Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/783

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208005260799 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ... ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Б-ын Б (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоот гэртээ иргэн Д.С-тай маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...өмнө мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоот гэртээ эхнэр Д.Б, иргэн Д.С нарын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа иргэн Д.С-тай маргалдан түүний үсдэж чирэх, хамар болон нүүр хэсэг рүү цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хамрын ясны  зүүн  хажуу хананы зөрүү багатай хугарал, таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

1. Хохирогч Д.С-гийн: “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн үед найз Б-ын гэрт очиж, тэгээд юм уусан байсан тул тэнд хонохоор болсон.Тэгсэн Б чи хонох юм чинь дахиад ууя  гээд дэлгүүрээс  том пиво аваад  Б, Б бид 3 хувааж уусан. Тэгээд би архины халуунд найздаа жаахан зовлонгоо тоочоод  хуучин найз залуугаа яриад байж байсан чинь манай найз миний хуучин үерхдэг залуутай үерхэж байсан юм билээ. Тэгээд бид 2 нөгөө залуугаа яриад байж байсан чинь Б-ын нөхөр Б нь  тухайн яриаг сонсоод та хоёр найзууд байж нэг залуутай үерхлээ гээд  эхнэртээ уурлаад цохиод авахаар нь би  би найзыгаа өмөөрөө дундуур нь орсон чинь  Б чи айл гэрт  хэрүүл авчирлаа гээд  миний нүүрэн тус газар гараараа нэг цохиод авсан чинь миний хамраас цус гарсан. Тэгсэн Б наад цусаа арч гээд элдэв янзаар харааж зүхээд  миний үснээс чирч гэрээсээ гаргаад  хашаан дотор үсдэж чирээд байсан. Тэгээд  би газар унаад босож ирээд гэр лүү нь ороод  Б-д “чи яаж байгаа юм бэ, би чамд гай болоогүй биз дээ” гэж хэлсэн чинь Б  хажуугаас  намайг “манай гэрээс зайл” гэж хөөгөөд байсан. Тэгээд би Бн дүүгээр машинаа бариулаад Зүүн салаад байх найз Г-гийнд очсон. Тэгээд маргааш нь гэмтлийн эмнэлэг  орж харуулсан. Тухайн үед миний нуруу зулгарсан, хүзүү дээр маажсан хумсны сорви гарсан, мөн хамар хавдаж  хугарсан байсан. Би хамраа янзлуулмаар байна, эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12,15-16, 19 дэх тал),

2. Гэрч Д.Г-гийн: “...2021 оны 10 дугаар сарын 24-нд гэртээ унтаж байхад манай найз над руу залгаад “Баруун салаанд оюутан ангийн найзындаа байна, хоорондоо хэрэлдэж маргалдаад  нөхөр нь намайг цохиж зодсон” гэж хэлсэн. Би нялх хүүхэдтэй байсан учир очиж авч чадаагүй юм. Тэгсэн удалгүй С машинтайгаа манай гэрт ирсэн чинь хамраас нь цус  гарчихсан байхаар нь би нүүр гарыг нь угаалгаад ор засаж унтуулсан юм. Тэгээд маргааш өглөө царайг нь харсан чинь нүүр нь хавдаж хөхөрсөн байдалтай болчихсон байсан. Тэгээд хаана  хэнд  зодуулсан юм гэсэн чинь  би оюутан ангийн найз Б-гийнд  очиж ууж  байгаад  нөхөр нь намайг зодож цохисон гэж хэлсэн. Тэгээд би явлаа гээд гараад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

3. Гэрч Б.Б-н : “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би хороололд найзуудтайгаа уулзаад байж байсан чинь шөнө хэдэн цагт гэдгийг мэдэхгүй байна,  манай ах Б гэнэт намайг гэрт хүрээд ир гэхээр нь явж очиход ахын гэрт  манай ах эхнэр хүүхэдтэйгээ, хадам ээж нь, мөн бэр эгчийн найз нь бас байсан. Тэгээд  манай ах намайг “наад хүүхнээ машиныг нь бариад гэрт нь хүргээд өгчих” гэж хэлэхээр нь би тухайн эмэгтэйн машиныг бариад гэрээс гараад явж байсан чинь нөгөө эмэгтэй утсаар яриад Зүүн салаанд найзындаа хүргүүлсэн. Тэгээд буцаад хороолол руу найз нар луугаа явсан. Би гэрт  орохдоо  тухайн эмэгтэйн биеийг  сайтар анзаарч хараагүй,  харин машин дотор  явж байхад  хамраа бариад уйлаад  байсан. Тэгэхээр нь би наашаа хардаа гэж хэлээд  хамрыг нь харсан чинь  хавдсан юм шиг  харагдсан. Тэр эмэгтэй машин дотроо  явж байхдаа “танайхан  ёстой муухай  хүмүүс юмаа” гэж хэлсэн. Түүнээс хэн цохиж зодсоныг хэлээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01  дүгээр сарын 17-ны өдрийн 1733 дугаартай:

“Д.С-гийн биед 2022 оны 01 дүгээр сарын 14-ний  өдрийн  толгойн  компьютер томографын шинжилгээгээр  хамрын  ясны  зүүн хажуу хананы  зөрүү багатай хуучин хугарал,  таславчийн муруйлт гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаг хугацаан хувьд  хэдийд учирсан болохыг тогтоох  боломжгүй хуучин  гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал), 

5. ГССҮТ эмнэлгийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас”-т Д.С нь 12 цаг 44 минутад үзүүлсэн тухай тэмдэглэгдсэн. (хавтаст хэргийн 35 дахь тал),

6. Шүүгдэгч Б.Бн: “...тухайн өдрийн хэрүүл маргаан гарах шалтгаан нь манай эхнэр болон түүний найз С нар нь нэг залуутай үерхдэг байсан гэх асуудлаас үүдэлтэйгээр эхэлсэн. Д.С- нь манай гэрт ирчхээд манай гэр бүлийг хүндлээгүй. Би Д.С-г манай гэрээс гарахгүй болохоор нь чирч гаргасан нь үнэн. Би С-г эмнэлгээр дагуулж явж эмчилгээ үйлчилгээ хийлгүүлсэн.” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтуудаас харвал, шүүгдэгч Б.Б нь өөрийн эхнэр Д.Б, түүний найз Д.С нарыг өмнө 1 залуутай хоёулаа үерхсэн талаарх яриаг сонсоод уг явдалд дургүйцэн өөрийн эхнэр Д.Б-тай маргалдах зуур Д.С дундуур нь орж зохицуулах гэхэд нь шүүгдэгч Б.Б, гэрч Д.Б нарын хэн аль нь түүнийг гэрээсээ хөөсөн төдийгүй шүүгдэгч Б.Б нь түүний нүүр лүү цохих, үсдэж чирэх зэргээр хүч хэрэглэсэн, тухайн үйл баримтын дараа Д.С-гийн хамар хэсэг хавдартай, цус гарсан байдалтай байсан болохыг хохирогч Д.С өөрөө мэдүүлснээс гадна гэрч Д.Г, гэрч Б.Б нар нь гэрчилсэн байна.

Улмаар хохирогч Д.С- нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний шөнө шүүгдэгч Б.Б-д цохиулсны дараа гэрч Д.Г-гийнд очиж хоносон байх ба 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ГССҮТөв эмнэлэгт очиж үзүүлсэн нь Осол, гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудаст тэмдэглэгдсэн байна.

Хэдийгээр хохирогч Д.С- нь гэмтэл авсан даруй цагдаагийн байгууллагад хандаж, улмаар өөрийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгоогүй байх боловч тэрбээр 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд очиж шинжээчид үзүүлж дүгнэлт гаргуулсан. Шинжээч Ц.Б нь түүнд учирсан гэмтлийг “хамрын ясны зүүн хажуу хананы зөрүү багатай хуучин хугарал, таславчийн муруйлт гэмтэл учирсан, уг гэмтэл нь хөнгөн зэргийн ангилалд хамаарч байгааг дүгнэлтдээ тусгасан байна.

Дээрх байдлаас үзвэл, хохирогч Д.С-д учирсан дээрх гэмтэл нь шүүгдэгч Б.Б-н үйлдлээс шалтгаалан үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нь нотлогдсон гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгч Б.Б нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийг үсдэж чирэх, нүүр болон хамар луу нь цохих зэргээр бие махбодод нь халдаж хүч хэрэглэж буй үйлдлийг хохирогчид хохирол учруулахыг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Б.Б-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.   

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Б.Б-н үйлдлээс шалтгаалан хохирогч Д.С-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Д.С нь хамраа тэгшлүүлэх хагалгаанд орох зарлаа шүүгдэгчээс нэхэмжилнэ гэх боловч баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй байна.

Харин шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.С-д 715,000 төгрөгийг шилжүүлсэн нь дансны хуулгаар тогтоогдсон. (хавтаст хэргийн 42, шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт)

Иймд шүүгдэгч Б.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байх ба харин хохирогч Д.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “саналгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас  анх удаа  гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлоос төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж, мөн шүүгдэгч Б.Б-н хувийн байдлын хувьд ... ХХК-д жолооч ажилтай, сарын үндсэн цалин нь 2,000,000 төгрөг гэх тул түүний ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн ангилалд хамаарсан зэрэг дээрх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулж, түүний сард авдаг цалин хөлс орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б-ын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.С-д 715,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Д.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ