Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1566

 

МАГАДЛАЛ

 

2017.07.16                                               Дугаар 1566                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Д.Туулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01299 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Туулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Юу Би капитал кредит ББСБ” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээнээс учирсан хохирол 103 703 036 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт   18 377 132 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Эрдэнэсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2013 оны 09 сарын 24-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6.5 хувийн хүүтэй, зээлж, зээлийн барьцаанд “Ренж ровер” маркын жип ангилалын 17-77 УНӨ улсын дугаартай автомашинаа барьцаалж, унаад явах нөхцөлтэйгээр гэрээ байгуулан, машиныг барьцаалагчийн нэр дээр шилжүүлсэн. Ингээд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийтдээ 6 сарын турш 24 862 690 төгрөгийг төлж дуусгахаар тохиролцсон боловч төлбөрийн чадваргүй болж зээлээ төлж чадаагүй. Гэтэл “Юу би капитал кредит ББСБ” ХХК-ийн захирал Д.Ринчиндорж нь автомашиныг Сүхбаатар дүүрэг, 11-р хороолол, 10 дугаар байрны хажууд байхад байрны гаднаас ирж шууд булаагаад аваад явсан. Гүйцэтгэх захирал Д.Ричиндоржтой уулзах гэсэн боловч утсаа огт авахгүй, ор сураггүй алга болсон. Д.Туул би Америкийн нэгдсэн улсаас уг машиныг 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр татвар, даатгал ороод 43 889 ам.доллароор худалдан авсан. Би өөрөө уг машиныг АНУ-д унаж байгаад 2011 оны 11 дүгээр сарын 20-нд Монгол руу ачуулаад 2012 оны 01 сарын 24-ний өдөр Монголд буусан. АНУ-аас Монгол руу ачуулахдаа автомашинд заавал хийгдэх ёстой байдаг үйлчилгээг 6 696.80 ам.доллараар хийлгүүлсэн. “Юу би капитал кредит ББСБ” ХХК нь надад зээлийн гэрээний улмаас       103 703 036 төгрөгийн хохирол учруулсан. Энэ хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Туул гаргасан зээлийн гэрээнээс учирсан хохирол 103 703 036 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Юу би капитал кредит ББСБ” ХХК нь 2013 оны 09-р сарын 24-ний өдөр иргэн Д.Туултай ЗГ 92 дугаартай Зээлийн гэрээ болон №БГ/92 тоот Барьцааны гэрээг байгуулж 20 000 000 төгрөгийг сарын 6.5 хувийн хүүтэйгээр, алданги өдрийн 0,3 хувиар тооцож авахаар тохиролцон 6 сарын хугацаатай байгуулсан. Зээлдэгч Д.Туул нь Зээлийн гэрээ байгуулагдсан цагаас эхлэн нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Манай байгууллагын зүгээс төлөлт хийхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд төлөлт хийхгүй нөхцөлд автомашиныг худалдан борлуулах тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлж байсан. Зээлийн гэрээний 2.11-т ББСБ нь зээлдэгч буюу түүний батлан даагчийн дансанд зээл, түүний хүүг төлөх мөнгөгүй бол барьцаанд бариулсан хөрөнгийг худапдаж борлуулах замаар төлүүлнэ хэмээн заасан байдаг. Мөн Барьцааны гэрээний 2.1-т Барьцааны зүйлийн албадан борлуулах үнэ 25 000 000 /хорин таван сая/ төгрөг гэснийг нэхэмжлэгч Д.Туул нь хүлээн зөвшөөрч гарын үсэн зурж гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж ББСБ-аас их хэмжээний мөнгө авчихаад, 2 жилийн дараа гэнэт гарч ирж автомашинаа өндрөөр үнэлэн мөнгө нэхэмжилж байгаа нь шунахайн сэдэлтэй үйлдэл хийж байгаа нь харагдаж байна. Мөн өөрийн Америкийн Нэгдсэн улсаас авчирсан гэх “Ренж ровер” автомашиныг байж боломгүй өндөр үнээр үнэлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаа зорилго агуулж байх тул нэхэмжлэгч Д.Туулын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Юу би капитал кредит ББСБ ХХК сөрөг нэхэмжлэлдээ: “Юу Би Капитал Кредит ББСБ” нь иргэн Д.Туултай 2013 оны 09-р сарын 24-ний өдөр ЗГ/92 дугаартай Зээлийн гэрээ, БГ/92 Барыдааны гэрээнүүдийг тус тус байгуулсан. ЗГ 92 дугаартай Зээлийн гэрээгээр талууд 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 6.5 хувийн хүүтэй, хоногийн 0.3 хувийн нэмэгдүүлсэн хүү авахаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэний үндсэн дээр гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон. ББСБ-ын зүгээс үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд БГ/92 тоот дугаартай Барьцааны гэрээг байгуулж 17-77 УНӨ улсын дугаартай, “Ренж Ровер” маркийн автомашиныг 25 000 000 төгрөгөөр үнэлж, Барьцааны зүйлийг албадан борлуулахаар тохиролцсон. Зээлийн гэрээний 4.2-т Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан өдрөөс эхлэн барьцааны зүйлийг Иргэний хуулийн 453.2-т заасны дагуу захиран зарцуулах худалдан борлуулж зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрийг барагдуулах, Иргэний хуулийн 453.2.-т 3ээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй. Энэ заалт зөвхөн хөдлөх эд хөрөнгөнд хамаарна хэмээн заасны дагуу барьцааны зүйл болох “Ренж Ровер” маркийн автомашиныг 30 000 000 төгрөгөөр зарцуулсан. Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг автомашиныг худалдан борлуулах өдөр хүртэл буюу 2014 оны 03-р сарын 25-ны өдрөөс 2014 оны 06-р сарын 24-ний өдөр хүртэл Зээлдэгч Д.Туулын төлвөл зохих төлбөр нь зээлийн гэрээний графикийн дагуу 35 830 000 төгрөг болсон байсан.

“Рэнж Ровер” автомашиныг албадан борлуулах үнэ 25 000 000 төгрөгөөр тохиролцсон ч тухайн үеийн зах зээлийн ханш болон зээлдэгчийн эдийн засгийн байдлыг дордуулахгүй байх үүднээс 30 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Зээлийн гэрээний 2.13-т Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн төлбөрийн дарааллаар төлүүлнэ. Зээлдэгч хугацаа хэтэрч төлөх тохиолдолд тухайн төлөлт хийх өдөр хүртэлх нэмэгдүүлсэн хүү, хүүг төлсөний дараа үндсэн зээлээс хасалт хийнэ хэмээн заасны дагуу зээлийн 35 830 000 төгрөгөөс 30 000 000 төгрөгийг хасаад 5 830 000 төгрөг үлдсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу үлдэгдэл 5 830 000 төгрөгнөөс зээлийн гэрээний дагуу график гарган бодлоо. Автомашиныг худалдан борлуулсан өдрөөс хойш зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 5 830 000 төгрөгөөс зээлийн гэрээний графикийн дагуу бодоход Хүү: 11 381 132 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 1 166 000 (20%) төгрөг, нийт үлдэгдэл: 18 377 132 төгрөг болж байна. Зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 18 377 132  төгрөгийг Д.Туулаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Туулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэсүрэн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь зээлийн гэрээний төлбөрийг эхлээд үндсэн төлбөрт тооцож, дараа нь хүүг төлүүлэх дарааллыг хуульчилсан байна. Улсын Дээд
шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.4-т “Төлөх
хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан
дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ” гэж
тайлбарласан нь 1/ зээлийн төлбөр, 21 хүү гэсэн дарааллыг гэрээний талууд
биелүүлэх үүрэгтэй болохыг харуулж байна. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 31792 тоот зээлийн гэрээний 2.13-т “Зээлийн төлбөрийг нэмэгдүүпсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийн дарааллаар төлүүлнэ” гэх хуулийн дээрх зохицуулалтын эсрэг заалт оруулсан байна. Иймд хууль зөрчсөн гэрээг тайлбарлан хэрэглэх арга нь маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэх эрх шүүхэд хадгалагдана.

Хариуцагч зээлийн гэрээний 4.3-т заасан зээл олгосны дараа зээлийн зарцуулалт, ашиглалтыг өдөр тутам хянаж шалгах үүднээс зээлдэгчээс cap, улирал тутам өмнөх сарын, улирлын санхүүгийн тайлан тэнцлийг авч, зээлийн зарцуулалтыг газар дээр нь очиж танилцах, мөн гэрээний 4.6-д заасан олгосон зээлийн ашиглалтыг шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах үүргээ биелүүлээгүй төдийгүй, зээлийн гэрээний 7.6-д заасан нөхцөл байдал бий болсон байхад зээлийн гэрээг дуусгавар болгож, түүнийг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй. Эндээс үзэхэд хариуцагч “Юу Би Капитал Кредит ББСБ” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ санаатайгаар биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч автомашиныг зах зээлийн үнээс доогуур үнээр, өөрт ашигтай байдлаар худалдан борлуулах, алдангиар зээлдэгчийн үүргийг ихэсгэх сонирхолтой байсан нь харагдаж байна. Энэ нь иргэний гэрээний харилцаанд талууд тэгш эрхтэй оролцох зарчмыг зөрчсөнөөр нотлогдоно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн шаардах эрх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т заасны дагуу нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу “Юу Би Капитал Кредит ББСБ” ХХК-ийн шаардах эрх 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үүссэн байх ба энэ үеэс эхлэн хугацааг тоолоход хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дуусчээ. Ийнхүү үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дууссан гэж үзнэ.

Барьцаа хөрөнгийг худалдсантай холбоотойгоор хариуцагчийн барьцааны эрх дуусгавар болсон болно. Нэгэнт нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг төлж чадахгүй бодит нөхцөл байдал үүссэн тул Иргэний хууль болон зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээг дуусгавар болгож, гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн байна. Барьцааны эрх нь барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгчид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрх олгох эрхийг илэрхийлснээс биш, барьцааны зүйлийг булааж аваад өөрт ашигтай байдлаар худалдан борлуулах ухагдахуун биш юм. Барьцааны эрх нь үндсэн шаардах эрхээс үл салгаж болох шинжтэй бөгөөд хариуцагч барьцааны зүйлийн хувьд гуравдагч этгээдтэй хэлцэл хийж, худалдан борлуусан тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасны дагуу барьцааны эрх нь сөрөг нэхэмжлэгчийн хувьд дуусгавар болсон гэж үзнэ. Барьцааны эрх дуусгавар болоход үндсэн шаардах эрх мөн дуусгавар болсон тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно. Зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, гэрээ дуусгавар болсон тул “Юу Би Капитал Кредит ББСБ” ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойшхи хугацааны хүү шаардах эрхгүй. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжпэлийн шаардлага үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар “Юу би капитал кредит ББСБ” ХХК-иас 26 170 000 төгрөгийг гаргуулж Д.Туулд олгож, Д.Туулын нэхэмжлэлээс 77 533 036 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “Юу би капитал кредит ББСБ” ХХК-ийн Д.Туулд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 18 377 132 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Туулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 676 470 төгрөгийг, хариуцагч “Юу би капитал кредит ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 000 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Юу би капитал кредит ББСБ”     ХХК-иас 288 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Туулд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь шүүхэд 2013 оны 9-р сарын 24-ний өдөр байгуулсан зэлийн гэрээнээс учирсан хохирол 103 703 036 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээгээр Д.Туулын өмнө “Ренж Ровер” маркийн автомашиныг худалдан борлуулахтай холбоотой ямар нэгэн үүрэг хүлээгээгүй юм. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж барьцааны гэрээнээс үүссэн харилцааг ялгаж салгалгүйгээр хариуцагчид үүрэг гүйцэтгэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.

Талуудын хооронд байгуулагдсан БГ/92 дугаартай Барьцааны гэрээ нь “Хөдлөх эд хөрөнгийн барьцааны, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний шинжийг агуулсан зохицуулалт бүхий зүйл заалттай гэрээ байсан. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д энэ хуулийн 198.1-198-5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ хэмээн заасны дагуу гэрээг тайлбарлаж гэрээ байгуулагдах үед хийгдсэн бодит үйлдлийг харгалзан үзэх ёстой байсан.

“Ренж ровер” автомашиныг ББСБ-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн үйлдэл болон барьцааны гэрээний 2.1-д уг автомашиныг албадан борлуулах үнэ зэргийг тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээний онцлог нь бодит үйлдлээр хэрэгжсэн болохыг шүүх анхаарч үзсэнгүй.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана, 42 дугаар зүйлийн 42.8 Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно хэмээн зааснаас харахад барьцаалуулагч этгээд нь өөрийн автомашиныг ББСБ-ийн нэр дээр шилжүүлж зээл авах, ББСБ нь өөрийн ажил хэргийн хүрээн дэх тогтсон заншлийн дагуу зээлдэгчид тохирох хэмжээний зээлийг олгож ашиг олох хүсэл зорилготой байсныг харж болно. Барьцааны гэрээгээр зээлдэгч этгээдийн өмчлөлийн эд хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлдэггүй болохыг анхаарах нь зүйтэй. Мөн шүүх хариуцагчийг Барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3-д заасан үүргийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 48.1-д заасны дагуу барьцаалуулагчид бичгээр “мэдэгдэх хуудас”-аар мэдэгдэх үүргийг гүйцэтгээгүй, худалдан борлуулах үнийг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгоогүй, худалдан борлуулах үнэ, худалдан борлуулах арга зэргийг тодорхойлж худалдан борлуулах ажиллагаа хийгдэхээр товлосон өдрөөс 14 хоногийн өмнө барьцаалуулагчид хүргүүлэх үүргээ биелүүлээгүй хэмээн буруутгадаг.

Илэрхий алдаатай шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу “Ренж Ровер” автомашины худалдаалах үе /2016 оны 12-р сарын 27/-ын ханшийг тодорхойлох зорилгоор “Ашид Билгүүн” ХХК-ийг хөрөнгийн үнэлгээний шинжээчээр томилж шинжээчийн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх гол нотлох баримт болгож хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус юм. Учир нь, “Ашид Билгүүн” ХХК нь 17-77 УНӨ улсын дугаартай “Ренж Ровер” маркийн автомашиныг 2016 оны 12-р сарын 27-ны өдрийн ханшийг тодорхойлон гаргахдаа автомашин, техникийн үнэлгээ гэсэн хэсэгт 2007 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг 2010 онд үйлдвэрлэсэн гэж буруу тодорхойлсон бөгөөд 2012 онд Монголд орж ирсэн автомашиныг 2014 онд орж ирсэн хэмээн техникийн нөхцөлийг тодорхойлж дүгнэлт гаргасан нь тухайн шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл 2-3 жилийн зөрүүтэйгээр үнэлсэн үнэлгээ нь үнэн зөв байх ямар ч боломжгүй. Мөн шинжээчийн дүгнэлтийн автомашин техникийн үнэлгээ гэсэн хэсэгт 2014 оны 12-р сарын 11-ний өдрийн байдлаар тодорхойлоход үнэлгээний ажлын зорилго оршино хэмээн хэрэгт ач холбогдолгүй цаг хугацааг тодорхойлж шинжээчийн дүгнэлтийг хийсэн нь тухайн автомашины зарагдах үеийн ханшийг үнэн зөв тодорхойлсон гэж үзэх үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлт нь мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гэхээсээ илүү автомашины зарын сайтуудын үүнийн нийлбэр байсан. Өөрөөр хэлбэл автомашины зарын сайтуудад байрлах худалдагч этгээдийн өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэлж байсан үнэлгээг тухайн үеийн ханш хэмээн дүгнэсэн. Шүүх талуудын хүсэл зоригоо илэрхийлэн хүлээн зөвшөөрч байгуулсан гэрээний албадан дуудлага худалдааны 25 000 000 төгрөгийг үнэлээгүй хэрнээ алдаатай шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх бусад нотлох баримтаар нотлогдохгүй, илэрхий алдаатай шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн шаардлагаас өөр үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн, эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон илэрхий алдаа гаргаж хэргийг шийдвэрлэсэн тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05-р сарын 10-ны өдрийн 01299 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 5 830 000 төгрөгнөөс хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 18 377 132 төгрөг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн үндэслэл нь “Барьцааны зүйлийг худалдах үеийн зах зээлийн бодит үнийн доод хэмжээ 62 000 000 төгрөгнөөс нэхэмжлэгч Д.Туулын автомашиныг худалдан борлуулах өдөр хүртэл буюу 2014 оны 06-р сарын 24-ний өдрийг хүртэл “Юу Би Капитал кредит ББСБ”-д төлөх үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү нийт 35 830 000 төгрөгийг хассан. ...Зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлснээр 2014 оны 06-р сарын 24-ний өдөр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон” хэмээн үзсэн.

Шүүх эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан шийдвэрийг илэрхий алдаатай шинжээчийн дүгнэлтийг удирдлага болгон            62 000 000 төгрөгнөөс 35 830 000 төгрөгийг хасч Иргэний хуулийн 236 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн шийдвэр болсон. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хангаж болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Туул нь хариуцагч “Юу би капитал кредит ББСБ” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийг зөрчсөнөөс учирсан хохирол 103 703 036 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 18 377 132 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...барьцаа хөрөнгийг шууд хураан авсан нь хууль, гэрээг зөрчсөн гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаагаар, сард 6,5 хувийн хүүтэй зээлж, Rengrover маркийн, 17-77 УНӨ улсын дугаартай авто машиныг барьцаалуулжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан зээл болон барьцааны гэрээ гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдох аливаа шаардлагыг талууд харилцан шаардах эрхтэй.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ гэрээний 5.4-т “барьцааны зүйлийг гэрээний 3.5-д заасан аргаар тогтоосон үнээр ББСБ зээлийн өр төлбөрт тооцон шилжүүлэн авах, эсхүл гуравдагч этгээдэд шууд худалдан борлуулж болно.” гэж заасныг үндэслэн тайлбарласан байна.

Гэрээний дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлд заасан барьцаалагчийн шаардлагыг хангах, 159 дүгээр зүйлд заасан барьцааны зүйлийг худалдах журамд тус тус нийцээгүй байна.

Иймд хариуцагч нь барьцааны зүйлийг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан нь буруу гэж үзнэ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт нь зөв байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01299 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 249 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ТУЯА

                                   

                       ШҮҮГЧИД                                            Ч.ЦЭНД                                              

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ