Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 618

 

 

 

 

 

 

 

2019           6               20                                          2019/ДШМ/618

 

                                                   

         Б.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Мөнхгэрэл,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Насанбатын бичсэн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.С-д холбогдох эрүүгийн 1905000090040 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хойд овгийн Б.С-, 2002 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт ........................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........................ 2018 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Байгал” дэн буудалд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис буюу тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 4.9 грамм, цэвэр жин нь 3.1 грамм өвс гэх гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хойд овгийн Б.С- хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн өсвөр насны шүүгдэгч Б.Солонгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 жил хүртэлх хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.С-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар түүнд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг мэдэгдэж, тухайн байгууллагад үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Солонгыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний төрсөн эх Ш.Болормаад даалгаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Солонгыг ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Б.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурьдаж, эд мөрийн баримаар хураагдаж, одоо Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “уутны хамт 4.9 грамм, цэвэр жин нь 3.1 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болон декстрометорфаны агууламжтай “Woods” гэх нэртэй эмийн бодисыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Насанбат бичсэн эсэргүүцэлдээ: “... Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “уутны хамт 4.9 грамм, цэвэр жин нь 3.1 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болон декстрометорфаны агууламжтай “Woods” гэх нэртэй эмийн бодисыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд тодорхойлсон “эрүүгийн хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтыг шийдвэрлэх” журам тогтоосон заалтын холбогдох хэсгийг бус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд тодорхойлсон “шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэг”-т тусгавал зохих агуулгын тухай заалтыг дурьдсан нь хууль зүйн хувьд үндэслэл муутай болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өсвөр насны шүүгдэгч Б.С- үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолын 8 дахь заалтад “эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дугаар зүйлд заасан заалтаар устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт даалгасугай гэж шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд тодорхойлсноор эрүүгийн хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмыг тогтоосон. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд тодорхойлсон шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгавал зохих агуулгын тухай заалтыг дурдсан нь хууль зөрчсөн, үндэслэл муутай гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг үндэслэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 348 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокуророос эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.С- нь 2018 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Байгал” дэн буудалд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис буюу тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 4.9 грамм, цэвэр жин нь 3.1 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;

“Б.С- биед үзлэг хийж, биологи /шээс/-ийн дээж авч, түүний барьж явсан улаан хүрэн өнгийн арьсан цүнхнээс нь ногоон өнгийн өвс мэт ургамал, woods гэсэн бичигтэй хуванцар саван дахь бор өнгийн шингэн зүйл хураан авсан тэмдэглэл /хх 12/, уутны хамт 4.9 грамм өвс гэх нэршилтэй бодисыг woods гэх нэртэй эмийн бодисын хамт эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх 68/,

Дээрх өвс мэт эд мөрийн баримт болон биологийн дээжнээс тетрагидроканнибинолын агууламж илэрсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 223, 224 дугаартай дүгнэлтүүд /хх 36-37, 40-41/, 

Шүүгдэгч Б.С- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 61-64/ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.С- нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шинжийг хангасан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан, түүнд ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Дээд шатны прокурор “шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд тодорхойлсон эрүүгийн хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам тогтоосон заалтын холбогдох хэсгийг бус мөн хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгавал зохих заалтыг дурьдсан нь хууль зүйн хувьд үндэслэл муутай тул өөрчлөлт оруулах”-аар эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл нь “хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх зохих байгууллагад шилжүүлэх, худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах, устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх зэрэг шийдвэр гаргах” зохицуулалт байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйл нь анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх талаарх зохицуулалт байх тул анхан шатны шүүх хэрэгт хураагдсан эд мөрийн баримтыг энэ зүйл хэсгийг баримтлан устгахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүх эд мөрийн баримтыг устгахыг тухайн хэргийг мөрдөн шалгасан байгууллага болох Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын “...устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай” гэснийг “...устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ц.Насанбатын бичсэн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ   

                                    ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ