролцдог, ар гэрийн байдлын хувьд нэг хүүхэд нь өвчтэй, асаргаанд байдаг, эхнэр нь ажил хийдэггүй, С.Г нь ар гэрээ тэжээн тэтгэдэг ийм нөхцөл байдал байгаа тул түүний энэ байдлуудыг харгалзан торгох ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж, 3 жилийн хугацаанд хувааж төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Шүүгдэгч С.Г-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.              Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдэгдэхэд хүргэсэн нөхцөл байдал, мөн дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн байдал, шүүгдэгчийн  бусдад төлөх төлбөргүй байдал, түүний өөрийнх нь болон ар гэрийн нөхцөл байдал /хүүхэд нь өвчтэй, эхнэр нь хүүхдүүдээ  асардаг, шүүгдэгчээс өөр орлоготой хүнгүй/, ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс орлоготой зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 36 сарын хугацаанд буюу 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч С.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С-гийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т 10000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ