| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0217/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/175 |
| Огноо | 2022-07-19 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч П.Шижиртуяа,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Уянга, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,
шүүгдэгч Ш.Ганбат нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Ганбатад холбогдох эрүүгийн 2115000000201 дугаартай, 163/2021/0217/Э индекстэй хэргийг тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Цахир овогт Шархүүгийн Ганбат, Улаанбаатар хотод 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн задгайд оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 34 настай, эрэгтэй, РД: УП88123077.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Ганбат нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн Үржил хорооны баруун талын шороон замд Даюун загварын мотоцикл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж осол гарган зорчигч С.Энхбатын амь насыг хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ганбат, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Уянга нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2115000000201 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ш.Ганбат нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Дашинчилэн сумын 4-р багийн Үржил хорооны баруун талын шороон замд “Даюун” загварын мотоцикл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.Энхбат нас барсан буюу хүний амь нас хохироосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ганбатын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Уянгын өгсөн: 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр манай төрсөн дүү, манай хүргэн нар хамт байсан. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бид нар хамт Өгий нуур руу амралтанд явж байсан. Буцах замдаа Дашинчилэн суманд буудалсан. Манай нөхөр энд багын найз байдаг гэж очиж уулзаж байсан. Гочоо гэдэг хүн гэрийг нь зааж өгсөн. Тэнд нэг хоносон ...2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Эмээлт рүү орж ирэхэд Ш.Ганбат араас утсаар холбогдсон. Манай ээжтэй уулзахгүй явлаа, ээж гомдоод байна гэж араас утсаар хэлсэн. Манай нөхөр 8 дугаар сард амралтаа аваад очно гэж хэлээрэй гэсэн. Тэгээд настай хүнд очно гэж хэлсэн учраас заавал очно гээд 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр явах болсон. Манай хадмууд гэр бүлийн найзууд байсан. Ганбаттай замдаа холбогдсон. Орой болсон учир манай хүргэн, талийгаач хоёр замдаа 2, 2 лааз пиво уусан учраас унтаад өгсөн. Би машин барьж явж байсан. Ганбат руу төөрчихлөө гэж залгахад уулын замаар яваад хүрээд ир, мэдэхгүй замаар яваад яахав төөрнө гэж байсан. Шөнийн 01 цагийн үед замаа олохгүй төөрч явсаар байгаад Ш.Ганбат тосч авсан. Ш.Ганбатын гэрт архи, чихэр, жимс гээд зөндөө зүйл авч очсон, тэр оройгоо 1 шил архиа хувааж уусан. Манай нөхөр уугаагүй, Оюутолгойд ажилладаг учраас 2-3 хоногийн дараа ажилдаа явах байсан. Тэр архинаас манай хүргэн, манай эмэгтэй дүү нар уусан. Тэр орой нь Ш.Ганбат гэртээ хоноогүй. Дахиад уунаа гээд сумын төв рүү явсан байх. Өглөө 9 цагийн үед ирсэн. Цайгаа уугаад нэг удаа дэлгүүр орсон. Дэлгүүр явж зээл авна гэж Ш.Ганбат эхнэртэйгээ хэрэлдэж, маргалдаад байсан учраас бид нар өөрсдийн мөнгөөр пиво авсан. Нутгийн нэг хүнээр хонь гаргуулсан. Манай нөхрийг өдөр унтаж байхад Ш.Ганбат тамхигүй болчихлоо, бүгдээрээ хөзөр тоглоё гээд байсан. Мөн бид нарыг дахиад нэг хоноод яв, нэг хонь гаргаж өгнө түүнийг аваад яваарай гэсэн. Бид нарт мал хэрэггүй сүүлд авъя гэснээс болж үл ойлголцол үүссэн. Тэр үедээ хойморт хэвтэж байсан манай нөхрийг Ш.Ганбат нэг удаа алгадсан. Яагаад алгадаж байгаа юм гэхэд хэдэн жилийн өмнө намайг ганцаараа орхиод явсан тэр үйл явдлыг бодоод гэнэт уур хүрээд гэж байсан. Тэгээд намайг орон дээр нөхрийгөө тэврээд хэвтэж байхад 3 удаа гараас нь татсан. Ганбат тамхигүй ч болчихлоо, хөзөр тоглоцгооё гэж уурлаад байсан. Тэгээд тамхи, хөзөр авахаар явах гэтэл мотоциклоо асааж чадахгүй байсан. Манай хүргэнийг яваад өгөөч гэж хэлээгүй. Би эрүүл байсан учраас сайн санаж байна. Манай нөхөртэй хөдлөөд явах үедээ нэг удаа гэрийн урд унасан. Бид нар хориглосон боловч энэ 2 явсан. Хүлээгээд 30 минут болоход ирээгүй, тэгээд байж байхад Ш.Ганбатын эхнэрийн утас дуугарч осол болсон талаар хэлж бид нар эмнэлэг дээр очсон. Манай нөхрийн чихнээс цус гарсан байсан ба тархины хүнд гэмтэл авсан хүн ийм байдалтай болдог гэж эмч хэлсэн. Булганаас гэмтлийн эмч дуудсан. Тээвэрлэх боломжгүй гэж хэлсэн учраас Улаанбаатар хотоос Гэмтэл согог, судлалын үндэсний төвөөс эмч дуудсан. Манай нөхөр 9 хоногийн эмчилгээ хийлгэж байгаад нас барсан /уйлав/. Оршуулгын зардал 15.082.590 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 5.627.261 төгрөг, кредит картын төлбөрийн үлдэгдэл 4.347.759 төгрөг, хоол унааны зардал нийт 2.108.518 төгрөг, өмгөөлөгчийн зардал 5.000.000 төгрөг, нийт 32.166.126 төгрөгийг нэхэмжилж байна. Надад хүлээлгэн өгсөн мөнгө нь 13.140.00 төгрөг байгаа. Одоо манай хадам ээж сэтгэл зүйн хүнд цочролд орж хүний асаргаанд бие нь муу байгаа. Манай ар гэрийн байдал маш хүнд, муу байна. Хүүхдүүд нь ааваа нэхэж байна. Манай хадам ээж хүн танихаа больчихсон байгаа /уйлав/. Ш.Ганбатын олон хүүхэдтэй, амьдралын нөхцөлийг бодож гомдолгүй гэж явж байсан. Тэгсэн чинь өөрсдөө өмгөөлөгч аваад бид нарыг харлуулж байна. Одоо 19.026.126 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
3. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн нутаг Үржил хорооны ертөнцийн зүгээр баруун талд шороон замд болсон байх ба уг газар нь Дашинчилэн сумын Засаг даргын тамгын газрын байрнаас ертөнцийн зүгээр баруун урд зүгт 3 км зайд байв. Хэргийн газарт очиход осолдсон гэх ногоон өнгийн Даюун загварын мотоциклыг шороон зам дээр ертөнцийн зүгээр хойд зүгт харуулан босгож тавьсан байв. Үзлэгийн явцыг кримналистикийн шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн авав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 03-07 дахь тал/,
4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь улсын дугааргүй, ногоон өнгийн шатахууны савтай, уг шатахууны савны хоёр талд Super Dayun гэх бичиглэлтэй, ...Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдэрлэсэн мотоцикл байв. Уг мотоциклын хянах самбарын хамгаалалтын төмөр баруун тийш муруйсан, зүүн талын дохионы гэрэлгүй, баруун талын тольгүй, шатахууны сав жолооны хүрд тал буюу баруун урд хэсгээс гаднаас дотогш хонхойсон, урд дугуйны шаврын хаалт нь муруйсан байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 10-13 дахь тал/,
5. Цогцост гадна үзлэг хийсэн: Уг цогцос нь 181 см урттай, толгойдоо 0.5 см урттай хар өнгийн үстэй, биеийн галбир зөв, мах мариа өөхөн эдийн хөгжил дутуу, мөчид бүрэн, 32 настай эрэгтэй хүний цогцос байв. ...гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 24-27 дахь тал/,
6. Иргэний нэхэмжлэгч С.Удвалын өгсөн: Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Манай бэр Уянга хэлэхдээ хөдөө айлд очсон. Тухайн айлын залуу нь хамт тамхинд явчихаад ирье гэж хэлээд талийгаач С.Энхбатыг татсаар байгаад мотоциклтой хамт дэлгүүр явсан гэсэн. Тэгээд замдаа зам тээврийн осолд орсон гэж хэлсэн. Би осол болсны дараа Өмнөговь аймгаас Булган аймгийн Дашинчилэн сумын эрүүл мэндийн төв дээр ирэхэд манай дүү С.Энхбат нь ухаангүй байдалтай байсан. Түүнээс хойш ухаан оролгүй байж байгаад улмаар Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэж байгаад нас барсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
7. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Уянгын гэрчээр өгсөн: Би 2021 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө нөхөр Энхбатын төрсөн дүү Мишээл, түүний нөхөр Отгонбаяр нарын хамт Улаанбаатар хотоос Булган аймгийн Дашинчилэн сум руу найз Ганбатынд ирсэн юм. ...Тэгээд Ганбат, манай нөхөр Энхбат нар пивоо хувааж уусан. Ганбат, Энхбат хоёр хонь гаргана гээд хонинд яваад иртэл Дашинчилэн сумын Аагий гэдэг залуу ирээд авч ирсэн хонийг нь гаргаж өгөөд хоол хийж идэцгээсэн. Тэгээд нөгөө ууж байсан пиво нь дуусаад дахиад пиво авах болсон. ...Ганбатын ээжийн гэрт Ганбат манай нөхөр бид гурав очсон. Тэгээд бид нар Ганбатын ээжийнхээс гараад дэлгүүр ороод 15 ширхэг “Сэнгүр” нэртэй 0.5 литрийн пиво аваад Ганбатын гэр рүү явцгаасан. Ганбатын гэрт ирээд авч ирсэн пивоноосоо уугаад хоол идээд юм ярьцгаагаад бас хөзөр тоглоно гээд байж байтал хөзөр байхгүй байна, бас тамхи дууссан байна гэсэн чинь Лхамаа сумын төв рүү явна гээд гарсан чинь мотоцикл нь асахгүй байсан. Тэгсэн Ганбат гараад мотоциклоо асааж чадаагүй. Тэгсэн манай нөхөр Энхбат Ганбатыг чи яваад ирэхгүй юу гэсэн би нөхрийгөө тэврээд орон дээр хэвтэж байтал Ганбат манай нөхрийг хамт явъя гээд гараас нь хүчтэй татсан тэгтэл нөхөр бид хоёр орны урдуур гараараа тулаад унасан тэгээд манай нөхөр за за хамт явчихаад ирье гээд боссон. Тэгээд 16 цаг 10 орчим минутын орчимд Ганбат мотоциклоо бариад манай нөхөр Энхбат ард нь сундлаад хөдөлсөн тэгтэл гэрийнхээ яг урд мотоциклтойгоо унасан. Тэгэхээр нь та хоёр дэмий явж чадахгүй юм биш үү гэсэн чинь Ганбат зүгээрээ гээд хөдлөөд явсан. 17 цагийн үед Лхамаа руу Дашинчилэн сумын эмнэлгээс залгаад танай нөхөр мотоциклтой уначихсан байна, хурдан ир гэсэн. Ингээд бид нар эмнэлэг дээр ирсэн юм гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-43 дахь тал/,
7. Гэрч Б.Мишээлийн өгсөн: 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын төвд байдаг Ганбатынд нөхөр Отгонбаяр, төрсөн эгч Уянга, хүргэн Энхбат нарын хамтаар ирээд тэндээ хоносон. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ганбат болон манай хүргэн Энхбат нар пиво ууцгаасан. Тэгээд 16 цагийн орчимд байх цагийг нь нарийн санахгүй байна. Ганбат, Энхбат хоёр тамхи авахаар сумын төв рүү мотоциклтой явсан. Ганбат Энхбат ахыг орон дээр хэвтэж байхад нь явъя, явъя гэж татаж чангаасаар байгаад аваад явсан. Удалгүй сумын эмнэлгээс Ганбатын эхнэр Лхамаа руу залгаад Энхбат ухаангүй, Ганбат хүнд бэртсэн байна гэж хэлсэн. Ингээд бид нар эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирээд дотогш орж үзэхэд Энхбат ах эмнэлгийн орон дээр ухаангүй чихнээс нь цус гарчихсан хурхирч байсан. Ганбат нь эмнэлгийн нөгөө талынх нь өрөөнд ёолоод орилоод байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
8. Гэрч Б.Отгонбаярын өгсөн: 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт танил Ганбат гэх айлд эхнэр Мишээлийн хамт гэрийнх нь гадаа машиндаа байж байтал Ганбат, Энхбат хоёр мотоциклтой яваад өгсөн. Тухайн үед юунд явсаныг нь мэдээгүй. Нэг харахад Ганбат мотоциклоо жолоодоод Энхбат ард нь суучихсан харагдаж байсан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад Ганбатын эхнэр лүү сумын эмнэлгээс залгаад Ганбат мотоциклтой явж байгаад унасан байна гэж хэлсэн. Тэгээд бид нар эмнэлэг дээр ирэхэд Энхбат ухаангүй, зүүн талын чихнээс нь цус гарчихсан, баруун нүд нь хөхөрсөн, фодволкны зах нь цус болчихсон байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
9. Гэрч Б.Мажигийн өгсөн: 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн орчимд ажил дээрээ байж байтал сумын төвийн урд Үржил хороонд мотоциклоос хүн унасан байна гэсэн дуудлагын дагуу очиход Үржилээс сумын төв явдаг шороон зам дээр ногоон өнгийн мотоцикл сумын төв рүү харсан байдалтай унасан байсан. Тэнд манай сумын Шархүүгийн Ганбат сууж байсан. Хажууд нь нэг танихгүй хүн газарт ухаангүй хэвтэж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
10. Гэрч Х.Бат-Эрдэнийн өгсөн: 2021 оны 08 дугар сарын 10-ны өдөр Үржил хороонд адуугаа тамгалаад байж байтал үдээс хойш 16 цагийн орчимд сумын төв ордог шороон зам дээр мотоциклоос хүн унасан орилоод байхаар нь би хажууд байсан дүүгийн хамт яваад очиход хоёр хүн мотоциклоос унасан байдалтай, цагаан фодволктой хүн нь толгой нь урагшаа хараад доошоо харсан байдалтай, ухаангүй хэвтэж байсан. Нөгөө хүн нь баруун талаараа хэвтсэн нэг гараараа нөгөө хэвтэж байгаа хүнээ татаад хашгираад байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал/,
11. Гэрч Х.Алтаншагайн өгсөн: 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Үржилийн тэнд байдаг адууны хашаанд унагаа тамгална гээд адуугаа хашаад унага тамгалж байтал гэнэт нэг хүн ёо, ёо гээд орилоод байхаар нь харсан чинь хоёр хүн газар хэвтсэн хажууд нь нэг мотоцикл унасан байдалтай байсан. Тэгэхээр нь очиж туслах санаатай Бат-Эрдэнэ ах бид хоёрыг очиход манай сумын Ганбат ах байсан ба надад хандан дүү мотоцикль босгоод өгөөрэй гэхээр нь би мотоциклыг нь босгож өгсөн. Нэг харахад Ганбат мотоцикл дээрээ гараад суучихсан байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 61 дэх тал/,
12. Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн: Жолооч Ш.Ганбат нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 12.4, 12.6.а-д заасныг тус тус зөрчсөн байна гэх магадлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 66-68 дахь тал/,
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 59 дугаартай: С.Энхбатын цогцост гавлын орой болон суурь ясны хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх болон эдийн гүн дэх цусан хураа, зүүн чамархайн хатуу хальсан доорх нимгэн цусан хураа, хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз болон таславч хооронд, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, зүүн хажуугийн ховдлын арын эврийн тархины эдийн няцрал, баруун бугалганы хүзүү хэсгийн бяцарсан далд хугарал, баруун зовхи, баруун бугалга, шуунд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай ба гэмтэл үүссэн дэс дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавлын орой болон суурь ясны хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх болон эдийн гүн дэх цусан хураа, зүүн чамархайн хатуу хальсан доорх нимгэн цусан хураа, хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз болон таславч хооронд, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, зүүн хажуугийн ховдлын арын эврийн тархины эдийн няцрал гэмтлүүдийн улмаас тархины комын байдалд орж уушгины идээт үрэвслээр хүндэрч нас баржээ гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 88-93 дахь тал/,
14. Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай: ... Жолооч Шархүү овогтой Ганбат РД:УП88123077 нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилал 1088775 дугаартай үнэмлэх нь Цагдаагийн ерөнхий газрын хайлт лавлагааны системээр эрх хасагдсан төлөвтэй байна. Жолооч Ш.Ганбат нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр авто курс төгссөн байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн “Даюун” маркийн мотоцикл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй байна. Хэрэг бүртгэлтийн 2115000000201 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хэргийн газрын үзлэг, ослын гэрэл зураг, ослын схем зураг, өөрийн өгсөн мэдүүлэг болон гэрч нарын өгсөн мэдүүлгээр Жолооч Шархүү овогтой Ганбат РД:УП88123077 нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ түхайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм. сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын фото гэрэл зураг, ослын схем зураг үзэхэд зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. Зам тээврийн осол, хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч Шархүү овогтой Ганбат РД:УП88123077 нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 зүйлийн а хэсгийг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Уянгын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол нөхцөл байдлыг гэрчилсэн гэрч Б.Мишээл, Б.Отгонбаяр, Б.Мажиг, Х.Бат-Эрдэнэ, Х.Алтаншагай нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн нутаг Үржил хорооны ертөнцийн зүгээр баруун талд шороон замд болсон байх ба ногоон өнгийн Даюун загварын мотоциклыг шороон зам дээр ертөнцийн зүгээр хойд зүгт харуулан босгож тавьсан байв. ... хоёр хүн мотоциклоос унасан байдалтай, цагаан фодволктой хүн нь толгой нь урагшаа хараад доошоо харсан байдалтай, ухаангүй хэвтэж байсан талаарх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 59 дугаартай талийгаач С.Энхбат нь гавлын орой болон суурь ясны хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх болон эдийн гүн дэх цусан хураа, зүүн чамархайн хатуу хальсан доорх нимгэн цусан хураа, хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз болон таславч хооронд, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, зүүн хажуугийн ховдлын арын эврийн тархины эдийн няцрал гэмтлүүдийн улмаас тархины комын байдалд орж уушгины идээт үрэвслээр хүндэрч нас барсан гэх дүгнэлт, Ш.Ганбат мотоцикл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон, мөн замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ түхайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм. сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн 12.3 дугаар зүйл “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг мөрдөөгүйн улмаас зам тээврийн осол гарсан гэх мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн магадлагаа, Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт зэргийг таниулж судлуулсан шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Ш.Ганбат нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн Үржил хорооны баруун талын шороон замд “Даюун” загварын мотоцикл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.Энхбатын амь нас хохироосон шүүгдэгч Ш.Ганбатын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч С.Энхбатын биед тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдсэн, үхлийн шалтгаант холбоотой гэмтлүүд болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ш.Ганбатын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ш.Ганбат жолоодож явсан, тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Ш.Ганбат нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирч хүнд хохирол учирсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Ганбатыг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн Үржил хорооны баруун талын шороон замд Даюун загварын мотоцикл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж осол гарган зорчигч С.Энхбатын амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ш.Ганбатын гэм буруутай үйлдлийн улмаас С.Энхбат нь тархины битүү гэмтэл авч 9 хоног эмчилэгдэж байгаад нас барсан байх бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Уянга нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд талийгаачийн эмчилгээ болон оршуулагын зардалд 15.082.590 төгрөг, цалингийн зээлд 5.627.261 төгрөг, кридет картны зээлд 4.347.759 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсонтой холбоотой гарсан зардалд 2.108.515 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 5.000.000 төгрөг буюу нийт 32.166.126 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргаж нотлох баримтыг ирүүлсэн байна.
Шүүх дээрх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Уянгын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
1. Талийгаач С.Энхбатын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 20-ны өдөр хүртэл эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн хавтаст хэргийн 138-139 дүгээр талд авагдсан эмчилгээний төлбөр, эм тарианы зардлын баримтаар /386000₮, 34000₮, 435000₮, 7500₮, 420000₮, 15200₮, 100000₮, 120000₮, 25000₮, 188000₮, 65985₮, 420000₮, 3000₮, 37000₮, 21900₮, Булган аймгаас Гэмтэл согогийн Үндэсний төвд хүргэсэн зардал 2.000.000₮/ буюу нийт 4.278.585 төгрөг,
2. Талийгаачийг оршуулахтай холбоотой /хүнсний барааны 28700₮, 178500₮, 55550₮, 50000₮, 2500₮, 132000₮, 256550₮, 321600₮, 351023₮, 818956₮, буяны зан үйлтэй холбоотой 207400₮, 150000₮, 110000₮, 5000₮, 5500₮, 14000₮, 397500₮, 815000₮, 2500000₮, 2643600₮, бензин шатахууны 95676₮, 90111₮, 72001₮/ зардалд 9301167 төгрөг,
3. Шүүхийн шинжилгээний төлбөр 60000₮ /хавтаст хэргийн 139 дүгээр тал/,
2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохтой холбоотой /буудлын төлбөр 100000₮, шатахууны төлбөр 140415₮, 131013₮ хавтаст хэргийн 235-236 дугаар тал/ 371428 төгрөг,
2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдрүүдийн шүүх хуралдаанд оролцохтой холбоотой /шүүхийн хэалэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтаар буудлын төлбөр 70000₮, 50000₮, 130000₮, шатахууны төлбөр 65056₮, 85004₮, 135823,28₮, 213500₮, 103500₮, 51987₮, 150024₮, 90015₮, 1144909,28 төгрөг буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалд 1576337 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус нотлох баримтын шаардлага хангасан, талийгаачийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал, гэм хорын хохиролд хамаарч байна гэж дүгнэж, шүүгдэгч Ш.Ганбатаас нийт /4.278.585₮+9301167₮+1576337,28₮/=15.156.089 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уянгын нэхэмжлэлийн шаардлагаас нийт 17.010.036 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардлын хоолны зардал /24794₮, 60807₮, 25700₮, 59000₮, 25700₮, 5200₮, 11815₮, 7600₮, 110971₮, 30000₮, 67500₮, 103197₮, 55000₮/=587.284 төгрөг, хууль зүйн туслалцаа авах гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн 5.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон банкны дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн боловч Монгол Улсын Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйлд заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ...” эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон иргэний эрх зүйн харилцаанд орж өмгөөлөгч талаас үйлчлүүлэгч нарт хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч талаас өмгөөлөгчид тохирсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцож байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээний үүргийн гүйцэтгэлд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс төлсөн 5.000.000 төгрөг; талийгаачийг оршуулахтай холбоотой гарсан зардлын /49 хоног хураах зан үйлд зарцуулсан 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хүнсний зүйлийн үнэ 1.138.600 төгрөг буюу нийт 6.725.884 төгрөг нь хуульд заасан зайлшгүй гаргах шууд хохиролд тус тус хамаарахгүй үндэслэлээр;
2. Оршуулгын зардлын хүнсний барааны зардлын /120000₮, 82460₮, 39500₮/ 241960 төгрөгийн нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй, 67172 төгрөгийн зардлын нотлох баримтыг ирүүлээгүй үндэслэлээр;
3. Талийгаач С.Энхбатын Голомт банкнаас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр авсан 14.000.000 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл 5.627.262 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр авсан 3.400.000 төгрөгийн кредит картын зээлийн үлдэгдэл 4.347.759 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж нотлох баримтыг ирүүлснийг шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор үүссэн гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Уянгын 32.166.126 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн шаардлагаас 15.156.089 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 17.010.037 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүгдэгч Ш.Ганбат нь энэ шүүх хуралдааны өмнө хохиролд 14.140.000 төгрөгийг төлсөн гэж мэдүүлж байгаа боловч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Уянга нь талийгаачийн ажил явдлын үеэр өгсөн гэх 1.000.000 төгрөгийг Ш.Ганбатаас хүлээж аваагүй, хавтаст хэрэгт авагдсан хохирол төлсөн талаарх хуулийн шаардлага хангасан баримтуудаар хохиролд 13.140.000 төгрөгийг төлсөн нь нотлогдсон бөгөөд шүүгдэгч Ш.Ганбатаас хохирлын үлдэгдэл болох 2.016.089 төгрөгийг гаргуулах тухай гэм буруугийн шүүх хуралдаанаас гаргасан шүүхийн шийдвэрийн дагуу 2.020.000 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Уянгын дансанд шилжүүлж хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгч Ш.Ганбат нь төлөх төлбөргүй байна.
Шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Уянгын тэжээгчээ адсаны тэтгэмжийн зөрүү болон сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ш.Ганбатыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хэргийн нэгдүгээр хавтасны 118-127 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ш.Ганбат нь 34 настай, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн задгайд амьдардаг, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.
Шүүгдэгч Ш.Ганбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч Ш.Ганбат нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж, нийгмийн аюулыг харгалзан шүүгдэгч Ш.Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэм бурууд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгээс шүүгдэгч Ш.Ганбат нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр буюу талийгаачийг оршуулахтай холбоотой зардлыг төлж барагдуулсан, ар гэрийн байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах хуулийн зохицуулалтыг хэрэглэж ял оногдуулах боломжтой гэж санал дүгнэлтээ гаргаж байгаа боловч шүүгдэгч Ш.Ганбатын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршгийн шинж, нийгмийн аюулыг дүгнэхэд хор уршиг арилаагүй, талийгаачийн оршуулгын зардлыг төлснөөр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Ганбатын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 125 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ш.Ганбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт болон тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цахир овогт Шархүүгийн Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Ганбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Ганбатад оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Ганбатын цагдан хоригдсон 125 /нэг зуун хорин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ганбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байран цагдан хорьсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Ганбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдлэж дууссан хугацаанаас эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ш.Ганбат нь гэмт хэргийн хохирол 15156089 /арван таван сая нэг зуун тавин зургаан мянга наян ес/ төгрөгийг төлсөнг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Уянгын нэхэмжлэлийн шаардлагаас 17010037 /арван долоон сая арван мянга гучин долоо/ төгрөгийг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Уянга нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Ш.Ганбат нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар иргэний бичиг баримт, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД