Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 133/ШШ2018/00100

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Г.Б-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б миний бие нь 2005 онд Г.Б-тэй гэр бүл болж, 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.Б төрсөн. Г.Б нь гэр бүл болсноос хойш ааш зан нь хувирч, хүү  Б.Б-ийг зодож, архи дарс уухаараа гэр орноо тараачих гээд байдаг болсон. Иймээс цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцалж, хүү Б.Б-д тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Б би О.Б-тай гэр бүл болж амьдарснаас хойш хүү Б.Б төрсөн нь үнэн боловч хүүг хэзээ ч загнаж байсан удаа цөөхөн харин эхнэр болох Б сүүлийн жилүүдэд 2015 оноос хойш ямар ч хамаагүй хүмүүс дагаж, хүүхдүүд бид нарыг хаяж, сар жилээр явдаг болсныг орон нутгийнхан болон ахан дүүс мэдэх болно. Би группийн болон талоныхоо барааг авч амьдарч байсан, сүүлийн 2-3 жил 2016 оноос хойш орлогогүй болсон гэсэн ч хүний ачаа ачих, ойр зуурын газар шорооны ажил хийж бага сага мөнгө олж байсан. Эхнэр Д.Б нь мөнгө, байртай хүнтэй болсон учир санаа сэтгэл нь хувирч 2016 оны 06 сард явж, 2018 оны 01 сард ирж гэр оронг маань авч явна, чамаас сална, гэж намайг гэрээс минь хөөж гаргасан одоо ахан дүүсээр хонож, өнжиж байна. Надад гэрээс өөр өгөх хөрөнгө байхгүй, хүү Б.Б-д 5 ханатай иж бүрдэл гэрийг өгнө, энэ гэрийг 2011 онд нагац ах маань цоо шинэ гэр Улаанбаатараас авч ирж өгч байсан болно. Эхнэр Д.Б нь цаашид хүүг маань аваад явна гэдэгт итгэж чадахгүй л байна. Бид нарыг сар жилээр нь хаяад явдаг хүн, энэ хүнээс би хүүгээ аваад явж чадна. Би Б.Б-ээс гэрээс нь өөр юм авахгүй гэсэн баталгааг надад гаргуулж өгнө үү. Миний гэрийг авч том охин Ундармаа, хүү Б.Б нарт барьж өгөөд Улаанбаатар хот руу хүн дагаад явах гэж байгаа, сайхан амьдраад хүүхдүүдээ эргэн харж тойроод явж байвал болно. Миний нэрийг барьж Мон-Алтай худалдааны төвөөс 246.000 төгрөгийн бараа зээлж авсныг надаас нэхээд байгаа, өөртөө болон том охиндоо куртик, гутал, платье авсан мөнгийг Б.Б-аас тэр хүнд олгуулж өгнө үү. Ийм 2 хүсэлтэй байна, тэгээд хүүдээ гэрээ өгөхөд болж байна.Энэ асуудлыг ойрын үед шийдэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Б нь Г.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Г.Б нар 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Тэдний дундаас 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, хүү Б.Б төрсөн болох нь №0208197 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

 Шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүү Б.Б нь гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн эхийн асрамжид байгаа, мөн хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргахгүй байгаа болон ахуй нөхцөл, анхаарал халамж зэргийг харгалзан хүү Б.Б-ийг эх Д.Б-гийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлээгүй, талууд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 98.750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б-өөс улсын тэмдэгтийн хураамжид 98.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгох зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5,  Гэр  бүлийн   тухай   хуулийн   14   дүгээр   зүйлийн   14.1   дэх   хэсэгт   зааснаар Г.Б, Д.Б нарын Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаарт бүртгэгдсэн  гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан  2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, хүү Б.Б-ийг эх Д.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, хүү Б.Б-ийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Г.Б-ээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Б-д даалгасугай.

5. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Г.Б нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б нь Г.Б-г эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.

7.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 98.750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б-өөс улсын тэмдэгтийн хураамжид 98.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Ч-д даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь  хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ц.ҮЙТҮМЭН