Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 133/ШШ2018/00151

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***-д холбогдох,

2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, тэтгэмж 6.760.800 төгрөг, амралтын мөнгө 506.597 төгрөг, нийт 7.267.397 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.О нь Говь-Алтай аймгийн ***д 37 жил ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сард тэтгэвэртээ гарсан бөгөөд захирлын хүсэлтээр ном зүйчийн ажилд үргэлжлүүлэн ажилласан. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дахин хөдөлмөрийн гэрээ сунгаж ажиллаж байтал 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тушаал гаргаж ажлаас үндэслэлгүй халсан. Ингээд иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэж 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 265 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох материалыг өгсөн боловч намайг одоо болтол ажилд эгүүлэн авч ажиллуулалгүй өдий хүрсэн бөгөөд цалинг ч гаргаж өгөөгүй байна. Иймд шүүхийн шийдвэр гарснаас хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах хүртэл хугацааны буюу 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг олгуулж, тухайн хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэр зэрэгт холбогдох бичилтүүдийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ГАА***-аас 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ГАА***-д 37 жил ажиллаад өндөр насны тэтгэвэртээ 2016 оны 02 дугаар сард гарсан. Тухайн байгууллагын даргын саналаар хөдөлмөрийн гэрээгээ сунгаад ажиллаж байсан. Ингээд ажиллаж байх хугацаанд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан. Үүнтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргаад 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 265 дугаартай шийдвэрээр хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүй цуцалсан байна гэсэн шийдвэр гарч, ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 47 хоногийн олговор олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр биелэгдэлгүй өнөөдрийг хүрсэн учраас уг нэхэмжлэлийг гаргасан. Хөдөлмөрийн гэрээ нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох байсан тул 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох өдөр хүртэл ажилд нь аваагүй, цалинг нь олгоогүй байгаа учраас шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох өдрийг хүртэлх хугацааны цалинг нэхэмжилсэн. Гэвч ГАА***-ийн зүгээс Б.О-ийн 2017 оны амралтын олговор, төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлд ахмад настны хөдөлмөрийн талаар нарийвчлан зохицуулсан бөгөөд 112.1-д тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно, 112.2-т ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй зэргийг тодорхой журамласан байхад амралтын мөнгө, тэтгэмжийн мөнгө зэргийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно гэв.

Хариуцагч байгууллагыг төлөөлж захирал Э.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Б.О нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Соёлын тухай хуулийн заалтын дагуу байгууллагаас 6.760.800 төгрөг, амралтын мөнгө 506.597 төгрөг, нийт 7.267.397 төгрөг ***ийн төсвөөс гаргуулж авсан. Иймд дээрх төсвийг 7.267.397 төгрөгийг Б.О-аас гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч ГАА***-д холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн ***ийн захирал Э.О нь нэхэмжлэгчээс тэтгэмж 6.760.800 төгрөг, амралтын мөнгө 506.597 төгрөг, нийт 7.267.397 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч Б.О нь ГАА***-ийн ном зүйчийн ажилд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд захирлын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/05 тоот тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5, Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус үндэслэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, улмаар Б.О нь ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 265 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоогдсон болох үйл баримт Говь-Алтай аймгийн ***ийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/07, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/05 дугаартай тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 265 дугаартай шийдвэр зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2 дахь хэсэгт ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, мөн зүйлийн 11.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заасан байхад тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гарсан 265 дугаартай шийдвэрийг хариуцагч ГАА***-ийн захирал биелүүлээгүй хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжлэх эрхтэй байна. Мөн шүүх дээр дурдсан хууль зүйн факт буюу үйл баримт, түүний нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Б.О-д ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.О-ийн 2017 оны 3, 4, 5 дүгээр саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 754 190 + 751 190 + 616 787 = 2 122 167 : 3 сар = 707 389 төгрөг байх тул 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 124 өдрөөр тооцож олговорт 4 079 724 /дөрвөн сая далан есөн мянга долоон зуун хорин дөрвөн/ төгрөгийг ГАА***-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ГАА***-д даалгах нь зүйтэй.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болохоор заасны дагуу нэхэмжлэгч Б.О нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, 55 насандаа тэтгэврээ тогтоолгож, улмаар ГАА***-ийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар ном зүйчийн ажилд томилогдон ажилласан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно, 112.2-т ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж заажээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуульд өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэтгэвэр авч байгаа хэдий ч хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч болохоор заасан байх тул ажил олгогчийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу олгосон тэтгэлэг 6.760.800 төгрөг, амралтын мөнгө 506.597 төгрөг, нийт 7.267.397 төгрөгийг нэхэмжлэгчээр буцаан төлүүлэх үндэслэлгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, 41.1.3-т зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 4.079.724 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 131.228 /нэг зуун гучин нэгэн мянга хоёр зуун хорин найман/ төгрөгийг хариуцагч ГАА***-аас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч ГАА***-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 124 хоногийн олговорт 4.079.724 /дөрвөн сая далан есөн мянга долоон зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч ГАА***-д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, 41.1.3-т зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 4.079.724 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 131.228 /нэг зуун гучин нэгэн мянга хоёр зуун хорин найман/ төгрөгийг хариуцагч ГАА***-аас гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН