| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2020/0081/З |
| Дугаар | 128/ШШ2020/0545 |
| Огноо | 2020-08-27 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2020/0545
2020 оны 8 сарын 27 өдөр Дугаар 128/ШШ2020/0545 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.ОюунгЭ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Э ХХК. Хариуцагч: Үндэсний хөгжлийн газар. Нэхэмжлэлийн шаардлага: Концессын шууд гэрээ байгуулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, концессын шууд гэрээ байгуулахыг даалгах Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай 317 дугаар тогтоолын хавсралтын 44-т Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологи-ийн үйлдвэр Барьж-өмчлөх-ашиглах зориулалт бүхий уралдаант шалгаруулалт явуулахаар концессын зүйл батлагдсан. Тус тогтоолын дагуу манай компанийн зүгээс Концессын хуулийн дагуу Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл-ийг Монгол орны цаг уур, газар зүйн байрлалын онцлогт тохирсон техник, технологийн шийдлийн дагуу хэрэгжүүлэхээр дэлхийд хог хаягдал боловсруулах технологиор тэргүүлэгч Австри улсын Эрчим хүчний агентлагтай хамтран тухайн төслийг бүрэн хийж хэрэгжүүлэхэд бэлэн болгосон. Бидний зүгээс бэлэн болгосон Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл-ийг бодит байдалд хэрэгжүүлж, Монгол Улсыг орчны бохирдлоос салгаж, хог хаягдлыг дахин боловсруулах замаар эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор төрийн байгууллагуудад төслөө танилцуулж эхэлсэн. Мөн тухайн төслийг Оюуны Өмчийн Газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 69 дүгээр тушаалаар улсын бүртгэлд бүртгэж, Улаанбаатар хотод хаягдал ашиглан эрчим хүч үйлдвэрлэх шийдэл нэртэй Зохиогчийн эрхийн 6817 дугаар гэрчилгээг Э ХХК-д олгосон. Зохиогчийн эрхийн гэрчилгээгээр баталгаажсан төслөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/, Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргад тус тус танилцуулсан бөгөөд холбогдох салбарын сайд, Нийслэлийн Засаг дарга нараас тус тус дэмжсэн. Тодруулбал Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/7230 тоот албан бичгээр, Эрчим хүчний сайдаас 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн а/720 тоот албан бичгээр, Нийслэлийн Засаг даргаас 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/724 тоот албан бичгээр тус тус Аж үйлдвэрийн сайдад /тухайн үеийн/ хандаж Э ХХК-ийн Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл-ийг Монгол орны цаг уур, уур амьсгалын онцлогт тохирсон техник технологийн шийдлийн дагуу хэрэгжүүлэхээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохиогчийн эрхийн гэрчилгээ авсныг үндэслэн Концессын хуулийн дагуу уг төслийг шууд гэрээ байгуулах шугамаар хэрэгжүүлэх асуудлыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд оруулан шийдвэрлүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн. Түүнчлэн бидний төслийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд, Нийслэлийн Засаг даргаас бүрэн дэмжиж байгаагаа удаа дараа албан бичгээр бидэнд илэрхийлж байсан. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газар Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх асуудлыг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа дахин хэлэлцэж Засгийн газрын 2015 оны12 дугаар сарын 14-ний өдрийн 486 дугаар тогтоолоор Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 317 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж 441 гэх заалтыг нэмж Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологи-ийн үйлдвэр барьж хотын хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах зориулалтаар концессын гэрээ шууд байгуулахаар тогтоосон. Засгийн газрын тогтоолыг шууд хэрэгжүүлэгч Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаанд манай компанийн зүгээс хүндэтгэлтэй хандаж бидний төслийг шууд гэрээ байгуулах замаар дэмжиж ажиллах байх гэж итгэлтэй хүлээж байсан боловч тус газраас удаа дараа сонгон шалгаруулалт зарлаж байсан бөгөөд тус сонгон шалгаруулалтад нь ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгж шалгараагүй. Нэгэнт сонгон шалгаруулалтад ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгж оролцож, шалгараагүй тул манай компанийн зүгээс Үндэсний хөгжлийн газарт 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 88 тоот албан бичгээр хандаж шууд гэрээ байгуулах замаар концессыг хэрэгжүүлэх эрх олгохыг хүссэн боловч Үндэсний хөгжлийн газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/3737 тоот албан бичгээр уг төслийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн хуулийн этгээдтэй концессын шууд гэрээний хэлэлцээрийг хийхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэх хариу ирүүлсэн. Гэвч тус байгуулагдсан гэх ажлын хэсэг нь одоог хүртэл манай компанитай холбогдоогүй байгаа бөгөөд тухайн төсөлд зайлшгүй шаардлагатай Оюуны өмчийн гэрчилгээтэй, төрийн шат шатны байгууллага нь бүрэн дэмжсээр ирсэн манай компанийн төслийг огт хүлээн авахгүй, хэрэгжүүлэх шууд гэрээ байгуулах эрх олгохгүй зориуд удаашруулж, шууд гэрээ байгуулахаас татгалзсан үйлдэл гаргаж байгаад бидний зүгээс гомдолтой байна. Иймд Концессын шууд гэрээ байгуулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, концессын шууд гэрээ байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгаж өгнө үү гэв. Хариуцагч Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбар болон мэдүүлэгтээ: Нэг. Концессын шууд гэрээ байгуулах саналыг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болгохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 1.1 Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 317 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт-ын 44-т Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх концессын зүйлийг уралдаант шалгаруулалт явуулах замаар хэрэгжүүлэхээр тусгагдсан. Дээрх концессын зүйлийг Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалт-ыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, концессын уралдаант шалгаруулалтад Э ХХК нь шалгараагүй болно. 1.2 Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт-ын 441 -т Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх концессын зүйлийг шууд гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэх тусгасан. Концессыг шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэн олгох тохиолдолд Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Шууд гэрээ байгуулах дүгнэлтийг эрх бүхий этгээд гаргаж Засгийн газар эсхүл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ гэж заасан. Энэхүү заалтын хүрээнд шууд гэрээ байгуулах хүсэлт ирүүлсэн этгээдтэй шууд гэрээ байгуулах боломжтой эсэхийг дүгнэх чиг үүргийг үндэсний хөгжлийн газар хэрэгжүүлдэг. Концессын тухай хуулийн 17.1.2-т заасан Концессыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд байгаа зохицуулалтын хүрээнд Э ХХК-тай дээрх төслийг хэрэгжүүлэх шууд гэрээг байгуулах боломжгүй. Мөн Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт-ын 441-т Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх концессын зүйлийг хэрэгжүүлэх бодит боломж нөхцөл байхгүй. Хоёр: Концессын шууд гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Концессын тухай хуульд зааснаар Концессын гэрээг байгуулах боломжтой эсэх санал дүгнэлтийг боловсруулах чиг үүргийг эрх бүхий этгээд буюу Үндэсний хөгжлийн газар хариуцаж, уг санал, дүгнэлтийг үндэслэн гэрээ байгуулах эсэх асуудлыг Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэдэг. Иймд манай байгууллагын эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар буюу шууд гэрээ байгуулахыг даалгах боломжгүй болно. Дээрх үндэслэлүүдээр Э ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг Үндэсний хөгжлийн газрын зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь: Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Төрийн өмчийн Концессын зүйлийн жагсаалт батлах тухай 317 дугаар тогтоолын хавсралтын 44-т Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологи-ийн үйлдвэр барьж хотын хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх барих-өмчлөх-ашиглах зориулалт бүхий уралдаант шалгаруулалт явуулахаар концессын зүйл батлагдсан байна. Тус тогтоолын дагуу Э ХХК нь Концессын хуульд заасны дагуу Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл-ийг Монгол орны цаг уур, газар зүйн байрлалын онцлогт тохирсон техник, технологийн шийдлийн дагуу хэрэгжүүлэхээр Австри улсын Эрчим хүчний агентлагтай хамтран тухайн төслийг хийж хэрэгжүүлэхээр болсон байжээ. Мөн тухайн төслийг Оюуны өмчийн Газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 69 дүгээр тушаалаар улсын бүртгэлд бүртгэж, Улаанбаатар хотод хаягдал ашиглан эрчим хүч үйлдвэрлэх шийдэл нэртэй Зохиогчийн эрхийн 6817 дугаар гэрчилгээг Э ХХК-д олгосон байна. Дээрх Зохиогчийн эрхийн гэрчилгээгээр баталгаажсан төслийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/, Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг дарга болон холбогдох салбарын сайд нь тус тус дэмжсэн байжээ. Тодруулбал Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/7230 тоот албан бичгээр, Эрчим хүчний сайдаас 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн а/720 тоот албан бичгээр, Нийслэлийн Засаг даргаас 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/724 тоот албан бичгээр тус тус Аж үйлдвэрийн сайдад /тухайн үеийн/ хандаж Э ХХК-ийн Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл-ийг Монгол орны цаг уур, уур амьсгалын онцлогт тохирсон техник технологийн шийдлийн дагуу хэрэгжүүлэхээр Концессын хуулийн дагуу уг төслийг шууд гэрээ байгуулах шугамаар хэрэгжүүлэх асуудлыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд оруулан шийдвэрлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлтээ гаргасан байна. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газар Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх асуудлыг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа дахин хэлэлцэж Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 486 дугаар тогтоолоор Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 317 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж 44.1 гэх заалтыг нэмж Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологи-ийн үйлдвэр барьж хотын хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах зориулалтаар концессын гэрээ шууд байгуулахаар тогтоосон байна. Нэхэмжлэгч Э ХХК нь Үндэсний хөгжлийн газарт 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 88 тоот албан бичгээр шууд гэрээ байгуулах тухай хүсэлтээ хүргүүлсэн боловч Үндэсний хөгжлийн газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/3737 тоот албан бичгээр уг төслийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн хуулийн этгээдтэй концессын шууд гэрээний хэлэлцээрийг хийхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байна. Дээрх байгуулагдсан ажлын хэсэг нь Оюуны өмчийн гэрчилгээтэй, төрийн шат шатны байгууллагаас бүрэн дэмжсээр ирсэн Э ХХК-ийн төслийг огт хүлээн авахгүй, шууд гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Концессын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т заасны дагуу Концессыг санаачлагч нь Э ХХК байх тул концессын шууд гэрээ байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Концессын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг баримтлан хариуцагч Үндэсний хөгжлийн газрын концессын шууд гэрээ байгуулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, концессын шууд гэрээ байгуулахыг хариуцагчид даалгасугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭ
|