Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2018/00042/и |
Дугаар | 133/ШШ2018/00146 |
Огноо | 2018-03-26 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 133/ШШ2018/00146
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: З.А-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Г.С-д холбогдох
Үндсэн зээл 760.000 төгрөг, алданги 380.000 төгрөг, нийт 1.140.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.А миний бие нь Г.С-д 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ хийж 760.000 төгрөг зээлсэн юм. Дээрх мөнгийг 14 хоногт 10 хувийн хүүтэй зээлсэн. Ингээд Г.С нь одоо болтол би хүнд авч өгсөн, гэдэг шалтгаанаар өгөхгүй байгаа тул үндсэн мөнгө 760.000 төгрөг, алданги 380.000 төгрөг, нийт 1.140.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн тэмдэгтийн хураамж 31.910 төгрөгийг Г.С-с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.С нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн З.А-ээс 760.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан 14 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэйгээр авсан бөгөөд зээлийг төлөхдөө хугацаа хэтрүүлж сард 150 төгрөг өгч, нийтдээ 1.050.000 төгрөг төлсөн. Иргэн З.А нь 1.494.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх зээлийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн дагуу гэрээний заалтуудыг харилцан тохиролцож 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаатай гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 283.1 зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардснаар түүнийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардснаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардснаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заагдсан байгаа боловч зээлийн гэрээний 2.2-т хугацааг маш тодорхой заасан. Гэрээний хугацаа дууссан тохиолдолд гэрээний хугацаа сунгуулах хүсэлт тавих нөхцлийг зээлийн гэрээний 3.3-т заасан байгаа боловч би амаар болон бичгээр сунгуулах талаар хүсэлт тавьж байгаагүй юм. Зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тохиолдолд нэмж хүү төлөх ёсгүй гэж үзэж байгаа бөгөөд миний бие санхүүгийн боломжгүй байдлаас болж гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн боловч нийт төлбөр болох 760.000 + 76.000 = 834.000 төгрөгийн зээлийг З.А-т өгч, илүү 160.000 төгрөг өгсөн байгаа. Иймд гэрээний үүргийн хариуцлагаа хүлээж Иргэний хуулийн 232.4-т заагдсанаар /анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/ үүргээ ухамсарлаж нийт алданги болох 380.000 төгрөгийг төлөх хариуцлага хүлээж, одоо 220.000 төгрөгийг төлөх саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.А нь Г.С-д 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 760.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлсэн. Энэ хүн бол зээлийн үндсэн мөнгө болох 760.000 төгрөгөөс хүүг нь төлж байсан. Үндсэн мөнгө болох 760.000 төгрөг, алданги 380.000 төгрөг, нийт 1.140.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хар дэвтэр гаргуулах гээд хойшлуулсан тэр нь ирээгүй байна. Өмнөх шүүх хурал дээр хэлж байсан 760.000 төгрөг авсан. Нийтдээ *** дансаар 250.000 төгрөгийг, *** гэсэн *** гэдэг хүний данснаас 100.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 150.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 450.000 төгрөгийг ломбардны шар хуулга дээр гарын үсэг зурж өгсөн. Нотлох баримт гаргуулах гэсэн боловч өгсөнгүй. Эх үүсгэвэрээ тайлбарлахдаа Г.С-ын дансанд 6 дугаар сарын 28-ны өдөр 1.090.000 төгрөг орж ирсэн энэ нь ноолуураа тушаагаад тэр мөнгө нь орж ирсэн. Цалингийн зээл, орон сууцны зээлтэй тул энэ хүнээс 760.000 төгрөгийн зээл авсан. Үүргээ ухамсарлаад зээлсэн мөнгөө төлнө гэж байгаа. Өгсөн мөнгийг яагаад гаргаж ирэхгүй байна. Үйл ажиллагаа явуулдаг ломбард байж энэ мэт ажиллагаа явуулж олон хүнийг хохироож байгаа юм биш үү. 8 дугаар сарын 29-ний өдөр Г.С цалингийн зээл аваад 1.500.000 төгрөг дансанд нь орж ирээд тэр мөнгөнөөс 450.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нийтдээ бэлнээр 600.000 төгрөг төлсөн боловч төлөөгүй гэдэг зүйлийг хэлж байна. Үндсэн мөнгө, хүү 834.000 төгрөг, алдангийн 380.000 төгрөгийг нийлүүлээд төлөхөд бэлэн байна. Өгсөн мөнгийг өгснөөр нь үнэн зөвөөр тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч З.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч З.А нь хариуцагч Г.С-аас 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 760.000 төгрөг, алдангид 380.000 төгрөг, нийт 1.140.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г.С нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ***-ээс зээлийн гэрээ байгуулан 760.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр авсан болох нь тэдний хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар заасан.
Нэхэмжлэгч нь “Г.С нь одоо болтол би хүнд авч өгсөн, гэдэг шалтгаанаар өгөхгүй байгаа тул үндсэн мөнгө 760.000 төгрөг, алданги 380.000 төгрөг, нийт 1.140.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж, хариуцагч нь “нийт төлбөр болох 760.000 + 76.000 = 834.000 төгрөгийн зээлийг З.А-т өгч, илүү 160.000 төгрөг өгсөн байгаа. Иймд гэрээний үүргийн хариуцлагаа хүлээж Иргэний хуулийн 232.4-т заасан үүргээ ухамсарлаж нийт алданги болох 380.000 төгрөгийг төлөх хариуцлага хүлээж, одоо 220.000 төгрөгийг төлөх саналтай байна” гэж тус тус маргаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь татгалзлын үндэслэлээ нотолж тайлбарлахдаа “...С-ын *** дансаар 100.000 төгрөг, ***1 дансаар 150.000 төгрөгийг, *** гэсэн Б гэдэг хүний данснаас 100.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 150.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр 450.000 төгрөгийг ломбардны шар хуулга дээр гарын үсэг зурж өгсөн...” гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсан дээрх ***, *** дугаартай дансууд нь Г.С-ын, *** дугаартай данс нь Б.Б-ийн данс болох нь Хаан банкны 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 5337/34, 5337/35, 5337/36 дугаартай тодорхойлолтуудаар тогтоогдож байна.
Дээр дурдсан Б.Б-ийн *** дугаартай данснаас 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг,
Г.С-ын *** дугаартай данснаас 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг,
Г.С-ын *** дугаартай данснаас 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 150.000 төгрөгийг тус тус З.А-ийн *** дугаарын данс руу шилжүүлсэн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Нотолгооны хуваарийн дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагчаас ломбардны шар хуулга болон тооцооны дэвтэрт гарын үсэг зурсан гэж нотолгооны эх сурвалжаа заан тайлбарлаж бэлнээр өгсөн гэж байгаа 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 150.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 450.000 төгрөгийг аваагүй болохоо, мөн дээрх дансуудаар шилжүүлсэн мөнгө нь тухайн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө биш болохыг тус тус нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг нэхэмжлэгч өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйлүүдийн агуулгаас үзэхэд ердийн зээлийн гэрээнд зээлийн хүүг зээлийн гэрээний хугацаанд төлөхөөр байдаг.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Г.С-аас зээлийн гэрээний үүрэг 266.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хасагт гурван богд овогтой З.А-т олгож, нэхэмжлэлээс 874.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 31.910 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч Г.С-аас нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан хэсэг 266.000 төгрөгт ноогдох тэмдэгтийн хураамж 8.630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.А-т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Г.С-аас зээлийн гэрээний үүрэг 266.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.А-т олгож, нэхэмжлэлээс 874.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 31.910 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч Г.С-аас нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан хэсэг 266.000 төгрөгт ноогдох тэмдэгтийн хураамж 8.630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.А-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН