Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/184

 

0069

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

шүүгдэгч Д.Бямбахорол нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Бямбахоролд холбогдох эрүүгийн 2215000000007 дугаартай, 163/2022/0069/Э индекстэй хэргийг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Чонос овогт Дэлгэрмөрөнгийн Бямбахорол, Булган аймгийн Орхон суманд 1996 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн Мандал ** 3-13 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, 26 настай, эрэгтэй, РД: ГЖ96072411.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Бямбахорол нь эрүүгийн 2215000000007 дугаартай хэрэгт 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрүүдэд тус тус гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б.Отгонбатыг Т.Чулуунбаатарын нэг тооны адууг хулгай хийсэн гэж зориуд худал  мэдүүлэг өгч, гүтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 221500000007 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Булган аймгийн Орхон сумын малчин Т.Чулуунбаатарын нэг тооны адуу хулгайлагдсан гэх эрүүгийн 2215000000007 дугаартай хэрэгт Д.Бямбахорол нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрүүдэд тус тус гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б.Отгонбатыг Т.Чулуунбаатарын нэг тооны адууг хулгай хийсэн, Орхон сумын нэгдүгээр багийн нутаг Хүрэмийн эрэг рүү шуудайтай зүйл шидсэн, очоод үзэхэд Т.Чулуунбаатарын адууны толгой, шир байсан гэж зориуд худал  мэдүүлэг өгч, гүтгэсэн үйл баримт хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бямбахоролын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөөрч байна. Худал мэдүүлэг өгч гүтгэсэндээ харамсаж байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Отгонбатын өгсөн: ...Бямбахорол нь анхнаасаа худлаа яриад байсан юм. Намайг гүтгэж ярьсанд гомдолтой байна. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй, одоо гадуур чөлөөтэй явж ажил төрлөө хиймээр байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 244 дэх тал/,

3. Хохирогч Т.Чулуунбаатарын өгсөн: ...Тухайн малын зүс нь миний алдсан адуутай адил улаан хээр зүсмийн адуу байсан. Тухайн адууны толгой нь дагз хэсэгтээ ойролцоогоор алганы тал хэмжээтэй арьстай байсан. Арьс нь 70-80 см орчим урт, өргөнтэй байсан. Дээрх зүйлүүдийг хараад манай алдсан адуу биш байна гээд хэлчих содон шинж тэмдэг байгаагүй. Гэхдээ бас зуун хувь миний алдсан адуу мөн байна гээд хэлчихэж чадахгүй байгаа юм. ...Би хэргийн газрын үзлэгт оролцоогүй. Мөн мөрдөгч Дашнямд анх мэдүүлэг өгсөн тухайн үедээ болохоор миний гомдол саналгүй гэснийг оруулаагүй байна лээ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 174-175 дахь тал/,

4. Гэрч Ц.Жаргалсайханы өгсөн: Хэрэг гарсан гэх 2021 оны 01 дүгээр сард Отгонбат нь толгойныхоо ургацагийг авахуулаад гадаа салхинд гарч болохгүй гээд хөдөө манайд байж байсан. 2020 оны 12 сарын сүүлээр хагалгаанд орсон. Миний санаж байгаагаар бол Отгонбат гадуур хонож явж байсан санагдахгүй байна. Учир нь өглөө болгон адуу хураадаг байсан. 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл гүү барьж айраг хийж байсан. Хохирогч Тогоогийн Чулуунбаатар нь Орхон сумын Баруун могой өгсөөд Ар булаг гэх газраар нутаглаж байгаа. 2020 оны намар Өлзийт, Орхоны урд талд нутаглаж байсан. Тухайн үед Отгонбатыг Өлзийт, Орхон ороогүй гэж бодож байна. 2020 оны 12 дугаар сард нэг чөлөө аваад манайхаас нэг тооны адуу аваад сумын төв орж махлаад банкны өрөндөө өгсөн. 2020 оны 12 дугаар сарын сүүлээр ургацаг гэх зүйлээ авахуулах гээд Булган аймгийн төв рүү нэг удаа орсон. Түүнээс бол өөр гэрээсээ гарсан зүйлгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

5. Гэрч Ж.Эрдэнэцэцэгийн өгсөн: 2020 оны 8 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Отгонбат нь малын хулгайн гэмт хэрэг үйлдээд нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж дуусаад манайд ирсэн. Тухайн үед манайх Булган аймгийн төвөөс баруун тийш байрлах онгоцны буудал гэх газарт байсан. Тэр үеэс хойш Отгонбат манайхаас огт яваагүй байж байгаад ойролцоогоор 2021 оны 01 дүгээр сард мэс засалд орж улмаар гэртээ гам барьж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,

6. Гэрч Г.Дашнямын өгсөн: Гэрч Бямбахорол нь Отгонбатыг харсан гэж мэдүүлэг өгсөн. Өгсөн мэдүүлгийнх нь дагуу үзлэг хийхэд цагаан шуудайтай удаж муудсан адууны толгой, арьс зэрэг зүйлүүд гарч ирсэн. Тухайн адууны толгой, арьс зэргийг хохирогч Чулуунбаатарт харуулан асуухад Чулуунбаатар нь миний алдсан адуутай адилхан байна. Хээр зүсмийн бага насны адуу байна. Миний өнжмөл буюу 20 орчим см урттай дэлтэй арьс байна гэж мэдүүлэг өгч байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/,

7. Гэрч У.Алтансувдын өгсөн: Би он сарыг нь сайн санахгүй байна. Бямбахорол нь өдрийн цагаар явж байгаад гэртээ ирэхээр нь хаагуур яваад байгаа талаар асуухад би Шинэгэрэлийн эхнэр хүүхдийг хөдөө гэрт нь хүргэж өгчихөөд ирлээ гэж байсан. Тэгтэл орой 22 цагийн орчимд Шинэгэрэл мотоциклтойгоо ирээд надтай уулзсан. Тухайн үед болохоор Бямбахорол байна уу гэр лүүгээ хүргүүлэх гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм архи, дарс уух гэж байгаа юм уу гэхэд үгүй гэж хэлээд Бямбахоролоор гэр лүүгээ хүргүүлэхээр хөдөлсөн. Улмаар оройн 23 цагийн орчимд замын машинаар дайгдаад Бямбахорол гэртээ ирсэн. .... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 177 дахь тал/,

8. Гэрч Г.Отгонзаяагийн өгсөн: Би нөхөр Шинэгэрэлийнхээ хамтаар 2020 оны 10 сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самарт явж байгаад хөдөө байх гэртээ ирсэн. Түүнээс хойш нөхөр бид хоёр өөрсдийн малыг айлаас аваад өөрсдөө малаа маллаж байгаад Шинэгэрэл 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө Сэлэнгэ аймаг руу дахин самарт явсан. Яагаад тэгж сайн санаад байна вэ гэхээр урд өдөр нь шинэ жил болсон учир сайн санаад байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 179 дэх тал/,

9. Гэрч Б.Шинэгэрэлийн өгсөн: Би 2020 оны намар өвс хадлангаа авчихаад 10 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймаг Хүдэр сум руу самарт яваад 2020 оны 11 дүгээр сарын дундуур самарнаас ирсэн. ...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сум руу төрсөн ах Төрбат, Төрбат ахын найзууд болох Зоригт, нэгийг нь санахгүй байна бас нэг ах байсан, бид 4 самарт яваад 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр самраас ирж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 183-184 дэх тал/,

10. Гэрч Б.Төрсайханы өгсөн: Би 2020 оны өвөл 11, 12 дугаар саруудад Булган аймгийн Орхон сумын нутагт малын мах авсан. Энэ үед бол адуу худалдаж аваагүй. Дандаа жижиг хонь, ямаа авч байсан. Харин 2021 оны 02 дугаар сарын эхээр шиг санаж байна цагаан сар болох гэж байсан юм. Бямба гэх залуу надад 1 тооны адуу зарсан. Тухайн адууг би 600.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 188 дахь тал/,

11. Шүүгдэгч Д.Бямбахоролын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр өгсөн: Би 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр Булган аймгийн Орхон сумын нэгдүгээр багийн нутаг Өлзийт гэх газарт адуунд явж байхад Хүрэмийн эрэг дээр нэг мотоциклтой хүн очсон. Тэгээд би тухайн хүнийг дурандахад Орхон сумын нэгдүгээр багийн нутаг Хүрэмийн эрэг гэх газарт манай нутгийн залуу Баянцогтын Отгонбат шар өнгийн мотоциклтой Хүрэмийн эрэг дээр ирээд цагаан шуудайтай зүйл Хүрэмийн эрэг рүү шидчихээд мотоциклтойгоо хөдлөөд явсан. Тэгээд би адуугаа бөөгнүүлчихээд Отгонбатын Хүрэмийн эрэг рүү шидсэн цагаан шуудайтай зүйлийг юу байна гэж очиж үзэхэд шидсэн шуудайн дотор хээр зүсмийн адууны арьс, хажуу талд нь ил гарч ирсэн хээр зүсмийн адууны толгой байсан. Тэгээд би тухайн адууны арьс, толгойг харчихаад явсан. Тэгээд 2021 оны 3 сарын эхээр Орхон сумын нэгдүгээр багийн малчин Чулуунбаатар ахын гэрт очиж хоноход намайг чи 1 тооны хээр зүсмийн байдас олоодхооч, би адуунаасаа алдчихсан юм гэж надад хэлсэн. Тэгээд би тухайн үед хээр адууг хайгаагүй мартчихсан байсан чинь Отгонбатын Хүрэмийн хавцал руу шидсэн адууны арьс, толгойг хараад Чулуунбаатар ахын алдсан хээр байдсыг Отгонбат хулгайлсан байсныг мэдсэн. Тэгээд би Чулуунбаатар ахтай намар нь таараад таны алдсан хээр байдсыг Отгонбат хулгайлаад, арьс толгойг нь Хүрэмийн хавцал руу шидсэн гэж хэлсэн. Тухайн үед Отгонбатыг биеийн хэлбэр, өмсөж явсан ягаан өнгийн дээл болон Отгонбатын ах Шинэгэрэлийн шар өнгийн Даюун загварын мотоцикль зэргээр таньсан. Чулуунбаатар ах надад хээр зүсмийн байдсаа олоод өгөөч гэж захиж хэлэхдээ эм тамгагүй, ухар дэлтэй байдас гэж хэлсэн. Отгонбатын Хүрэмийн эрэг рүү шидсэн шуудайн дотор хээр зүсмийн адууны арьс, толгой байсан. Би Отгонбаттай хамт архи ууж байгаад чи Чулуунбаатар ахын адууг авсан байна лээ гэж хэлэхэд чи харсан юм уу гэхээр нь би харсан болоод л хэлж байна шүү дээ гэхэд уурлаад байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дахьтал/,

Мөн түүний 2022 оны 01 дүгээр  сарын 08-ны өдөр гэрчээр өгсөн: Би Отгонбатыг багаас нь танина. Нэг нутгийн залуус байгаа юм. Би Чулуунбаатарын алдсан адууг харж байгаагүй. Миний харсан шуудайн дотор хээр зүсмийн адууны арьс, толгой байсан. Миний дурангаар харсан хүн Отгонбат мөн байсан. Түүнээс өөр хүн байгаагүй. Чулуунбаатарын адуу алдагдах үед Отгонбат нь Өлзийт Орхон гэх газраар хөтөлгөө морьтой явж байсан гэх мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал/,

2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: 2020 оны 12 дугаар сард санагдаж байна. М.Отгонбатын төрсөн ах Шинэгэрэл манайд ирээд би жаахан согтуу байна, Бямбахоролоор мотоцикль бариулчихаад маргааш буцаагаад хүргээд ирье гэж хэлсэн. Ингээд би Шинэгэрэлийг өөрийнх нь мотоциклоор Өлзийт Орхон гэх газарт хүргэж өгсөн. Маргааш өглөө нь босоод Шинэгэрэл өвөлжөөн дээрээ гарчихаад өвсний сэрээгээр өвсөн доогуур хатгаад юм хайгаад байхаар нь би юу хайгаад байгаа юм бэ? гэж асуухад Отгонбат энд нэг юм нуучихсан гээд хайгаад байсан. Тэгтэл адууны арьс, толгой гараад ирсэн. Тухайн адууны толгой, арьс зэргийг аваад гэрийнх нь цаад талд байрлах Хүрэм лүү шидсэн. Тэгээд Шинэгэрэл хүнд битгий хэлээрэй гэж хэлээд намайг сумын төв рүү хүргэж өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал/,

12. Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бямбахоролын яллагдагчаар өгсөн: Би айж сандарсандаа Отгонбатыг Чулуунбаатар ахын адууг хулгай хийсэн талаар ярьж хэлсэн. Улмаар надаас баримт нотолгоо байгаа юу гээд байхаар нь би хээр байсан шуудайтай арьсыг байгаа гэж хэлээд улмаар зааж өгсөн. Тэгээд тухайн арьсыг Отгонбат хаясан гэж хэлээд мэдүүлэг өгсөн юм. Анхнаасаа худлаа ярьчихсан болохоор тэгээд үнэн зөвийг хэлж чадахгүй байсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Найз Отгонбатыгаа гүтгэсэн маань миний буруу гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 228-229 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Отгонбат, Т.Чулуунбаатар, гэрч Ц.Жаргалсайхан, Ж.Эрдэнэцэцэг, Г.Дашням, У.Алтансувд, Г.Отгонзаяа, Б.Шинэгэрэл, Б.Төрсайхан нарын өгсөн мэдүүлэг зэрэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд гэрчилсэн нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Д.Бямбахорол нь эрүүгийн 2215000000007 дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б.Отгонбатыг Т.Чулуунбаатарын нэг тооны адууг хулгай хийсэн гэж зориуд худал  мэдүүлэг өгч, гүтгэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Бямбахорол нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр мэдүүлэг  өгөхдөө “2021 оны 01 дүгээр сарын сүүлээр Булган аймгийн Орхон сумын нэгдүгээр багийн нутаг Өлзийт гэх газарт адуунд явж байхдаа Хүрэмийн эрэг дээр нэг мотоциклтой хүн ирээд цагаан шуудайтай зүйл Хүрэмийн эрэг рүү шидчихээд мотоциклтойгоо хөдлөөд явсан. Энэ хүнийг дурангаар харахад манай нутгийн залуу Баянцогтын Отгонбат шар өнгийн мотоциклтой явж байсан. Тэгээд адуугаа бөөгнүүлчихээд Отгонбатын Хүрэмийн эрэг рүү шидсэн цагаан шуудайтай зүйлийг юу байна гэж очиж үзэхэд шуудайн дотор хээр зүсмийн адууны арьс, хажуу талд нь ил гарч ирсэн хээр зүсмийн адууны толгой байсан. Тэгээд би тухайн адууны арьс, толгойг харчихаад явсан. Тэгээд 2021 оны 3 сарын эхээр Орхон сумын нэгдүгээр багийн малчин Чулуунбаатар ахын гэрт очиж хоноход намайг чи 1 тооны хээр зүсмийн байдас олоодхооч, би адуунаасаа алдчихсан юм гэж надад хэлсэн. Тэгээд би тухайн үед хээр адууг хайгаагүй мартчихсан байсан чинь Отгонбатын Хүрэмийн хавцал руу шидсэн адууны арьс, толгойг хараад Чулуунбаатар ахын алдсан хээр байдсыг Отгонбат хулгайлсан байсныг мэдсэн” гэж, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрчээр  оролцож мэдүүлэг өгөхдөө “2020 оны 12 дугаар сард санагдаж байна. М.Отгонбатын төрсөн ах Шинэгэрэл манайд ирээд би жаахан согтуу байна, Бямбахоролоор мотоцикль бариулчихаад маргааш буцаагаад хүргээд ирье гэж ээжид хэлсэн. Ингээд би Шинэгэрэлийг өөрийнх нь мотоциклоор Өлзийт Орхон гэх газарт хүргэж өгсөн. Маргааш өглөө нь босоод Шинэгэрэл өвөлжөөн дээрээ гарчихаад өвсний сэрээгээр өвсөн доогуур хатгаад юм хайгаад байхаар нь би юу хайгаад байгаа юм бэ? гэж асуухад Отгонбат энд нэг юм нуучихсан гээд хайгаад байсан. Тэгтэл адууны арьс, толгой гараад ирсэн. Тухайн адууны толгой, арьс зэргийг аваад гэрийнх нь цаад талд байрлах Хүрэм лүү шидсэн, би хамт явсан. Тэгээд Шинэгэрэл хүнд битгий хэлээрэй гэж хэлээд намайг сумын төв рүү хүргэж өгсөн” гэж Булган аймгийн Орхон сумын нэгдүгээр багийн нутаг Хүрэмийн эрэг рүү адууны толгой, арьс зэрэг шуудайтай зүйлийг Б.Отгонбат биш түүний ах Б.Шинэгэрэл нь хадтай хамт явж Хүрэмийн хавцал руу шидсэн” гэж өмнөх мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар татагдаж мэдүүлэг өгөхдөө “Отгонбатыг Чулуунбаатар ахын адууг хулгай хийсэн талаар ярьж хэлсэн. Улмаар надаас баримт нотолгоо байгаа юу гээд байхаар нь би хээр байсан шуудайтай арьсыг байгаа гэж хэлээд улмаар зааж өгсөн. Тэгээд тухайн арьсыг Отгонбат хаясан гэж хэлээд мэдүүлэг өгсөн юм. Анхнаасаа худлаа ярьчихсан болохоор тэгээд үнэн зөвийг хэлж чадахгүй байсан юм” гэж өөрийн зориуд худал мэдүүлж, гүтгэсэн идэвхитэй үйлдэл, гэм буруугаа хүлээсэн байна.

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугийн санаатай гэмт хэрэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно гэжээ.

      Шүүгдэгч Д.Бямбахоролын бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, гүтгэсэн идэвхитэй үйлдэл, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон, түүний үйлдлээс учирсан хохирол, хор уршгийн шалтгаант холбоо тогтоогдсон, бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж, гүтгэсэн нь гэм буруугийн санаатай, давхар объекттой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг санаатай гэмт хэргийн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бямбахоролыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Бямбахоролыг гэм буруутайд тооцож буй гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэг нь давхар объекттой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг бөгөөд түүний үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.Отгонбат нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, эрх бүхий байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор зардал нэхэмжлээгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Бямбахоролыг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Бямбахоролыг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бямбахоролд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Д.Бямбахоролын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Бямбахоролд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн нэгдүгээр хавтасны 233-234 дэх тал, хоёрдугаар хавтасны 01-09 дэх талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Бямбахорол нь 26 настай, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн Мандал далт 3-13 тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд хоёр удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Бямбахорол нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4/84 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Д.Бямбахоролын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн саналын  хүрээнд шүүгдэгч Д.Бямбахоролыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар тэнсэж зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Бямбахорол нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж байгаа, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 76 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял үлдсэн болох нь Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Бадамын шүүхэд ирүүлсэн ялын тооцооны тодорхойлолтоор тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Бямбахоролын эдлээгүй үлдсэн 76 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

       Энэ хэрэгт шүүгдэгч Д.Бямбахорол нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чонос овогт Дэлгэрмөрөнгийн Бямбахоролыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Бямбахоролыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Д.Бямбахоролд тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Бямбахоролд тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 76 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Бямбахоролд сануулсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бямбахоролд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч Д.Бямбахорол нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.Отгонбат гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД