Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 133/ШШ2018/00185

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Ц-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.Н-д холбогдох

хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн гишүүдийн дундын болон хуваарьт эд хөрөнгийн үнэ 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.Ц миний бие Н.Н-тэй 2013 онд танилцаж, 2014 онд охин Н.Б-г төрүүлж, 2015 онд хурим найраа хийж, гэр бүл болж хамт амьдрах болсон. Гэрлэлтээ тухайн үед албан ёсоор батлуулж чадаагүй, гэр бүл болсон цагаас хойш бидний хооронд хадмуудаас болж гэр бүлийн маргаан гардаг байсан ч охиноо болон өөрийн сонгосон амьдралаа бодоод асуудлыг болох бүтэх талаас нь шийдэж ирсэн. 2017 оны 06 сард 2 дахь хүүхэд минь олдож 5 сар тээж байгаад эрүүл мэндийн шалтгаанаас болж төрүүлэх боломжгүй болж авхуулсан. 6 сараас хойш бие өвдөж, ажлаасаа гарч эмчилгээ хийлгэх шаардлагатай болж Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан, хааяа нөхөр лүүгээ ярьж эмчилгээний мөнгө хэрэгтэй байна, боломжоороо явуулаач гэхээр ажил хийж байж, элдэв шалтаг хэлэн миний утсыг ч авахгүй бараг ярихаа больсон, би эмчилгээгээ дуусгаад гэртээ ирээд нөхөртэйгээ уулзсан чинь хэсэг хугацаанд тусдаа амьдарья надад бодох юм байна гэхээр хүслээр нь тэгье гээд охиноо дагуулаад төрсөн эгчийндээ очиж, хааяа нөхөр лүүгээ утсаар ярьж юм ярих гэхлээр ууртай бухимдсан байдалтай харьцдаг. Би аргаа барахдаа гэр бүлээ хамгаалья, эвлэрье гэсэн санаатайгаар эвлэрүүлэн зуучлах газарт хандсан боловч Н.Н нь ямар ч шалтгаангүйгээр чамтай амьдрах боломжгүй салья гэсэн. Нэгэнт энэ хүн ийм бодолтой байгаа тул охин Н.Б-г миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэгийг хуульд зааснаар эцэг Н.Н-ээс гаргуулж мөн бид хоёр хамтран амьдарснаас хойш бий болсон дундын болон хуваарьт эд хөрөнгө болох угаалгын машин 350.000, тоос сорогч 30.000, хатаагч 80.000, ханын стенк 400.000, зурагт 400.000, антенн 90.000, хувцасны шүүгээ 150.000, буйдан 400.000, угаалгын тавиур 80.000, гал тогоо тавилга 800.000, гал тогооны хэрэгсэл 1.100.000, хөргөгч 700.000, хувцасны шкаф 300.000, хөлдөөгч 600.000, ширээ 250.000, мөнгөн аяга 400.000, хуримын бөгж 150.000, дуков 500.000, аяга хатаагч 150.000, ор 900.000, хувцас шүүгээ 150.000, жижиг зүйлс 650.000, гар утас 500.000, хадгаламж 400.000, гахайн дахь мөнгө 300.000, манай ахад 170.000 төгрөг, нийт 10.000.000 /арван сая/ төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн гишүүдийн дундын болон хуваарьт эд хөрөнгийн үнийг Н.Н-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Н шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Ц-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 10 дугаар гудамжны 27 тоотод оршин суух, Н.Н миний бие хариуцагчаар татагдсан. Ц.Ц-ын гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар хүргүүлсэн ба тус тайлбар дээр дурдсан дараах эд зүйлс, мөнгөн хөрөнгийг нэхэмжлэн гаргуулах хүсэлтэй байна. Үүнд: Ажилд орохдоо манай ээжээс авсан 1.000.000 /нэг сая/ төгрөг, байгууллагын хэрэгцээт мэдээлэлтэй Samsung SI маркийн утас 100.000 /нэг зуун мянган/ төгрөг, хөөрөг, золголтын хадаг /өвөөгийн өгсөн хадаг/, 500.000 /таван зуун мянган/ төгрөг, байгууллагын орлогын мөнгө 233.000 /хоёр зуун гучин гурван мянган/ төгрөгийг Ц.Ц-оос гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч Д.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, нөгөө талаас хариуцагч Н.Н-тэй хууль болон итгэмжлэлд заасан эвлэрэх эрхийн дагуу дараах байдлаар эвлэрэн хэлэлцэв.

1. Охин Н.Б-г эх Ц-ын асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр тэтгэлэгийг эцэг Н.Нямсүрэн төлөх,

2. Эд хөрөнгийн хувьд нэхэмжлэлд дурдсан 26 нэр төрлийн эд зүйлээс дуковтой плитекаг Н.Н өөртөө үлдээж, бусад 25 нэр төрлийн эд зүйлийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх, /эдгээрээс хатаагч, хувцасны шкаф, нэг мөнгөн аяга зэргийг нэхэмжлэгч Ц нь урьд нь авч явснаа хүлээн зөвшөөрсөн болно/,

3. Сөрөг нэхэмжлэлд дурдсан зүйлүүд дундын хөрөнгөтэй хамааралтай зүйл биш учир сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна,

4. Эдгээр дурдсан зүйлүүд дутсан үрэгдсэн байгаа тохиолдолд нэхэмжлэлд дурдсан хэмжээний үнийг төлөх болно,

5. Охин Н.Б-тай эцэг Н.Н-тэй нь уулзуулж утсаар яриулж байх,

6. Хариуцагч Н нь эдгээр жагсаалтад дурдсан эд хөрөнгө болон дурдсан мөнгийг эцэг Б.Н-д хариуцуулан хадгалалтад нь хүлээлгэж, нэхэмжлэгч /түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч/-д хүлээлгэн өгнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Н.Н-д холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгож, эд хөрөнгийн үнэ 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон эрхийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, 10.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 10.000.000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулахаар өөрчилсөн байгаа нь итгэмжлэлээр олгосон эрхийг зөрчөөгүй байна.

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын хувьд хариуцагч Н.Н нь охин Н.Б эх Ц.Ц-ын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ тусгасан боловч хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох иргэний хэргийг заавал шүүх хуралдаанаар шийдвэрлэх шаардлагатай бөгөөд энэ шийдвэр нь эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох ач холбогдолтой, улмаар иргэний гэр бүлийн улсын бүртгэлд тусгагддаг учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шийдвэрлэх боломжгүй байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд зохигчид нь 2015 онд хуримласан боловч гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр хамтран амьдарч байсан болох нь тогтоогдож байна. Энэ тохиолдолд хууль зүйн хувьд гэрлэлт, гэр бүл үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул тэдний харилцаа хамтын амьдралын харилцаатай байна. Энэхүү хамтын амьдралын явцад тэдний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, охин Н.Б төрж, Н.Н-р овоглон бүртгэгдсэн болох нь зохигчдын тайлбар, 8237000048 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Говь-Алтай аймгийн Энх-Алтай эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүх гэрлэлт цуцлах тухай ойлголт байхгүй тул тэд таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй гэж байгаа учир хүүхдийн асрамж тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлэх юм. Хариуцагч хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн хүмүүсийн дундаас төрсөн хүүхэдтэй адил эрхтэй гэж заасны дагуу охин Н.Б-г нэхэмжлэгчийн шаардлагын дагуу эхийн асрамжид үлдээж, тэтгэлэгийг энэ хуульд заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан хүүхдийн нас, эцэг эхийн анхаарал халамж зэргийг харгалзан охин Н.Б-г эх Ц.Ц-ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Н.Нямсүрэнгээр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Харин 10.000.000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах шаардлагын тухайд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар ...нэхэмжлэлд дурдсан 26 нэр төрлийн эд зүйлээс дуковтой плиткаг Н.Н өөртөө үлдээж, бусад 25 нэр төрлийн эд зүйлийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх /эдгээрээс хатаагч, хувцасны шкаф, нэг мөнгөн аяга зэргийг нэхэмжлэгч Ц нь урьд нь авч явснаа хүлээн зөвшөөрсөн болно/, эдгээр дурдсан зүйлүүд дутсан үрэгдсэн байгаа тохиолдолд нэхэмжлэлд дурдсан хэмжээний үнийг төлөхөөр, хариуцагч Н нь эдгээр жагсаалтад дурдсан эд хөрөнгө болон дурдсан мөнгийг эцэг Б.Н-д хариуцуулан хүлээлгэн өгч, Б.Н нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д-д хүлээлгэн өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273.676 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Нямсүрэнгээс 273.676 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 106 дугаар зүйлийн 106.5, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, охин Н.Б-г эх Ц.Ц-ын асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, охин Н.Б-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Н.Н-ээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар ...нэхэмжлэлд дурдсан 26 нэр төрлийн эд зүйлээс дуковтой плиткаг Н.Н өөртөө үлдээж, бусад 25 нэр төрлийн эд зүйлийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх /эдгээрээс хатаагч, хувцасны шкаф, нэг мөнгөн аяга зэргийг нэхэмжлэгч Ц нь урьд нь авч явснаа хүлээн зөвшөөрсөн болно/, эдгээр дурдсан зүйлүүд дутсан үрэгдсэн байгаа тохиолдолд нэхэмжлэлд дурдсан хэмжээний үнийг төлөхөөр, хариуцагч Н.Н нь эдгээр жагсаалтад дурдсан эд хөрөнгө болон дурдсан мөнгийг эцэг Б.Н-д хариуцуулан хүлээлгэн өгч, Б.Н нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д-д хүлээлгэн өгөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталсугай.

4. Хариуцагч Н.Н нь 1.833.000 /нэг сая найман зуун гучин гурван мянган/ төгрөгийн эд хөрөнгө болон мөнгө гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.Ц-д даалгасугай.

6. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Н.Н нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ц нь Н.Н-г эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдсугай.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273.676 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-ээс 273.676 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-д олгосугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

 

ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН