| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2022/0089/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/174 |
| Огноо | 2022-07-08 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч Э.Гантулга,
хохирогчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулган /онлайнаар/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү /онлайнаар/,
шүүгдэгч Э.Амгаланбаатар нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Амгаланбаатарт холбогдох эрүүгийн 2215001140142 дугаартай, 163/2022/0171/Э индекстэй хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Баян *** овогт Энхтуяагийн Амгаланбаатар, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1984 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ** дугаар багийн 18-902 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, 38 настай, эрэгтэй, урьд Сонгинхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 590 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, РД: ВМ84090311.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Амгаланбаатар нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цагийн үед Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутагт 260/171 километрийн заалт бүхий тэмдэгтийн шонгоос 153.4 метр зайд 44-84 БНХ улсын дугаартай ногоон өнгийн SsangYong Istana загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг урсгалд зорчиж явсан Мустанг 5 загварын мотоцикл жолоодож явсан Д.Банзрагчтай мөргөлдөж улмаар амь насыг хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Амгаланбаатарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215001140142 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Э.Амгаланбаатар нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цагийн үед Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутагт байрлах асфальтан зам дээр буюу 260/171 километрийн заалт бүхий тэмдэгтийн шонгоос 153.4 метр зайд 44-84 БНХ улсын дугаартай ногоон өнгийн SsangYong Istana загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг урсгалд зорчиж явсан Мустанг 5 загварын мотоцикл жолоодож явсан Д.Банзрагчтай мөргөлдөж улмаар амь насыг хохироосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Амгаланбаатарын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: Уг хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Рашаант сумын төвийн урдуур гарсан асфальтан зам дээр ертөнцийн зүгээр баруун зүгт 4 километр зайд болсон байв. Уг хэргийн газраас баруун, зүүн тийш зам дагуу 300 метр зайд ямар нэг тэмдэг тэмдэглэгээ байхгүй. Мөн замын эвдрэл, гэмтэлгүй, үзэгдэх орчин чөлөөтэй, тэгшхэн, шулуун чиглэлтэй асфльтан зам байв. Хэргийн газрыг үзэхэд мотоцикл болон Istana загварын тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдөж мотоциклын жолооч нас барсан байдалтай байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-12 дахь тал/,
3. Хэргийн газрын хэмжилтийн бүдүүвч зураг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
4. Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-24 дэх тал/,
5. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтунгалагын өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 18 цагийн орчим Банзрагч ус авахаар дахин гараад ирэхгүй удаад байхаар нь би утсаар зөндөө залгасан боловч гар утсаа авахгүй байсан. Тэгээд би залгасаар байгаад 20 цаг 18 минутын орчимд гар утсаа авч надтай утсаар ярьсан. Тухайн үедээ болохоор би хаана байгаа талаар асуухад удахгүй ээ хайраа, очиж явна гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд түүнээс хойш сураг ажиг байхгүй байж байгаад орой нь сумын цагдаа нар залгаад Банзрагчийг осолд орсон талаар хэлсэн. Тэгээд орой нь хажуу айлын ах хэлэхдээ танай нөхөр чинь Санжааг сундлаад сумын төвөөс баруун зүгт асфальтан замаар явж байсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
6. Гэрч Ч.Санжаажамцын өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр талийгаач Банзрагчтай таарсан. Тэгээд намайг хөдөө гэр рүү хүргэж өгөхөөр болсон. ...орой 19 цаг 30 минутын орчимд сумын төвийн гэр рүүгээ хөдөлсөн. Тухайн үед хоноод яваач гэж хэлэхэд би маргааш ажилдаа явах гэж байгаа гэж хэлсэн. ...Тухайн өдөр би нутгийн залуу болох Отгонбат болон хамт явсан залуу нартай таараад 1 лааз пиво хувааж уусан. Улмаар талийгаач Банзрагчаар хөдөө гэртээ хүргүүлэх болсон. Тэгээд талийгаач Банзрагчтай бол хамт архи согтууруулах ундааны зүйл ерөөсөө хэрэглээгүй. Харин талийгаач Банзрагчаас архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй эрүүл байна гэж бодсон. Тэгээд замдаа явж байхдаа талийгаач Банзрагч маргааш нөгөөдрөөс ажилруугаа явах гэж байгаа гэж хэлсэн. Мөн намайг сумын төвөөс анх суулгахдаа би ганц хоёр хоног уучихсан юм аа, одоо архинаас хөндийрье гэж өөрөө ярьсан. Тухайн үед хэнтэй, хаана архи уусан талаар ярьж хэлээгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-43 дахь тал/,
7. Гэрч Д.Ганзоригийн өгсөн: Би болсон явдлын талаар сонсоод өчигдөр Улаанбаатар хотоос хүрч ирсэн. Би өнөөдөр өглөө нар гарсан үед хэргийн газрыг харсан. Миний харснаар бол Istana загварын тээврийн хэрэгслийн жолооч нь эсрэг урсгал руу орж манай дүүг мөргөсөн юм шиг харагдаж байсан. Асфальтан зам дээр дугуйн мөр гарсан байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
8. Гэрч Б.Батболдын өгсөн: ...Рашаант сумын төв өнгөрөөд асфальтан дээр явж байсан. Би болохоор арын суудал дээр өөрийнхөө хүүхдийг тэврээд сууж явсан ба арын хэсэгт байсан адууны толгойнд дэрлүүлж өвс тавих гээд өндийсөн. Тухайн үед өөрийнхөө хүүхдийг суудал дээрээ унтуулаад тавьсан байсан. Тэгтэл машины дугуй хагарсан бололтой машин дайвалзаад ирсэн. Тэгээд машинаа зогсоогоод харахад машины зүүн урд хэсгээр мөргөсөн байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,
9. Гэрч Б.Өнөрбатын өгсөн: ...Надад бол хэлэхдээ эсрэг урсгалаас гэрэлгүй мотоцикл гарч ирээд мөргөчихлөө гэж ярьж байсан. Тухайн үед хэргийн газрыг харахад нар жаргачихсан гэгээ яг тасарч байх үед байсан. Тухайн үед ойр байх эд зүйлс харагдаж байсан. Замын хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслүүд дөнгөж ойрын гэрлээ асааж эхэлж байсан. Би цагдаа нараас хамгийн түрүүнд очиж хэргийн газрын хамгаалалт авсан... Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах багаж болох Alcohol test 75-10 багажаар Амгаланбаатарыг үлээлгэж үзэхэд алдаа заагаад болохгүй байсан. Тухайн үед ойролцоогоор 10 орчим удаа үлээлгэсэн. Тэр үед хажууд байсан хүмүүсийг үлээлгэж үзэхэд эрүүл болон архи уусан хүмүүс нь зохих хэмжээндээ зөв зааж байсан. ...Тухайн үед Амгаланбаатар хэлэхдээ урьд шөнө би найзуудтайгаа пиво уусан. Цуснаас аягүй бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж гарах байхдаа би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ үлээж үзүүлье л дээ гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/,
10. Гэрч Ч.Дэлгэрнасангийн өгсөн: Э.Амгаланбаатарыг үнэртэх болон илт мэдэгдэх согтуу бол байгаагүй. Драгер багажаар хэд хэдэн удаа үлээлгэхэд драгер багаж ажиллахгүй байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/,
11. Цогцост үзлэг хийсэн Булган аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаартай: Талийгаачид гавлын суурь ясны шугаман болон олон сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал. Тархины суурийн судсуудын урагдал, тархины суурь хэсгийн аалзан хальс доорх цус харвалт, гүүр, уртавтар тархины эдийн няцрал. Баруун, зүүн чамархайн булчинд цус хуралт, духны хуйханд цус хуралт. Хоёр уушгины эдийн няцрал, зүүн уушгинд шарх, үнхэлцэг хальсны цус хуралт, элэг дэлүүний няцрал, баруун, зүүн олон хавирганы хугарал, зүүн шуу, дунд чөмөг, шилбэ ясны зөрсөн ил хугарал, эрүү зүүн сарвууны дунд хурууны 3 дугаар шивнүүрт шарх, зүүн мөр, эгэм, зүүн суга, хэвлий баруун шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлий, дээд, доод мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас, тухайн гэмтлүүдийг авсан даруйдаа нас баржээ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 93-97 дахь тал/,
12. Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаартай: ...Жолооч Э.Амгаланбаатар нь Истана загварын 44-84 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад 3.7.а-д заасан “...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Осол болох үеийн тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй. Дээрх заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 104 дэх тал/,
13. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.Амгаланбаатарын яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би Улаанбаатар хотоос Истана загварын 44-84 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Баянхонгор аймаг руу явахаар болсон. ...Орой 20 цагийн үед үзэгдэх орчин харанхуй болсон байхад Булган аймгийн Рашаант сумаар дайрч өнгөрсөн. Тухайн үед тээврийн хэрэгслийн гэрлийг асааж эхэлсэн. Рашаант сумын төвийг өнгөрөөд төв замаараа явж байтал замын хажууд хөвөөн дээр 2 нохой ноцолдож байхыг би харсан. Нохой хараад хурдаа хасаж байтал гэнэт тас гээд жолооны хүрд зүүн гар тал руу булаагдсан. Би хөл тоормоз гишгээд арай хийж замын баруун тал руу дарж хөвөөн дээр шахаж зогссон. Би юу болов, дугуй буудчихсан юм байх гэж бодоод машинаас буух гэсэн чинь зөв талын хаалга онгойхгүй байсан. Би буруу талын хаалга онгойлгож гараад харахад зүгээр байсан боловч гупер, карлан дугуй руугаа чихэгдээд орсон байхаар нь юм мөргөсөн байна гэж бодоод хойшоо гүйгээд очиход тээврийн хэрэгслийн хойно мотоцикл зам дээр хажуугаараа уначихсан байдалтай байсан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Хэрэг яаж ч шийдсэн байна, би талийгаачийн ар гэрт хохирлыг төлж барагдуулна гэдгээ хэлмээр байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 133-135 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхтунгалаг, гэрч Ч.Санжаажамц, Д.Ганзориг, Б.Батболд, Б.Өнөрбат нарын гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилж өгсөн мэдүүлгүүд, Э.Амгаланбаатар нь эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэх шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаартай талийгаач нь гавал тархи, цээж, хэвлий, дээд, доод мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас, тухайн гэмтлүүдийг авсан даруйдаа нас барсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар жолооч Э.Амгаланбаатарын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цагийн үед Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутагт байрлах асфальтан зам дээр буюу 260/171 километрийн заалт бүхий тэмдэгтийн шонгоос 153.4 метр зайд 44-84 БНХ улсын дугаартай ногоон өнгийн SsangYong Istana загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг урсгалд зорчиж явсан Мустанг 5 загварын мотоцикл жолоодож явсан Д.Банзрагчтай мөргөлдөж улмаар амь насыг хохироосон гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэсэн гэм буруутай байна, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүгдэгч Э.Амгаланбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийг хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, нотлох баримтын эх сурвалжийг хууль ёсны, үнэн зөв, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоох талаар хуульд заасан нотолгооны стандартыг хангасан эсэхийг шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Э.Амгаланбаатарын гэм буруутай үйлдэл нотлогдсон, түүний замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь Д.Банзрагчийн амь хохирсон хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Амгаланбаатарын үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь хохирсон гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.Амгаланбаатарын гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоог хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Амгаланбаатарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Амгаланбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас Д.Банзрагчийн амь хохирч хүнд хор уршиг учирчээ.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхтунгалаг нь талийгаачийг оршуулах, талийгаачийн хоног хураах буяны зан үйлтэй холбогдож гарсан болон бусад зардалд нийт 28.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилж нотлох баримтаа ирүүлсэн нь хавтаст хэргийн 165-189 дүгээр талд авагдсан байна.
Шүүгдэгч Э.Амгаланбаатар нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтунгалагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд 14.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Үлдэгдэл 14.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөгийг 2-3 хувааж буюу 7.000.000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр, 7.000.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 5.000.000 төгрөгийг 2022 онд багтааж тус тус төлөхөөр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтунгалагтай харилцан тохиролцож байгуулсан гэрээг шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу талийгаачийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулдаг хуулийн зохицуулалтыг шүүх хуралдаан дээр тайлбарлахад шүүгдэгч Э.Амгаланбаатар нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтунгалагтай тохиролцсоны дагуу хохирлын үлдэгдэл 19.000.000 төгрөгийг төлөхөө, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтунгалаг нь гэрээнд заасан хугацаанд хохирлоо авч, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргахаа тус тус илэрхийлсэн болохыг дурдаж, шүүгдэгч Э.Амгаланбаатараас нийт хохиролд 14.000.000 төгрөгийг, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөгийг тус тус гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Баярхүүгийн Мөнхтунгалагт олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Амгаланбаатарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Амгаланбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Амгаланбаатарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэргийн 137-158 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, жолоодох эрхийн үнэмлэхний хуулбар, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Э.Амгаланбаатар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг, 18-902 тоотод оршин суудаг, урьд Сонгинхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 590 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.Амгаланбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэмт хэргийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсантай холбоотойгоор шүүгдэгч Э.Амгаланбаатар нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Банзрагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хэсэгчлэн төлж дуусгахаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтунгалагтай харилцан тохиролцож гэрээ байгуулсанаар санал гомдолгүй гэх хүсэл зоригоо шүүхэд илэрхийлсэн зэрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Амгаланбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4/82 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулахад зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч Э.Амгаланбаатарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирлын зарим хэсгийг төлж, хохирлын үлдэгдлийг төлөхөө илэрхийлж хугацаа тогтоосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосноор шүүгдэгч Э.Амгаланбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд гэрээний дагуу хохирлыг хэсэгчлэн төлж гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Хэрэгт мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн Булган аймгийн Рашаант сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд буй ногоон өнгийн 44-84 БНХ улсын дугаартай SsangYong Istana загварын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Э.Амгаланбаатарт буцаан олгох нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Амгаланбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баян-Уул овогт Энхтуяагийн Амгаланбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Амгаланбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Э.Амгаланбаатарт гэмт хэргийн хор уршгийг арилгах буюу хохирлыг тохиролцсон хугацаандаа төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Амгаланбаатарт сануулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Амгаланбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Амгаланбаатар, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтунгалаг нарын харилцан тохиролцсоноор шүүгдэгч Э.Амгаланбаатараас нийт хохиролд 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийг, сэтгэл санааны хохирол 5.000.000 /таван сая/ төгрөгийг тус тус гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Баярхүүгийн Мөнхтунгалагт олгож, уг хохирлын 7.000.000 /долоон сая/ төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр, 7.000.000 /долоон сая/ төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 5.000.000 /таван сая/ төгрөгийг 2022 онд багтааж тус тус хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтунгалаг нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Амгаланбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, жолооны үнэмлэх болон бусад эд зүйл хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн Булган аймгийн Рашаант сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд буй ногоон өнгийн 44-84 БНХ улсын дугаартай SsangYong Istana загварын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Энхтуяагийн Амгаланбаатар / РД: ВМ84090311/-т буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД