Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/179

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.*******т холбогдох эрүүгийн 2215001160169 дугаартай, 163/2022/0172/Э индекстэй хэргийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Булган аймгийн *** суманд 19*** оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, Орхон аймаг, *** сум, ******* баг, 8-38 тоотод оршин суух бүртгэлтэй, барилгын туслах ажилтан, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Б.*******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял аар оногдуулж, ялыг тэнсэж хянан харгалзсан, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, 34 настай, эрэгтэй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн *** сумын ** дүгээр багийн нутагт өөрийнх нь сууж явсан машиныг шаварт суусан байхад портер загварын тээврийн хэрэгсэлтэй ирж машиныг шавараас татаж гаргах үедээ О.*******гийн  гэрэл тусгуулахаар Б.*******т өгсөн Redmi Note загварын гар утсыг буцааж өгөлгүйгээр авч завшиж 320.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2215001160169 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үед Б.******* нь өөрийн төрсөн дүү *******, түүний эхнэр *******, найз нар болох *******, нарын хамт гэх эмэгтэйгийн машинтай Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг Зүүн түрүү гэх газарт хаваржиж байсан хамаатны ах Мандаа гэх айлд очихоор Орхон аймгаас гарч яваад замдаа шаварт сууж, *******гийн гуйснаар портер загварын тээврийн хэрэгсэлтэй О.*******  ирж шаварт суусан машиныг татаж гаргах үедээ “гэрлийг нь тусгаад барьж бай” гэж өөрийн эзэмшлийн Redmi Note загварын гар утсаа Б.*******т өгсөн байх ба түүнд утсыг буцааж өгөлгүйгээр 320.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг авч завшсан хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, утсыг буцаан өгч хохиролгүй болгосон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.*******гийн өгсөн: ...Тухайн тээврийн хэрэгсэлд 3 залуу, 2 эмэгтэй сууж явсан. Тэгтэл машин нь болж өгөхгүй хропны шланк нь мултраад шингэн нь асгарчихсан байсан. Тэгэхээр нь би 2 залууг нь авч явж төв орж шингэн авахуулаад эргээд машин дээр нь аваачиж өгөөд шингэнийг нь хийлгэтэл гоожоод байна гэхээр нь би гэрэл тусгаад хар гэтэл тэнд гэрэлтэй хүн байгаагүй учраас би өөрийнхөө утсыг өгч гэрэл тусгуулсан юм. Тэгэхдээ би утсаа нэг цэнхэр цамцтай залууд өгсөн. Тэр үед 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн өглөөний 04-05 цаг болж байсан бөгөөд миний нойр хүрээд би хашааны гадна нь машинаа зогсоогоод машин дотроо унтаж байсан. Тэгээд би цэнхэр цамцтай залуу руу очоод утсаа авъя гэж хэлтэл тэр залуу би таны утсыг буцаагаад өгсөн шүү дээ гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм, өгөөгүй гэж хэлтэл өгсөн гээд байсан. Анх машин чирсэн газарт унасан юм байхдаа гэж бодоод тэр хүмүүстэй нөгөө газраа очиж үзтэл байхгүй байсан. Тэгээд би цэнхэр цамцтай залууг үүрч яваа хар цүнхээ нээгээд үзүүлчих гэтэл энэ цүнх минийх биш, манай дүүгийн цүнх хамаагүй үзүүлэхгүй гэхээр нь чи ядаж холоос нээгээд харуулчих гэтэл харуулахгүй гээд надаас холдоод байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

3. Гэрч Т.*******ийн өгсөн: ... Булган аймгийн Булган сумын Зүүн түрүүний эхээд явж байтал бид нарын сууж явсан машин шаварт суусан. Манай хамтран амьдрагч *******  шаварт суусан машинаа татаж гаргах машин хайгаад явсан. ******* удалгүй портер машинтай нэг танихгүй ахыг дагуулж ирсэн. Тэр танихгүй ах машинаараа бид нарын сууж явсан машиныг шавраас татаж гаргаж өгсөн. ...Бид нарыг машинаар татаж өгсөн залуу ирээд би гар утсаа хаячихаж та нарын машиныг шавраас гаргаж өгсөн газарт очиж үзье гэж хэлсэн. Ингээд бид нар тухайн газарт очоод гар утсыг нь хайсан. Бид нарыг тухайн портерийн жолооч залуу хээр орхиод явсан. Бид нар Булган сум руу алхаж орж ирсэн. Булган сум руу алхаж явтал ******* ах надад гар утас байгаа гэж хэлээд миний цүнхнээс цэнхэр өнгийн том дэлгэцтэй гар утас гаргаад ирсэн. Тэгээд уг гар утсанд миний симийг хийсэн. Тэгээд ******* ах бид хоёр дэлгүүр ороод дэлгүүрээс ундаа гэх мэт зүйл авсан. Ингээд Орхон аймагт ажилтай байсан учраас би Орхон аймаг руу явдаг таксины жолооч руу залгаад нэрийг нь мэдэхгүй /99718161/ гар утсаар нь залгаад дуудсан чинь одоо Орхон аймаг руу гарах гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг таксинд суугаад Орхон аймаг руу явсан. Ингээд маргааш нь над руу цагдаагаас яриад та хүний гар утас аваад явсан байна гэж хэлэхээр нь би гар утсыг нь Булган аймагт аваачиж өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

4. Ашид Билгүүн хариуцлагатаы хувьцаат компанийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 622/3575 дугаартай: Redmi Note 8 загварын гар утасны зах зээлийн үнэ 320.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-37 дахь тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******ын яллагдагчаар өгсөн: Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үед өөрийн төрсөн дүү *******, түүний эхнэр *******, *******гийн найз нар болох *******, бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх эмэгтэйгийн машинтай нийтдээ тавуулаа Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг Зүүн түрүү гэх газарт хаваржиж байсан манай хамаатны ах Мандаа гэх айлд очих гээд Орхон аймгаас гарсан. Булган аймгийн Булган сумын Зүүн түрүүний эхээд явж байтал бид нарын сууж явсан машин шаварт суусан. ...Удалгүй ******* цагаан өнгөтэй портер машинтай хүн дагуулж ирсэн. Тухайн дагуулж ирсэн портер машинтай хүн бид нарыг шавраас гаргаж өгөөд машин чирээд Булган аймаг оруулж өгөөд явсан. Шавраас машин гаргах гээд байж байтал портерийн жолооч залуу надад гар утсаа өгөөд чи миний гар утасны гэрлийг тусгаад барьж бай гээд өгсөн юм. Ингээд би гар утасны гэрлийг нь асаагаад гэрэл тусгаж байтал портерийн эзэн гэх залуу машиндаа суугаад бид нарын машиныг чирээд Булган аймаг руу хөдөлсөн. Тухайн үед би *******ийн цүнхийг үүрч байсан болохоор портерийн эзэн залуугийн гар утсыг *******ийн цүнхэнд хийсэн. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/, Булган аймгийн Булган сумын нутагт байрлах Чандмань хүнсний дэлгүүрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 09 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.*******, гэрч Т.******* нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд гэрчилсэн нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Б.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутагт иргэн О.*******гийн Redmi Note загварын гар утас буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг гэрэл тусгахаар ашиглаж байгаад буцааж өгөлгүй авч завшин 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай нь нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтаар шүүгдэгчийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буцааж өгөхгүйгээр авч завшсан идэвхитэй үйлдэл, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугийн санаатай гэмт хэрэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно гэжээ.

Шүүгдэгчийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу гар утсыг өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож ашигласан үйлдэл нь гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.*******д Redmi Note 8 загварын гар утас буюу 320.000 төгрөгийн хохирол учирсан нь Ашид Билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба дээрх хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

         Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.******* нь хохирогч О.*******гийн гар утсыг биет байдлаар буцааж өгснөөр /хавтаст хэргийн 22 дахь тал/ хохирлыг төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Б.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 40-51 дэх талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, зөрчлийн талаарх бүртгэл мэдээлэл, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь 34 настай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн 8-38 тоотод дүүгийн хамт барилгын ажил эрхлэн амьдардаг, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 4/83 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 1 жил, 8 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналын хүрээнд шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******т сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч О.******* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНХАНД