Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/780

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С овогт А-ын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208010481078 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг гэх, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар баг Сэлэнгэ гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Ачит дэлгүүрийн хоёр давхрын нийтийн байранд түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт А-ын Н (РД:...);

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Н нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б ломбардад худалдан борлуулах гэж байсан Самсунг нөүт 8 маркийн гар утсыг Э.О-иас авч үзэж байгаад авч зугтаан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал), хохирогч Э.О-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал), Тэнцвэр эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 45-46 дахь тал), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал), эд зүйл түр хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал), Юнител ХХК-ийн албан тоотын хариу (хавтаст хэргийн 21 дэх тал), эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 12 дахь тал), шүүгдэгч А.Н-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 65, 75-90 дэх тал), шүүгдэгч А.Н-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Н нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б нэртэй ломбард руу орж худалдан борлуулах гэж байсан Самсунг нөүт 8 маркийн гар утсыг Э.О-иас авч үзэж байгаад авч зугтаан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь:

1. Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Хохирогч Э.О-ийн: “...2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” ломбардад байж байхад гадна талаас үл таних 20 орчим настай эрэгтэй хүн орж ирээд надаас зарах 2 симтэй гар утас байна уу гэж асуухаар нь би Самсунг Нөүт 8 маркийн гар утас гаргаж өгөөд үзүүлэхэд тухайн  залуу гар утсыг шалгаж үзэж байгаад шууд аваад зугтаасан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн эрэгтэй хүн малгайтай цамц өмсөөд маск зүүсэн байсан болохоор би царайг нь сайн харж чадаагүй. Тухайн эрэгтэй хүнийг харах юм бол гадаад төрөхөөр нь таньж магадгүй. Самсунг Нөүт 8 маркийн гар утас байсан. Тухайн гар утсыг 2019 онд 400,000 төгрөгөөр худалдаж авсан. Би өөрийн алдсан гар утсыг 280,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

3. Тэнцвэр эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Самсунг Нөүт-8 маркийн хуучин хэрэглэж байсан Б дэлгэцтэй гар утас-220,000 төгрөг” гэсэн тайлан (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

4. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүний биед үзлэг хийсэн: “...өмссөн байсан өмдний зүүн талын халаасанд саарал өнгийн ... гэсэн имей дугаартай ард тал нь хагарсан дэлгэцэн дээр хоёр хар толбо үүссэн Самсунг ноте 8 маркийн гар утас байв...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал),

5. Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...А-ын Н (РД:...) гаргаж өгсөн: “Саарал өнгийн ... гэсэн имей дугаартай ар тал нь хагарсан дэлгэцэн дээр хоёр толбо үүссэн Самсунг ноте 8 маркийн гар утсыг хураан авч, иргэн Э.О-ь (...)-д хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

6. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Камерын бичлэгт хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн малгайтай цамцтай, хар маск зүүсэн, хар куртиктэй, 20-25 орчим настай туранхай биетэй эрэгтэй хүн 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 14 цаг 10 минутад орж ирээд ломбардын эмэгтэйгээс ухаалаг гар утас аваад хэсэг хугацаанд шалгаж үзэж байгаад 14 цаг 13 минут 55 секундэд хохирогчийг харж байхад гараад явж байгаа бичлэг байв...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал),

7. Юнител ХХК-ийн албан тоотын хариу: “... ... имэй кодтой утсанд ... дугаарыг 2022 оны 02 сарын 26-аас 03 сарын 24-нд, ... дугаарыг 03 сарын 02-04-ний өдрүүдэд тус тус хийж ашигласан байна. ...-А Н, ..., ... .. сум ...-р баг, .... ...-А С, ...., ..., ..., 2-р баг, ...” гэж тэмдэглэгдсэн. (хавтаст хэргийн 21 дэх тал),

8. Шүүгдэгч А.Н-гийн: “...2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүнээс мөнгө зээлж хойно авч уналтад ороод өдөр 14-өөс 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Саппорогийн автобусны буудлын хойно байх Б гэх ломбард руу орсон чинь ломбардыг 30-аас 40 орчим насны эмэгтэй хүн ажиллуулж байсан бөгөөд тухайн эмэгтэйгээс зарах гар утас байгаа юу гэж асуусан чинь байгаа гээд надад самсунг нөүт 8 маркийн гар утас болон ай фони маркийн гар утсыг үзүүлэхээр нь тухайн гар утаснуудыг үзэж байгаад самсунг нөүт 8 маркийн гар утсыг аваад гараад зугтсан. Тэгээд тухайн гар утсыг өөрөө ашигласан. Урьд өөрийн барьж байсан гар утсаа зарсан байсан. Б-н Д нь манай найз бөгөөд, А С нь манай төрсөн дүү байгаа юм. Энэ хоёр хүн миний ломбардаас авсан гар утсанд өөрсдийнхөө сим картыг хийж байсан. Эдгээр хүмүүс миний барьж байгаа утсыг намайг хүнээс булааж авсан гар утас гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч А.Н нь хохирогчийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь “дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрбээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдэж, хүсэж үйлдсэн шинжтэй байх тул шүүгдэгч А.Нг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч А.Н-гийн үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч Э.О-д 220,000 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүгдэгч А.Н-гээс уг утсыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь А.Н-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч А.Н-д танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг мөн хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Н нь шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч А.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.Н нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 2 хоног сэжигтнээр баривчлагдсан болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон            

                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт А-ын Н-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, 2 хоног сэжигтнээр баривчлагдсан болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ